СИ ЗИНЬПИНИЙ АЧААР 100 ЖИЛД ЧАДААГҮЙГЭЭ ЗУРГААН ЖИЛД АМЖУУЛСАН НЬ

Хөлбөмбөгийн өвлийн солилцоо наймааны “цонх” нээгдээд удаагүй байна. Гэсэн ч шинэ тоглогчдод зарцуулах хөрөнгө мөнгөний хэмжээгээр БНХАУ-ын Супер лиг хөлбөмбөгийн эх орон Английн Премьер лигийн өмнө бичигдэх нь ойлгомжтой болжээ.

Хятадын хөлбөмбөгийн өнөөгийн хөгжлийг бүгд тавдугаар үеийн удирдагч гэх Си Зиньпинтэй холбож ярьж буй. Мөнгөтэй баян багууд бий болох хөрс суурь Ху Жинтаогийн үед л бүрэлдэж эхэлсэн нь тодорхой байсан ч дэлхийд тэргүүлэгч гүрэн гэдгээ батлах үзэл суртлын нэг зэвсгээр энэ спортыг сонгож авсан гэдгээр нь Си Зиньпинийг онцолж байгаа юм.

Хятадад үндэсний хэмжээний хөлбөмбөгийн тэмцээн анх 1910 онд болж байжээ. Тэр үед Манж Чин улс мөхөөгүй, Хятад улс харьяанд нь хэвээр байв. Анхны тэр тэмцээнд Өмнөд, Умард, Дорнод гэсэн гурван бүсийн шигшээ баг өрсөлдөж, Өмнөдийнхөн аваргалсан байна. Үүнээс хойш бүс нутгийн хэмжээний аварга шалгаруулах тэмцээнүүд зохиогдож, муж, томоохон хотууд өөрийн гэсэн багтай болж, тогтмол биш ч гэсэн тэмцээн уралдаан явуулж байлаа. Гэсэн ч 1935 онд Японтой дайтаж, улмаар дотоодод иргэний дайн дэгдсэнээр юун хөлбөмбөг манатай болов. Улмаар 1948 онд л Үндэсний хэмжээний тэмцээнээ сэргээжээ. Харин Хятадын аварга шалгаруулах тэмцээн гэж албан ёсоор нэрлэсэн анхны тэмцээнийг 1951 онд зохион байгуулсан юм. Тэгэхэд зургаан мужийн баг дээр төмөр зам, армийн шигшээ нэмэгдэж, нийт найман багаас аварга шалгаруулахад Умард-Дорнодын баг түрүүлэн түүхэнд бичигджээ.

1950-1970-аад онд Хятадын аварга шалгаруулах тэмцээн нь мужийн тэмцээнд түрүүлсэн багууд дараа жил нь аль нэг том хотдоо цуглан 2-3 долоо хонгийн турш тэмцэлдээд ялагчаа тодруулах хэлбэрээр явагдаж байв. Их удирдагч Мао Зэдуны санаачилсан “Соёлын хувьсгал”-ын үед буюу 1966-1971 онд завсарлаж ч үзжээ. Харин түүнээс хойш бага, багаар төрхөө олсоор өнөөдөртэй золгосон аж. 1978 оноос баг бүр өөрийн болон айлын талбайд тоглох дүрмийг нэвтрүүлсэн бол 1980-аад оноос хөлбөмбөгийн ихэнх багууд нь “хагас мэргэжлийн” статустай буюу тоглогчдодоо цалин өгдөг болжээ.

Улмаар 1988 онд Ляонин клуб улсынхаа түүхэн дэх хамгийн анхны “Мэргэжлийн” баг болсон юм. Үүнээс гадна УАШТ нь 1987 оноос “А” болон “Б” гэсэн хоёр ангилалтай болж, 1993 онд А лиг нь бүхэлдээ мэргэжлийн хэмээн хүлээн зөвшөөрөгджээ. 2000 оноос дээд лигээ Супер лиг, хоёрдугаар лигээ Нэгдүгээр лиг гэж нэрлэх болсон байна. Хятадын хөлбөмбөгт тэсрэлтийн эхлэлийг тавих учиртай “Их цэвэрлэгээ” эхэлсэн 2009 оныг хүртэлх үеийн түүх нь ерөнхийдөө ийм.

"ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ"-НИЙ ҮЕ

Ердөө 10 жилийн өмнө л Хятадын хөлбөмбөг муу муухайгийн үүр уурхай байв. Багууд нь ядуу, тоглогчид нь ур чадвар муу, бүдүүлэг тоглолттой, шүүлт нь бохироос гадна авлига, хээл хахуулийн үүр уурхай байжээ. Лигийн бүх тоглолтын 30 хувь нь “тохиролцооных” болж хувирсан энэ хүнд үед Хятадын хөлбөмбөгт эргэлтийн цэгийг авчирсан “Их цэвэрлэгээ” эхэлсэн байдаг. 2009-2013 оныг хүртэл дөрвөн жил үргэлжилсэн мөрдлөгө, шалгалтын үр дүнд “Шанхай Шенхуа”-гаас аварга цолыг нь хурааж, Хятадын хөлбөмбөгийг авлига хээл хахуулийн уурхай болгож асан 50 гаруй хүнийг баривчилж, 33 хүний хөлбөмбөгтэй холбоотой ажил эрхлэх эрхийг нь хассан юм. Шийтгэл хүлээсэн хүмүүсийн цар хүрээ нь Супер лигээс доод лиг хүртэлх төвшний багуудын ерөнхий дасгалжуулагч, топ менежер, багийн удирдлагуудыг хамарч байв. Тухайлбал, Хятадын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хоёр зүтгэлтэн, шигшээ багийн ахлагч байсан нэг хөлбөмбөгч 10.5 жилийн ял аван шоронд орж, шигшээ багийн өөр дөрвөн тоглогч 4-6 жилийн ял авч, их хэмжээний мөнгөн торгууль төлж байжээ.

Мөн Азийн шилдэг шүүгчээр хоёронтаа тодорч, 2002 оны ДАШТ-ийг дэнсэлж байсан Лю Юн цаазаар авах ял сонссон ч эцэстээ 5.5 жилийн ял авч, 128 мянган ам.доллараар шийтгүүлж байв.

Ийм болсон шалтгаан нь ердөө л тоглогчдод хангалттай цалин хангамж байгаагүйд оршиж байжээ. Тухайн үед Супер лигийн дундаж цалинтай тоглогч ердөө нэг удаа тохиролцсон тоглолтод ороод л хоёр жилийн цалингаасаа илүү мөнгө авдаг гажиг тогтолцоо тухайн үед нэгэнт тогтсон байсан бөгөөд 2009 оны улиралд л гэхэд Супер лигийн нийт тоглолтын 30 хувь нь ямар нэг байдлаар тохиролцсон байсан гэдгийг мөрдлөг шалгалтаар тогтоосон юм. Тоглогчдын орлогын эх үүсвэр нь цалин биш, тохиролцсон тоглолт болж хувирсан ийм нөхцөлд хэн ч авлигын саналаас татгалзаж чаддаггүй байсан нь ойлгомжтой.

Хөлбөмбөгт цэвэр шударга өрсөлдөөн үгүйлэгдсэн ийм л хүнд үед хуулийн байгууллага анхаарлаа хандуулснаар энэ спортыг намаг балчгаас нь цэвэрлэсэн түүхтэй. Гэхдээ хөлбөмбөгийг бүрэн сэргээх, хөгжүүлэхэд хуулийн хэрэгжилтээс гадна хамгийн эрх мэдэлтэй хүний анхаарал чухал байжээ.

