Д.Баярхүү: Гадаад бодлого залгамж чанараа хадгалж бүрэн чадсан
Гадаад бодлого, олон улсын харилцааны чиглэлээр олон жил судалгаа хийсэн, олон ном зохиол бичсэн, мөн Арабын орнуудад Элчин сайдаар ажиллаж байсан, дипломат алба олон жил хашиж байсных нь хувьд Д.Баярхүүтэй Шинэчлэлийн Засгийн газрын гадаад бодлогын асуудлаар ярилцав.
(“Өдрийн сонин”, № 196 (4836) 2014.08.18)
Гадаад бодлого, олон улсын харилцааны чиглэлээр олон жил судалгаа хийсэн, олон ном зохиол бичсэн, мөн Арабын орнуудад Элчин сайдаар ажиллаж байсан, дипломат алба олон жил хашиж байсных нь хувьд Д.Баярхүүтэй Шинэчлэлийн Засгийн газрын гадаад бодлогын асуудлаар ярилцав.
- Засгийн газрын “100 хоног” дүнгээ гаргах цаг боллоо. Намрын чуулган ч ойртлоо. Энэ Засгийн газар хоёр жил ажиллахдаа гадаад бодлогодоо ер нь хэр алдаж оносон хэмээн Та үзэж байна вэ?
Би ГХЯ-ны төв аппаратад орж ажиллалгүй хоёр жил уран бүтээлийн голдуу ажил эрхэлж байна. Гэхдээ ГХЯ-ны захиалгат номын төсөл дээр ажилласан. Энэ яаманд бодлого боловсруулах, төлөвлөх албанд олон жил ажиллаж байсан, Элчин сайдын алба хашсан, мэргэжлийн сургуулийг нь төгссөн хүний хувьд бол ГХЯ хэр ажиллаж байна, гадаад бодлого хэр явж байна гэдэгт дуугүй суухгүй л дээ, гэхдээ нэг бүрчлэн задалж ярихгүй.
Ардчилсан Монгол Улсад энэ 24 жилд Д.Бямбасүрэнгийн Засгийн газраас эхлээд Н.Алтанхуягийн Засгийн газрыг хүртэл 12 Засгийн газар солигдож, Р.Гончигдоржоос эхлээд З.Энхболдын үеийг хүртэл УИХ 7 удаа сонгуулийг өнгөрөөжээ. УИХ-ын дарга ч олон солигджээ. Монгол Улс 4 дэх Ерөнхийлөгчийнхөө үед явж байна. Төр, засаг ингэж олон солигдоход түүний үйл ажиллагааны салбаруудаас (гадаад харилцаа, батлан хамгаалах, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, хууль цааз, байгаль орчин гэх мэт жагсана) ганцхан гадаад харилцааны салбар л ямагт прогрессоор урагшилж, ямагт нэмэх үзүүлэлттэй гарч ирсэн гэдгийг баттай хэлэх байна. Энэ үнэлгээ Н.Алтанхуягийн тэргүүлсэн одоогийн Засгийн газар, Лу.Болдын толгойлсон ГХЯ-нд ч хамаатай. Тэр утгаар би Шинэчлэлийн Засгийн газрын гадаад бодлогыг амжилттай явж байгаа гэж тэмдэглэхийг хүсч байна. Алдсан гэж тоймтой биетэй юм олж харсангүй, оносон нь л нүднээ бууж байна даа.
- Та яагаад ийм их өөдрөг сэтгэгдэлтэй байна вэ? Дотор нь байсан дипломатч хүний өнцгөөс хэлж байна уу?
Манай хэвлэл мэдээллийнхэн нэг асуудал дээр байнга анхаарч байгаасай гэсэн угтаар үндэслэл хэлье. Энэ бол Н.Алтанхуяг, Лу.Болд нарт хамаарахгүй, төр засгийн толгойд байсан, байгаа бүх нөхдөд хамаатуулах асуудал л даа. Манай үе үеийн Засгийн газрууд залгамж чанараа хадгалсан, бие даасан, тэнцвэртэй, идэвхтэй, нээлттэй, олон тулгуурт, прагматик гадаад бодлого явуулж ирсэн. Монгол Улсын гадаад бодлогыг үндэсний аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлалуудаар хуульчлан тунхагласан, 1996, 2000, 2004, 2008, 2012 оны Засгийн газрууд үйл ажиллагааныхаа хөтөлбөрүүдээрээ тухай бүрт нь тодотгон дэлгэрүүлж хэрэгжүүлсээр ирсэн. Эрх зүйт төртэй ардчилсан улсын гадаад бодлогод гэнэтийн хувиралт, огцом эргэлт гардаггүй, гарч болохгүйг дээрхи үзэл баримтлалуудыг мөрдөж ажилласан бидний 20 жилийн туршлага нотлон харуулж байна. Манай аль ч Засгийн газрын үед Монголын гадаад бодлогын залгамж чанар хадгалагдаж, харилцаа өргөжин тэлж ирсэн нь ийм учир шалтгаантай юм. Тэгэхдээ би прогресссоор гээд дээр хэлчихсэн. Тоо чанарын хувьд ямагт тэлж өргөжиж нэмэгдэж ирлээ шүү дээ.
Бас нэг үндэслэл байна. Аюулгүй байдал, хөгжлийн гадаад таатай орчинг бүрдүүлэх талаар бид ч сайн ажилласан, олон улсын нөхцөл байдал ч бидэнд тус болсон. Дайн мөргөлдөөний голомт бидний эргэн тойронд алга, хоёр хөрш маань өвөр хоорондоо маш найрсаг харилцаатай байна, даяаршил хөгжлийг хурдасгахын сацуу улс үндэстнүүдийг харилцан нээлттэй болгож байна, энэ бүхэн багадлаа гэж үү? Ийм нөхцөлд боломж бололцоо гараа л бол гадаад бодлогоо урагшлуулаад байх хэрэгтэй. Харин монголчууд тэгж чадсан шүү.
- Гадаад харилцаанд хэтэрхий мөнгө зарж байна. Айлчлалын тоо хэтэрлээ. Сайд нь жуулчин шиг аялаж байна гэх шүүмжлэл их байх юм . Та юу гэж үздэг вэ?
Гадаад бодлого, гадаад харилцаа гэдэг чинь хоёр өөр ойлголт, гэхдээ нэг цогц юм. Гадаад бодлогоосоо гадаад харилцаагаа нөхцөлдүүлж гаргаж ирдэг. Би дээр гадаад бодлого зөв төлөвшсөн, түүнийг үе үеийн Засгийн газрууд зөв авч явсан гэж ярьсан. Харилцаа гээд практик тал руугаа орж ярьвал би дипломатчийн хувьд юу гэж хэлэх вэ гэхлээр айлчлал хэрэгжүүлэхгүйгээр гадаад бодлого, гадаад харилцаа явдаггүй ээ л гэж хэлнэ. Айлчилж байж, биеэрээ очиж байж, адаглаад хүндэтгэлээ айлчлалаараа нотлож байж хэрэгждэг өч төчнөөн асуудал байдаг юм аа. Элчин сайдаар гурван жил ажиллахдаа гурван жил уйгагүй ярьж хөөцөлдөж ятган байж гуравхан хоногийн айлчлал хэрэгжүүлээд, ард түмэн гучин жил үр дүнг нь амсдаг хуультай юм. Энэ бол томилон явуулж байгаа Элчин сайддаа манай төрөөс өгдөг нэг гол үүрэг нь юм. Лу.Болд сайд хэд хичнээн оронд айлчилсан, ямар үр дүнтэйв гэдэгт ГХЯ хариулт өгөх учиртай. Гэхдээ би дэвшил авчраад байна гэдгийг л харж байна. Надад судалгаа байна. Танай сонинд тавьчих зай хүрэлцэхгүй л дээ. Юу гэхлээр би Монгол Улсын гадаад харилцааны түүхчийн хувиар 1939 оноос хойш нам, төр, засгийн өндөр дээд түвшинд хэрэгжүүлсэн харилцан айлчлалуудын жагсаалт гарган хөтөлсөөр үлэмж баяжуулаад байна. 1990 оноос хойшхийг бүр нэг бүрчлэн хөтөлж байна. Яаманд байхдаа төр засагт бодлого бичиж өгөхдөө байнга дагалдуулж дээш нь явуулдаг байсан, одоо ч хөтөлсөөр байгаа. Айлчлалууд нэг урсгалтай, манай талаас хэт түлхүү байна гэсэн шүүмж сонссон. Хариу нь ч бэлэн байна. Жижиг орон жижиг гээд өөрийгөө түгжээд сууж болдоггүй юм. Тэгвэл биднийг дэлхийд хэн ч тоохгүй. Жижиг байх тусмаа том гадаад бодлого явуулж байж, өөрөөр хэлбэл бид уриалгахан байж, бид санаачилга гаргаж, тэр шүүмжлээд байгаа шиг бид олон удаа айлчилж байж л гадны том сонирхлыг Монголдоо татна, өөр зам байхгүй.
