Сум баригч Сараха
Сараха бол миний шүтээн. Зүрх сэтгэлийг минь эзэмдсэн өнө эртний хайр. Чи Сарахагийн нэрийг урьд өмнө сонсоогүй байж магад.
Сараха бол миний шүтээн. Зүрх сэтгэлийг минь эзэмдсэн өнө эртний хайр. Чи Сарахагийн нэрийг урьд өмнө сонсоогүй байж магад. Хэн бүхэнд танил биш ч тэрээр хүн төрөлхтөнд ивээл болсон их өглөгчдийн нэг. Хүний түүхэн дэх арван их өглөгчийг хуруу даран тоолбол нэг нь гарцаагүй Сараха байх болно. Хэрвээ таван хуруундаа багтааж нэрлэ гэвэл Сарахаг би яагаад ч алгасч чадахгүй.
Сарахагийн дуулалтай танилцахын өмнө түүний амьдралын тухай цөөн үг хэлье. Тэрээр Вайдарбхад мэндэлсэн юм. Махапала хааны эрин үед амьдарч байжээ. Түүний эцэг нь Махапала хааны ордонд нэр хүндтэй бярман байв. Эцгээ дагаад жаал хүү ордны хүрээлэл дунд өсч торнижээ. Хаан эзэн түүний гоц оюун билгийг бахдан шагшигчийн манлай байлаа. Дөрвөн ах нь гэр бүл зохиосон тул хаан эзэн отгон дүү Сарахаг охинтойгоо гэрлүүлж, онцгой бахархалт удам угсааг дархлахыг хүсчээ. Гэтэл Сараха гэр бүлт амьдралаас нүүр буруулж, хувраг болохоор шийдэж гэнэ. Энэ шийдвэрт нь хаан хамгаас илүү эмзэглэв. Залуу хүүгийн сүр жавхлан, оюун билиг нь Махапала хааны ордны нэр төрийг өндөрт өргөх шижим байжээ. Гэвч Сарахаг шийдвэрээс нь няцааж чадсангүй. Тэрээр Шри Гирди ламаас сахил хүртжээ. Шри Гирди бол Буддагийн төрсөн хүү Рахул Бадрагийн шавь. Будда, Сараха хоёрын дунд ердөө хоёрхон багш байсан хэрэг. Будда халин одсон ч гэлээ анхилам үнэр нь агаарт сэнгэнэж байсан үе.
Энэ тухай сонсоод хаан ихэд цочирдов. Сараха бол бярман угсаатан. Хувраг боллоо ч гэсэн хиндү шашны хувраг болох ёстой. Гэтэл буддист багшийн шавь болжээ. Дайсны талд урваж байгаагаас өөрцгүй энэ явдалд Сарахагийн гэр бүл, ах дүүс ч хирдхийж гэнэ. Эл ёсгүй алхмаас ямар их түйвээн дэгдсэнийг удахгүй мэднэ.
Сарахагийн жинхэнэ нэр Рахул юм. Эцэг нь түүнд энэ нэрийг өгчээ. Рахул Сараха болж хувирсан түүх үнэхээр гайхалтай. Анх шавь орох гэж ирсэн залууд хандаж: “Чиний өмнө судалсан Вэд шастир, эзэмшсэн мэдлэг боловсрол чинь ямар ч үнэ цэнэгүй. Тэр бүхнээс өөрийгөө чөлөөл!” гэж багш нь хэлжээ. Сарахагийн хувьд бэрх даваа байлаа. Гэвч залуу бярман юугаа ч золиослоход бэлэн байсан юм. Мэдээж Шри Гирдигийн соронзон хүч үүнд нөлөөлсөн. Тэрээр бүхнийг мартаж, эргээд юу ч мэдэхгүй гэнэн цагаан хүүхэд болжээ.
Энэ бол хамгийн аугаа огоорол. Эд баялгийг огоороход амархан. Эрх мэдлийг огоороход амархан. Мэдлэгээ орхино гэдэг л энэ ертөнцөд хэцүү бэрх зүйл. Бусад юмс гадна талд байдаг бол мэдлэг чиний дотор байдаг. Хааны ордноос зугтаж, Гималай руу чи явж чадна. Хамаг эд хөрөнгөөсөө татгалзаж чадна. Харин мэдлэгээсээ яаж татгалзах вэ?
Гэвч тэр чаджээ. Сар жилүүд өнгөрөхийн хэрээр түүний бүх мэдлэг арчигдаж, цэвэр тунгалаг нэгэн болжээ. Өмнө нь түүнийг их эрдэмтэн гэж хүмүүс хүндэлдэг байсан бол харин одоо их даяанч гэж бахдан шагших болов. Өглөөний шүүдэр мэт цэвэр тунгалаг, дөнгөж нээгдсэн нахиа мэт анхилам үнэр түүнээс цацарч эхэллээ.
Нэгэн өдөр Сараха бясалгал хийж суухдаа зөн билгийн үзэгдэл тольджээ. Жинхэнэ үнэнийг зааж өгөх багш нь хар зах дээр байгаа нэгэн бүсгүй болохыг харж гэнэ. Шри Гирди түүнийг бодь мөрд оруулж өгсөн ачтан. Гэхдээ жинхэнэ авшигийг тэрээр бүсгүй хүнээс хүртэх учиртай байжээ. Энд маш чухал гогцоо бий. Зөвхөн Тантар л эмэгтэй хүнийг дорд үздэг шовинист үзлээс чамайг салгана. Тантрын дотоод ертөнцөд нэвтрэхийн тулд чиний хөтөч бэлгэ билгийн дагина эмэгтэй хүн байх болно.
Сараха эхлээд хар захыг харсан. Дараа нь эмэгтэй хүнийг харсан. Жирийн амьдрал дунд Тантар цэцэглэдэг юм. Энэ бол үгүйсгэх үзэл биш, бүхнийг хүлээн зөвшөөрөх үзэл. Ингээд Сараха эрс шийдмэг бослоо. “Юу болоо вэ?” гэж Шри Гирди асуув. “Та намайг замд оруулж, гав дөнгөнөөс минь чөлөөлж өгсөн. Хийсэн бүхэнд тань гялайлаа. Одоо би явъя даа. Аяны харгуй намайг дуудаж байна” гэхэд, багш нь түүнийг инээмсэглэн адислажээ.
Сараха явсаар хар зах дээр ирлээ. Гайхалтай нь, зөн совингийн үзэгдэлд тодорсон бүсгүй мөн дүрээрээ сууж байв. Нум сум урлаач бүсгүй юмсанж. Энэ бол доод каст (нийгмийн давхарга)-д хамаардаг гэсэн үг. Эндээс Тантрын гуравдахь онцлогийг олж хараарай. Хэдий чинээ соёлжиж иргэншинэ, төдий чинээ хувирах боломж багасна. Хэдий чинээ эгэл болно, төдий чинээ хувирах боломж өснө. Соёлжих тусмаа хүн хиймэл хуумгай болж, амьдлаг чанараа алддаг. Иргэнших хэрээр байгаль дэлхийд үрслэх үндсээ гээдэг. Тантрын ёсоор эгэл байгалилаг тусмаа өсч хөгжих боломжтой. Орчин цагийн хөгжил бол чанх буруу эргэсэн хөгжил. Жинхэнэ хөгжлийг чи эсрэг зүглэж байж олно.
Нум сумчин бүсгүй бол доод кастынх. Харин Сараха бол дээд давхаргын хүн. Язгууртны хүрээнд багтах эрдэмтэн бярманы төлөөлөл. Гэтэл юу болж байна вэ? Эрдэм мэдлэг эгэл амьдрал руу тэмүүлж байна. Хиймэл ахуй бодит ахуй руу тэмүүлж байна. Тэр бүсгүйг анх хармагцаа ер бусын амьдлаг, жавхаалаг гоо сайхныг мэдэрчээ. Ийш тийшээ харах сөхөөгүй, зүгээр л өмнөх ажилдаа уусч, сум модыг урлаж суугаа залуухан бүсгүй… Шри Гирди багш нь ч ийм гайхалтай мэдрэмж төрүүлж байсангүй. Гүний гүнээс оргилон ундарсан цэвэр цэнгэг мэдрэмж.
Сараха түүнийг анхааралтай ажиж байв. Сум бэлэн болоход бүсгүй нэг нүдээ аниж, нөгөө нүдээрээ харан үл үзэгдэх бай руу онилох дүр үзүүлэв.
