АНУ дахь Ази судлалын төвийн судлаач Аллен Уочман “...Дэл­­хийн улсууд тэр чигээрээ Мон­голын эрдэс баялгийн ордуудад ямар нэгэн байд­лаар лиценз эзэмшихийн тө­лөө өрсөлдөж байна...” хэмээн “The Financial Times”-д ойрмогхон ярилцлага өгснийг орчуулан сониныхоо хоёр өд­рийн өмнөх дугаарт толилуулсныг ун­шигч авхай нар анзаарсан бо­лов уу гэж найднам. Монгол Улс сүүлийн хэдхэн жилийн дотор эл­чил­гүй цөлийн дунд гэнэт тохиолдсон баян бүрд лүгээ ха­вийн улс амьтны анхаарлыг татаж, амьд­ралыг нь тэтгэх боломж болж харагдах болсныг нь Аллен Уочман ийн хэлсэн болов уу.

Нөөцөө барж, эрчмээ шавхаж буй өнөөгийн ертөнцийн нүднээ Монгол Улс яг үнэндээ бөөн мөнгө л болж харагдаад байгаагаас биш тэд бидэнд чинхүү “хайртай” болчихоод байгаа гэж ойлговол эндүүрэл.

“Mongolia” гэдгийг Өрнөдөд “Minegolia” хэмээн нэрлээд хэвших шахаж байна. Үүнийг өгүүлэхийн учир дор оршино. Мөнгө босгох өнөөгийн хамгийн боломжтой улс бол Монгол гэдгийг гадна, дотнын туршлагатай, цараатай, бизнесмэн, хөрөнгө оруулагч, банк санхүүгийнхэн аль хэзээний олж харчихаад боломжтой бүхий л байдлаар Монгол руу үйл ажиллагаагаа идэвхжүүлж байна. Аливаа хөрөнгө оруулалт, тэр тусмаа гаднынхны санаа тавьсан төсөл, том, том хөтөлбөрүүд өөрсдөд нь ашиггүйгээр хэзээ ч хэрэгждэггүй. Энд уул уурхайн улиг болсон сэдвийг хөндөөд яахав. Харин Монголоос мөнгө босгох ээлжит нэгэн ”операци” боловсролын салбарт хэрэгжээд эхэлсэн юм бишүү гэдгийг сэрэмжлүүлж санал бодлоо уншигчидтай хуваалцахыг хүслээ.

КЭМБРИЖИЙН СТАНДАРТ МОНГОЛД ЯАГААД...?

-Өнгөрсөн оны хавар яг өдийд энэ “операцийн” эхлэл тавигдсан юм. Монгол Улсын Засгийн газар, Кембрижийн их сургуулийн Кембрижийн олон улсын шалгалтын төвийн хооронд Монгол Улсын бага, дунд боловсролын стандарт, хөтөлбөрийг шинэчлэх талаар тохиролцон санамж бичиг гарын үсэг зурж баталгаажуулсан билээ.



Кэмбрижийн стандарт гэж юу юм бэ? Дэлхийн 100 гаруй оронд нутагшсан шилдэг стандарт гэж үнэн үү? Энэ стандарт нэвтэрсэн тохиолдолд боловсролын салбар шууд л “О’кей” болчих уу?

Сургуулийн сургалтын бааз, лабораториуд эрдэм шин­жилгээний хүрээлэн шиг болж, багш нарын цалин хэдэн сая төгрөгт хүрч, монгол хүүхэд бүр дэлхийн хамгийн үнэтэй, хамгийн чанартай сургалтад ямар ч бэрхшээлгүйгээр хам­раг­дах хэрэг үү? гээд хорхой хүр­гэсэн, бас тодорхой хариулт шаард­сан асуулт хөвөрч байгаа ч хэн ч үүнийг тайлбарлахгүй байна.  Тэр тусмаа Боловсролын яам. Яагаад...?

Кэмбрижийн стандарт мундаг уу, гэвэл мундаг.Учир нь энэ стандартын үнэлгээнд тэнцсэн сурлагатай сурагч дэлхийн алдартай их, дээд сургуульд шууд суралцах боломжтой юу гэвэл боломжтой. Гэхдээ Кэмбрижийн стандартын дагуу шалгалт өгөөд ийм үнэлгээг авна гэдэг амар юм биш. Өдгөө энэ стандартыг нэвтрүүлсэн гэх 100 гаруй орны тоонд Монгол Улс нэрлэгддэг. Яагаад гэвэл MCS  группийн харьяа “Орчлон” сургууль энэ стандартаар сургалт явуулаад арав шахам жил болж байгаа болохоор автоматаар ийн жагсаалтад орсон хэрэг. Гэвч энэ сургуулийг төгсөгчдөөс Кэмбрижийн шалгалтад тэнцсэн хүүхэд хэд гарсныг мэдэх хүн тус сургуулийн багш, захирлаас өөр бараг үгүй дээ. Ямар их хөрөнгө, өртөг шаардсан сургалт байдгийг тус сургуулийнхан л мэднэ.

Тус стандартын дагуу хичээл заах өндөр зэрэглэлийн багш Монголд бараг байхгүй. Тоо бодлого, физик, геометрийн хэчнээн чадалтай, сайн  багш байгаад англи хэл дээр хичээлээ зааж чадахгүй болохоор яах билээ.

Кэмбрижийн  сургалтын онцлог,  гол тавьдаг шаардлага нь бүх хичээлийг англи хэл дээр, дээд түвшинд заах, сургах явдал байдаг. Ийм багш нар тэгээд Монголд бэлтгэгдсэн үү? Үгүй ээ? байхгүй. Тийм ч учраас “Орчлон” дунд сургууль сард 5-6 сая төгрөгийн цалин амлаж гадаадаас багш нарыг урьж багшлуулж байгаа юм. Ийм өндөр цалин амлахгүй бол тэд ирэхгүй. Ирэхгүй бол сургалт нь Кэмб­рижийн стандартад хэзээ ч тэнцэхгүй. Нэг хүүхдийн жилийн сур­галтын төлбөр гэхэд л 11 сая төгрөг. Ийм байхаас ч аргагүй юм. Кэмбриж өөрөө дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хөтөлбөр.

Нэг шалгалт өгөхдөө 100-150 ам.доллар буюу заавал өгөх таван шалгалтын 750 ам.долларыг сурагч бүр төлөх шаард­лагатай болно. Үүнийг “дааж”  хүүхдээ сур­гах чадалтай, санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн гэр бүл Монголд хэд байгаа билээ. Кэмбрижийн стандарт нь зөвхөн хувийн секторт хэ­рэгждгийн учир үүнд байдаг юм.

Дээр өгүүлсэн  100 гаруй улсууд “Орчлон” шиг ху­вийн секторт л элит сургуулийн хэм­жээнд Кэмбрижийг им­портолсон бай­даг болохоос манай Засгийн газар, Боловс­ролын яамныхны ярьж байгаа шиг улсын сургуулиудад нэвт­рүүлсэн тохиолдол огт байхгүй.

Манайхаас өмнө Казахс­тан л Кэмбрижийн стан­дартыг улсын буюу төрөөс сан­хүүжилттэй сургуулиуддаа нэвт­рүүлэх гээд дампуурсан түүх байдаг юм билээ. Үүнийг яг одоо бид давтах гэж байна л даа. Кэмбриж өөрөө цэвэр бизнесийн байгууллага шүү дээ. Тиймээс Казахстан, Мон­гол шиг эдийн засаг нь өндийж, ашиг орлоготой болж, төлбөрийн чадвар нь нэмэгдэж байгаа улсууд Кэмбрижийн бизнесийн “шахааны” хамгийн ашигтай орон зай болдог. Монгол, Казахстан, улсууд байгалийн асар их нөөц, бая­лагтай учраас өөрөөр хэлбэл, санхүүгийн   чадвартай бо­лж байгаа болохоор  “эдийн засгийн алуур­чин” нэг нөхөр ирээд Кэмб­рижийн хөтөлбөрийг  “шахчихаж” байна.

Азийн хөгжлийн банкнаас эл хөтөлбөр, стандартыг Монголд нутагшуулахад ямар байх нь вэ? гэдгийг судлан аудит хийгээд нэгдүгээрт, асар өндөр зардалтай, хоёрдугаарт, Монголд хэрэгжих боломжгүй гэсэн дүгнэлт гаргасныг Засгийн газар, салбарын яам яагаад үл тоон зүтгүүлээд байгаа нь гайхалтай санагддаг юм. Энд хэн нэгэнд ашигтай мөнгө босголт явж байгаа юм биш биз. Яагаад ийм өндөр зардалтай, боломжгүй, Монголд хэзээ ч үл биелэх утопи зүйлийг ажил хэрэг болгох гэж амиа тавин зүтгээд байгаа юм бэ? Мэдээж энэ хөтөлбөрийг санхүүжүүлэх гаднын банк, санхүүгийнхэн захаас аван бий. Тэд зээлнэ. Дараа хэрэгжилт ямар байх эсэх тэдэнд огтхон ч падгүй. Мөнгөө хүүтэй нь эргүүлээд авна. Тэдэнд бол тэр чигээрээ ашиг. Харин Монголын татвар төлөгчдийн мөнгийг ийм үл гүйцэлдэх, хохиролтой хөтөлбөрт зарцуулах санааг сэдэхийн учир юу билээ!

Аймаг, дүүрэг болгонд Кэмбрижийн стандарттай нэг сургууль байгуулах захи­рам­жийг сайд Ё.Отгонбаяр гаргачихлаа. 30 сургууль гэсэн үг. Яамныхан тэр сургуулийг тэгээд ямар хөрөнгөөр бай­гуулах, хаанаас багшлах боловсон хүчнээр хангах нь ойлгомжгүй. Англи хэлийг багш нарт зааж байгаа гэх тайлбараас өөрийг тэд хэлж мэдэхгүй байна. Бүх хичээлийг англиар заадаг  универсаль  багш бэлтгэхэд “Golden bridge”-ийн 3-6 сарын сургалт хангалттай гэвэл ёстой үүн шиг онигоо хаана ч үгүй биз.

“Кэмбрижийн хөтөлбөрийг одоогийн монгол хөтөл­бөртэй харьцуулахад 90 гаруй хувь нь тохирч байгаа юм” хэмээн Ё.Отгонбаяр сайд телевизийн шууд ярилцлагад орохдоо хэлж байсан.

Тэгвэл ялгарах юмгүй адил  хөтөлбөртэй юм бол бид яах гэж илүү зардал гаргаж  Кэмбрижийн стандартыг, хөтөлбөрийг авч байгаа юм бэ? гэдгийг сайдаас асуумаар байна. Тухайн улсын баялгийг шууд цөлмөж чадахгүй бо­лохоор асар үнэтэй хөтөлбөр төс­лүүдийг хэрэгжүүлэх за­маар халаасыг  нь хоо­солдог технологийн нэг нь Кэмбрижээр дамжин Монголд орж ирж байгаа юм биш биз...

БОДЛОГООР “ТАРХИ УГААЛТ” ХИЙГЭЭД БАЙНА УУ


Олон нийтэд Кэмбрижийн стандартыг Монголд ну­тагшуулах тухай сурталчилгаа их гоёор хүрч байна. Ё.От­гон­баяр сайд “Жилд 11 сая төгрөгийн төлбөр төлж, 300 мянган төгрөгөөр зөвхөн су­рах бичиг, номоо худалдан авч, 150 доллараар нэг шалгалт өгдөг сургуульд яагаад зөвхөн баячууд, эрх мэдэлтний хүүх­дүүд сурч байх ёстой гэж. Ийм сургуульд жирийн иргэдийн хүүхдүүд сурдаг болгох гэж Кэмбрижийн стандартыг Мон­голд нэвтрүүлж байгаа юм” гэж хэлсэн. