Олон нийт таныг хамгийн эх оронч улс төрч гэж дүгнэдэг. Ингэж үнэлэгдэж яваагийнхаа тухайд та өөрийн гэсэн дүгнэлттэй байх. Түүнийгээ хуваалцана уу?

Асуулт нь намайг баахан ичээж байна шүү. Намайг ингэж дүгнэдэг юм бол үнэндээ хэтрүүлсэн хэрэг байна. Бидний үеийнхэн бүгдээрээ эх орончид, бидний үеийнхэн харийн гүрний эрхшээлд байхын зовлонг яс махаараа үзсэн улс. Тэгээд харийн гүрний эрхшээлээс гарахын тулд л 90 оны ардчилсан хувьсгалыг хийсэн юм шүү дээ.

“Эх орон” гэдэг ойлголтыг хүмүүс янз бүрийн өнцгөөс хардаг. Таны “эх орон” чухам юу вэ?

Миний хувьд эх орон гэдэг гэр орон маань. Эх орноосоо холдохоор хэлээ, хүнээ төдийгүй салхиа, уул, усаа, хуйлран босдог шороогоо хүртэл санана шүү дээ. Миний хувьд эх орноо санах гэдэг гэр орноо санахтай адил байдаг.

Дээр үеэс монголчуудын гүн гүнзгий ухамсарлаж ирсэн “биеэ засаад...” гэх онол, эрх ашгийн дэс дарааллын тухай орчин үеийн ойлголт зэргийг уялдуулан тайлбарлахгүй юу?

С.Зориг маань улс төрч хүний эрх ашгийн эрэмбийг маш сайхан эрэмбэлж хэлдэг байсан. Тэр хэлэхдээ тэргүүн ээлжинд эх орны эрх ашиг, дараагийн ээлжинд намын эрх ашиг, удаах ээлжинд фракцын эрх ашиг хамгийн сүүлд хувийн эрх ашиг гэж байх ёстой гэдэг байсан. Гэхдээ энэ эрэмбийг С.Зориг зөвхөн улс төрчдөд хамааруулж хэлсэн байдаг. Иргэдийн тухайд бол нэн тэргүүнд биеэ засах өөрөөр хэлбэл хувийн амьдралаа бодох ёстой. Хувийн амьдралаа авч явж чаддаггүй хүн эх оронд нэмэр болохоос нэрмээс болдог. Иргэн бүр биеэ засч чаддаг байвал эх орон маань эв зохицол-гармонийг олж чадна. Төрийн үүрэг бол биеэ засах боломжийг иргэн бүрт тэгш олгоход оршино. Гэтэл манайд энэ гүн ухааныг буруугаар ойлгож баян хүн төрд зүтгэж ёстой гэж мунхаглах байдал үзэгддэг. Зарим хүн төрийн эрх мэдлийг ашиглаж биеэ засна гэж “тэнэгтдэг”. Зүй нь төрийн алба гэдэг чинь угаасаа хувийн сонирхлыг огоорч нийтийн төлөө бие сэтгэлээ зориулах утга агуулгатай алба юм аа.

Сүүлийн үед монголчууд харьцангуй прагматик, ахуйлаг үзэлтэй, эдийн сонирхолтой болж байх шиг санагддаг. Энэ сайн өөрчлөлт үү, муу юу?

Хэрэвзээ утга учиргүй, эдийн шуналтай болж байгаа бол муу өөрчлөлт. Энэ ертөнцөд эдийн баялгаас өөр сэтгэл баясгасан зүйл хангалттай их байна шүү дээ. Харин иргэд маань рационалжиж хэрсүүжиж байгаа бол маш сайн өөрчлөлт. Үнэхээр иргэд маань рационалжиж чадвал Монгол маань хөгжих замдаа орж байгаа нь тэр.

Өнөөдөр манай улс үнэхээр бидний олонхийн маань зовниж байгаачлан газар нутгаа, байгалийн сайхнаа сүйдлээд дуусч байна уу? Уул уурхай өнөөгийн нөхцөл байдалд илүү чухал уу?