Сараха улам дөхөж ирлээ. Бүсгүй сумаа онилсоор сууна. Энэ бол ёгт дохио гэдгийг Сараха мэдэрсэн ч ямар утга илэрхийлж байгааг нь ойлгосонгүй. Тэгээд бүсгүйгээс учрыг асуув. Бүсгүй эг маггүй хөхөрснөө, “Хөөрхий тэнэг бярман! Чи Вэдийн судрыг орхилоо ч Буддын судраас зуурчээ. Номоо арилжиж, хувцсаа солилоо гээд юу өөрчлөгдөв? Нөгөө л мулгуу амьтан бахь байдгаараа!” гэж хэлэв. Сарахад энэ үг аянга цахилгаан шиг буулаа. Хэн ч түүнтэй ийм эрээ цээргүй харьцаж байсангүй. Дорд гаралт, соёл боловсролгүй эмэгтэй л энэ үгийг хэлжээ. Түүний инээх нь хүртэл соёлгүй байлаа. Гэвч залуу бярман түүний татах хүчний эрхшээлд хэдийн оржээ. Хүчит соронзонг эсэргүүцэх чадал төмрийн үртэст байсангүй.
“Чи өөрийгөө буддист гэж боддог уу?” хэмээн бүсгүй асуув. Шар орхимж ороосон буддын шашны хувраг зогсож байгаа шүү дээ. Бүсгүй ахиад л инээснээ, “Буддагийн сургаалыг чи үгээр ойлгохгүй, номоор танихгүй, зөвхөн үйлдлээр мэднэ. Утга учиргүй эрлээсээ уйдаж залхах болоогүй юу? Хайран цагаа дэмий үрэх хэрэггүй. Намайг дагаад яв!” гэжээ.
Яг тэр агшинд Сарахагийн өмнө хөшиг ярагдах шиг болов. Ёгт дохионы учрыг тэр сэхээрчээ. Анх учрахад бүсгүй ийш тийшээ нүдээ бэлчээлгүй, зөвхөн урдахаа харж байсныг санав. “Аливаа туйлшралаас ангижир!” гэсэн Буддагийн сургаал юу болохыг сая ойлголоо. Эхлээд тэр философич байсан, дараа нь анти-философич болсон. Нэг туйлаас нөгөө туйл руу савласан. Савлаж байгаа цагт юу ч өөрчлөгдөхгүй.
Дүүжин цагийг анзаарч байсан уу? Зүүн тийшээ савлахдаа баруун тийшээ савлах хүчээ авдаг. Баруун тийшээ савлахдаа зүүншээ савлах хүчээ олдог. Ингээд л цаг ажиллаад байна. Цаг ажиллаж байхад хорвоо үргэлжилж таараа. Хэрэв дүүжин хаашаа ч савлалгүй тэг дундаа зогсвол цаг зогсох болно. Цаг зогсоход хорвоо зогсдог.
Тэрээр Шри Гирди багшаасаа энэ тухай олонтаа сонсож, дундаж оршихуй гэж юу болох талаар бодож, бясалгаж, маргаж, мэтгэлцэж явсан. Харин анх удаа л бодит үйлдэл дээр ухаарчээ. Бүсгүй зүүн, баруун тийшээ савчилгүй төв дунд руу чиглэсэн байж. Төв дунд руу чиглэсэн үед жинхэнэ хувирлыг үзнэ. Хүмүүс тэгэх сөхөөгүй савчиж амьдардаг. Мөнгө, мөнгө гэж унаж тусталаа хөөцөлдөнө. Мөнгөнд донтсон хүнд мөнгөнөөс өөр бурхан байхгүй. Гэвч эрт орой нэгэн цагт мөнгө бурхан биш гэдгийг тэд ойлгодог. Өөрөө өөртөө л зохиосон илбэ шүү дээ. Тэгмэгцээ мөнгийг үзэн ядаж, түүнээс зугтаж эхэлнэ. Эхлээд мөнгөний төлөө, дараа нь мөнгөний эсрэг. Төлөө ч бай, эсрэг ч бай аль аль нь мөнгөнд уягдсан сэтгэл. Чиглэл нь өөр боловч адилхан туйлшрал. Нэг шуналаас нөгөө шунал руу савлаж байна. Энэ ертөнцийн хойноос үхэн хатан хөөцөлдөж явсан хүн удалгүй нөгөө ертөнцийн хойноос үхэн хатан хөөцөлдөнө. Өнгө нь хувиравч өвчин нь хэвээрээ. Мөнгөнд шунах ч мунхаглал, мөнгөнөөс зугтах ч мунхаглал. Эрх мэдэлд улайрах ч тэнэглэл, эрх мэдлээс айх нь ч тэнэглэл. Аль ч тал руу хэлбийлгүй, дундаж оршихыг л билгүүн ухаан гэнэ. Сараха үүнийг мэдэж байсан ч мэдэрч байсангүй. Шри Гирди багшаасаа ч олж хараагүй гялбааг тэр бүсгүйгээс харжээ. “Чи зөвхөн үйлдлээс ойлгоно” гэж хэлсэн нь үнэн байж.