Ийм болсон шалтгаан нь ердөө л тоглогчдод хангалттай цалин хангамж байгаагүйд оршиж байжээ. Тухайн үед Супер лигийн дундаж цалинтай тоглогч ердөө нэг удаа тохиролцсон тоглолтод ороод л хоёр жилийн цалингаасаа илүү мөнгө авдаг гажиг тогтолцоо тухайн үед нэгэнт тогтсон байсан бөгөөд 2009 оны улиралд л гэхэд Супер лигийн нийт тоглолтын 30 хувь нь ямар нэг байдлаар тохиролцсон байсан гэдгийг мөрдлөг шалгалтаар тогтоосон юм. Тоглогчдын орлогын эх үүсвэр нь цалин биш, тохиролцсон тоглолт болж хувирсан ийм нөхцөлд хэн ч авлигын саналаас татгалзаж чаддаггүй байсан нь ойлгомжтой.

Хөлбөмбөгт цэвэр шударга өрсөлдөөн үгүйлэгдсэн ийм л хүнд үед хуулийн байгууллага анхаарлаа хандуулснаар энэ спортыг намаг балчгаас нь цэвэрлэсэн түүхтэй. Гэхдээ хөлбөмбөгийг бүрэн сэргээх, хөгжүүлэхэд хуулийн хэрэгжилтээс гадна хамгийн эрх мэдэлтэй хүний анхаарал чухал байжээ.

СИ ЗИНЬПИН ХӨЛБӨМБӨГИЙГ АВАРСАН НЬ

Авлига, хээл хахуульд идэгдсэн ийм нөхцөлд хөлбөмбөг хөгжинө гэж юу байх вэ. 2013 оны зургадугар сарын 15-нд Хятадын шигшээ баг талбай дээрээ Азийн сулхан багуудын нэг Тайландад 1:5-аар бут ниргүүлэв. Уурлаж хилэгнэсэн фанатууд тэр оройжингоо бухимдацгааж, зарим нэг газар эмх замбараагүй явдал үүсгээд амжжээ. Дэлхийн хамгийн түгээмэл спортоор шившиг болсон нь хүмүүсийн сэтгэл зүйд нөлөөлж, бүгд нэг л гунигтай байцгаав. Шигшээ багийн тоглогчид тэр даруй захидал бичиж, ард иргэдээсээ уучлалт хүссэн ч оройтсон байсан юм. Гэтэл энэ өдөр нь Хятадын №1 хүн, тавдугаар үеийн удирдагч Си Зиньпиний 60 насны төрсөн өдөр болж таарчээ. Чухам тэр үед л Си Зиньпин хөлбөмбөгийг хөгжүүлэх замаар ард түмний хайрыг хүртэх боломжийг олж харсан гэлцдэг.

СИ ДАРГЫН ГУРВАН ЗОРИЛТ

Хөлбөмбөгийг анхааралдаа аваад Си Зиньпин гурван зорилт тавьжээ. Манай Т.Үйтүмэн гавьяатын 2008 оны Бээжингийн олимпийн үеэр гаргасан хэллэгтэй ижил, “Илүү, илүү, илүү” гэсэн нэртэй тэр зорилт нь шигшээ багаа ДАШТ-ий шигшээ тэмцээнд оролцуулах, улмаар нутагтаа зохион байгуулах, цаашлаад дэлхийн аварга болох холын хол, мөрөөдлийн гэмээр зорилтууд байв. Хүмүүс ч эхэндээ тэгж хүлээж авсан байж магадгүй.

Гэхдээ тэрээр дараа нь дотоодын спортыг төрийн мөнгөөр тэтгэх, улмаар 12 жилийн дараа гэхэд жилдээ 800 тэрбум ам.доллар эргэлддэг болгох санхүүгийн аварга төлөвлөгөөг мөн баталсан.

Энэ бол их биш, үнэхээр их тоо байв. Учир нь, БНХАУ-ын спортын зах зээлийн нийт эргэлт 145 тэрбум ам.доллараар хэмжигдэж буй. Тэгэхээр 2025 он гэхэд тав дахин өсгөх зорилт тавьжээ.

