Жаран тэрбумын бичлэг хийсэн Г.Доржзодовтой ярилцлаа.

-Яаж яваад та МАН-тай холбогдсоноос яриагаа эхэлье.


-Энэ их сонин зүй тогтолтой. Би 2008 оны өвөл нэгдүгээр сарын 24-нд аспирантураасаа чөлөө аваад Москвагаас гэртээ ирж Дархан-Уул аймгийн Засаг дарга байсан Д.Хаянхярваатай зун болох сонгуулийнх нь кампанит ажлыг удирдахаар гэрээ байгуулж ажиллаж билээ. Тэр зундаа үйлчлүүлэгч маань сонгуульд ялж, УИХ-ын гишүүн болж билээ. Яахав улстөрч хүн болохоор би нурууг нь хараад үлдсэндээ тэгэхэд. Дараа нь Татварын ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн албыг удирдаж, эсвэл ҮАБЗөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэнд мэргэжлээрээ ажиллаж явахад найзууд маань Д.Хаянхярваа чинь чамайг өөд нь татчихдаг сайхан юмаа гэж хэлдэг байлаа. Үнэндээ би бол нурууг нь хараад л үлдсэн хүн шүү дээ.Энэ намтай ажиллалаа гээд надад наалдсан юм огт байдаггүй юм. Яахав сонгуулийнх нь кампанийг маш сайн зохион байгуулсан, хамгийн бага төсвөөр ялалт байгуулж сонгуулийн төв штабын ажлыг удирдсан гэсэн ганц А5 тодорхойлолт л үлдсэн.

Ингээд бараг таван жил төрийн байгууллагуудад ажилласны дараа улстөржсөн дотоод уур амьсгалаас нь залхаж ажлаа 2012 оны тавдугаар сард хүлээлгэж өгөөд хувийн хэвшилд ажиллахаар бүрмөсөн явсан л даа.

Харин 2014 оны дөрөв­дүгээр сарын сүүлээр миний нэг найз өөрийн толгой компанидаа Стратеги хариуцсан захирлын ажлын байр бий болгож байгаа. Тэр ажлын байранд чамайг л авмаар байна. Чамд зориулж Захирлуудын зөвлөлийн шийдвэрээр бүтэцдээ ийм өөрчлөлт оруулсан юм гэсний дагуу “Шинэ Монгол Хаад” групп ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Ганбаатартай танилцуулсан. Тэгээд 8 сарын 1-нд тус компанийн Захирлуудын зөвлөлийн хурал болж би асуудлаа оруулаад 100 хувийн саналаар Стратеги хариуцсан захирлаар ажиллах шийдвэр гарч 9 сарын 1-ний дотор Хөлсөөр ажиллах гэрээ байгуулах үүргийг гүйцэтгэх захирал А.Ганбаатарт үүрэг болгосон юм. Захирлуудын зөвлөл гэдэг бол Гүйцэтгэх захирлын дээр байрлах хамтын шийдвэр гаргадаг байгууллага юм л даа. Ингээд ажлаа хүлээж авах юм болоод бэлдээд явж байтал Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуйтай намайг танилцуулж есдүгээр сарын 1-ээс өмнө амжиж 2014-2016 онд Нийслэлийн МАН-ыг шинэчлэх, бүтэц, зохион байгуулалтыг хийх, ажил үүргийн хуваарийг нарийвчлан гаргах, үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөг боловсруулах, мөн 2016 оны УИХ-ын сонгуульд МАН-ын сонгуулийн төв штаб, түүний бүтэц, зохион байгуулалт, сонгуулийн кампанийн стратеги төлөвлөгөө, түүний нарийвчилсан задаргаа, ажил үүргийн хуваарь гээд ажлыг хийхэд оролц гэсэн үүрэг даалгавар өгдөг юм байна. Миний Москвад Улстөр судлалын тэнхимийг Сонгуулийн технологиор бакалавр, Бодлогын стратегийн анализаар мастер хийсэн боловсролын бичиг баримтуудыг нөхдүүд үзээд намайг ажилдаа туслуулахаар болсон юм гэж ойлгосон. Яахав тэгээд тэдний ажилд тусалж дуусаад Стратеги хариуцсан захирлын ажлаа хүлээж аваад цааш явна гэж тэр үедээ бодохгүй юу.

-Ингээд сонгуулийн багт нь уригдаж ажилласан хэрэг үү?

-Энэ нь бас яг сонгуулийн баг биш юмаа. Зүгээр л нэг хэдэн нөхдийг цуглуулаад 2016 оны сонгуулийн бэлтгэл ажлыг ваав гэж хэлэх хэмжээнд бэлдээд даргадаа танилцуулах зорилготой багийг Ц.Сандуй, А.Ганбаатар нар өөрсдөө сэдэж олсон юм байна лээ. Би яг энэ үетэй таарчихгүй юу. Намайг урьсан гэх нь хаашаа юм. Миний Гүйцэтгэх захирал болж байгаа хүний өгсөн үүрэг даалгаврын дагуу л ажлаа хугацаанаас нь өмнө наймдугаар сарын 1-нд ийм маягаар эхэлчихгүй юу. Яг энэ багтай ажиллах гэрээ цаасан дээр байхгүй харин дээрх улстөрийн ажлыг хийж дуусмагц үндсэн ажлыг надад хүлээлгэж өгөх А.Ганбаатарын амаар хэлсэн амлалт, 9 сарын 1-ний дотор Хөлсөөр ажиллах гэрээ байгуулахыг үүрэгдсэн Захирлуудын зөвлөлийн хурлын шийдвэр л байсан. Би чинь анх очихдоо Ц.Сандуйтай танилцаж дахиад буцаад улстөрийн сонгуулийн ажил руугаа дайчлагдчихна гэж бодоогүй байсан юм шүү дээ. Энэ бол одоо бодоод байхнээ цэвэр дайчилгаа байжээ.

-Чухам яагаад тэр бич­лэгийг хийх болсон юм бэ?


-Би үүрэг даалгавар авснаасаа хойш өглөө эрт очиж бүтэн өдөржингөө мэргэжлийнхээ хэмжээнд хийж боловсруулж ажилладаг байв. Орой нь Ц.Сандуй намын байрнаасаа ирэхээр нь би хийсэн зүйлсээ гурван хувь хэвлээд л А.Ганбаатарын өрөөнд орж тэндээ шөнө дөл болтол өнөө хоёрын засваруудыг нэг бүрчлэн оруулаад анхны хэлбэр нь бүр огт танигдахгүй хачин зүйлтэй үлддэг байлаа. Заримдаа хийж байгаа зүйлийг нь хараад шүүмжлэх гэж, ойлголцох гэж Гүйцэтгэх захиралтайгаа хэдэн бичиг цаасан дээрээ ширүүн үздэг байв. Ц.Сандуй бол яахав дээ. Угаасаа зөөлөн тоглоом шиг бөөрөнхий хүн.Тэгж ингэж явсаар нэг мэдэхэд есдүгээр сар гарчихсан. Бид гурав хамтдаа бараг 40 гаруй хоног ажилласан байсан. Тэгээд есдүгээр сарын 6-7-ны үеэр М.Энхболд, Д.Сумъяабазар 2 ирэх юм болсон. Гэвч ирээгүй. Харин есдүгээр сарын 8-ны өглөө М.Энхболд ганцаараа 11:00 гэж ирээд А.Ганбаатарын өрөөнд Ц.Сандуйтай гурвуулаа хамт цайлж байгаад уулзалт болдог 4 давхарт 12:00 үед бууж ирсэн. Би ч яахав А.Ганбаатарын заавраар уулзалтын протоколь маягийн юмыг хийх болж уулзалтад байлцсан. Уулзалтын аудио бичлэг дээр энэ уулзалт бол ямар нэг нууцтай холбоотой гэж анхааруулаагүй учир би протоколыг хялбарчлаад өөрийнхөө айпад дээрээ буулгасан юм. Уулзалтын бичлэг дээр Ц.Сандуй багаа танилцуулснаар яриагаа эхэлдэг. Тийм болохоор намайг энэ уулзалт дээр байх эсэхийг А.Ганбаатар, Ц.Сандуй нар гаргасан.