Уул уурхайг эх оронч рационал сэтгэлээр ашиглаж чадах юм бол бидний хөгжих үндэс болно. Тэгж эс чадвал биднийг бүүр сүйрүүлнэ. Уул уурхайг рационал байдлаар ашиглах сэтгэлгээ бидэнд дутаж байна. Би нэг хачин сонин үзэгдэлтэй таарч байсан. Миний таньдаг уул уурхайн компанийн захирал нутгаасаа гараад харийн оронд очихоороо эх орноо санаад байж сууж ядан нулимс нь цийлэгнэн гунихарч санааширч байдаг. Түүний тэр инстинктийг харахаар яах аргагүй эх орондоо хайртай нь эргэлзээгүй. Гэтэл эх орондоо ирээд алт ухахаараа эх нутгийнхаа уулыг нь тал, талыг нь там болгон сүйтгэж байдаг. Энэ байдлыг хараад бид нар эх орноо өөрийн гэртэй адил үзэж чаддаггүй юм байна, эх орноо хайрлах рационал хэрсүү ухаан дутдаг юм байна гэдгийг ойлгосон.

“Нүгэл, буян”-ы тухай буддын сургаал хамгийн төгс хууль гэж зарим хүмүүс үздэг. Энэ өнцгөөс харвал, хууль гэдэг зүйл нийгмийн харилцааг бус, нийгмийн ухамсрыг зохицуулах учиртай мэт ойлгогдоход хүрдэг. Энэ талаарх Таны бодлыг сонирхвол...?


Нийгмийн, тэр дотроо хүний ухамсрыг хуулиар зохицуулах боломжгүй. Ардчилсан нийгэмд хүний эрхийн харилцааг л хуулиар зохицуулдаг. Тухайлбал таны үг хэлэх эрх чөлөөг хуулиар баталгаажуулах боловч бусдыг гүтгэн доромжлохыг хуулиар хориглодог. Таны баяжих эрхийг хуулиар баталгаажуулдаг, гэхдээ бусдаас хулгай хийхийг хуулиар хатуу хориглодог. Таны шашин шүтэх эрхийг хуулиар баталгаажуулдаг. Тэгэхдээ бусад шашинруу дайрахыг хуулиар чанд хориглодог. Ардчилсан нийгэмд эрхийн харилцааг ингэж л хуулиар зохицуулдаг. Харин хүний ухамсарыг сайжруулахад шашин их үүрэгтэй. Шашны нүгэл буяны ойлголт маш их чухал. Бурхан багш хүний ёс суртахуунтай байх үндсийг “өөрийнхөө нүгэл гэж ойлгодог зүйлийг бусдад бүү үйлд гэж” тодорхойлсон байдаг. Ёс суртахуун гэдэг үзэгдэх дүрс, баригдах биегүй маш түвэгтэй ойлголтыг бурхан багш ийнхүү гайхамшигтай онож барьсан юм.

Улс төрч, эх оронч хоёрын чухам хэн нь өнөөдөр илүү чухал гэж та бодож байна?

Улс төрч, эх оронч гэдгийг яагаад салгаж асуугаад байгааг чинь ойлгохгүй байна. Уг нь улс төрч гэдэг хүн эх орныхоо өмнө хариуцлага хүлээж түүний төлөө зүтгэж байгаа хүнийг хэлдэг. Хилийн манаанд зогсож буй цэрэг эртэй адил. Эх оронч бус улс төрч гэдэг бол гай түүтгэр гэсэн үг.

Та УИХ-ын гишүүн төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахыг завдах, үндэсний эв нэгдлийг бусниулах, олон нийтийг хооронд нь дайсагналцуулах үг хэлэх, өдөөн турхирах, хүч хэрэглэхийг уриалахыг хориглох тухай хуулийн төсөл санаачилсан. Зарим нэг нь ардчиллын зарчмаас ухарч байна гэж шүүмжилж байгаа. Үнэхээр ухралт болж байгаа юм биш биз?