Бүсгүй сум хийж байхдаа дэргэдээ зогсох Сарахаг харах сөхөөгүй урдах ажилдаа ууссан байсан. Энэ ч бас буддист мэссэж: “Үйлэнд бүрэн уусвал үйлээс чөлөөлөгдөнө.”
Үйлэнд бүрэн уусаагүй үед л карма буюу үйлийн үр үүсдэг. Бүрэн уусч хайлах юм бол ямар ч ул мөр үлдэхгүй. Дутуу үйл, гуцуу хүслээ хангах гэж сэтгэл үймэрч хэлбэлздэг жамтай. Аливаа үйлийг төгс хийх агшинд сэтгэл замхардаг. Үйл бүхнээ төгс хийж байвал нэг л өдөр чи сэтгэлийн хүлээснээс бүрмөсөн сална. Сэтгэл бол төгс бус үйлийн хуримтлал юм.
Амраг бүсгүйгээ чи хайрлая гэж боддог ч, хайрлаж амжилгүй явсаар алддаг. Аав, ижий дээрээ явж очоод алдас бүхнээ цайруулж, уучлал гуйхыг хүсдэг ч чадахгүй явсаар нэг л өдөр авсны дэргэд уйлж зогсдог. Анд нөхөдтэйгөө элгэмсүү дотно байхыг хүсдэг ч хэтэрхий хаагдмал болохоороо чи чаддаггүй. Хэлж амжаагүй үг, хийж амжаагүй үйл бүхнийхээ хойноос хождож харамсдаг. Нэгэнт байхгүй болсон хүнийг яаж хайрлах вэ? Нэгэнт хальсан аав, ижийгээ хаанаас эрж золгох вэ? Нэгэнт өнгөрсөн анд чинь чиний үгийг сонсоно гэж үү? Энэ бүхэндээ эмзэглэж, шарх зовиур тээж амьдардаг. Хамаг учир нь чиний дутуу гуцуу хандлагад бий. Юу ч хийсэн түүндээ бүрэн дүүрэн орш! Тэгвэл чи чөлөөлөгдөнө. Гэдрэгээ харж амьдрахаа болино. Жинхэнэ хүн гэдрэгээ хардаггүй, урагшаа л харж амьдардаг. Учир нь, түүний ард юу ч байхгүй. Харамсаж халаглах бараа шороо нүдэнд торохгүй. Ийм хиргүй тунгалаг нүдээр л үнэнийг хардаг юм.
Төгс бус үйлийн ачаандаа чи үүртэж түүртжээ. Нэгийг дөнгөж эхлэнгүүтээ нөгөө рүү үсчиж, нөгөөгөө дөнгөж уугингуут өөр тийшээ самгардсаар амьдрал чинь хогийн цэг шиг болжээ. Энэ бүхнээ анзаардаг уу? Нэг ч гэсэн үйлийг төгс хийж үзсэн үү? Бүх үйл чинь оромдож тарамдсан сэг зэм байна уу? Оромдож тарамдах тусам үйлийн үрийн ачаа хүндэрдэг. Карма бол төгс бус үйл гэсэн үг.
