Гуравдагч хөршийн эсрэг дайн (III)

Гуравдагч хөрш ба түүний “дайсан”-ууд


Төгсгөл. Түрүүчийг нь дорхи линкээр үзмү:

  • (http://baabar.mn/article/gurawdagch-khurshiin-esreg-dain)
  • (http://baabar.mn/article/khoyordogch-khursh-ba-tuunii-daisan-uud)

1990 онд улс төрийн эрх чөлөөгөө олж авсан монголчууд гадаад бодлогодоо “гурав дахь” хөрш хэмээх ойлголт оруулсан нь учиртай. Энэ санаа гадаад ертөнцтэй чөлөөтэй харилцана гэдгээс ч давсан утгатай. Монголд Америк, Канад, Англи болон баруун европын хүчирхэг орнуудын эдийн засаг-улс төрийн сонирхлыг бий болгох зорилготой юм. 

   Манай хүчирхэг хоёрхон хөрш үгсээд юм уу, хүчний тэнцвэр алдагдсныг ашиглан нөгөө нь монголыг түрэмгийлж болно. Ийм хүнд үед монголтой ханиндаа хохирч байх хань хэрэгтэй гэсэн санаа. Улмаар хамтдаа хохирохгүйн тулд монголыг өмөөрч байх гурав дахь айл бий болгох гэсэн хоёргүй нэг санаа. 

    Энэ нь хоёр том сургамжаас эхтэй юм. Нэгдүгээрт, 1928 онд монголоос хоёрдогч болон гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг хөөж гаргасны дараа манай оронд Коминтерний бүрэн ноёрхол тогтсон. Монголд юу дуртайгаа хийхэд монголчуудаас өөр хохирох улс үндэстэн байхгүй болсон. Үүнийг манай сэхээтнүүд ойлгож байсан.

   Хоёрдугаарт, жижигхээн Кувейт рүү 1990 онд Иракийн хүчирхэг арми довтлон агшин зуур эзлэсэн. Тэнд Америк болон бусад хүчирхэг орнуудын хөрөнгө мөнгө, эдийн засгаар дамжсан ашиг сонирхол нь ноцтой хөндөгдсөн. Иймээс АНУ тэргүүтэй барууны эвслийнхэн дор нь цэрэг цуглуулан Кувейтыг чөлөөлсөн билээ. Санаж байгаа бол, Кувейтын Гадаад хэргийн сайд нь хилийн чанадад айлчлал хийж яваад харьж чадахгүй болчихсон. Гэхдээ барууныхан өөрийн хөрөнгөө хамгаалахын тулд Кувейтыг чөлөөлнө гэдэгт итгэлтэй байсан тэр сайд гадаадын төр засгийн зүтгэлтнүүдийг “Кувейтийг чөлөөлөгдмөгц найрсаг айлчлал хийгээрэй” хэмээн урьж залж явсан бүлгээ.

 Болсон үйл явдлын өрнөл, цаашдыг хувь заяаг гярхай ажигласан монголын төр, гадаад бодлого боловсруулагчид(Гадаад хэргийн сайдаар Ц.Гомбосүрэн ажиллаж байв) Кувейтыг дэмжсэн мэдэгдэл гаргасан нь хоёр том ач холбогдолтой шийдвэр байв. Юуны өмнө 1921 оноос хойш Москвагаас асуулгүйгээр Улаанбаатарт гаргасан анхны шийдвэр байсан. Түүнчлэн энэ алхам улс төрийн эрх чөлөөт байдлаа сая олсон Монгол улсыггуравдагч орнууд өрөвдөх, өхөөрдөх, итгэх аль алинаар нь дэмжин сайшаах уур амьсгал бий болгожээ.

         Ингээд шинэ ардчилсан Монгол улсын гадаад бодлого боловсруулагчид: Нэгдүгээрт, 1928 онд гадныхныг хөөж явуулчиснаасаа болоод өмөөрөх хамгаалах хүнгүй ганцаараа үлдэж хохирсон алдаагаа давтахгүйн тулд, хоёрдугаарт, хажуу хөршийн аль нэг нь ирээд түрэмгийллээ гэхэд 1990 оны Кувейтын жишгээр хамтдаа хохирох ханьтай байх гэж “Гурав дахь хөршийн бодлого”“тунхагласан юм.