-Яагаад бичлэгийг олон нийтэд хүргэе гэж бодов. Тантай хамт шалгагдаад байгаа Ө гэж юун хүн юм бэ. Хамт бичлэг хийсэн хүн үү?


-Тэр уулзалтын дараа Ц.Сандуй, А.Ганбаатар, М.Өлзий нар өрөөнд гэв гэнэт орж ирээд миний сууж ажиллаж байсан компьютер дээрх бүх файлыг зөөврийн хард дискэнд хуулж аваад эд мөрийн баримт болох зүйлсийг бүгдийг нь устгасан. Харин миний айпад дээрх протоколын аудио, уулзалтын өрөө рүү зөөж явсан миний хувийн флаш хоёрыг тэд оролдоогүй. Өнгөрсөн оны хавар-зун би сонгуулийн үйл явцыг анзаараагүй л дээ. Завгүй байсан юм. Хавар зургадугаар сар гараад би арай тогтвортой байх болж сонгуулийн өрнөлийг ажиглаж эхэлсэн юм. Гэтэл нэг л биш. Улстөрийн намуудын сонгуулийн сурталчилгаа сүүлдээ маш бохир яваад эхэлсэн. Олон нийтийг маш их вакумжуулж мэдээллийн тэнцвэргүй байдалд халтал байлгаж байх шиг санагдсан. Богино долгионы зуух шиг байхгүй юу. Дотор нь юм хийгээд долгионоор шарахтай л адил вакумжсан мэдээллийн орчинд хүн удахаар удирдууламтгай инстинкт нь ноёлох хандлагатай болж эхэлдэг. Энэ их битүү орчинд намуудын мэдээллийн дайн утгаа алдаж эхэлсэн. Би тэгээд 2014 онд хийж байсан ажлаа эргэж санаад хуучин айпадаа ч асааж үзлээ. Тэгээд өнөөх уулзалтын үеэр яригдаж байсан зүйлсүүдийг дахин нэг сонсоод олон нийтэд эдгээрээс хэсэглээд ч гэсэн хүргэх нь миний иргэний үүрэг юм гэдгийг би ойлгосон. Интернэтэд 2016 оны зургадугаар сарын 17-ны орой soundcloud.com дээр байршуулж байгаад твитрээр дамжуулан маш хурдтай түгээгээд хоёр хоногт бараг 600 гаруй зорилтот хүнд хүргэж амжсан. Директ маркетингийн зарчим л даа. Их өндөр хурдтай түгээлт болсон. Тэгээд үр дүнг нь та мэдэж байгаа байхаа. Хүлээж авсан 600 гаруй хүн маань цааш шейрлэх хурд хангалтгүй байснаас болоод тархалт зогсох хандлагатай болсон. Мэдээж зэрэгцээд олон үйл явдлууд болсон л доо. Улс төрчдийн том бас чанга мэдэгдлүүд ар араасаа өдөр бүр телевизээр цацагдаад л. Тэгсэн ч сонгууль болдгоороо болж нар манддагаараа мандана гэдэг шиг л юм болсон доо.

Харин тэр Ө гээд байгаа хүн чинь М.Өлзийг хэлж байгаа юм. Ц.Сандуйгийн эгчийнх нь хүүхэд л гэж би сонссон. Ц.Сандуйгийн хамгийн ойрын нууц ажлуудыг гардан хийдэг залуу. Ц.Сандуй, А.Ганбаатар нар намайг дагалдуулан түүнийг сонгуулийн технологид сургалцуулъя гэж их ярьдаг байсан юм. М.Өлзий 2014 оны уулзалтад байгаа ч үгүй. Шатан дээр л байсан байх. Тэр залуу өнгөрсөн зун АТГ-т өгсөн мэдүүлэгтээ надтай хамт эвлүүлэг хийж А.Ганбаатарыг хорлоё гэлүү дээ тийм юм тохирч хийж байсан гэсэн байсан. Би чинь тийм айхтар студийн продюссор маягийн юм хийж чадахгүй шүү дээ (инээв). Мэргэжил маань шал өөр. Та нар хавтаст хэргийг татаж уншвал савж унана даа. АТГ дээр нэг өдөр нэг дор энэ гурван хүн мэдүүлэг өгөхдөө үг нь хоорондоо авцалдахгүй, маш их зөрчилдсөн мэдүүлэг байсан. Яахав худлаа хэлж дарга нарыгаа аваръя л гэсэн юм байлгүй дээ. Харин тэр мэдүүлгийг авч байгаа байцаагч нь арай л сургуулийн хүүхдийн хэмжээний боловсролтой л биш бол тийм хачин байцаалт хийхгүй байсан байх. Би ч тэр хавтаст хэргийг нь олон нийтэд ил тавьсан. Хэн дуртай нь үзэж болно гэж ойлгож байгаа. Магадгүй хуулийн сургуулийн хүүхдүүдэд хэрэгтэй зүйл болно. М.Өлзийг АТГ дээр намайг гэмт хэрэгтэн болгох гэж гэрч маягаар татан оруулсан юм шиг байгаа юм. Үнэндээ М.Энхболдыгоо хэргээс гадагш түлхэн гаргахын тулд миний эсрэг 3 хүн үгсэн хуйвалдаж гараад намайг гэмт хэрэгтэн болгож нотлоод цэвэр ялах хэмжээний хүчтэй шүү дээ. Тийм л зорилгоор тэр хүүхэд одоо худал мэдүүлэг өгсөн хэрэгт унах биз.

-Сонгуульд ажилласны хөлс мөнгө өгөөгүй юм уу. Тэр хорин сая төгрөг шилжүүлсэн баримт яагаад яваад байгаа юм бол?


