(Каир-4)

Хүнд нөхцөлд шуурхай ажиллаж байгаад талархсан захидлыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатар мэйлээр ирүүлжээ. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүмүүсийн нэрс Каирт эхнээсээ тодорч эхэллээ. Арабын улсуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Амр Муса (1991-2001 онд Гадаад хэргийн сайд асан) өрсөлдөнө гэдгээ өнөөдөр зарлажээ. Тэрээр босогчидтой нэгдсэн бололтой. Бүр талбайд ч очсон гэсэн мэдээ явж байна.  Нобелийн энх тайвны шагналт Мохамед эль-Барадей Ерөнхийлөгчийн сонгуулийн  бас нэг гол өрсөлдөгч нь байх болов уу гэсэн таамаг их байсан, харин өөрөө тэгж нотлоогүй, харин ч бүр өрсөлдөхгүй гэж нэг хэвлэлд ярилцлага өгчээ. Каираас Кувейтээр дамжин дүрвэсэн манай яамны арван хэдэн хүн Улаанбаатарт 22.30 цагт газарджээ. Тэднийг Бээжинд манай ЭСЯ-ныхан хүлээн авч золголт хийж дайлж цайлаад өндөр сэтгэгдэлтэй явуулсан бололтой, манай хадам хөгшин их л баярлачихсан ярьж байна. Дөнгөж гэртээ орж ирээд байхад нь би чаатаар холбогдсон юм.

19.00 цагт оройн мөргөлийн дуу гадаа хадаж байна. Тахрирт нэг сая орчим хүн цуглаж байна гэсэн мэдээ интернэтээр явж байна. Бид оройн хоолондоо орлоо. Тахрирт өнөө шөнө л сүйдлэх нь дээ гэж доо дороо бодож байтал шөнө нам гүм болчихов. Зурагт ширтэж ширтэж дугхийхээр орондоо оров. Шөнө дунд зурагтаа асаагаад хартал бүр тайван, талбайд цугласан хүмүүс их цөөрчихөж, цэрэг танк байж байна. Гал шатсан, жагссан, орилолдсон, чулуу нүүлгэсэн явдал харагдсангүй. Ингээд цус урсгалгүй нэг шөнийг өнгөрөөжээ. Эрх баригчид, сөрөг хүчнийхний хооронд хэлэлцээ эхлэх нь эхэлжээ. Хэн хаана, ямар асуудлаар уулзаж байгаа тухай тодорхой мэдээ алга. Мохамед эль-Барадей гуай Үндсэн хуулийг өөрчлөхөөр эрх баригчидтай ажиллаж байна гэсэн нэг мэдээ ТВ-ээр явж байна. Дэд ерөнхийлөгч О.Сулейманы амь насанд халдаж хоёр бие хамгаалагч нь алагдлаа гэсэн мэдээ дамжуулж байна. Түүний цуваа руу гэнэт гал нээсэн гэнэ.

Баасан гаригийн их бужигнааны дараа бямба гаригт Каир хот нам гүм байдалтай өглөөтэй золголоо. Орой 18.00 цагаас өглөө 08.00 цаг хүртэл хот даяар хөл хорьж байсныг зөөллөөд орой 20.00 цагаас өглөө 06.00 цаг хүртэл мөрдөхөөр болжээ. Тэмцэл хөдөлгөөний эрч суларсан бололтой. Ямар ч атугай “Мубаракийг үдэх өдөр”-өөр  тэр огцорсонгүй, цус урссангүй. Өглөө эртлэн босч мэдээгээ үзчихээд Улаанбаатар руу ГХЯ руу залгаж хариуцлагатай жижүүрт нөхцөл байдлыг илтгэлээ. Ингээд интернэтээр мэдээ цуглуулж анализ хийх ажилдаа орлоо. Баабар “Лалын хувьсгал уу?!” гэсэн нийтлэл бичиж мэйлээр надад ирүүлснийг хамгийн түрүүн уншив. 