     Энгийн жишээ авъя л даа. Бид малчин удамтай улс. Хэрвээ танай хоттой хонийг хэн нэг хүн хамт маналцаад, чоно нохой ирвэл нийлж хөөгөөд эхэлбэл яасан байх вэ? Танайд хонио тавьсан байна, танай хот руу боохой өнгийвэл тэдний ч малыг идчих магадлалтай гэсэн үг.

   Яг түүн шиг монголд хөрөнгө нь байгаа, хөрөнгө оруулалт нь энд цэцэглэж байгаа тийм хүчирхэг орнууд манайд “хонь маллалцаж, хот руу өнгийсэн боохойтой тулалдах” үүрэг хүлээдэг.

  Уул уурхай, гадаадын хөрөнгө оруулалт гэж төр нь яриад, яагаад ч юм бэ монголын төрд хэтэрхий нөлөөтэй болчихсон “төрийн бус”-ууд нь тэднийг хөөж гаргаад байгаагийн цаад учир ердөө энэ.

        Заримдаа, уул уурхайд хөрөнгө оруулагч оруулагчдыг эртний булш хохироолоо гэж хөөдөг. Канадууд ийм шалтгаанаар монголд ажиллах боломжгүй болсон.Уг нь тийм юм байхгүй, ашиглалтын талбай, хуучны булш энэ тэр хаа хамаагүй болохыг бичвэл хэтэрхий урт болчих гээд байна. Ер нь нарийн яривал, энэ газар нутаг өнөөгийн хүмүүс сайхан амьдрахад зориулагдсан юмуу, эсвэл аль дивангарт үхсэн улс тайван нойрсоход зориулагдсан юм уу гэдэг ч бас асуудал шүү. Гарзгүй олз гэж үгүй, иймээс аль болох “бага гарз, их олз” хувилбар луу л дөхүүлж ярина уу гэхээс ерөөсөө “гарзгүй олз, огтхон ч зарлагагүй ашиг” олно гэвэл гэмт хэргийн тал руу хэлбийнэ. Бизнэс хөрөнгө оруулалт дээр ч тэр.   Хэрвээ буруу ойлгоогүй бол, Канадын Сентерра гоулдын оронд Сингапурын хятадууд Бороогоулдыг авч байгаа юм уу даа. Булш бунхан харахаараа амиа тавьдаг хятадууд л байгаасай билээ дээ, тээ!

    Монгол орны сайн сайхны төлөө үе үеийн хүмүүс өөртөө байгаа бүхнээ зольсоор л ирсэн. Жишээ нь Ю.Цэдэнбал байна. Түүнийг хамгийн их буруутгадаг нэгэн баримтыг би их өөрөөр хардаг. Жишээ нь1960-аад оны эхээр “монголын умард хилийн ихээхэн газрыг орос хадамдаа найр тавин бэлэглэсэн” гэж буруутгах ч улс байдаг. Үнэн хэрэгтээ тэрээр, өөрийн төрж өссөн газрыг оролцуулан чамгүй газрыг Зөвлөлтөд өгч байж л БНМАУ-ын нутаг дэвсгэр, тусгаар тогтнолыг авч авч үлдсэн гэж хардаг юм шүү...за энэ ч яахав.

  Хэдхэн хоногийн өмнө Канадын Сентерра гоулд компани “ард түмэн”-ий шаардлагаар монголыг орхилоо. Ер нь бол Канадуудыг булшинд ойртсон ойртсон ойртоогүй хөөж байгаа. Канадын Ханресорсыг шахан зайлуулсан ба сүүлчийн могикан болох монгол-канадын нэгэн пүүсийг Дорнодын аймгаас хөөх ажил амжилттай эхэлсэн байгаа. Жам ёсоороо Сингапурт бүртгэлтэй хэн нэгэн хятад тэдний лицензийг авах ч биз. 

      Монголд ямар нэг тохиолдоход хамгаалах учиртай байсан “Канад хана” ийнхүү нурж байна. Одоо монголд юу ч болж байсан дэлхийн хүчирхэг гүрэн Канадад падлийгүй болж эхэлж байна. Падлийгүй болоод зогсохгүй доромжлогдон хөөгдөж гарсан тул монголчуудад гомдож,яаж ч зовж байсан “хохь чинь, болж” гэж хэлэх ёс суртахууны эрхтэй үлдэж байна. Ураны хайгуулаас Ариава-тай хамт хөөгдсөж буй Францын ашиг сонирхол ч үүний жишээ.