-Би бараг хоёр хоног олон нийтэд тэдгээр тасархай гурван файлыг маш хурдтай түгээж 600 гаруй хүнд хүргэсэн болохоор Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг 19-нд залгахад нь бараг бэлэн байсан. Учир нь өмнөх өдөр нь буюу 18-нд А гэдэг хүн над руу гэв гэнэт BlackBerry Messenger-ээр дахин дахин залгаж эхэлсэн. Утсаа автал “Чамайг А.Ганбаатар хайгаад байна. Чи хаана байна” гэж шалгааж эхэлсэн. Би хариуд нь “Чи яагаад гэнэт гараад ирчихэв” гээд утсаа салгасан л даа. Тэгээд 19-нд 10:00 цагаас эхлээд Ц.Сандуй, А.Ганбаатар, М.Өлзий нар над руу маш их залгасан. Би soundcloud.com дээрх түгээлтийг өглөө эрт босоод ажиглаж байсан юм. Тэгээд тэдэнд зөвхөн мессэж бич гэсэн хариу өгсний дараа Ц.Сандуй “Бичлэгийг устгая, чиний ажлын хөлсийг нөхөж өгөөгүйгээ ойлгож байна, одоо шилжүүлье, уг нь А.Ганбаатарт чиний цалинг өг гэж би хэлдэг л байсан, гэхдээ чи найдвартай устгах үгээ өгнө биз, баталгаатай биз” гэх зэрэг мессэжээр бичсэн л дээ. Ц.Сандуй “тагнах чагнах хуультай шүү” ч гэж нэг заналхийлээд, эсвэл “Би уг нь чамайг дэргэдээ ажилд авах гэсэн чинь Ганбаа зөвшөөрөхгүй байсан” гээд л ойлгомжгүй савлаж бичиж эхэлсэн. Ц.Сандуй шоконд орчихлоороо тэгдэг юм. Шийдвэр гаргах ур чадвар шаарддаг ажилд тэнцэхгүй хүн л дээ. Би тэгээд хариуд нь “Уулзалтын протоколь хий гэж танай А.Ганбаатар чинь үүрэг болгосон. Юуных нь тагнах чагнах байх вэ дээ. Нууц гэж анхааруулсан ч юм байгаагүй. Би өөрөө хамт дэргэд чинь сууж байсан шүү дээ, угаасаа” гэдгээ бичсэн. Намайг 2014 оны наймдугаар сараас есдүгээр сар гартал ямар ч хөлсгүй ажиллуулаад, дээр нь ажилд авах шийдвэрээ цуцлаад л, мөн миний хамаг боловсролын бичиг баримтыг барьцаалж цоожилж зугтаад л, их хачин хачин үйлдлүүд эдгээр хүмүүс удаа дараа гаргаж байсан шүү дээ 2014 онд. Өөрсдөө гэв гэнэт миний ажлын хөлсийг өгөх юм гэдгээ ойлгоод сайн дураараа 2 жилийн дараа нөхөн төлөөд түүнийхээ оронд ямар ч хэрэгцээгүй болчихсон файлуудыг устгах нууц үгийг авч тэр дор нь устгасан л даа. Хүмүүс намайг зүгээр сууж байгаад мөнгө авлаа гэж ойлгоод байх шиг байгаа юм. Би тэр Ц.Сандуй, А.Ганбаатар нарын ажлыг хийчихээд луйвардчихлаа гэж гүйгээгүй л дээ. Гэв гэнэт гүйлдэж ирээд л устгах түлхүүрээ аваад л алга болсон хүмүүс.

-Бичлэгийг нийтэд хүргэх өөр шалтгаан байсан уу?

-Байлгүй яахав. Бичлэг дээр төрийн албыг худалдах, үнэлэх пирамид тогтолцоо яриад явж байгаа улстөрийн хүчин сонгуульд өрсөлдөж байна гэдэг бол маш ноцтой зүйл. Мөн сонгуулийн сурталчилгааг хийхдээ төрийн хамгаалалтад байдаг үндэсний аюулгүй байдалд хамаардаг мэдээллийн дата баазыг хянах, мониторинг хийх, УБЕГ, СЕХ-ны дата баазын урсгалыг хянах энэ тэр гээд Тагнуулын байгууллага шалгавал зохих зөндөө л ноцтой зүйлүүд байгаа шүү дээ.
Хүний эрхийн асуудлыг маш ноцтой зөрчсөн зүйлс гарч болзошгүйг сэрэмжлүүлэх шаард­лагатай байсан. Интернэт, телевиз гэх мэт маш чухал дэд бүтцүүдийг хэрхэн медиаконглемират үүсгэн контентоор нь хэрэглэгчдийг хянах, магадгүй манипуляци буюу хүний оюун санааг удирдах хэмжээнд технологи хэрэглэхээр зэхэж байсныг сэрэмжлүүлэх зайлшгүй шүү дээ. Тэдэнтэй хамт ажиллаж байхад А.Ганбаатар нь Ц.Сандуйгаа бараг удирддаг юм шиг сэтгэгдэл төрсөн.

-УИХ-ын сонгуулиас хойш нэлээд хугацаа өнгөрч. Энэ хугацаанд та ер нь хаагуур юу хийж явав?

-Сонгуулийн дараа би хотоос явсан л даа. Хотод юу болж өнгөрснийг ч би анзаараагүй. Наймдугаар сарын сүүлээр УБ-т ирэхэд их л бужигнаан болсон байсан. Намайг есдүгээр сарын 14-нд халуун ус өгөхийн өмнөх өдөр Орон сууцны конторт 14:00 үед очиж дуудлага өгчөөд гарч ирэхэд энгийн хувцастай залуучууд тойрон ирээд аваад явсан. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн Ахлах мөрдөн байцаагч, хошууч н.Батсайхан надаас анхны тайлбарыг авсан. Дараа нь манай гэрт ирж үзлэг хийхдээ зөвхөн цахим файл хадгалж болох бүх төрлийн төхөөрөмжүүдийг хурааж шинжилгээнд оруулахаар авч явсан. Тэгээд байцаалтаа эхлэхэд нь би 2014 оны наймдугаар сараас 2016 оны есдүгээр сар хүртэлх бүх зүйлийг яг байгаагаар нь тайлбар өгчөөд байж байтал А.Ганбаатар гүйж орж ирээд сандал тавиад хажууд суучихсан. Мөрдөн байцаах процесс явж байхад шүү дээ. Гэтэл байцаагч түүнтэй нүдээрээ ойлголцоод гараад явчихсан. Тэр хооронд А.Ганбаатар зуны турш юу болсон тухай, одоо байцаалтаа хэрхэн өөрчилж өгөх тухай болон “Хэрэв зөвшөөрвөл Ц.Сандуй дээгүүрээ яг одоо яриад чамайг батлан даалтанд гаргачихна, оройдоо шууд гарчихна” гээд л гуйх, шаардахын хооронд ярьсан. Байцаагч орж ирэхэд А.Ганбаатар зөрөөд алга болсон. Бүр орой 22:00 цагийн үед А.Ганбаатар дахин байцаагчийн өрөөнд орж ирээд “Би Доржзодовтой дахиад нэг уулзаадахъя тэгэх үү” гээд гуйхад нь байцаагч надаас “Яахийн. Зөвшөөрөх юм уу” гэхээр нь би “Яахав уулзъя гээд байгаа бол уулзахаас” гээд уулзтал дахин ятгаж эхэлсэн л дээ. Би өдөр гэрээсээ гараад огт таг алга болсон хүн ар гэртээ санаа зоволгүй яахав нялх хүүхэдтэй хүн чинь. Тэгээд Ц.Сандуй, А.Ганбаатар нарын хүсэлтээр байцаалтаа өгөөд батлан даалтанд гарсан л даа. Бараг сар шахуу дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст өглөө бүр очиж бүртгүүлдэг байлаа. Өдөр нь А.Ганбаатарын офисст очих бүрт байцаалтад юу юу нэмж хэлэх, юуг хасах гээд А.Ганбаатар бүх үгийг заадаг байв. Намайг байцаалтад юу юу гэж хэлсэн тухай мэдээллийг А.Ганбаатар тэр дор нь мөрдөн байцаагчаас утсаар мэдчихдэг юм шиг байсан.

-Бичлэгт гурван хүний дуу хоолой сонсогддог. А.Ган­баатар, Ц.Сандуй, М.Энхболд нарын дуу хоолой гэж хүмүүс таниад байдаг. Гэтэл МАН-ын дарга М.Энхболд бичлэгийн эхний хэсэг нийтэд цацагдахад “Миний дуу хоолой биш” гэж хэвлэлийн хурал хийж байсан. Тэр ямар учиртай юм бол.


-Судалгаагаар МАН бараг ялж явсан учир сонгуулийн дараа цэгцэлнэ гэж л бодсон байх. Гэхдээ гэнэтийн тийм зүйлд огт бэлэн биш байсан байх. Зургадугаар сарын 19-22 үеэр МАН-ын удирдах зөвлөл яаралтай хуралдаж намын рейтингийг 12-13 хувиар унагасан гэдгээр Ц.Сандуйг Ж.Энхбаяр, Д.Амарбаясгалан нар бараг “алах” дөхсөн гэсэн яриа явдаг юм билээ. М.Энхболд зургадугаар сарын 27-нд хийсэн хэвлэлийн хурлын үеэр бичлэгийг эвлүүлэг гээд мэдэгдчихсэн. Яг тэр дагуу нь ШШҮХ “...бичлэг бол эвлүүлэг...” гэсэн дүгнэлтийг хэзээ хойно долдугаар сарын 18-нд гаргасан. Сонин шүү. Шинжээчийн ур чадвараас илүү мэдрэмжтэй байна гэж байх уу. Ямар сайндаа сая Тагнуулынхан намайг дөрөвдүгээр сард баривчилж эрүү үүсгэж шалгахдаа хүүхдүүдийн хэрэглэдэг Sansa Clip Plus mp3 жирийн хөгжмийг тагнуулын тусгай хэрэгсэл гээд шинжилгээний дүн бас гаргасан. Прокурор тийм төхөөрөмжүүдийн жагсаалтыг хуулиараа хянадаг гэж байгаа. Та бидний өдөр бүр хэрэглэдэг дуу бичиж болдог, зураг авч болдог бүхэн, утас, пад, хөгжим бүгд тагнуулын тусгай хэрэгсэл гэж байна лээ шүү /инээв/. Эд нар зүгээр л иргэдийг ингэж басамжилж хилсээр хэлмэгдүүлдэг багаж болоод удчихсан бололтой, тэгээд хуучин КГБ арга барилаар ажиллаад байна уу гэж боддог болсон.

-Бичлэг нийтэд хүрс­ний дараа­хан Сандуй телевизийн­хэнд бичлэгийг үнэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн ярилцлага өгсөн. Харин бичлэг алдагдсаныг хуулийн байгууллагаар шалгуулна гэж байсан. Хачирхалтай нь төд удалгүй МАН-ынхан эвлүүлэг гэж яриад эхэлсэн. Та бичлэгийг эвлүүлэг биш гэдгийг баталж чадах уу?

-2014 оны есдүгээр сарын 8-ны өдөр бичлэгийг би айпад дээрээ тасралтгүй бичсэн. Уулзалтын явцад цайны завсарлага ч байгаагүй. Цаг давчуу байсан. Дээр нь би уулзалтын зургийг авсан. 6-7 кадр байв уу даа. Тэрийг Ц.Сандуйд өөрт нь 2017 оны гуравдугаар сарын 15-нд вайбраар явуулсан. Одоо өөрт нь байж л байгаа байх. Үнэхээр нотлох баримт хармаар байгаа бол би тэдгээр зургийг танай сонинд өгсөн ч болно шүү дээ cloud хаягнаасаа татаад. Ц.Сандуй бол яахав гүйх ёсгүй газраараа гүйж яваад сүрхий том үгтэй мэдэгдэл хийхдээ намаа тэр чигт нь “хутгалчихсан” шүү дээ. Тэр хүнд улстөрийн том алба хаших ямар ч ёсзүй, ур чадвар байхгүй. Одоо тэр хүн яаж бусдын нүүр царайг харж явдгийг би мэдэхгүй. Саяхан намайг ТЕГ баривчлахаас 2 хоногийн өмнө 2017 оны дөрөвдүгээр сарын 12-нд Д.Амарбаясгалан “...60 тэрбумын асуудал бол сонгуулийн ядмаг зохиол..” гэж мэдэгдсэн. Энэ хүн намайг хоёр хоногийн дараа баривчлуулахаар тагнуулд өргөдөл энэ тэрийг аль хэдийн өгчихөөд ингэж ярилцлага өгсөн байж болох юм. Залуу хүн гэхэд улайхгүй ярьж байна лээ.

-Шүүх шинжилгээний хүрээ­­лэн эхлээд бичлэгт оролц­­сон хүмүүсийн дуу хоолой мөн гэж баталсан хэрнээ хоёр дахь удаагаа биш гэсэн дүгнэлт гаргасан байна лээ. Үүнийг та юу гэж бодож байна?

-Яахав шинжилгээнд ирүүл­сэн даалгаварт ямар шинжилгээ хийхийг заасан байдаг юм байна лээ. Тэр дагуу л ном журмаараа шинжилгээгээ хийдэг биз. Ц.Сандуйгийн хоолой, өнгө, тембр мөн эсэхийг тогтоох даалгавраар эхний шинжилгээний хариу 2016.06.22-нд гарч “...дуу хоолой нь тохирч байна...” гэсэн хариу гарсан байна лээ. Хоёр дахь дүгнэлт нь 2016.06.30-нд гарахдаа “...эвлүүлэг биш...”, гурав дахь дүгнэлт нь 2016.07.18-нд гарахдаа “...5 газраараа залгаастай тул эвлүүлэг мөн...” гэсэн хариуг нэг л хүн гаргасан байдаг. Сүүлчийн “...эвлүүлэг мөн...” гэсэн дүгнэлт бүхий шинжилгээний хугацааг харж байна уу: долдугаар сарын 18. Гэтэл М.Энхболд зургадугаар сарын 27-нд “...миний дуу хоолой биш...” буюу бичлэг бол эвлүүлэг гээд бараг хэлснийг ШШҮХ бататгаж өгсөн байдаг юм билээ. Нөгөө талаас, 2 минут орчмын бичлэгийг ямар нэгэн аргаар 5 газраар нь салгаж тавихад хэлний хамгийн бага бүрэн хэмжээний утгат хэсгийг багтаадаг өгүүлбэр аль ч тасархай дээр хэд л бол хэд буюу 6 саланги файл дээр 6 байтугай 60 өгүүлбэр багтана шүү дээ. Тэгэхээр эдгээр хүмүүс анхнаасаа бүтэхгүй тоглоомоор наадаад луйвардаад яваад байгаа хүмүүс байхгүй юу. Ж.Мөнхбат угаасаа энэ хэдийгээ долдугаар сар гараад “нялгадна” л гэж хэлж байна лээ. НИТХ-ын даргын суудлыг нь аваад улстөрөөс энэ 2 нөхрөө хамтад нь зайлуулна гэж би ойлгосон.