“Лалын ахан дүүс” хэмээх исламист хөдөлгөөний удирдагчид гэж хэсэг хүн ойрдоо ТВ-ээр байнга гараад ярилцлага өгөөд байгаа, тэдний нэг нь болох Иссам Арьян гэгч BBC-д ярилцлага өгчээ. Мубаракийг огцруулчихвал улс төрийн ваакум (орон зай) гараад тэр орон зайг нь “Лалын ахан дүүс” эзлээд авчихна, тэгээд Египетэд хяналтаа тогтоочихно гэж барууныхан их айж байгаа. Тэгвэл тийм биш гэнээ. И.Арьяны ярьснаар бол “Лалын ахан дүүс” нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй юм байна. Сөрөг хүчнээс ганцхан нэр дэвшигч л байх хэрэгтэй, түүнийг нь дэмжинэ гэнэ. Төр улс нь лалын зарчмууд дээр үндэслэсэн иргэний нийгмийн улс байх ёстой. Гэхдээ эрх барих парламентын тогтолцоо бүхий, улс төрийн намууд ажиллах эрхтэй, чөлөөт хэвлэлтэй, шударга хараат бус шүүх засаглалтай лалын улс байх ёстой гэнэ. Гэхдээ “дотоод хэрэгтээ гадаадынхан болон бүс нутгийнхныг хөндлөнгөөс оролцуулахгүй“  байх зорилго тавина гэдгээ ч зарлаад байна.

“Лалын ахан дүүс””ийн өөр нэг удирдагч Рашад аль-Байюми NHK-д ярилцлага өгөхдөө их ноцтой юм ярьжээ. Мубаракийг огцруулсны дараа Түр засгийн газрыг сөрөг хүчний бусад намуудтай хамтран байгуулаад Израильтай байгуулсан энх тайвны гэрээг хамгийн түрүүн цуцлах гэнэ. 1978 онд Кэмп-Дэвидэд хэлэлцээрийг урьдчилан тохироод, Египет, Израилийн хоорондын Энх тайвны гэрээнд гарын үсэг зурах зарчмууд; Ойрхи Дорнод дахь энх тайвны зарчмууд гэдэг  хоёр баримт бичигт гарын үсэг зурсан, 1979 онд Вашингтонд Египет-Израилийн Энх тайвны гэрээнд гарын үсэг зурсан түүхтэй. Түүний хэлснээр энэ гэрээ нь Египетийн ба Арабын ертөнцийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулсан, нэр төрийг нь унагасан гэрээ юм байх. Эл мэдэгдлээс үзвэл Египетийн ард түмний эсэргүүцлийн энэ тэмцэл нь зөвхөн Мубаракийн дэглэмийг унагах бус, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг шууд хөндөж буй геополитикийн хувьсгал болж хувирах юм байна.

Олон хоног үймж бужигнаснаас үүдэн Египетийн эдийн засаг хэцүүхэн байдалд байна. Тус орон 70 тэрбум фунтын хохирол амсаж, үндэсний орлогынхоо гуравны нэгийг алдсан гэж хэдэн өдрийн өмнө ТВ-үүд мэдээлж байсан. ДНБ-ий өсөлт 2011 онд 5.3 хувьтай байна хэмээн  Credit Agricole банк төсөөлж байсан ч саяхны үймээн самуунаас болж 3.7 хувь руу бууна хэмээн  ВВС мэдээлж байна. Эсэргүүцлийн тэмцэл эхэлсэн өдрөөс тус орон өдөрт 310 сая ам.долларын (зарим мэдээгээр 300 сая евро) хохирол амсаж байгаа аж. Жагсаал тэмцэлд оролцож эрүүл мэнд эд хөрөнгөөрөө хохирсон, үймээний хөлд үрэгдсэн иргэддээ 5 тэрбум фунтыг (862 сая ам.доллар) нөхөн олговор маягаар одоо өгнө гэж Сангийн сайд нь зарлав. Ингэхээс өөр аргагүй, нэгэнтээ Засгийн газар буруутай гээд уучлал  гуйчихсан тул өгч таарна. Энэ нь улсын сан хөмрөгт хүндсэн тусч таарна.