Үүний дараа Си даргыг хөлбөмбөгт сэтгэлтэйг илэрхийлэх мэдээллүүд урд хөршийн хэвлэлээр гарах болов. Энэ бүхнийг сэдсэний учир нь Си Зиньпин хөлбөмбөгийн жинхэнэ фанат учраас л тэр гэнэ. Хүүхэд байхдаа дунд сургуулийнхаа шигшээ багт тоглож байсан, улсынхаа аваргыг зурагтаар байнга үздэг мөртлөө Английн шигшээг дэмждэг байжээ гээд л мэдээлж өгч байна. 2013 оноос хойш хөлбөмбөгийн хоббитой ч болоод амжжээ. Цуглуулгадаа зориулсан тусгай шүүгээ гарган хөгжүүлж байгаа юм байна. Гуравхан жил занималдаж байгаа гэхэд албан тушаалынхаа хаялгаар хаана ч байхгүй гэж хэлж болохоор үзмэрүүд ч олж авчээ.Түүний цуглуулгад Д.Бекхэм, Л.Мессигээс өгсүүлээд Английн шигшээ багийн бүх тоглогчдын “амьд” гарын үсэгтэй, “Си Зиньпин” гэсэн нэртэй өмсгөл хүртэл бий. Гадашаа явахаараа завсар зай гаргаад хөлбөмбөгч үзэх хандлагатай, Голландад явж байхдаа Эдвин Ван Дер Сартай уулзаж, Англид очихдоо Д.Кэмерон, Сехио Агуэротой нийлж тоглолт үзсэн. Тэр ч бүү хэл ажлынх нь ширээн дээр өөрт нь ихэд сэтгэгдэл үлдээсэн Ирландын нэгэн цэнгэлдэх хүрээлэнгийн зураг байдаг гэх ажгуу.


ЗӨВХӨН ТООНЫ ХЭЛЭЭР...

Си Зиньпин Английн Премьер лигийн загварыг ихэд үнэлдэг гэнэ. Тиймээс хятад хөрсөн дээр буулгах зорилт тавьжээ. Гэхдээ мэдээж хэрэг илүү өргөн хүрээтэй, томсгож хийхийг зорьж байгаа юм байна. Үүний тулд хөлбөмбөгт хийх шинэчлэлийн талаар 50 заалт бүхий хөтөлбөр баталсан аж.

Түүнд бичсэнээр 2020 он гэхэд БНХАУ-д хөлбөмбөгөөр идэвхитэй хичээллэгсдийн тоог 50 саяд хүргэнэ. Үүний 30 сая нь дунд сургуулийн сурагч байна. Тэр болтол хөлбөмбөгийн 70 мянган талбайг барьж байгуулна. Харин 2030 он гэхэд 10 мянган хүн амд нэг хөлбөмбөгийн талбай ногддог болгох зорилготой. Ажил хэдийнэ эхэлсэн бөгөөд 2017 онд л гэхэд 20 мянган дунд сургууль шинэхэн талбайгаа хүлээн авах аж.

Дээрх хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлснээр, БНХАУ-ын хөлбөмбөгийн лигүүдэд хэрэгтэй 100 мянган өндөр төвшний тоглогч бэлтгэгдэх хөрс бэлэн болох гэнэ.

Хөлбөмбөгийн материаллаг баазаа бэлдчихлээ гэхэд зүгээр хүлээгээд сууж таарахгүй. Ирээдүйн хөлбөмбөгчдөд жамаараа бий болсон, нураад уначихгүй тогтолцоог өвлүүлж өгөх нь Си Зиньпиний зорилго. Тэрээр мужийн Спорт хороодыг өөрсдийн хүчээр санхүүждэг бол хэмээн шахаж эхэлжээ. Төрийн мөнгөөр санхүүждэг явдлыг бүрэн зогсоох нь түүний төлөвлөгөөний нэг чухал хэсэг юм.