-Тантай энэ хооронд МАН-ынхан уулзаж, утсаар болон мессэжээр ч харилцсан гэж ойлгосон. Хэн хэн уулзсан юм бэ?


-Сая зургадугаар сарын 1-ний өдөр бүх нийтээр амардаг, архи дарсгүй өдөр гэв гэнэт утас цангинаж 5 жилийн өмнө Стратегийн судалгааны хүрээлэнд хамт ажиллаж байсан залуу яаралтай уулзъя гэв. Би ч болгоомжтой явсаар Русская гимназия сургуулийн үүдэнд очтол 750гр архи барьчихсан их сэжигтэй зогсож байсан. Уг нь намайг архи уудаггүйг мэдэх л хүн. Тэгтэл түүнээр дамжуулж надад ҮАБЗ-өөс хүн мессэж ирүүлжээ. Бичлэг энэ тэрийг нотолж гэрч бололгүй зүгээр л алга бол гэж гуйлгасан байв. Намайг суралцахыг хүссэн сургуулиа сонго, амьдрахыг хүссэн улсаа сонго, тэгээд 2 өрөө байр нэмээд ав гэсэн байсан. ҮАБЗ-д хэн байдгийг мэднэ биз дээ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гурав байдаг. Тэндээс энэ хүнийг ирүүлсэн байсан.

Дараа нь зургадугаар сарын 6-нд надтай жилийн өмнө танилцсан хүн шөнө 22:00 өнгөрч байхад уулзъя, яаралтай хүрээд ир гээд болдоггүй. Би орой үдэш хамаагүй явахгүй байгаа болохоор очоогүй. Вайбраар л холбогдож ярьсан. Дараа нь түүнтэй хамт байсан хүнээс асуувал “Ийгл”-ийн Амундра намайг яг юу хүсээд байгааг мэдээд өгөөч гэж тэр хүнийг явуулсан юм байна лээ.

Сая хэдхэн хоногийн өмнө зургадугаар сарын 9-нд нэгэн их нэр хүндтэй бизнесмэн намайг “М.Энхболд орой Энканто хотхоны Спорт центрийн VIP саунд ганцаарчилж уулзъя гээд байна” гэж гуйсаар байгаад би хамгаалалтын бүх аргаа хэрэглэж очсон чинь ЗГХЭГ дарга Ж.Мөнхбат “Энхболд дарга намайг явууллаа” гээд хүлээж байв. Уулзалтын явцад намайг гадагшаа явчих. Гэхдээ явахаасаа өмнө “Бичлэг бол эвлүүлэг” гээд камераар бичүүлчих. Тэгвэл нэг сая доллар өгнө гэв. Энэ бол урхи шүү дээ. Нэг ёсондоо видео камерт “Би эвлүүлэгч мөн” гэж хэлээд хилээр гарлаа юу. Өөрөөр хэлбэл, өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг хийгээд өгөөч гэж ийм айхтар их мөнгө санал болгосон. Би уг нь тэр таньдаг бизнесмэнээ хүндэтгээд л тэнд очсон юм. Уулзалтын үеэр саунд гурван шалдан эр сельфидсэн баахан зураг Ж.Мөнхбатын утсанд одоо байж л байгаа. М.Энхболд даргадаа үзүүлэх гэж хийснийг нь ч мэдэж байна.

-2016 сонгуулийн үеэр бичлэгийн хэсгээс цацсан. Сая бүр 90 минутын бичлэг цацлаа. Яагаад бүтнээр нь цацах болов. Ерөнхийлөгчийн сонгууль болж байгаа болохоор цацав уу, эсвэл үнэхээр сонгууль дөхөөд тэд таныг дарамталж эхэлсэн хэрэг үү?

-2017 оны тавдугаар сарын 8-нд байцаагч утасдаад даваа гаригт үзлэг хийнэ шүү заавал байлцаарай гэж хэлсэн юм. Би яг тэр өдөр хүний эрхээр дагнан ажилладаг хүмүүстэй уулзаж байсан юм л даа. Тагнуул дээр миний зөөврийн компьютерийн нууц үгийг задалсан юм байх даа. Хэрэв тийм бол даваа гаригт 90 минутын бичлэгийг нотлох баримт болгон маш нууц тамга дарчихвал тэр бичлэг олон нийтэд хэзээ ч хүрэхгүй юм байна гэж бид зөвлөлдсөн. Тэгээд cloud дээр хадгалсан бүх нотлох баримтаа шууд ил байршуулж олон улсад хүртэл цацсан. Харин яагаад миний зөөврийн компьютер тагнуулынхны гарт орчихсон юм бэ гэхлээр Ц.Сандуй, А.Ганбаатар нар намайг гүйцэтгэх ажлын хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр худал өргөдөл гаргаж 2017 оны дөрөвдүгээр сарын 14-нд “Кафе Бене”-д сууж байхад ТЕГ-ын долоон тагнуулын ажилтнаар баривчлуулсан шүү дээ. Тэгээд тэд нар миний бүх цахим зүйлсийг, банкны картуудыг, гэрийн болон машины түлхүүрүүдийг бүгдийг авчихсан байсан юм. Бид аргагүй байдалд орсон учир тавдугаар сарын 6-нд цацчихсан юм. Цаг хугацаа нь Ц.Сандуй, А.Ганбаатар нарын сонголтоор л тэгж таарсан.Одоо яая гэхэв.

-Сонгуультай холбоотой танд нөгөө намын нэр дэвшигчид эсвэл тэдний багийнхнаас бичлэгийг бүрэн эхээр нь дэлгээч гэж санал тавьсан уу?

-Байгаагүй. Учир нь нэр дэвших эрхээ авахаас өмнө бид нар бичлэгийг бүрэн эхээр нь дэлгэчихсэн шүү дээ. Харин та өнгөрсөн жилийг ярьж байгаа бол, би тэр хэсэгхэн гурван файлыг цацчихаад хөдөө явчихсан. Утсаа асаагаагүй. Тэгэхээр ямар нэр дэвшигч энэ цаг хугацаанд таарах билээ.

-Та бичлэгийг олон нийтэд хүргэснээс хойш юу хийж байв? Эхнэр хүүхдээ хотоос хол явуулсан гэж сонссон. Тэд гэр бүлийг чинь дарамталсан хэрэг үү?