Египет нь нефть үйлдвэрлэгч томхон орон биш ч, дэлхийн нефтийн зах зээлд сүрхий нөлөөлж чадна гэдгийг энэ хэд хоногийн үйл явдлууд харууллаа. Нефть, нүүрс хүчлийн хийн үнэ өсч, дэлхийн эдийн засагт сөрөг нөлөө үзүүллээ. Суэцын сувгаар нефть тээвэрлэхэд саатал гарч, улмаар тээвэрлэлт эрсдэлд орж магадгүй нь харагдлаа. Дэлхийн далайн тээврийн нефть зөөвөрлөлтийн 8 хувь энэ сувгаар дамждаг, өдөртөө 2.5 сая баррель нефть дамжин өнгөрдөг, Европ, АНУ руу экспортолж буй нефтийн нэлээдгүй нь үүгээр дамждаг. Америкийн “Oil and Gas” сэтгүүлд бичсэнээр бол Египет нь 4.4 тэрбум баррель нефтийн нөөцтэй, 2010 онд 660 мянган баррелийг хоногт олборлож, хоногтоо 710 мянган баррель нефть хэрэглэж,  145  мянган баррелийг хоногтоо экспорлож байсан, иймд дотоодынхоо хэрэгцээнд нефть импортлохоос аргагүй байдалд байгаа гэж үзвэл Египетийн дотоод улс төрийн хямрал гадаад талдаа ямар уршигтай нь тодорхой.
Аялал жуулчлалын бизнес үндсэндээ зогссон, жилдээ 11.6 тэрбум ам.долларын орлоготой ажиллаж байсан энэ салбар одоо 1 тэрбум долларын алдагдал хүлээгээд байна. Үйлдвэр, албан газрууд ажиллахгүй, банк биржүүд хаалттай, ганц орлоготой нь эмийн сангууд л байгаа. Хүнс тэжээл ч үлэмж хомсодсон, хүнсний ихэнхи дэлгүүр нөөцөө барсан байдалтай байна. Энэ бүхнийг цэгцэлж улс орны эдийн засгийг сэргээх талаар өнөөдөр Ерөнхийлөгч Х.Мубарак сайд нараа цуглуулж хуралджээ. Маргаашнаас төрийн байгууллагууд ажиллаж, банкууд онгойх болжээ. Манай Маади дүүрэгт ЭСЯ-ны ойролцоох зах дээр апельсинээс өөр жимс алга. Хүнс эрс ховордсон байна. Үдээс хойш энэ хавийн жижиг дэлгүүр мухлаг бүгд онгойсон харагдав. 

Улс орон хэвийн амьдралдаа эргэж орохоос аргагүй гэдгийг ойлгоосон бололтой өчигдрөөс жагсаал хөдөлгөөний эрч аажимдаа суларч эхлэв. Шөнөдөө хүйтэн хоноод байгаа учраас хүмүүс Тахрирт бөөгнөрөхгүй байж бас болно. Өчигдөр Тахрирт 700 мянган хүн цугласан бол өнөөдөр 6-8 мянган хүн жагссан гэсэн харьцуулалтыг гадаадын зарим хэвлэлд хийсэн байна. 

Энэ өдөр эрх баригч ЕҮАН-ын Улс төрийн товчоо (зарим мэдээгээр Гүйцэтгэх хороо) хуралдаж Х.Мубаракийг намын лидерээр үлдээж, өөрсдөө бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорчээ. Намын шинэ ЕНБД-ыг либерал жигүүрээсээ сонгосон байна. Армийн командлалын төлөөлөгч бололтой ахлах тушаалын офицер Тахрирт очиж жагсагчдыг тарж гэр гэртээ харьцгаахыг уриалж байгаа харагдав. Босогчидтой цэргийнхэн хэлэлцээ хийж байгаа нь энэ юм болов уу. Цэргийнхнийг тарж явахыг Мохамед эль-Барадей хариуд нь уриалсан гэнэ.

Оройхон хэрд Дэд ерөнхийлөгч О.Сулейман сөрөг хүчний төлөөлөгчид, мөн улс орны нэр хүндтэй сэхээтний төлөөлөлтэй уулзсаныг CNN мэдээлж байна. Улс төрийн хямралаас улс орноо хэрхэн гаргах талаар ярилцаж зарим нэг тохиролцоонд хүрчээ. Х.Мубаракийг нэн даруй огцруул гэдэг шаардлага хэвээрээ боловч Үндсэн хуулийн 139 дэх заалтыг хэрэгжүүлэх хэлбэрээр энэ шаардлагаа зөөлрүүлэхээр ярилцаж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл төрийн эрх мэдлийг Дэд ерөнхийлөгчдөө бүрэн шилжүүлэх.  Төрийн тэргүүн ажиллах чадваргүй болбол ингэж шилжүүлж болно гэж тэнд нь  зааж өгсөн юм байна. "Тагамму" гэдэг зүүний намаас ийм санал дэвшүүлснийг сөрөг хүчнийхэн буулт хийж эхэллээ гэж үзэж болох юм. Х.Мубарак албан тушаалдаа бэлгэ тэмдгийн шинжтэй үлдээд шилжилтийн үеийг дуусгах, засгийн бүх эрх О.Сулейманд шилжээд дараагийн сонгууль хүргэх хувилбар дээр тогтож чадвал Египетийн байдал хэвийн тогтвортой болох ажээ.