Энэ бүхний үр дүнд томоохон аж ахуйн нэгжүүд хөлбөмбөгийг бизнесээ өргөжүүлэх боломж гэж харах болжээ.


ХЯТАДЫН ХӨЛБӨМБӨГИЙН ЗАХ ЗЭЭЛ ХОЁР ЖИЛ ДАРААЛАН АНГЛИЙН ӨМНӨ ГИШГЭЛЭЭ

Баячууд хөлбөмбөгийн багт хувьцаа эзэмшихийн тулд том, том амлалт өгч, улмаар гаднын лигүүдээс од тоглогчдыг худалдаж авах болов. Хятадын багууд 2014 онд тоглогч худалдаж авахад 102 сая ам.доллар зарцуулжээ. Энэ нь жилийн өмнөхөөс 3.5 дахин илүү байв (2013 онд 28 сая $ байв).

Transfermarkt-ын судалгаагаар өнгөрсөн жил супер лигийн багууд “Өвлийн цонх” нээгдсэн ахархан хугацаанд 331 сая евро зарлагдсан байхад Английн Премьер лигийн багууд 253 сая евро зарцуулсан байна. Хятадын хөлбөмбөгийн хоёрдугаар лиг болох “China league one”-ын багууд 46.6 саяыг шинэ тоглогчдод зарцуулж, Герман, Испанийг ардаа орхин дөрөвдүгээрт бичигдсэн нь илүү гайхалтай амжилт ч байж мэдэх юм.


ХАМГИЙН ҮНЭТЭЙ НЬ БАРУУН ЕВРОПТ, ӨНДӨР ЦАЛИНТАЙ НЬ ХЯТАДАД БАЙДАГ

Дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгч, дэлхийн хамгийн их цалинтай хөлбөмбөгчдийг жагсаавал огт өөр жагсаалт гарч ирнэ. Яагаад гэвэл, хөлбөмбөгч үнэтэй зарагдлаа гээд их цалин авдаггүй. Багт төлөх төлбөр, тоглогчид өгөх цалин хоёр тусдаа бодогддог учраас тэр. Харин ч эрэлт ихтэй тоглогчийн төлөө өндөр үнэ төлөөгүй бол цалинг нь гайгүй өгөх бололцоо бүрддэг байна. Гэтэл Хятадад эсрэгээрээ багт ч, тоглогчид ч ихийг төлөх болов. Тэд Европт дундажид тооцогдох тоглогчийн төлөө хэтийдсэн өндөр үнэ төлж, хэд дахин өндөр цалин өгч чадаж байна. Үүний зэрэгцээ нэр нөлөө ихтэй ч том багуудын хараанд өртөөгүй одуудыг өндөр цалин амлан олноор нь авчирч байгаа юм. Хөлөө хугалснаасаа хойш урьдынх шигээ биш болсон Эзекьел Лавессиг долоо хоногийн 578 мянга, Европт моодноос гарсан Карлос Тевесийг мөн хугацаанд 615 мянган фунтын цалингаар уургалж авчирсан.

Одоо Английн хөлбөмбөгийн нүүр царай болсон Уэйн Руниг авчрах гэж байна. Ж.Моуриньо наймааг зөвшөөрсөн, одоо Уэйн өөрөө “За” гэчихвэл долоо хоногт нэг сая фунтын цалин авах ч боломж байна. Өнгөрсөн жилээс л багтаа гологдох болсон тэрээр зөвшөөрөх магадлал тун өндөр.