-Намайг эзгүйд үл таних хүмүүс гэрээр орж гарсан байсан. Мөн манай СӨХ-ны ажилтан манайхаас хэн гэдэг айл вэ гээд асуугаад явсан байгаа юм. Уг нь манай СӨХ-ны ажилтнууд контортоо журналтай байдаг л даа. Тэрнээс гадна манай доор байдаг дэлгүүрийн эзэнд миний зургийг үзүүлээд “Энэ хүн танай байранд амьдардаг уу. Харагдвал утсаар хэл өгөөч” гээд ямарч бичиг баримтгүй хүмүүс гуйсан байгаа юм. Тэдгээр хүмүүс өглөө бүр ирж орцны үүд сахидаг байсныг тэр дэлгүүрийн эзэн нотолж байгаа юм. Сүүлд бодоод байхнээ А.Ганбаатар намайг хууль бус аргаар бүрэн судалж мөшгөсөн байна лээ. Манай эхнэр хүүгийн маань дүр зураг, гэрийн хаяг, миний машины дугаар, Дарханд байдаг аав ээжийн маань гэрийн хаяг, нас, өвчин, өдөр бүр хэнтэй хаана уулзаж байгаа тухай бүгдийг судалсан гэдгээ надад хэлж байсан. Бүр Дарханд очиж манай аав ээжийн байрны гадна отолт хийж байсан гэдгээ хэлж байсан. Тэгээд арга буюу эхнэр хүүгээ дөрөвдүгээр сарын 10-нд хотоос явуулсан. Уулзалгүй одоо хоёр сар болж байна.

-Олон улсын байгууллага болон манайд улсаа төлөөлөн сууж буй элчин сайд нарт хандаж үзэв үү. Хэрэв хандсан бол тэд ямар хариу өгсөн бэ?

-ОУ-ын хэмжээнд Монгол Улсыг ардчилсан улс гэж хардаг болохоор энэ мэт хүний эрхийн асуудал гарч ирэхээр гайхдаг юм байна. Манайхан чинь муу муухайгаа нуух араншинтай шүү. Гэхдээ бид гадаадад тун амжилттай харилцаа холбоо тогтоосон шүү. Манай монголчууд дарамтанд орохоороо хилс хэрэгт өртөж, тэрийг нь дараа нь хэрэгсэхгүй болгонгуут туйлын их баярлаж, өөрийнхөө эрхийг ноцтой зөрчсөн үйлдлийг тэгээд хаячихдаг болтой юм шиг байна лээ. Хуулийн мэдлэггүйг нь далимдуулаад хууль сахиулах байгууллага процессоо үзэмжээрээ зөрчдөг юм шиг санагдсан. Тагнуулынхан намайг баривчилж аваачихад Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсийн орлогч дарга н.Ууганбаяр хамгийн түрүүнд асуусан зүйл нь “Айфон, айпад зөөврийн компьютерийн нууц үг чинь юу юм бэ. Хэл” гэж хоёр ч удаа давтан шаардсан. Би “Ямар үндэслэлээр саатуулж байгааг мэдмээр байна” л гэж хариулсан.

-Нэг зүйл анхаарал татсан. Энэ хугацаанд таныг хоёр ч удаа баривчилж. Тэгээд юу гэж хэлж, яагаад сулласан юм.

-Сүхбаатар дүүрэг дээр үүссэн хавтаст хэргийг А.Ганбаатар мөрдөн байцаагчид нөлөөлж, хавтаст хэргийг өнөөх нь хэрэгсэхгүй болгох хэмжээнд найруулж сулруулсан, бас СБД-ийн прокурорт ихээхэн хэмжээний мөнгө өгч байж хэрэгсэхгүй болгох тогтоол гаргуулсан гэж өөрөө ярьж байсан. Хавар ТЕГ-т үүссэн хавтаст хэргийг 60 тэрбумын асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулсны дараах ажлын өдөр гэв гэнэт дуудаад миний хамаг юмыг буцааж өгөөд л таг болсон. Сүүлд тэр Энкантод болсон уулзалтын үеэр тэр бизнесмэн залуу “М.Энхболд утсаараа нөгөө өрөөнд орж яриад чамайг дараа нь тагнуулаас чөлөөлсөн” гэж хэлсэн. Удахгүй ямар нөхцлийн улмаас ийм болов гэдэг нь тодорхой болох байх.

-Тэр бизнесмэн залуу нь хэн юм. Тийм нууц хүн үү?

-Сая долларыг төлөх хүн л байхгүй юу. Алтан Дорнодын Ганболд.

-Одоо таны нөхцөл байдал ямар байна. Утас чинь байнга хаалттай байх юм. Яагаад?

-Би тагнуулаас авсан өөрийн эд зүйл, цахим техникүүдээ бүгдийг нь баглаад хураасан. Элдэв дуудлага авахгүй гэж утсаа унтраасан. Шаардлагатай хүнтэйгээ би яаж л бол яаж холбогдоно шүү дээ. Мөрдөлт мөшгөлтөөс дайжиж байгаа хүн хаа сайгүй мөрөө үлдээгээд яваад байдаггүй байх. Тэр дүрмийг л сайн дагаж байна даа. Машинаа хүртэл далд хураасан. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн ухрах камер жирэлздэг болсон байсныг хүнд үзүүлсэн чинь машинаас чинь радио долгион цацагдаад байна. Байршил тогтоогч суулгасан юм шиг байна. Үзлэгт оруул гэсэн. Одоогоор надад тэгэх боломж алга.

-Та нэг хэсэг чимээгүй байсан. Чухам яагаад ил гарахаар шийдэв. Таны талаар янз бүрийн таамаг их байсан шүү дээ. Нэр нь тодорхойгүй л нэг хүн дуулдаад байсан.

-Хүний эрхийнхэн намайг ил гар гэж зөвлөсний дагуу би ил гарч эхэлсэн шүү дээ. Хуучин ажлын арга барил ч юмуу би бас нэг их ил байдаггүй байсан юм. Харин миний талаар олон янз домог яваад байсан байна лээ. Зарим нь намайг АНУ-д байгаа гэнэ, зарим нэг нь надтай уулзаж бичлэгийг авсан гэнэ гэх мэт инээдтэй олон л юм ярьцгааж байсан юм байна лээ.

-МАХН-ын Эрдэнэ­жамъянтай та яаж анх холбогдсон юм бэ?

-Э.Эрдэнэжамъян гуравдугаар сарын 14-нд хэвлэлийн бага хурал хийж, 2016 оны АТГ нээсэн хавтаст хэрэгт эрүү үүсгэхээс татгалзах тухай НПГ-ын тогтоолыг танилцуулсан. Орой нь твитрээр холбогдож уг тогтоолыг би түүнээс авч анх удаа уншсан. Тэгэхэд л Ц.Сандуй, А.Ганбаатар, М.Өлзий нарын үгсэн хуйвалдаж хагас хугас мэдүүлэг өгснийг байцаагч нь хэрэгсэхгүй болгуулж өгсөн харагдсан.

-Эрдэнэжамъян анх энэ талаар мэдээлэл хийж байсан шүү дээ. Харин шүүхээр ороод эхний шатанд тэр ялагдчихсан байна. Үүнийг та юу гэж бодож байна?

