Экспансия
Оросын хэвлэлүүдээс Орос-Хятадын харилцааны талаар гарсан нийтлэлүүдийг уншихад экспансия гэж их бичсэн байх юм. Энэ нь expansio гэдэг латин үг бөгөөд тодорхой улс гүрэн, ард түмний болон соёлын нөлөөний тэлэлт, тархалтыг илэрхийлэхэд голдуу хэрэглэдэг юм билээ.
Оросын хэвлэлүүдээс Орос-Хятадын харилцааны талаар гарсан нийтлэлүүдийг уншихад экспансия гэж их бичсэн байх юм. Энэ нь expansio гэдэг латин үг бөгөөд тодорхой улс гүрэн, ард түмний болон соёлын нөлөөний тэлэлт, тархалтыг илэрхийлэхэд голдуу хэрэглэдэг юм билээ. Орчин цагт экспансия-г цэргийн, соёлын, шашны, эдийн засгийн, бүр цаашилбал хүн ам зүйн (демографийн), технологийн гэх зэргээр төрөлжүүлэн ангилах болсон байна. Ер нь аль нэг улс орон, ард түмэн экспансия-д өртөж байдаг нь хэвийн үзэгдэл. Харин тэр нь хэрээс хэтэрвэл сөрөг нөлөөтэйгөөр барахгүй улс орны тусгаар тогтнол, үндэстний цаашдын хувь заяанд халтай байдаг.
Ингээд экспансия-гийн төрөл ялгаа, тэдгээр нь манайд ямар хамааралтай талаар өөрийн бодлоо хуваалцах гэсэн юм.
Аливаа нэг улс орон, ард түмэн соёлын хувьд бусдаасаа илүү өндөр түвшинд байх юм бол бусад нь түүний нөлөөнд ордог. Үүнийг соёлын экспансия гэж ойлгож болно. Энэхүү экспансия-г бас бодлогоор ч хэрэгжүүлдэг юм билээ.
Монголчуудын амьдралд манай өмнөд хөрш (Хятад, Манж)-ийн соёл хэдэн мянга, зуун жилийн турш нөлөөлж ирсэн. Байшин барилгын хийц загвар, дуу хуур, хөгжмийн зэмсгээс эхлээд хувцас, гутал, цаашилбал хөөрөг, гаанс гээд монголчуудын амьдрал ахуйд нэвтэрсэн зүйл тун их. Хэл, тэр ч байтугай хоол хүртэл соёлын салшгүй хэсэг юм билээ. Монгол хэлэнд өмнөд хөршийн нөлөө их. Олон үг хятад гаралтай гэдгийн бид бараг анзаарахаа ч больсон. Хоол, хүнс гэх юм бол уудаг цайнаас эхлээд будаа, пүнтүүз, манжин, лууван зэрэг төрөл бүрийн хүнс болоод бууз, банш, цуйван, хуйцаа гэх зэрэг хоолны нэрүүдийг дурдаж болно.
Өмнөд хөршийн соёлын экспансия ерөнхийдөө XX зууны эхэн хүртэл хүчтэй байсан бөгөөд энэ үеэс Оросын соёлын экспансия эхэлсэн гэж болно. Оросын соёлоор дамжин өрнийн соёл мөн орж ирлээ. Сүүлдээ оросын соёл зөвлөлтийн соёл болж өөрчлөгдөв (“Cоветская культура” гэдэг сэтгүүл хүртэл гардаг байсныг тэр үеийн манай сэхээтнүүд санаж байгаа байх). Оросын болоод зөвлөлтийн соёлын экспансия XX зууны Монголын соёлын амьдралд үнэхээрийн эргэлт хийсэн юм. Боловсрол, шинжлэх ухааныг жич асуудал гэж үзээд орхиё. Утга зохиол, театр, кино гээд л ер нь соёлын бүхий л салбарыг шинээр бий болгосон ба өөрчилсөндөө. Яахав, нэгэн үе нилээд үзэл сурталжсан тал бий. Эерэг, сөрөг талыг нь судлаачид дүгнэж цэгнэх биз дээ. Орос хэлнээс гаралтай олон үгийг бид “нутагшуулан” хэрэглэж байна. Ухаандаа “яармаг” гэдэг үг орос хэлнээс гаралтай гэдгийн манай залуучууд тэр бүр мэдэхгүй байх жишээтэй. Оросоос орж ирсэн талх, төмс монголчуудын өдөр тутмын хүнс боллоо. Котлет, гуляш, пирошки зэрэг нь бидний идэх дуртай хоол болоод байна.