Намайг ардчиллын зарчмаас ухарлаа гэж зарим хүмүүс санаатайгаар гүтгэж байгаа юм. Чухамдаа би ардчиллаа хамгаалах гэж л тэмцэж байна. Хүчтэй ардчиллыг бий болгохын төлөө зүтгэж байна. Ингэх онцгой шаардлага өнөөдөр тавигдаад байна. Монголчууд урд өмнөх түүхэндээ учирч байгаагүй шинэ нөхцөлтэй өнөөдөр нүүр тулаад байна. Нэг хүнд ноогдох утгаар нь бодоод үзэхэд асар их хэмжээний байгалийн баялагтай нь тодорхой боллоо. Түүгээр барахгүй 21 дүгээр зууны технологийн дэвшлийг хангахад зайлшгүй шаардлагатай уран болоод газрын ховор элементийн арвин баялаг Монголоос олдоод байна. Өнөөдөр Монгол орон төв Ази дахь геополитикийн “шинэ оргил” болчихоод байна. Монголын байгалийн баялагт хяналтаа тогтоохын төлөө дотоод гадаадын бүлэглэлүүд маш ширүүнээр тэмцэлдэж эхлээд байна. Энэ ширүүн тэмцлийн гайгаар эх орон маань сүйдэж ч мэдэхээр байна. Энэ тэмцэлдээ тэдгээр бүлэглэлүүд хөлсний “эх орончид”, хөлсний ”хувьсгалчид”, хөлсний ”улс төрчид”-ийг ашиглах хандлага байна. Улс төрийн энэ тэмцэлд үндэстэн хоорондоо хагарах, шашин хоорондын мөргөлдөөн ч үүсэж болзошгүй болж байна. Төрийн эрх мэдлийг хүчээр булаан авах замаар ардчилсан төр засгийг устгаж мэдэхээр байна. Энэ аюулаас сэрэмжлэх багц арга хэмжээ авах явдлыг миний бие санаачлаад байгаа юм. Би дахиад хэлэхэд Монгол, төв Ази дахь геополитикийн тэмцлийн шинэ оргил болсон шүү.

Эх оронч байхыг хүсэж яваа залууст та юу гэж зөвлөх вэ?

Нэгдүгээрт эх орноо гэр оронтойгоо адилтган ойлгодог хэрсүү ухааныг олж аваарай. Хоёрдугаарт үхэн үхтлээ ардчиллыг хайрлаж яваарай. Яагаад гэвэл ардчилал бол Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын дархлаа юм аа. Монголын ард түмэн ардчилсан чөлөөт сонгуулиар төрөө сонгон байгуулах явдал хадгалагдсан байхад лав дэлхий сөнөтөл Монгол улс тусгаар тогтносон бүрэн эрхт улс байх нь баараггүй. Монголын төр ард түмнийхээ албат нь байх болно. Магадгүй зарим үед тэр албат тун урам хугармаар муу албат байж мэднэ. Гэхдээ л монголын ард түмний албат байсаар байх болно. Бидний үеийнхэн монголын төр харийн гүрний амьгүй албат байхыг үзэхээрээ нэг болсон шүү. Ардчилал уствал тийм байдал эргээд бий болно. Энэ хоёр их гүрний дунд байдаг бидэнд өөр сонголт байхгүй. Гуравдугаарт өнөөдөр манайд нүүр улаймаар хачин жигтэй үйл явдал гардаг. Бид эх орныхоо байгалийг сүйтгэж, эх нутгаа хогийн сав мэт үзэж хогоор дүүргээд өнчин нялхастаа буяны сэтгэл гаргаж чадахгүй байхад хаа байсан барууны орны иргэд ирчихсэн байгалийг маань хамгаалах гээд, хогийг маань цэвэрлэх гээд өнчин нялхсыг асарч халамжлах гээд явж байдаг. Бид амьтан биш шүү дээ. Залуус минь, өөрсдийнхөө байгалийг өөрсдөө хамгаал. Эх нутгаа хогийн сав биш гэдгийг ойлго. Халамж энэрэл горьдсон өнчин нялхастаа буяны сэтгэл гаргаж сурах хэрэгтэй, залуус аа.

Эх оронч сэтгэл, үндэсний үзэл, Нармай Монголын үзэл санаа болон нацизм зэргийг хэрхэн ялгаж салгаж ухварлах учиртай вэ?

Миний эх орон миний тоонот гэсэн аавын минь гайхамшигтай үг байдаг юм. Эх орноо гэр оронтойгоо адилтган дотночилж үзэх сэтгэлийг л эх оронч сэтгэл гэнэ. Монголчуудын үндэсний үзлийг бусдын эрхээр жаргахаар өөрийн эрхээр зовъё гэдэг ардын мэргэн үг яруу сайхнаар тодорхойлдог. Нүүдлийн соёл иргэншилтэй монголчуудын үндэсний үзэл нь эрх чөлөөний үзэл санаа юм. Нармай монголын үзэл санаа гэдэг бол салж бутарсан монголчуудаа нэгтгэнэ гэж өнгөрсөн түүхийн үед гарч байсан үзэл санаа. Нацизм гэдэг бол бусад үндэстнийг доош нь хийж өөрсдийгөө тэнгэрийн гаралтай хэмээн дүвчигнэж байсан Гитлерээс гаралтай онц харгис үзэл.