“Хөрөнгө оруулагч үндэстэн” хэмээх хөөргөн нэр томъёо энд тэнд мэр сэр үзэгддэг. Үүн шиг худлаа зүйл байхгүй ээ. Монголчууд юун хөрөнгө оруулахтай манатай яваа. Харин бид ХАРДАГЧ ҮНДЭСТЭН гэдэг нь бодитой.

БИД ХАРДАХ ЭРХТЭЙ

ХАРДАЛТЫН ТӨРӨЛ ЗҮЙЛ


Эхлээд хардалт гэж юу болохыг тодорхойлох нь зөв байх. Баабар энэ талаар “Хуйвалдааны онол” нийтлэлдээ ингэж бичжээ.

“Хувь хүн өөрийгөө хамгаалах зөнгөөр бусдыг хардах, алив үйлдлийг өөрийнх нь эсрэг хандсан эсэхийг нягтлах дадалтай байдаг. Энэ нь хэтрээд хавьтсан ойртсноо үндэслэлтэй болон үндэслэлгүйгээр сэжиглэдэг хүнийг хартай гэдэг. Цаашилахаараа өвчин болно...”

Италийн Пиза хотын их сургуулийн эрдэмтэд тархины тодорхой хэсэг хэт хөөрөлд автах үеийн үр дүн нь хардалт болохыг тогтоолоо хэмээн Lite World мэдээлэв. Томографийн тусламжтайгаар тархин дахь хардалтын голомтыг илрүүлж болох бөгөөд эмчилгээ ч боломжтой гэдгийг тэдгээр эрдэмтэд хэлж байна. Тэдний олж тогтоосноор бол хардалт нь өөрийнхөө анхааралд буй обектод хор хохирол учруулах тодорхойгүй хүслийг дагалдан гардаг сэтгэл хөдлөлийн хэлбэр ажээ. Бүхэлдээ бол “Отеллогийн синдром” нь бие махбодын дотоод дахь биохимийн тэнцвэр алдагдснаас (дисбаланс) шалтгаалдаг бөгөөд эрсдэлтэй үр дагаварт ч хүргэж мэдэх аюултай сэтгэл хөдлөл гэнэ. Эмгэг хэлбэрийн хардалтыг эрт үед нь оношилж, эмчилж болно хэмээн эрдэмтэд нотлож байна. Тэд эмгэг хардалтын үндсэн 5 зүйлийг тогтоогоод байгаа нь:

•    Депресс хэлбэрийн
•    Хайпертрофир хэлбэрийн
•    Паранои хэлбэрийн
•    Маниак хэлбэрийн
•    Салалтаас айх
    төрлийн хардалтууд ажээ.

Ахуйн буюу хөнгөн хэлбэрийн хардалтыг эрдэмтэд хэвийн, жам ёсны хэмээн тодорхойлж байна. Нийтлэлийн зорилго нь хувь хүний болон ахуйн хардалтад анхаарах бус нийгмийг хамарч буй эмгэг хардалт учраас одоо энэ зүг рүүгээ төвлөрье.

Баабараас ахин эшлэхэд, “Параной өвчин нь өөрт тохиолдож буй золгүй явдал зовлонгийн цаад эзэнийг амархан олдог, шууд буруутгадаг, ямар нэг өө сэвийг эрж хайлгүйгээр шулуухан оношлодог. Энэ өвчин аль ч нийгэмд элбэг тохиолдоно. Хувь хүний анализ хийх чадвар нийгмийнхээс хавьгүй илүү, эрүүл саруул байдаг учраас нийгмийн параной илүү хүчтэй, түгээмэл. Энэ нь хувь хүн алив үйлдэлдээ өөрөө шууд хариуцлага хүлээдэг бол нийгмийн сүрэг хамтын хариуцлага хүлээдэг, өөрөөр хэлбэл хэн нь ч хариуцлага хүлээдэггүйтэй холбоотой гэж сэтгэл судлаачид тайлбарладаг ажгуу.

Түүнээс гадна нийгэм паранойд автахдаа хувь хүнээс хавьгүй амар, тэгээд ч илүүтэй хийрхүү байдаг аж. Өөрөө хэлбэл тохиолдож буй зовлонгийн цаад эзнийг олоход нийгэм хамаагүй илүү үнэмшимтгий байдаг гэнэ”.

Монголын нийгэмд тахал мэт тархаж ужгирсан хардалт нь улс төрийн, эдийн засгийн, харилцааны гээд төрөл салбараар хөгжжээ.

Улс төрийн хардалтын ойрмогхон жишээ гэвэл хэн нэгнийг Ерөнхийлөгчид дэвших гээд байгааг илрүүлэх, тогтоох, улмаар замаас зайлуулах ажиллагаанууд юм. Ц.Нямдорж том том дуугарах болсон нь Ерөнхийлөгчид нэр дэвших атгаг санааных нь илэрхийлэл юм байх. Э.Бат-Үүлийг С.Зоригийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа нь түүнийг Ерөнхийлөгч болчих вий гэхдээ айсан хүмүүсийн явуулга л гэнэ. С.Жавхлан С.Ганбаатарыг Ерөнхийлөгч болгох гэхдээ нам байгуулах гээд л байна гэнэ. Г.Батхүү Ерөнхийлөгчид нэр дэвшихийн тулд унтахаа ч байсан, хөдөөгүүр л тэнээд уулзалт хийгээд яваа нь алсын санааных нь илрэл л гэнэ.

Эдийн засгийн хардалтын сонгомол өрөг бол “МАН-ын дарга М.Энхболд 4 тэрбум долларын Гамин бонд босгохоор өмнөд хөрш рүү мордлоо” юм. Энэ хардлагын хариу хардлага маш сонирхолтой. Мань М.Энхболд хүмүүсийн хардаад байгаа шиг хятадаас зээл авах гээгүй, харин 2 хүртэл хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай, хөгжлийн зээл өгөөч гэж гуйсан юм гэнэ. Түүний улс төрийн өрсөлдөгчид нь нэр хүндийг нь унагаах, улс төрийн хожоо гаргах гэхдээ “зээл авах гээд байна” гэж зориуд гүтгээд байгаа гэсэн хардлагыг М.Энхболд зөрүүлж шидэнгүүтээ “зээл авах гээгүй, зээлийн хүсэлт гаргасныг нь минь хятад агаа судлаад хариу хэлнэ” гэсэн хэмээн “нотлон” няцаав. Хардлага ортой байсан ч хариу хардлага нь илүү баттай байлаа. Үндэсний хамгийн аугаа хардагчаар одоогоор Ц.Нямдоржтон тодроод буй. Үе үе “нотлох баримтын” түвшний хардалтуудыг сэтгүүлчид цуглуулж байгаад цацдаг түүний цувралууд солонгос савангийн дууриас дутуугүй үзэгчтэй байна.

Хардалт бүх төвшинд нэвчжээ. Нэгэн архи нэрдэг компанийн захирал ажилчдаа хулгай хийж байгаа гэж хардан нууц камер зоолгоод хэдэн сар ажигласан ч ажиглалтын хугацаанд ноцтой үйлдэл илэрсэнгүй. Гэвч тэр “муусайн юмнууд надаас хулгайлж л байгаа” хэмээн бухимдсаар эцэстээ архи үйлдвэрлэхээ больж санаа нь амарсан юм. Мисс бүсгүйтэй гэрлэсэн саятан эр эхнэрийнхээ ангийн залуучуудыг Туулын бургасанд эрүүгийнхнээр туулгаж авчраад баахан зоджээ. Ямар буруутай болоод зодуулж байгаагаа асуусан оюутан залуу маш этгээд хариулт сонссон юм. “Та нар миний эхнэрийг оролдож л таараа!” Урьдчилан сэргийлэх хардалт байсан бололтой.

Зүйл бүрээр, салбар болгоноор хардалт хавтгайрчээ.

ХАРДАЛТАД ЮУ БУРУУТАЙ ВЭ?

Нийгмийн хардалт юунаас үүддэг болохыг тогтоосон. Ердөө л мэдээллийн хомсдол, мэдлэг мэдээлэлгүй байдал хардлага үүсэх, хөгжих, тархах хөрс болдог аж. Дутуу мэдээлэл нь ургуулан бодох дуусашгүй орон зайг өгөх бөгөөд дөнгөж гарсан сэжүүр дээр хийсвэрлэх, зохион бодох, дэлгэрүүлэх нь хүн төрөлхтний амьтнаас ялгарах гол чадвар нь байсаар иржээ.

Уг нь нээлттэй нийгэмд засаглаж байгаа хэсэг иргэдээ байнга мэдээллээр хангаж, хардлагыг арилгаж байх үүрэгтэй. Засаг ил тод биш байвал хардлага тэр дороо л үүснэ. Мэдээлэл, бүрэн мэдээлэл бол нийгмийн хардлагын цогц эмчилгээ юм.

Эрдэнэтийн 49 хувийг наймаалцсантай холбоотой хардлага жишээ нь, мэдээллийн хомсдлоос үүдсэн. Хомсдолт мэдээллийн орчинд Ц.Нямдорж үсрэн гарч ирээд уран яруу зохиомжуудаа дэглэсэн. Тэр эхлээд Эрдэнэт үйлдвэрийн татварт өгдөг мөнгө багассан гэх багахаан мэдээлэлд тулгуурлан “өөрийнх нь мөнгөөр өөрийг нь худалдан авсан” гэх лут хардалт хийв. Тэгмэгц Эрдэнэтийн удирдлагууд татвар төлсөн тухайгаа тайлагнаж, мэдээлж орхисонд хардлагын чиглэл өөрчлөгдөж, Хөтөлийн цементийн үйлдвэр, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр лүү Эрдэнэтийн мөнгийг гулгуулаад, тэр мөнгөөрөө Эрдэнэтийг авчихсан байх магадлалтай гэх адал явдалт зохиомжийг ид хөгжүүлж байна. Одоо энэ хардлагад Хөгжлийн банк хэмээх бүлэг нэмэгдэх нь хандлагаас тодорхой болж байна.

Баттай хэлэхэд Эрдэнэтийн талаарх даяар олны хардлага сонгуулиас сонгуульд улам төгөлдөржин туульсын шинж чанарыг олох болно. Ирэх жил болох сонгуулийн үр дүнг энэ хардлагын өрнөл, хөгжил, өнгө будаг шийдэх нь гарцаагүй.

Яагаад гэвэл худалдан авсан гэх тал бодит мэдээллээр олон нийтийг хангахыг төвдөхгүй, энэ наймааны яруу илчлэлээр тодрох талууд ч бодит мэдээллийн араас хөөцөлдөхгүй. Улмаар өөр салаа мөчир ургуулж, аварга том ХАРДАЛТЫН МОДыг бид үндэстнээрээ бүтээх сонирхолтой, хоржоонтой, хорсолтой, гунигтай, хөгжөөнтэй цаг үе айсуй.

ХАРДАГЧ ҮНДЭСТЭН ЮМ ХОЙНО ЧАДДАГАА Л ХИЙЦГЭЭЕ. ДУРААРАА ХАРДАЦГААЯ. АМЬДДАА НЭГНЭЭ ХАРДАЖ АМЬДАРЪЯ. ХАМГИЙН ДУРТАЙ ҮГ МААНЬ “БИД ХАРДАХ ЭРХТЭЙ” ШҮҮ ДЭЭ.