Өнөөдөр манай монголчуудын амьдралд хаанахын соёл их нөлөөтэй (экспансия гэдэг утгаар ч ойлгож болох) байна вэ гэдгийг ажиглах юм бол их сонин дүр зураг харагдаж байна. Өнгөрсөн зууны 90-ээд оноос умард хөршийн соёлын нөлөө эрс буурч барууны соёлын нөлөө нэмэгдсэн хэдий ч солонгосын (Өмнөд Солонгосын гэж тодотгох хэрэгтэй байх л даа) нөлөө үлэмж хүчтэй түрэн орж ирж байна. Зурагтын суваг бүрээр солонгосын олон ангит кинонууд гарч, солонгос бараануудыг сурталчилж байна. Бараг тоогоо алдсан солонгос хоолны газрууд байнга дүүрэн хүнтэй. За тэгээд залуучууд солонгосын одуудыг дууриаж хувцаслана, бүжиглэнэ. Тэр ч байтугай солонгосчуудын нүүр, хамраа өөрчилдгийг нь хүртэл дууриах болов. Манайхтай харьцуулахад хамаагүй өндөр хөгжилтэй, ирж очиход харьцангуй ойр бөгөөд хялбар, царай зүс, гадна төрх адилхан, бас тэгээд сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд хэдэн зуун мянган хүн очсоноос нилээд хэсэг нь их бага хугацаагаар ажиллаж, сурч байсан учраас аргагүй биз. Буурай хөгжилтэй цөөхөн монголчуудын хувьд энэ бол аз завшаантай хэрэг. Аливаа улс орон, ард түмэн заавал гадны соёлын нөлөөнд ордог гэдгийг дээр нэгэнт дурдсан.
Шашны экспансия-гийн тод жишээ бол шарын шашин Монголд нэвтэрсэн түүх. Монголчууд эрт дээр үеэс аль нэг шашинг илүүд үздэггүй байсан боловч манж, түвдүүд манай хаад, ноёдоор дамжуулан уг шашныг нэвтрүүлсэн гэдэг биздээ. Энэ шашин Монголд нэвтрэхээсээ өмнө монголчуудтай ижил төстэй амьдрал, ахуйтай түвдүүд дээр туршигдан өөрчлөгдөж нүүдэлчдийн ахуй амьдралд нилээд зохицохуйц болсон байна. Шарын шашин манайд гадны бодлогоор орж ирсэн хэдий ч цэгцтэй сургаал бүхий шашин байсан учраас богино хугацаанд нийт хүн ам түүнийг дагах боллоо. Энэ шашныг авснаар монголчууд хожсон эсэхийг судлаачид, түүхчид хэлэх биз.
Эдийн засгийн экспансия. Нүүдэлчин монголчуудын ахуй амьдрал, аж ахуй (орчин цагийн хэллэгээр эдийн засаг нь гээд ойлгочихож болно) түүхийн бүхий л хугацаандаа суурин амьдралтай, тэр хирээрээ илүү хөгжсөн өмнөд хөршөөсөө ихээхэн хамааралтай байж ирсэн нь ойлгомжтой. Харин XX зууны эхэн үеэс умард хөршөөсөө илүү хамаарах болсон билээ. Умард хөршийн эдийн засгийн экспансия–гийн үр дүнд Монгол оронд олон зуун үйлдвэр, аж ахуйн газар байгуулагдан орчин үеийн эдийн засгийн суурь тавигдав. Өнгөрсөн зууны 90-ээд онд умард хөршийн эдийн засгийн экспансия зогссоноор манай эдийн засаг хэсэг хугацаанд маш хүндэрсэн боловч гадаадын, ялангуяа гуравдагч орнуудын тусламж, зээл, хөрөнгө оруулалт, дээр нь эдийн засаг зах зээлийн горимд шилжсэний ачаар хэсэг хугацаанд сэргэсэн хэдий ч дэлхийн эдийн засгийн хямрал, манай төр, засгийн урагшгүй менежментээс болж эргээд хүнд байдалд ороод байна.
Аливаа улс орон хөгжъе гэвэл гадаадын хөрөнгө оруулалтыг татах нь чухал байдаг. Нөгөө талаасаа гадаадын хөрөнгө оруулалт бол цэвэр эдийн засгийн экспансия гэдгийг бас анхаарах хэрэгтэй. Ердөө хоёрхон хөрштэй манай улсын
хувьд өмнөд хөршийн хөрөнгө оруулалт сүүлийн үед илт давамгайлж байна. Өнгөрсөн онд Оросын тал “Эрдэнэт”, “Монросцветмет” дахь өөрийн хувьцаанаасаа татгалзсанаас хойш хоёр хөршийн хөрөнгө оруулалтын харьцаа ямар болсон тухай судалгааг гаргаж амжаагүй байх шиг байна. Нэг улсын хөрөнгө оруулалт хэтэрхий давамгайлах нь нэг их сайн зүйл биш гэдгийг энд онцолмоор байгаа юм.