Учир нь Си Зиньпиний төлөвлөгөө ёсоор, тэд Хятадад амжилт гаргах гэж биш, хүүхэд залуусын үлгэр дууриал нь болох гэж, ард түмнийг хөлбөмбөгт дурлуулах гэж очиж байгаа юм. Төлөвлөгөө бүтээд ирэхээр хөгшин том одууд ч биш идэр залуу тоглогчид өөрсдөө гуйгаад ирдэг болох нь тодорхой. Ингэх нь ч хятадуудын хамгийн гол зорилго. Гэхдээ гаднынхныг л хэт үнэлээд дотоодын тоглогчдоо доош нь хийдэг гэж ойлгож болохгүй. Испанийн хоёрдугаар лигт тоглохдоо нэг ч удаа талбайд гараагүй Чжан Чэньдун гэгчийг дотоодын хоёр баг хоорондоо 20.4 сая еврогоор наймаалцсан байх жишээтэй. Энэ бол баялаг бүтээгээд түүнийгээ мөнгөжүүлж болдгийн тод жишээ.

Одоо эргээд харах нь ээ, 16 багтай, баг бүрт 1-4 од тоглогчтой, нэг тоглолтыг дунджаар 24 238 хүн үздэг, нийт үнэлэмжээрээ дэлхийд эхний 14-т орох лигийг дөрөв хүрэхгүй жилийн дотор бүтээж чаджээ.

МӨНГИЙГ ХЭН ГАРГАЖ БАЙНА

Хятадын Супер лигт 16 баг байдгаас есийг нь үл хөдлөх хөрөнгийн салбарын компаниуд эзэмшдэг байна. Хятадад барилга барих газар олж авах маш хэцүү. Харин нийгмийн хариуцлагаа ухамсарлан спортыг дэмжиж байвал төрийн түшмэдүүдийг уяраах магадлал нь өндөрсдөг учраас ийм болжээ. Тэдгээр багууд бүгд л их мөнгө цацаж байгаа боловч тэдэн дундаа “Гуанжоу Эвергранд” илүү жин дарна. Энэ багийг эзэмшигч Сюй Цзяинь 7 тэрбум ам.долларын хөрөнгөтэй. 2010 онд худалдаж авснаасаа хойш 200-300 сая ам.долларын алдалтай ажилласан гэж байгаа ч баг нь зургаан жил дараалан улсдаа түрүүлж, сүүлийн 23 жил аваагүй байсан Азийн “Аваргуудын лиг”-т түрүүлснээр зүйрлэшгүй нэр хүндийг олжээ. Бизнес нь ч цэцэглэсэн тэрээр байгалийн зүлгэн 48 талбай, усан сан, кино театр гээд дутуу зүйлгүй тоноглогдсон 2800 хүүхэд байнга хичээллэх боломжтой дэлхийн хамгийн том хөлбөмбөгийн сургуулийг ганцхан жилийн дотор байгуулсан юм.

Ингэснээр 7-8 жилийн дараа солилцоо наймаанд мөнгө зарлагадахаа болино гэж тооцжээ. Энэ тансаг сургуульд сурахын тулд жилд 5800 ам.доллар төлөх ёстой. Гэхдээ хүүхэд үнэхээр авьяастай бол буяны байгууллагуудын зардлаар ч сурч болдог. Сургуулийн өмнөх талбайд дэлхийн аварга багт олгодог цомыг дөрвөн метр өндөртэйгөөр бүтээн байрлуулсан нь мэдээж хэрэг Си Зиньпиний хамгийн гол зорилтыг бэлгэдсэн хэрэг юм.

Сюй Цзяиний энэ жишээ бусад баячуудад “юм” бодуулж, “Alibaba”-гийн босс Жек Ма багийнх нь хувьцааны 50 хувийг 192 сая ам.доллараар худалдаж авчээ.

Хятадын баячууд Европын хөлбөмбөгт ч орон зайгаа тэлсээр. Одоогоор Англи, Итали, Испани, Франц, Голланд, Чехд мөрөө гаргаад буй.