Бямба гаригийн шөнө тайван өнгөрлөө. Тахрирт хэдэн зуун хүн жижүүрлэж хоносон гэж мэдээлж байна. Хоёрдугаар сарын 6-ны Ням гаригийг сөрөг хүчнийхэн өмнөхийн адил “Нэг сая хүний марш”-“ийн өдөр болгоно хэмээн зарлаж, гудамжинд гарч жагсахыг уриалан дууджээ. Хаа хаанаа залхсан байдалтай байгаа тул яг нэг сая хүн цугларна гэж ямар ч ТВ таамаглахгүй байна. Хөл хориог өнөө өглөөнөөс хэсэгчлэн цуцалж эхэлжээ. Өглөө эрт ГХЯ-ныхаа хариуцлагатай жижүүрт байдлыг илтгэчихээд бид ажилдаа орлоо. Монгол иргэдээ нүүлгэн шилжүүлсэн тухай илтгэх хуудас, Египетийн сүүлийн үеийн байдлын тухай танилцуулах мэдээ тус тус бичиж төв рүүгээ илгээхээр төлөвлөлөө.

Мубаракийг Германд эмчилгээнд явж магадгүй гэсэн яриа Берлинд гарсныг Берлин дэх ЭСЯ-наас бидэнд албан бусаар мэдээлэв. Мубарак нь өнгөргөрсөн оны хавар Хэйдэлбэргийн их сургуулийн эмнэлэгт цөсний хүндхэн хагалгаанд ороод илааршсан ба энэ удаа үргэлжлүүлэн тэндээ хүлээн авч эмчлэхэд татгалзах зүйлгүй хэмээн Германы тал мэдэгдэв гэсэн мэдээ германы хэвлэлд гарчээ. Мөн 2004 онд Мюнхенд нуруу нугасны хүндхэн эмчилгээнд явж байсан баримт бий. Мубаракийг улс төрийн амьдралаас холдуулж Дэд ерөнхийлөгчийг сөрөг хүчнийхэнтэй хэлэлцээний ширээнд суулгах гэсэн барууныхны сонирхлыг энэ мэдээ илэрхийлж байна гэж үзэхээс аргагүй.

Үдээс хойш эрх баригчид болон сөрөг хүчнийхний хооронд хэлэлцээ болж Үндсэн хуулийг шинэчлэх хороо байгуулахаар хэлэлцэн тохирчээ. Уг хороонд хуульчид, улс төрчид ажиллаж 3 дугаар сарын эх гэхэд баримт бичгийг бэлэн болгох, мөн хэд хэдэн хуулийн төсөл боловсруулсан байхаар тогтжээ. Хэлэлцээнд Засгийн газрыг  төлөөлж Дэд ерөнхийлөгч О.Сулейман, Ерөнхий сайд А.Шафик нар, сөрөг хүчнээс хэд хэдэн улс төрийн нам хөдөлгөөн, түүний дотор Лалын ах дүүсийн төлөөлөгчид, эль-Барадейн бие төлөөлөгч, тэрбумтан Нагиб Савирис зэрэг бизнесийн салбарын төлөөлөгчид, хараат бус экспертүүд, эрх зүйчид оролцжээ.

Ерөнхийлөгч Мубарак нь хоёрдугаар сарын 1-нд ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ дэвшүүлсэн амлалтуудаа (Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшихгүй, засгийн эрхийг Үндсэн хуулийн дагуу тайван замаар шилжүүлнэ) биелүүлэх аваас хугацааг нь дуустал ажиллуулна хэмээн сөрөг хүчнийхэнтэй тохиролцсон бололтой. Харин энэ хугацаанд Египетийн дотоод хэрэгт оролцохыг гадаадын улс орнуудад хэрхэвч зөвшөөрөхгүй, хямралын үед улс орны байдлыг тогтворгүй болгохоор гадаадын хүчнүүд оролдож байсан тохиолдол буй хэмээн тэд үзсэн байна. 2010 оны намар явагдсан парламентын сонгуулийн дүнг хэсэгчлэн хянаж үзэх талаар шүүхийн гаргасан шийдвэрийг мөрдөх болжээ. Сүүлийн өдрүүдэд улс оронд анархи байдал, үймээн самууныг өдөөн тухирсан гэмт хэрэгтнүүдийг хуулийн дагуу шийтгэх нь зөв гэж үзжээ. Хэлэлцэн тохирсон хамгийн чухал зүйл бол 30 жилийн тэртээ улс оронд тогтоосон онц байдлыг цуцлах талаархи тохиролцоо юм. Цуцлах тодорхой хугацааг заасангүй, энэ нь улс орон дахь нөхцөл байдал, гадны аюулаас шалтгаална. Гэвч Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө цуцлах болно гэж үзжээ. Эрх баригчид болон сөрөг хүчний хоорондын хэлэлцэн тохирсныг хэрэгжүүлэх гол баталгаа нь үндэсний арми байх болно, аль алин нь цэрэг армидаа бүрэн итгэж, хямралыг зохицуулах талаар армийн гүйцэтгэсэн үүрэгт баяр хүргэж байна гэжээ. 