Хятад, Монголтой хиллэдэг Оросын Зүүн Сибирь, Алс Дорнодын нутаг байгалийн асар их баялагтай хэдий ч хүн ам нь хэт сийрэг учраас байгалийн баялаг нь шавхагдаж, хэдэн мянган, зуун жил ашигласан газрын хөрсний үржил шим нь муудсан тул хүн ам олонтой хятадууд тийшээгээ олноор нүүх буюу хүн ам зүйн экспансия хийж магадгүй гэсэн болгоомжлол байгаа талаар оросууд их ярьж, бичих боллоо. Өмнө нь эрс тэс уур амьсгал, зам харилцаа байхгүй зэргээс хойд зүгт (Ар Монголын хувьд гэвэл бас Манжийн хууль хятадуудын нүүдлийг хязгаарлаж байв) нүүдэллэн суурьшиж чадахгүй байсан бол одоо зам харилцаа сайжирч хот суурин олноор бий болсны дээр байшин барилгыг маш хялбар аргаар хурдан барьдаг боллоо. Иймээс хойд зүгт чиглэсэн хятадуудын “их нүүдэл” эхлэх магадлал тун өндөр гэж үзэж байгаа юм билээ. Ер нь Сибирь, Алс Дорнодын энэ их газар нутаг, баялгийг эзэмшихэд хүн хэрэгтэй бөгөөд хятадуудаас өөр очиж ажиллах, цаашилбал суурин амьдрах “хүний нөөц” олдохгүй л болов уу. Энэ тохиолдолд дунд нь байгаа Монгол яах вэ гэдгийг бодох л хэрэгтэй байх.
БНХАУ 2015 онд Үндэсний аюулгүй байдлын тухай болон Терроризмтай тэмцэх тухай хууль батлан гаргасан бөгөөд эдгээр хуульд хилийн чанад дахь иргэн, байгууллага, түүнчлэн хөрөнгө оруулалтаа хамгаална гэж заасан байна. Энэ тухай манай холбогдох байгууллагууд иргэдэд , ялангуяа хятадын хөрөнгө оруулалттай компаниудад ажиллаж байгаа хүмүүст ойлгуулан таниулж байх хэрэгтэй гэж бодогдох юм. Хэрэв ийм нэгэн компаний хятад, монгол ажилчид хоорондоо зодолдсоны улмаас хятад иргэн амь насаа алдах эсхүл гэмтэх юм бол өмнөд хөршийн зүгээс заавал тодорхой хариу арга хэмжээ авна гэж ойлгож болно.
Ер нь улс орон, ард түмэн бүр ямар нэгэн экспансия-д байнга өртөж байдаг. Түүнийг зогсооно гэж байхгүй, харин шаардлагатай гэж үзвэл тодорхой бодлого явуулж зарим экспансия-гийн хэмжээг нь хязгаарлаж, нөлөөг нь сааруулж болох талтай. Иймд манай төр, засаг гадны экспансия-гийн нөлөөг зохицуулахын тулд тодорхой бодлого явуулж чаддаг байх нь чухал. Зөв бодлого гаргахын тулд нарийн судалгаа хийх хэрэгтэй.
Төгсгөлд нь онцлоход манай улсын аюулгүй байдал, эдийн засгийн хөгжил хоёр хөрштэй шууд холбоотой. Хоёр хөршийг даваад гуравдагч орноос цэрэг-улс төрийн экспансия орж ирнэ гэж байхгүй. Бусад орон Монголд хөрөнгө оруулж үйлдвэр байгуулахдаа бүтээгдэхүүнийг нь юуны түрүүнд манай хоёр хөршийн зах зээлд нийлүүлэхийг л эрмэлздэг. Жишээ нь, Оюу толгойд гадныхан Хятадын зах зээлд гарахын тулд хөрөнгө оруулсан. Иймд хоёр хөрштэйгээ найрсаг харилцаатай байж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд байнга анхаарах нь юу юунаас чухал байгаа юм.
Зочин
Зочин
Зочин
Зочин
Togtokh
bi
bi
Гана
Оросоос орж ирсэн талх, төмс монголчуудын өдөр тут
jahrmarkt gesen german ug sh dee uvuu ? yamar muu
иргэн
Зочин
Зочин
Зочин
ОЮУТАН
Зочин
Зочин