-Шүүхээс надад гэрчээр оролцох зарлан ирүүлэх юм болов уу гэсэн ирүүлээгүй. Ноднингийн АТГ-ын хавтаст хэрэг, түүнд авагдсан материалууд, 90 минутын аудио бичлэг, эксель файл, поверпойнтыг нотлох баримт хангалтгүй гэж үзсэн байна лээ. Байдал ийм тохиолдолд энэ их эрх мэдэлтэй хүмүүсийн өөдөөс бид яаж хөдлөхөө л сайн бодож хөдлөхгүй бол тун хэцүү. АТГ, ТЕГ, ЕТГ, ЦЕГ, ШШҮХ, УПЕГ, НПГ зэрэг шүүх засаглалын хэрэгжүүлэгч байгууллагууд дотор иймэрхүү улс төрийн хэргийг сүвлэж гаргадаг нүх сүв байгаад байна. Системийг буруутгахаас илүү яг тэр сүвлэгддэг нүхийг бид онилох ёстой. Өөрөөр хэлбэл, ийм улстөрийн хэргийг хэрэгсэхгүй болгосон, эсвэл үзэмжээрээ шийдсэн шүүгч, байцаагч, прокуроруудын нэрс цаасан дээрээ дурайж байгаа шүү дээ.

-Зарим хүн таныг ингэж бичлэг цацсаныг “Түгжилдлээ. Хүний итгэлийг алдаж, ашиг хайлаа гэж үзэх хандлага байна. Зарим нь баатар цолоор шагная ч гэсэн байх юм. Нэг хэсэг нь Монгол Снөүден ч гэж нэрлэж байна. Та итгэл алдсан урвагч уу, эсвэл үнэхээр улс төрийн намын цаана болдог бузар булхайг илчилсэн баатар уу?

-Цаг хугацаа хэлж өгөх байх. Гэхдээ би балиар зүйлийг халхалж байсан хөшгийг авч хаясан шүү дээ. Ард нь байсан хүмүүс магадгүй нүцгэн шахуу байсан болохоороо дургүйцэх л байх. Харин наана нь хууртаж суусан үзэгчид харсан зүйлдээ итгэж ядан хэсэг шоконд байна байх. Хэсэг хугацаанд өнөөдрөөс холдсоны дараа арай обьектив дүгнэлт надад өгөх байлгүй дээ. Намайг овойж оцойтол мөнгөөр зарчлаа гэж хардалгүй яахав. М.Энхболд даргыгаа арай тийм биш гэж бодсон хүн аргагүй байдалд ороод гоморхохдоо намайг хэн ч гэж болно шүү дээ. Би хүмүүсийн нүдний зэрэглээг авч хаясан. Уучлаарай, бодит байдал ийм байна шүү дээ. Магадгүй Ж.Мөнхбат надаас ч илүү баясгалантай харагдах шиг санагдсан. Залууст нь, залуу үеийнхэнд нь энэ намын удирдах албан тушаал ойрмогхон сулрах байх л даа.

-МАН-ынхан цацсан бололтой нэг бичлэг бас тавигдсан байна лээ. Олж сонссон л биз дээ. Тэр бичлэг үргэлжлэл нь үү, эсвэл тэд нийтэд цацсан бичлэгийн хариуд ийм бичлэг зохиомлоор хийчихсэн хэрэг үү?

-Ц.Сандуй, А.Ганбаатар нарт М.Энхболд ийм их том ар тал болж өгч байгаа нь гайхалтай. Өөрөөр хэлбэл, хөрөнгө чинээтэй айлын хоёр мангар пацаан юугаа ч мэдэхгүй харснаа авна гэж цамнахтай л адил харагдаад, аашлаад, эцэг эхийнхээ нүүрийг түлж өгч байгаа юм даа.

Миний сайтад эдгээр гүжирдсэн, гүтгэсэн, олон нийтийн тархи толгойг савандсан Ц.Сандуй, А.Ганбаатар нарын баримт, нотолгоог цуглуулж байршуулж байгаа. Миний сайт руу орох бол sixtybln.mozello.com хаягаар орох эсвэл твитрийн @dorjzodov гэсэн хаягийг дагаж мэдээллийг био дотроос авах боломжтой. Удахгүй www.dorjzodov.com, www.dorjzodov.org хаягууд ашиглалтанд орох байх.

-Одоо таныг Тагнуул, цагдаа АТГ-ын аль нь шалгаж байгаа вэ?

-Өмгөөлөгч маань намайг бүрэн төлөөлөх эрхээ авчихсан. АТГ намайг дуудаагүй байна. Цагдаад намайг дуудах зүйл одоогоор байхгүй байх шиг байна. Тагнуул дээр дөрөвдүгээр сарын 14-нд нээсэн тоглоомыг тагнуулын хэрэгсэл гэж үзсэн хавтаст хэрэг хараахан дуусаагүй байна. Өмгөөлөгч маань өөрөө намайг төлөөлөөд харилцаад явчих байхаа. Би зөвхөн мэдүүлэг өгөх, нотлох баримт гаргаж өгөх хэмжээнд хамтран ажиллана байх.

-Яагаад тагнуул таныг барьсан юм бол?


-Гүйцэтгэх ажлын хууль зөрчсөн зүйлээр Тагнуулын харьяаны 133.1 заалтаар эрүүгийн хэргийг А.Ганбаатарын худал өргөдөлд үндэслэн үүсгэсэн. Өргөдлөө цагдаад өгөөгүй шууд Тагнуулд өгсөн байсан. Тэгэхлээр цаана байгаа хуульчид бас овоо зөвлөсөн юм шиг байгаа юм. Гол нь намайг дарамтанд ороод 90 минутыг дэлгэчихнэ гэж огт санаагүй байх. Энэ 90 минутын бичлэгийг дэлгэснээр маш олон улстөрчдийн гарт байсан хөзрийг би үндсэндээ хутгаад бужигнуулаад хаячихсан.

-Танаас тэд юу асуудаг вэ. Одоо тэд таныг юунд буруутгадаг юм бэ. Бичлэг хийсэн гэж үү, бичлэгийг олон нийтэд дэлгэлээ гэж үү. Эсвэл энэ бичлэгийг эвлүүлсэн гэж буруутгадаг юм уу?

-Байцаагч залуу mp3 хөгжмийг тагнуулын хэрэгсэл гэж үзсэндээ ч ичдэг болсон. Яахав дарга нь буруутга гэсэн тушаал өгвөл ямар нэгэн аргаар хамаагүй буруутгадаг байх. Нэг үг байдаг шүү дээ, “Хүн нь байвал зүйл анги нь олдож л таараа” гэж. Яахав уурын мунхагтаа над руу “Чи эвлүүлдэг нь юм уу, А.Ганбаатар эвлүүлдэг нь юм уу” гэж хашгирсан тохиолдол бий. Энэ их олон зүйл хэлж өгч байгаа биз. Яг бодитой тийм ийм зүйлээр буруутгаж байна гэж хэлэхгүй байгаа. 133.1 зүйлээрээ л явж байгаа байх. Ойрноос тагнуулынхан огт холбоо барьсангүй шүү дээ.

-Таныг Зоригийн хэрэг шиг болгочихно шүү гэж заналхийлсэн нь үнэн үү?