Харин тэр бүсгүй төгс үйлэнд ууссан байлаа. Тийм ч учраас жирийн атлаа жир биш үзэсгэлэн гоогоор туяарч байсан. Тэрхүү гоо үзэсгэлэн төгс үйлээс ургажээ. Хаашаа ч туйлшралгүй төв дунд оршихуйн агаараас цацарч байгаа юм. Сараха анх удаа л бие цогцсын төдийгүй сүнслэг гоо сайхны өмнө хөл алдан унажээ. Энэ агшинд тэр бясалгал гэж юу болохыг ойлгосон. Бясалгал бол сүм хийдэд завилж суугаад, тарни давтаж суухын нэр биш. Бясалгал бол юу хийж байгаадаа бүрэн уусахын нэр. Уусах агшинд аахар шаахар ямар ч үйлээс чи гүн нууцыг тайлах болно. Сараха өмнө нь зөндөө удаан бясалгал хийж байсан ч амьд бясалгалыг анх мэдэрчээ. Энэ бол хүртэж тэмтрэгдэхүйц бодит туршлага байлаа.
Дараа нь нэг нүдээ аниж, нөгөө нүдээ нээсэн ёгт дохиог санав. Буддын нууцыг тайлах бэлгэ тэмдэг юмсанж. Буддагийн хоёр мянга таван зуун жилийн өмнө нээсэн үнэн рүү сэтгэл судлаачид одоо л дөхөж байна. Будда хэлэхдээ, оюуны нэг тал нь учир шалтгаанлаг, нөгөө тал нь совинлог мэдрэхүй гэсэн. Зүүн тал бөмбөрцөг нь философи, теологи… нотолгоо, гаргалгаа буюу аристотэлч оюун. Харин баруун тал бөмбөрцөг нь зөн совин, яруу найраг, цэвэр (априор) ухамсар, априор сэтгэхүй. Үнэнийг баруун талын оюунаар таньж, зүүн талын оюунаар дүгнэдэг. Дүгнэлт бол туршлага биш.
Бүсгүй нэг нүдээ аньсан нь логикийн нүдээ анихын бэлгэдэл байв. Нөгөө нүдээ нээсэн нь хайрын нүд, совин билгийн нүдээ нээхийн утга байв. Энэ дохиог ойлгосныхоо дараа Сараха удаах дохиог нь саналаа. Тэрээр үл үзэгдэх бай руу сумаа онилсон. Тэнд ямар нэг тодорхой бай байхгүй. Үл үзэгдэх рүү чиглэх нь өөрөө бай, өөрөө зорилго юм. Обьект, субьектийн хооронд ялгаа үгүй гэсэн үг. Хэчнээн дотно уур амьсгал, уялдаа холбоо байлаа ч би, тэрээр хоёр нь обьект субьектийн хоёрдолд оршсоор байна. Гагцхүү би ч үгүй, тэр ч үгүй болж байж л жинхэнэ уусал нэгдэл болно гэж буддизмд үздэг.
Энэхүү ёгт дохиог тайлж ойлгосон учраас бүсгүй түүнд Сараха гэдэг нэр өгчээ. Уул нь тэр Рахул нэртэй байсан. Гүн утганд нэвтэрсэнд нь хөөр баяр болон бүжиглэсэн бүсгүй: “Өнөөдрөөс чамайг Сараха гэж нэрлэе. Чи бол сум баригч. Чи бол үйлийн дохиог тайлан мэдэгч” гэж хэлжээ. “Сара” нь сум, “Ха” нь баригч гэсэн үг. Сараха тэр бүсгүйд: “Намайг уучлаарай. Би таныг жирийн нэгэн сум урлаач шиг эндүүрч. Та бол миний багш, миний ээж. Та намайг шинээр төрүүллээ. Би урьдын нөгөө хүн биш. Тийм учир надад шинэ нэр өгч байгаа тань түмэн зөв” гэж хэлжээ.