- Жижиг байх тусмаа том гадаад бодлого явуулна гээд Та хэлээдэхлээ. Огт сонсоогүй нэр томъёо байна?
Дэлхий дахинд, түүний дотор манай Монгол оронд өрнөсөн гүн гүнзгий өөрчлөлт бидэнд юу авчрав, Монгол Улс дэлхий дахинаа чухам ямар байр суурь эзэлж байна, Монгол төрийн гадаад бодлого залгамж чанараа хадгалахын хажуугаар хэрхэн шинэчлэгдэж, монголын ард түмний язгуур эрх ашигт хэрхэн үйлчилж ирэв зэрэг асуудал энд хамаатай юм. Олон тулгуурт гадаад бодлогын агуулга бол үндсэндээ нэг хоёр, эсвэл нэг хэсэг улсад бус; аль болох маш олон улс орон, олон улсын форум, эсвэл, байгууллагад түшиглэн нийтлэг үнэт зүйлс, олон улсын эрх зүйд тулгуурлан явуулах үйл ажиллагааг хэлж байгаа юм. Монгол Улсын гадаад аюулгүй байдлын орчинд сүүлийн 20 гаруй жилд бий болсон харьцангүй таатай нөхцөл, бололцоог бид боломжийн хэрээр бүрэн ашигласан гэж дээр хэлээд байгаа чинь жижиг орны том гадаад бодлогоо бид хэрэгжүүлсэн гэж хэлж буй хэрэг л дээ. Хүн амын тоо, хөгжлийн түвшинтэйгээ харьцуулаад ярих юм бол бид үнэхээр том, бүр их гүрний явуулдаг шиг л бодлого хэрэгжүүлсээр ирсэн шүү дээ. Жишээ татаад үз л дээ. Монгол шиг жижиг улс стратегийн ач холбогдолтой хоёр талын харилцаа хөгжүүлнэ гэж олон улсын харилцааны практикт төдийлөн байхгүй. Гэтэл энд жагсаасан хэдхэн гадаад улсыг хар л даа. Стратегийн түншлэлийн харилцааг ОХУ-тай 2006 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр гаргасан “Москвагийн тунхаглал”-аар, 2009 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр гаргасан “Хамтарсан тунхаглал”-аар, БНХАУ-тай 2011 онд Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын үеэр гаргасан “Хамтарсан мэдэгдэл”-ээр, Японтой 2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр гаргасан “Хамтарсан мэдэгдэл”-ээр, харин иж бүрэн түншлэлийн харилцааг БНСУ-тай 2011 онд тус улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсад айлчилсан дүнгийн тухай “Хамтарсан мэдэгдэл”-ээр, иж бүрэн түншлэлийг БНЭУ-тай 2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр гаргасан “Хамтарсан Тунхаглал”-аар, Хамтын үнэт зүйлс болон стратегийн нийтлэг эрх ашигт тулгуурласан иж бүрэн түншлэлийг АНУ-тай 2004 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр гаргасан “Хамтарсан мэдэгдэл”-ээр, иж бүрэн түншлэлийн харилцааг ХБНГУ-тай 2008 онд тус улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр, Турктэй 2005 онд хоёр улсын Ерөнхий сайд нарын “Хамтарсан мэдэгдэл”-ээр, өргөн хүрээтэй түншлэлийг Канадтай 2004 онд Монгол Улсын Ерөнхийлөгч, Канадын Ерөнхий сайд нарын 2004 оны “Хамтарсан мэдэгдэл”-ээр, Австралитай 2007 онд хоёр улсын Гадаад хэргийн сайд нарын “Хамтарсан мэдэгдэл”-ээр, мөн Казахстантай 2007 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын дүнгээр гаргасан “Хамтарсан мэдэгдэл”-ээр тус тус баталгаажуулсан байна. Нэрлэж байгаа улсуудыг хар л даа. Энэ чинь аугаа их том ололт биш юм гэж үү?
- Та сүүлийн хоёр жил дээр тогтож ярихгүй юү? Үр дүн талаас нь?
Гадаад бодлого, гадаад харилцаан дээр бэлэн үр дүн шаардах нь нэг талын туйлшрал. Тарчиг ядуу амьдралынхаа нүдээр харж болохгүй. Амьдрал тарчиг, хүмүүс өөрсдөө аж төрөх аргаа олохгүй будилж байгаа бол түүнд ГХЯ, дипломат алба огтхон ч буруугүй. Бэлээхэн таатай гадаад орчныг нь бүрдүүлээд өглөө. Монголын иргэн хэн ч бай гадаад паспортоо шийтгүүлэн аваад дэвэн дэлхийгээр явж, бизнес ярих хөөцөлдөх нөхцлийг нь бүрдүүлээд өглөө. Түншүүдийг нь гадаадаас оруулаад ирлээ. Эрх зүйн зохицуулалтыг нь гэрээ хэлэлцээрээрээ баталгаажуулаад өглөө, иргэд харилцан зорчих, олон удаагийн визийн хөнгөлөлт эдлэх хэлэлцээрийг нь байгуулаад өглөө, өөр яах юм бэ? Ганцхан тоо баримт дурдъя. Сүүлийн хоёр жилд Н.Алтанхуяг, Лу.Болд нарын өнгөн дээр гэе л дээ. ГХЯ түүхэнд байгаагүй олон гэрээ хэлэлцээр, баримт бичиг байгуулсан дүнтэй байна. Зөвхөн 2013 онд дээд, өндөр түвшинд хэрэгжүүлсэн 35 айлчлал, арга хэмжээний үеэр нийт 63 баримт бичиг байгуулсан судалгаа надад байна. Европын Холбоотой “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр”, АНУ-тай “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай хэлэлцээр”, Японтой “Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөр”, Хятадтай “Стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр” байгуулсан гээд томхоныг нь нэрлэчихье. 2014 оны эхний хасаг жилд дээд, өндөр түвшний айлчлалын үеэр 9 баримт бичиг, Засгийн газар хоорондын хоёр талт 6 гэрээ, байгууллага хоорондын 18 гэрээ тус тус байгуулсан байна.
- Айлчлалын тоо хэмжээ гэж яриад байна. Таны жагсаалтаас тодруулга хийе, жишээ нь төрийн гурван өндөрлөг, Гадаад харилцааны сайд нар хаашаа хаашаа айлчлаад хариуд нь хэнийг урьсан юм бол?
Энд жагсаах мэдээлэл уншигчдад сонирхолтой байж болно. УИХ-ын 2102 оны сонгуулиас хойш Ерөнхийлөгч Тегеранд ЭҮНХ-ний XVI бага хуралд оролцоод, Иранд айлчилсан, НҮБ-ын ЕА-н 67 дугаар чуулганд оролцсон, Норвеги, Шведэл айлчилж, АСЕМ-ийн дээд хэмжээний IX уулзалтад (Вьентьян) оролцсон, 2013 онд айлчилсан улс, оролцсон олон улсын арга хэмжээ гэхэд Польш, Давост Дэлхийн эдийн засгийн ээлжит чуулга уулзалт, Өмнөд Судан, ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн XIII хуралдаан (Бишкек), НҮБ-ын ЕА-н 68 дугаар чуулган, БНАСАУ, Мьянмар, БНСВУ, Сингапур, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг, 2014 онд Лихтенштейний Вант Улс, Давост Дэлхийн эдийн засгийн ээлжит чуулга уулзалт, “Сочи-2014” олимпийн нээлтийн ажиллагаа, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын дээд хэмжээний 4 дэх удаагийн уулзалт (Шанхай), Японд гээд бичигдэж байна. УИХ-ын дарга 2012 онд шинээр сонгогдоод хил алхаагүй, 2013 онд АНУ, Канад, Боаогийн чуулга уулзалт, ОУПХ-ны 129 дүгээр Ассамблей (Швейцарь), Турк, 2014 онд БНСУ, Ерөнхий сайд 2012 онд шинээр томилогдоод тэр ондоо гадагш айлчлаагүй, 2013 онд Япон, БНХАУ-д айлчилж, 2014 онд Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалт, Женевт Олон улсын хөдөлмөрийн бага хурлын 103 дугаар чуулганд оролцсон байна.