Урьд шөнө Тахрирт хэдэн зуун хүн майхан платка бариад хоножээ. Байнга тэнд байрлахаар шийдсэн тэмцэгчид нь үлдсэн, бусад нь гэр гэртээ харьцгаасан, улс орны амьдрал хэвийн гольдрилдоо орж эхэллээ хэмээн ТВ-үүд мэдээлж байна. Лав өчигдөр “Нэг сая хүний марш” хийнэ гэсэн нь хийгдээгүй, түүний 10-ны нэгд хүрэх хүн ч цуглаагүй гэж мэдээлж байна.

Египетийн ГХЯ-ны Ёслолыг газраас хүлцэл өчсөн ноот иржээ. Олон хоног харуул хамгаалалтгүй байлгасанд уучлаарай гэсэн байна. Өнөөдрөөс л ирнэ биз гээд хүлээж байхаас. Бүх шатны сургуулиудын хичээлийг нааш нь татаж 10-наас эхлүүлэхээр Египетийн Боловсролын яам нь ажиллаж байна. Оюутан сурагчдын өвлийн амралт саяхны үймээн самуун хоёр давхцаад гал дээр тос нэмсэн байх. Иймд Засгийн газар яаралтай хичээлд нь оруулж төвлөрсөн их хүчийг тараахаар шийджээ. ГХЯ-наас Каир дахь ДТГ-уудад нэр заалгүй анхааруулга өгчээ. Зарим нэг орны ДТГ-ууд үймээн самууны үеэр Египетийн хилээр зэр зэвсэг, холбооны тусгай хэрэгсэл дипломат ачаа нэрээр оруулахаар завдсаныг хилийн боомт дээр хураалаа. Үүнийг хууль бус үйлдэл гэж үзнэ.  Улс оронд эмх замбараагүй байдал үүсч дээрэм тонуул гарсан үед ДТГ-ууд иргэдээ, ЭСЯ-ныхаа зарим ажилтан гэр бүлийнхнийг дүрвүүлсэн, ЭСЯ-аа хамгаалахын тулд улс орноосоо цэргийн баг, тусгай хүчнийхнийг авчруулахаар ярилцсан боловч Египетийн ГХЯ үүнийг нь зөвшөөрөөгүй. Түүнийгээ дахин нотолсон байна.

Стамбулд дүрвэн очоод байгаа оюутнуудыг төлөөлж Хурмет зарим нэг мэдээлэл өглөө.  Тэд очоод гурав тасарч байрласан гэнэ. Эрэгтэй, эмэгтэйчүүд тус тусдаа оюутны байранд орж, Хурмет эхнэр хоёр хүүхдийн хамт нэг айлд байгаа, Улаанбаатараас чиглэл хүлээж байна гэнэ. Тэд маань Каираас гарахдаа дотроо үймээд байсан нь тэр нэг том ахаас болоогүй байж, тийм том ах гэгч нөхөр   байхгүй гэцгээж байна. Би ч ойлгож байна. Та нар ЭСЯ-тайгаа харилцаатай байх хэрэгтэй, цуурхалд автаж болохгүй, олон дахин эргэж буцаад байснаас үл ойлголцсон байна гэж би хариуд нь хэллээ. Хөөрхий манай 24 оюутан, 7 хүүхэд тэнд байгаа, нүүлгэн шилжүүлсэн монголчуудын сүүлчийн хэсэг нь. Малайз 10 мянган оюутнаа 18 удаагийн нислэгээр татаж авсны дэргэд манай 31 оюутан, хүүхэд гэдэг бол даан ч өчүүхэн үзүүлэлт л дээ. Гэхдээ биднээс чамгүй ур ухаан, мэргэжлийн өндөр түвшин шаардсан даа...      

                  (Үргэлжлэл болон холбогдох түүхэн гэрэл зургуудыг удахгүй
НЭПКО  хэвлэлийн газраас хэвлэж гаргах зохиогчийн шинэ номоос үзнэ үү)