Рахул ийнхүү Сараха болжээ. Домогт өгүүлснээр мөнөөх бүсгүй Буддагийн хувилгаан юмсанж. Түүнийг Сухната гэдэг. Хувь ерөөл бүрдсэн Сарахад туслахаар Будда өөрөө морилжээ. Гэхдээ Сухната нэртэй бүсгүй хүний дүрээр. Яагаад бүсгүй хүний дүрээр ирэв? Учир нь, хүн бүхэн бүсгүй хүнээс төрдөг. Сүнслэг шинэ төрөл ч үүнтэй адил гэж Тантар үздэг юм. Багш бол эцэг гэхээсээ илүү эх хүн байдаг. Будда, Кришна, Махавир хэнийг нь ч харсан, тэдний харц болоод зүрхнээс нь чи эмэгтэйлэг гялбаа, эмэгтэйлэг хайрыг мэдрэх болно. Гадаад бие нь эрэгтэй байлаа ч дотоод энерги нь эмэгтэйлэг. Эр эрчмээр үр үндсийг суулгах боловч, дахин төрөлтийг хэрэгжүүлэх боломжгүй. Багш чамайг эх мэт хэвлийдээ тээж төрүүлдэг. Хэчнээн сар, хэчнээн жил, хэчнээн амьдралын туршид тээхийг хэн ч эс мэднэ. Энэ бол чиний хэр удаан хайлахаас хамаардаг зүйл. Чи багш руу өөрийгөө юүлж, түүнд бүрэн шингэж уустлаа тээгдэх болно. Багш шавиа хүлээдэг гэсэн үг. Сумчин бүсгүй Сарахаг хүлээж байсан хэрэг.
Хуучин үгэнд: “Багшаа шавь нь сонгохоос өмнө багш нь шавиа сонгоно” гэж хэлдэг. Тийм байхаас аргагүй. Бодоод үз л дээ. Багш чамаас илүү сэргэг, чамаас илүү хараатай. Ямар аргаар нэвтэрч, яаж хөтлөхөө мэддэг. Чиний ирээдүй алган дээр нь буй. Сонголтыг тэр л хийж таараа. Багшийг өөрөө сонгосон гэж бодож байвал ташаарч байна. Сохор байж чи яаж багшийг таних юм бэ? Унтаа байж яаж түүнийг мэдрэх юм бэ? Хараад, мэдрээд эхэлсэн бол хэдийн тэр чам руу нэвтрээд орчихсны шинж. Багш аль эрт чамайг сонгосон байжээ.
Сарахад ч ийм явдал тохиолдсон. Сухната түүний ирэхийг хүлээж байсан юм. Тэд хамтдаа хүүрийн газар очиж, амьдран суух болжээ. Юуны учир хүүрийн газар амьдрах болов? “Үхлийг ойлгоогүй цагт амьдралыг ойлгохгүй. Үхэж чадахгүй бол чи дахин төрж чадахгүй” гэж Будда хэлдэг. Сарахагаас хойш Тантрын олон егүзэр хүүрийн газар амьдрах болсон. Сараха анхных нь юм.
Сумчин бүсгүй, тэр хоёрын дунд хязгааргүй хайр халгиж байлаа. Энэ бол ердийн эр, эмийн хайр биш, багш шавийн хайр. Эр, эмийн хайр хааяа л сэтгэлийн төвшинд гарч ирэхээс бусад үед махбодын төвшиндөө үлддэг. Гэтэл энэ хайр нь сэтгэлээс хальсан сүнслэг хайр. Сараха эмэгтэй хүнээр хөтөчлүүлэн Тантрын ертөнцөд уусчээ...
Хүүрийн газар амьдраад зогсохгүй, тэр амьдралаа баяр цэнгэл болгож болох уу? Өдөр, шөнөгүй гашуудлын цуваа, хүүрийн хярвас, чандрын утааг харсаар байж шүү. “Оршуулгын газар зөвхөн уйтгар гунигийг мэдэрнэ. Яаж тэнд баярлаж хөөрөх юм бэ?” гэж бодож байгаа байх. Тэгвэл чиний баяр жаргал гэж боддог бүхэн өнгөц хуумгай, хоосон найдлага төдий. Чи амьдралын үнэнээс нүүр буруулж, айдсаа нуух гэж оролдож байна. Амьдрал, үхэл хоёрын учрал дээр баясч цэнгэж чадвал энэ чинь жинхэнэ баяр цэнгэл болно.