Хариуд нь өнгөрсөн хоёр жилд Индонезийн Ерөнхийлөгч, Кувейтын Эмир, Мьянмарын хүний эрхийн төлөө тэмцэгч, Ардчиллын төлөө Үндэсний Лиг намын тэргүүн, Нобелийн шагналт хатагтай Аун Сан Су Чи, Польшийн Ерөнхийлөгч, Канадын Амбан захирагч, Европын Комиссын Ерөнхийлөгч, Латвийн Ерөнхийлөгч, БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга, БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын дарга, БХАТИХ-ын Байнгын Хорооны дарга, Данийн Вант Улсын Фолькетингийн дарга, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн Eрөнхийлөгч, БНПУ-ын Сенатын маршал, Финландын Эдускунтын спикер (парламентын дарга), БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Холбооны парламентын дарга бөгөөд Төлөөлөгчдийн танхимын дарга, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга, Туркийн Үндэсний Их Хурлын дарга, Японы Ерөнхий сайд, Туркийн Ерөнхий сайд, Тайландын Ерөнхий сайд, Беларусийн Ерөнхий сайд, ӨАБНУ-ын Дэд Ерөнхийлөгч, Киргиз Улсын Ерөнхий сайд айлчилжээ. Эндээс харьцуулалт хийгээд үзэж болно. Монголын гадаад харилцааны түүхэнд өмнө нь ийм олон гадаад зочид ирж байсан үе бас ховор шүү.
Гадаад харилцааны сайдын айлчлалуудыг нэрлэе. 2012 онд шинэ Засгийн газар байгуулагдсаны дараачаас оролцсон хурал, айлчилсан улс - Тегеранд ЭҮНХ-ний Сайд нарын уулзалт, Япон, Австри, ХБНГУ, Швейцарь, Балийн V Ардчиллын форум (Индонез), БНСУ, 2013 онд БНЭУ, Aюулгүй байдлын асуудлаархи Мюнхений бага хурал, НҮБ-ын Женев дэх төв, НҮБ-ын Соёл, иргэншлийн холбооны V чуулга уулзалт (Вена), Кувейт Улс, Дэлхийн эдийн засгийн форумын Япон дахь уулзалт-2013, АРФ-ын Бүсийн сайд нарын 20 дугаар чуулган, (Бруней, Бандар Сери Бегаван), АПЕК-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт, (Индонез, Бали), ЮНЕСКО-гийн 37 дугаар ерөнхий бага хурал, Франц, Серби, улс, Афганистан дахь “НАТО-гийн Аюулгүй байдлыг дэмжих олон улсын цэргийн хүчний ажиллагаа” (ISAF)-нд цэрэг илгээгч НАТО-гийн гишүүн болон түнш орнуудын Гадаад хэргийн сайд нарын чуулга уулзалт (Брюссель), Aвлигын эсрэг олон улсын академийн ассамблейн ээлжит чуулган (Бангкок), ЕАБХАБ-ын Гадаад хэргийн cайд нарын зөвлөлийн XX хуралдаан (Киев), Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт байгууллагыг үндэслэгч, тус байгууллагын дарга, профессор Клаус Швабтай хэлэлцээ хийхээр (Женев), 2014 онд БНХАУ, Латви, Литва, Польш, “Монгол, Хоккайдогийн хамтын ажиллагааны семинар” (Саппоро), БНСУ, Австрали, Афганистан дахь НАТО-гийн “Аюулгүй байдлыг дэмжих олон улсын цэргийн хүчний ажиллагаа”-нд цэрэг илгээгч орнуудын Гадаад хэргийн сайд нарын чуулга уулзалт (Брюссель), Саудын Араб, Олон улсын “Онлайн Эрх чөлөө” эвслийн IV бага хурал (Таллинн), Эстони, Швед, Дани, ХБНГУ-ын Берлинд Монгол Улсын нэрэмжит морин уралдааны өдөрлөг, Испанийн Вант Улс, Люксембургийн Их Гүнт Улс, Бангкокт НҮБ-ын Ази, Номхон Далайн Эдийн засаг, Нийгмийн Комиссын ээлжит 70 дугаар чуулган, Мьянмарын нийслэл Нэй Пи До хотод АСЕАН–ы Гадаад хэргийн сайд нарын 47 дугаар чуулга уулзалт, АРФ-ын Бүсийн сайд нарын 21 дүгээр чуулганд оролцсон буюу айлчилсан байна.