        Монголыг ганцаардуулах төлөвлөгөөний дараагийн болоод эцсийн бай нь Английн Рио тинто-гийн хөрөнгө оруулсан Оюу толгой. 

 Өнгөрөгч хавар Монгол улсын хоёр Ерөнхий сайд, Сангийн сайд шоронд орсон.  Зохих нөлөө бүхий “ард түмэн”-гүүд тэднийг “Америкт байшинтай юм шиг байна, офшор бүст мөнгөтэй юм шиг байна” гэж хардан бариулсан. Одоо яригдаад байгаа ЖДҮ болоод түүнтэй төстэй сан идсний хажууд бол ичмээр л дамшиг л даа, гэхдээ мэргэн ардуудад энэ ч юуны хамаа.

   Харамсалтай нь хөндлөнгийн ажиглагчид, ялангуяа гурав дахь хөршийн хөрөнгө оруулагчид энэ процессыг тун өөрөөр харж байгаа.Учир нь С.Баяр, Ч.Сайханбилиг, С.Баярцогт нар Оюу толгой төслийг хөдөлгөсөн, төсөлд гарсан гацааг арилгах алхам хийсэн хүмүүс юм.Иймээс Хөрөнгө оруулагч нар Монголын засаг төр “Оюутолгойд гуравдагч хөршийг хөрөнгө оруулалт хийсэн хүмүүсээ баривчиллаа” гэж л дүгнэж байгаа. Тэднийхэн “гадаадад мөнгө хадгалдаг байж магадгүй, юмыг яаж мэдэхэв тэр нь хулгайн мөнгө байж магадгүй” гэдэг монгол гаргалгааг огоот тоохгүй. 

    Үүнтэй зэрэгцээд, санаандгүй л тэгж таарсан байх л даа, уул уурхайн салбарын ахмад ажилтан Ч.Хурц хөдөлмөр баатар цол шагнуулсан нь тэдний сэжиг, гаргалгаанд нэмэр болсон явдал болов. Ч.Хурц гуай нь хөдөлмөрчин, баатарчин байж болох ч Оюутолгой толгой төслийг тууштай эсэргүүцэгчдийн бэлгэдэл болсон нэгэн. Шагналын зарлигт оюутолгой, гуравдагч хөрш, барууны хөрөнгө оруулагчдийн эсрэг тууштай тэмцэл гэхчлэнгийн үг үсэг огоот үгүй, зөвхөн түүний хөдөлмөрийн бахдам амжилтууд дурайж байгаа ч гэсэн Барууныхан өөрийн өнцгөөсөө л харна.

         Гуравдагч хөршүүдийн хийсэн дүгнэлт нь Оюутолгой төсөл болон барууны хөрөнгө оруулагчдын эсрэг үйл ажиллагаа нь монголын төрд дээд хэмжээгээр үнэлэгдэж байна гэсэн гаргалгаа. Манай нам ард түмний ямар ч “ардчилсан” тайлбарт тэд үнэмшихгүй.

    Асар удахгүй “монголын хөрсний гүний усыг барсан”, “ авилга өгсөн” “монголыг мөлжих гэсэн” зэрэг шалтгаанаар зохих эрх мэдэл, нөлөө бүхий “ардтүмэн”-гүүдийн шахалтаар Оюутолгой хөөгдөн гарах бизээ.

    Харин тэр цагт монголд юу болсон, монголчууд юугаа амсаж, юугаа үүрнэ хэнд ч хамаагүй болно. Яг л 1928 онд үүссэн шиг тийм нөхцөл байдал. Хоёр том хөрш нь үгсэж, эсвэл хүчний баланс нь алдагдаж, аль нэг нь хүч түрлээ гэхэд цуг хохирох хамсаатангүй болсоор л байна. Энэ нөхцөл байдлыг мэдэрсэн, шууд болон дам эсэргүүцсэн зүтгэлтнүүдэд “ямар нэгэн юм” тохиолдсоор...

Нэг ийм төлөвлөгөө л хэрэгжээд байна даа. Монголын төрөөс ч хүчтэй, монголын сэхээтнүүдээс ч ухаантай, тэгсэн атлаа монголчууд дээр тулгуурласан тийм ажиллагаа.

Гэхдээ...Яагаад энэ бүхэн биелэх ёстой гэж.   Яагаад тэдний санаснаар болно гэж...Чамаас л хамаарах болчихоод байна.