Бүх эсрэгцлийг цэнгэлд уусгаж орхидог нь Тантрын гоо сайхан. Сарахагийн хувьд амьдрал хөгжөөн наадмаас өөр юу ч биш байлаа. Түүний жаргал таашаал халгиатай хэрээрээ халдвартай байжээ. Хүмүүс түүний дуулж, бүжиж буйг харахаар ирдэг болов. Ирсэн хүмүүс өөрийн эрхгүй цуг бүжиж, наадаж эхэлнэ. Оршуулгын газар наадмын газар болж хувирав. Оршуулга болдгоороо болж л байсан. Гэвч Сараха болон сумчин бүсгүйг тойрон хурж, баярлан цэнгэх хүмүүсийн давалгаа улам нэмэгдсээр. Тэд самади бясалгал гэж юу байдгийг мэдэхгүй ч ая зөнгөөрөө самадид орж байлаа.
Мэдээж үүнийг номлогч, ёс зүйч бярманууд тэвчиж сууж чадахгүй. Сараха шиг хүнийг эсэргүүцэх нь жам ёсны үзэгдэл. Тэд Сарахагийн тухай элдэв цуу тарааж эхэллээ: “Тэр бол садар самуун, гаж донтон. Ариун бярманы уламжлалыг гутаасан тэрслэгч. Хуврагийн сахилаа огоорсон ичгүүргүй амьтан. Доод кастын хүүхэнтэй цуг галзуу нохой шиг үсчиж явна”.
Сараха үнэхээр галзуу харагдаж байсан. Гэхдээ галзуу нохой биш, галзуу бурхан байлаа. Яаж харах нь тухайн хүний хэрэг. Энэ цуу яриа эзэн хааны сонорт хүрэв. Эзэн хаан Сарахаг хамгийн ихээр хүндэлж, хайрладаг нэгэн байсан. Татгалзах аргагүй саналыг нь үл тоомсорлон, ордныг орхин одсон залуу бярманы араас чих тавьж, нүд чилээж суужээ. Гэтэл түүний ёс бус явдлын тухай хов жив өдөр тутам сонстох боллоо. Хаан санаа зовниж, хэдэн элчийг томилон Сарахаг ятгахаар явуулжээ.
“Хүү минь, явсан замаараа эргээд ир. Чи бол өндөр язгуурт, номч бярманы удам, гоц авъяас билигтэн. Чиний байх ёстой газар бол хүүрийн газар биш, хааны ордон. Би чамайг үргэлж хүлээж суудаг. Ордны хаалга өмнө чинь нээлттэй байна. Удам угсаагаа хүндэлж үз!” гэсэн үг дайв.
Зорьж ирсэн элч нарт Сараха нэг зуун жаран шад дууллаа дуулжээ. Энэ дууллын эцэст элч нар бүжиглэж эхэллээ. Эргэж тэд яваагүй болохоор эзэн хааны сэтгэл улам үймрэв. Сарахаг хайрлаж биширдэг, тийм ч учир охинтойгоо гэрлүүлэхийг хүсдэг байсан хааны хатан Сараха руу явжээ. Сараха түүнд зориулж наян шад дуулал хайлснаас болж хатан ордон руугаа буцсангүй. “Юу гээч нь болоод байна вэ?” эзэн хаан гайхшаа барж, өөрийн биеэр хүүрийн газар ирлээ. Сараха түүнд дөчин шад дуулал дуулжээ. Хаан биеэ барьж дийлсэнгүй. Галзуу нохой аятай хүүрийн газар бүжиглэж эхэллээ.
Сарахагийн ийм гурван дуулал шастир түүхэнд тэмдэглэгджээ: Зуун жаран шад Элч дуулал. Наян шад Хатан дуулал. Дөчин шад Хаан дуулал. Улам бүр цомхон болж байгаа нь хүлээн авах төвшнөөс хамаарч байгаа юм. Элч нараас илүү хатан, хатнаас илүү хаантны ухаан билиг сэргэг байжээ.
Хаан эзэн Сарахад урваснаас үүдээд ханлиг улс тэр аяараа урвах замдаа орсон гэнэ. Сурвалж бичигт өгүүлснээр тухайн үед орон гүрэн бүхэлдээ аглаг хоосон болжээ. Аглаг хоосон – энэ бол буддист бэлгэдлийн үг. Хүмүүсийн эго арилсан гэсэн үг. Үймээн бужигнаан, өрсөл тэмцэл бүгд замхарч, аниргүм амгаланд хотлоор уусчээ...
Агнистын гэгээ – 8: “Тантрын дуудлага” (Сарахагийн хаан дуулал, Ошо багшийн тайлбар)