-А.Ганбаатар 2017 оны дөрөвдүгээр сарын 5-нд манай гэрийн гадна отож зогсож байгаад уулзаж дарамтлахдаа бүр хэд хэдэн удаа давтан хэлсэн шүү наад үгийг чинь. Энэ бүр гэрчтэй. Бас баримттай. Биеийн хэлийг нь харуулсан дүрсийг би сайт дээрээ тавьсан байгаа. Уг нь Э.Эрдэнэжамъяныг шүүхдэж байгаад А.Ганбаатар өөрийнхөө нэр төрөө цэвэрхэн гэж харуулах гээд шоу хийх гэсэн юм шиг байгаа юм. Би дундаас гарч ирээд тэр АТГ-НПГ хэрэгсэхгүй болгосон хэргийн тогтоолыг үзээд Ц.Сандуй руу “Хэрвээ надад ямар нэг зүйл тохиолдвол үнэнийг олон нийтэд хүргэж нэр төрөө сэргээнэ” гэсэн учир А.Ганбаатарыг над руу явуулж дарамталж байхгүй юу. А.Ганбаатарыг нам дээрээ амьтан болсон гэдэг юм билээ.

-Ингэхэд та энэ хэргийн гэрч үү, сэжигтэн үү?

-Чухам аль хэргийн хэмжээнд вэ гэдгээс болох байх. Тагнуул дээр хүүхдийн тоглоомоор 133.1 гэдэгт эрүүгийн хэрэгт намайг сэжигтэн гэж байгаа. Хэрвээ бүр том зургаараа 90 минутын хэргийн тухайд бол би лав сэжигтэн биш гэж боддог.

-Цаашид та яана гэж бодож байна. Ингэж нуугдаад байх уу, эсвэл гадаадын аль нэг орноос улс төрийн орогнол хүсэх үү?

-Энэ бол миний дараа дараагийн үйлдэл юм. Нүүдлээ задалдаггүй уламжлалтай.

-Таны нэр чинь бичиг баримтан дээрээ юу гэж явдаг юм бэ. Яагаад Болд, Доржзодов гэсэн хоёр нэрээр яваад байдаг юм.

-Яахав дээ. Миний нэр чинь бурхны номын нэр шүү дээ. Нэр хүнддэнэ гэж монголчууд ярьдаг даа. Намайг Доржзодов гэдэг. Дууддаг нэр л Болд байхгүй юу. Тэрнээс албан ёсны бичиг баримтны нэрээрээ л явна шүү дээ. Тийм хүмүүс зөндөө л байдаг биз дээ.

-За таныг айлд байхад чинь цагдаагийнхан оччихсон гэж бөөн хэрэг мандлаа. Дараа нь хэвлэлийн хурал хийж таныг хамгаалалтандаа авах гэсэн гэж хэлсэн. Энэ талаар тодорхой яриач.

-Би шөнө 03 цаг өнгөрөөж унтсан. Хүмүүс дүнгэр дүнгэр яриад байгаа сонсогдсон. Өглөө зургаан цаг дөхүүлээд цонхоор харсан чинь баахан цагдаа нар байж байна. Бараг бүгдээрээ шинэ дүрэмт хувцастай. Хэн нэгэн албан тушаалтан явах гээд хамгаалалт гарч дээ гэж эхлээд бодсон. Тэгтэл нэг л бишээ. Эргэн тойрны бүх цонхоор очиж хартал тойроод цагдаа нар бүсэлчихсэн байсан. Бараг тавиад цагдаа байх шиг харагдлаа. Тэгээд л өмгөөлөгч, бас бус хүмүүс, хэвлэлийн ганц нэг хүн рүү холбогдож баривчилгаа болох гэж байна гэж дуулгасан. 09 цаг болох үед ямар ч зөвшөөрлийн бичиг цаас үзүүлэхгүй мөртлөө хаалга тогшоод байсан. Хаалга тогших нь ширүүсээд байхаар нь “Элчингээс хүн ирнэ гэсэн утгатай бичиг цонхон дээр наасан. Шөнийн нэг цагаас хойш байшин битүү бүслээд өглөө болтол хүлээж байдаг хамгаалалт гэж ч юу байхав. Хамгаалуулах хүн нь мэдээ ч үгүй байхад шүү дээ. Тэгээд цонхны завсраар “Бид аавын чинь фэйсбүүк дээр бичсэн хүсэлтээр хамгаалалт авч байна гэж хэлсэн нь бүр ч сэжигтэй санагдсан. Аав, ээж маань 70 хүрсэн, фэйсбүүк хэрэглэдэггүй хүмүүс. Би өмнөх өдөр нь ч ээжтэй ярьсан байсан. Тэр даруйдаа залгаж асуухад тийм хүсэлт гаргаагүй гэсэн. Цагдаагийнхан мэс заслын хувцастай эмч дагуулчихсан. Эмч нь эмнэлгийн хайрцагтай. Тэгээд ч хамгаалах зөвшөөрлийг цагдаагийн газар биш прокурорын зөвшөөрөлтэй өгнө шүү дээ. Намайг эмчид үзүүлэх үү гэж асуусан. Би үзүүлэх шаардлага байхгүй гэж хэлсэн. Үйл явдал нийтийн сүлжээгээр хүчтэй цацагдаад ирэхээр сэтгүүлчид орох зөвшөөрөл хүсээд дөхөж ирсэн.

Ингээд олон хүн анхаараад, хэвлэлийнхэн хүрээд ирэхээр цагдаа нараа татаж, гурван цагдааг хамгаалалтанд үлдээлээ гэсэн. Энэ байрнаас арван метрийн зайтай байлгаарай гэж бид хэллээ. Удалгүй Энхбат гэж хошууч буцаж ирээд цагдаагийн 2017 оны зургадугаар сарын арван тавны өдрийн он сартай Цагдаагийн даргын гарын үсэгтэй бичиг аваад ирж 16 цаг 42 минутанд миний өмгөөлөгчид өгсөн. Намайг гэрч болгосон юм уу, хохирогчоор тогтоосон юм уу, сэжигтэн гэж байгаа юм уу алийг нь ч тогтоож өгөөгүй байж хамгаална гээд байдаг. 15-ны өдрийн тушаалтай ирсэн мөртлөө тушаал гарахаас өмнө тийм олуулаа ирсэн нь хачин байгаа биз дээ. Хэрэв шөнө нэг цагаас бүсэлсэн бол зөвшөөрөл өгсөн прокурорын тогтоол зургадугаар сарын 14-ний 18.00 цагаас өмнө гарсан байх ёстой. Ингэж олон цагдаа дагуулж бүсэлсэн нь сэтгэл зүйн дарамт шууд үзүүлж байгаа хэрэг. Би ямар ч хамгаалалт тэднээс хүсээгүй шүү дээ. 60 тэрбумын бичлэгт ярьж байгаа хүмүүсээ шалгахгүй хэрнээ өдийг хүртэл надтай хөөцөлдөж, намайг сэтгэл санааны дарамтанд оруулж ирсэн шүү дээ. Би тэднийг намайг хамгаалах гэж ирсэн гэж бодохгүй байна.

-АН-аас энэ бүхнийг зохион байгуулсан гэсэн хардлага их явж байсан. Та яагаад АН-ын гишүүн, УИХ-ын гишүүн асан Оюунгэрэлийнд байсан юм бэ?


-Би тавдугаар сарын таванд Л.Болд гишүүн болон, гишүүн асан Ц.Оюунгэрэлд хандсан. Хандах учир нь хүний эрхийн төлөө тэд дуугардаг учраас хандсан. Тэд эрх барьж байгаа биш яаж энийг зохион байгуулах юм бэ.