Хамгийн өндөр үнэлгээтэй Топ-20 лиг
(Сая евро)

1

Англи

Premier League

4870

2

Испани

LaLiga

3640

3

Итали

Serie A

2850

4

Герман

Bundesliga

2530

5

Франц

Ligue 1

1730

6

Турк

Süper Lig

879

7

Португал

Liga NOS

845

8

Бразил

Série A

819

9

ОХУ

Премьер-лиг

686

10

Голланд

Eredivisie

647

11

Аргентин

Primera División

575

12

Мексик

Liga MX

565

13

Бельги

Jupiler Pro League

519

14

БНХАУ

Super league

391

15

АНУ

Major League Soccer

308



Хятадын хөлбөмбөгийн лиг дэлхийн бусад дээд лигээс үнэ цэнээрээ 14 дүгээрт эрэмбэлэгдэх болсон ч эхний тавд багтахад хол хэвээр байна. Гэхдээ тэдэнд боломж олгож байгаа нэг зүйл нь телевизийн эрх. БНХАУ бол хагас тэрбум үзэгчтэй, телевизийн хамгийн том зах зээл. Энэ зах зээл дээр хөлбөмбөгийн өрсөлдөх чадвар жилээс жилд сайжирсаар байна. Лигийн удирдлага 2015 онд шууд дамжуулах эрхийн худалдаанаас 60 сая юань л олж байсан бол 2016-2020 он хүртэл дамжуулах эрхээ найман тэрбум юаниар зарсан (1.25 тэрбум ам.доллар). Английн Премьер лиг гурван жил шууд дамжуулах эрхээ Хятадад 700 сая ам.доллараар арилжсан гээд бодохоор урд хөрш ямар ч байсан дотоодынхоо лигийн шууд дамжуулах үнэлгээг илүү гаргаж чаджээ.

ЯВААНДАА ЛЕГИОНЕРУУД Ч ХЭРЭГГҮЙ

Хятад улс хөлбөмбөгийг хөгжүүлснээрээ яваандаа гаднаас легионерууд авахаа больж, харин ч дотоодын шилдэг тоглогчдоо гадагш нь зарж эхлэх том амбийц өвөрлөж буй. Энэ алхмынхаа эхнийхийг саяхан хийж, талбайд нэгэн зэрэг дөрвөн гадаад, Азийн нэг легионер гарч болдог байсныг халан, гурван тоглогч л гаргах дүрэм баталсан. Ингэснээр Хятадын лиг дэх Ази легионеруудын хувь заяа бүрхэг болсон гэж хэлж болно. Энэ нь нэг талаас аль болох олон хятад тоглогчийг талбайд гаргаж туршлага суулгах, нөгөө талаар “Нэгэнтээ Азийн хамгийн хүчирхэг лигтэй болсон юм чинь ДАШТ-ий эрхийн төлөө хоорондоо үздэг өрсөлдөгчөө туршлагажуулаад яах вэ” гэсэн бодлын үзүүрт гаргасан шийдвэр гэдэг нь тодорхой.

Хятадын хөлбөмбөг ийнхүү нэгэн жилд арван жилийн дэвшлийг хийн хурдацтай хөгжиж байна. ДАШТ-ий шигшээ тэмцээнд оролцох багийн тоо нэмэгдэх талаар эрчимтэй яригдаж байгаа энэ үед ДАШТ-д эрхээ авч оролцох нь тэдний хувьд хэцүү биш. Мөнгө хөрөнгөтэй байхад ДАШТ зохиох ч хүслийн асуудал шахуу. Хөлбөмбөгт элэгтэй Си Зиньпин даргынхаа ачаар 100 жилд чадаагүйгээ зургаан жилд амжуулсан тэд харин дэлхийн аварга болох гурав дахь зорилгодоо хүрэхэд хэдэн жил зарцуулахыг хэн ч таашгүй.

Нийтлэлч Х.БАТСАЙХАН


http://baabar.mn/files/old_images/2017/3/340adeaf379e9340.jpg



http://baabar.mn/files/old_images/2017/3/10b48f187d44b178.jpg



http://baabar.mn/files/old_images/2017/3/9fd5f365f8358707.jpg