Хариуд нь урьж айлчлуулсан нь НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллагын (ЮНИДО) Ерөнхий захирал, ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга 2 удаа, Австралийн Гадаад хэргийн сайд, БНКирУ-ын Гадаад хэргийн сайд, Норвегийн Гадаад хэргийн сайд, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы дарга, Люксембургийн Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд, Шинэ Зеланд Улсын Гадаад хэргийн сайд, ИБУИНВУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд, Францын Гадаад хэргийн сайд, Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамны Төрийн сайд, Арабын нэгдсэн Эмират улсын Гадаад хэргийн сайд, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд, ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд, Канадын Гадаад хэргийн сайд гээд жагсаж байна. Дээрхи жагсаалтаас дүгнэлтээ өөрсдөө хийж болно. Жижиг орны хувьд, нээлттэй өнөөгийн ертөнцөд гадаадад айлчлахгүйгээр ажил бүтэхгүй ээ гэж дахин давтан хэлье.
- Гадаад харилцаа хөгжөөд байдаг, харин улс орны хөгжил жигдэрдэггүй, хүн амын амьжиргаа сайжирдаггүй, шалтгаан нь хаана байна?
Энэ шинэчлэлийн Засгийн газрыг өөлөх баалах байдлаар асууж байгаа бол би эсрэг хариултыг нь дээр өгчихсөн. Гадаад харилцаа урагшлан давшиж байнаа гэж. Батлан хамгаалахын гадаад харилцаа бол бүр ГХЯ-ны эрхэлдэг гадаад харилцаанаас ч давах шахуу идэвхтэй байгаа. Гадаад таатай орчин бүрдүүлэх, олон улсын хамтын ажиллагаа хөгжүүлэх чиглэлээр бол манай дипломатчид өөрсдөөсөө шалтгаалах бүхнийг бүр давуулан биелүүлсэн шүү. Ганцхан жишээ хэлье. Европын Холбоотой татварын хөнгөлөлттэй монголын барааг нэвтрүүлэхээр “GSP+” тарифын хөнгөлөлтийн системд үргэлжлүүлэн хамрагдах чиглэлээр ГХЯ, Брюссель дэх ЭСЯ хангалттай ажилласан. Одоогоор энэ холбооны 9 улс дээрхи хэлэлцээрийг соёрхон батлаад байна. Цаашид энэхүү хэлэлцээрийг ЕХ-ны бусад гишүүн улсуудаар батлуулах чиглэлээр ажиллаж байна. “GSP+” тарифын хөнгөлөлтийн системд Монгол Улс тэр хөнгөлөлтөө эдэлж чадахгүй үр дүн нь тааруухан байгаа бол манай эдийн засаг, бизнесийн нөхөдтэй л ярих ёстой. Эдийн засаг хөгжүүлэх гадаад таатай нөхцлийг ГХЯ бүрдүүлж өглөө, чадлаа, тэгээд эдийн засгаа хөгжүүлэх эрх нь нээлттэй байна. Эдийн засгийг эрхэлдэг нөхөд л үүнд хариу өгөх учиртай.
- Манай улсад гадаад харилцааны зохицуулалт гэж байна уу? Дур дураараа гадаад бодлого явуулаад л түншүүддээ янз янзын ойлголт өгөөд байх шиг санагддаг юм?
Би яг одоо ГХЯ-ндаа ажиллаагүй болохоор аль яам, аль аймаг тэгчихэж ингэчихэж гэдгийг мэдэхгүй байна. Ер нь гадаад бодлого, гадаад харилцааг томъёолон зангидаж, зохицуулах, шуурхай хэрэгжүүлэх газар нь ГХЯ мөн л дөө. Харин энэ тал дээр санаачилгатай ажиллахад бэрхшээл байх шиг байдаг юм. Бүхэлдээ улс орны гадаад харилцаа эрчтэй хөгжиж олон салбарыг нэгэн зэрэг хамрах болсон энэ цаг үед ГХЯ үйл явдлыг угтуулж бус, болсон явдлын мөрөөр араас нь хөөж ажиллах явдал гарсаар байсан, одоо ч тийм байгаа байх. Ингэнэ гэдгийг ч тус яам ардчиллын эхний жилүүдэд олж хараад зохих дүгнэлт хийж Засгийн газартаа танилцуулан, улмаар 1996.12.18-нд “Гадаад хамтын ажиллагааны зохицуулалтыг сайжруулах тухай” Засгийн газрын № 321 тогтоолыг гаргуулсан. Тогтоол 4 бүлэг, 9 зүйлтэй. Гадаад харилцааг эрхлэхдээ ГХЯ-тай урьдчилан зөвшилцөнө, дараа нь тогтмол илтгэж байна гэсэн маш тодорхой заалт бий. Тэр тогтоол хэрэгжиж байгаа эсэхийг би мэдэхгүй. Арай хүчингүй болгочихоогүй байх. Орлох өөр тогтоол шийдвэр ч гараад ирсэн байж болно. Би дотор нь байхад энэ салбарын яамд, агентлагуудын гадаад харилцаа, орон нутгийн гадаад харилцаа урсгалаараа явдаг байсан. Гадаад харилцаанд оролцохыг сонирхогч байгууллага, нутгийн захиргааны байгууллага, ТББ, хувийн хэвшлийнхний сонирхлыг боож хаагдуулах, хүнд суртал гаргах тухайд бус, харин тэднийг зөв чиглэлд зангидаж гадаад харилцааг нэг цонхоор оруулж харьцдаг байх тухайд ГХЯ их санаа тавьдаг зовдог байсан, одоо ч тийм байж таарна.
ГХЯ-наас мэдлэг, туршлагын тусламж хүсэх тохиолдол бараг байдаггүй, консул, паспорт виз зэргээс бусад тал дээр салбарын яамд, агентлагууд, аймгууд дор бүрээ “гадаад бодлого”-оо хэрэгжүүлдэг байсан, одоо ч хэвээрээ байх. Дипломат албаны практикт төдийлөн байдаггүй “Тийм аймгаас тэр улсад суугаа бүрэн эрхт төлөөлөгч” гэх албыг буй болгочихсон жишээ бий. Хэлэлцээ, хэлэлцээр хоёроо ялгахгүй, хэлэлцээ, хэлэлцээр хоёроо ялгаач ээ хэмээн манай яам 20-иод жил хэвлэлийнхэн ба улс төрчидтэй мэтгэлцэж байна. Засал авах шинж алга. Гадаад харилцаанд дураараа оролцдог, мэдэмхийрдэг, хэт бие даадаг байдлаас болоод олон улсын нэр хүндэд маань халтай үйлдэл гарчих вий хэмээн санаа зовдог юм.
Нэг цонхны бодлогод нэмэрлэх нэг санал байна. ГХЯ-ны зөвшөөрөл зөвлөмж гарсны дараа төрийн бусад яамдын гадаад харилцаа хэрэгждэг эрх зүйн системийг хэвшүүлэх тухайд эрх зүйт төрт БНЭУ-ын туршлага байна. Тэнд ГХЯ-ны чиглэлийн газрын дарга (Joint Secretary) шийдвэр гаргаагүй л бол хоёр талын харилцаан дээр төр, засгийн дээд хэмжээний айлчлал хэрэгждэггүй. ЕТГ, Засгийн газар, парламент, яамд нь гадаад харилцааны талаар хэрэгжүүлэх арга хэмжээгээ ГХЯ-ндаа мэдүүлдэг, эцсийн шийдвэрийг чиглэлийн газар нь гаргадаг. Үүнийг би Делид ЭСЯ-нд зөвлөхөөр ажиллаж байхдаа бүр хэтэртлээ мэдэрсэн хүн байгаа юм. Нэг цонхны гадаад бодлогоо гартаа чанга атгаарай хэмээн би Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд нарт уриалах байна.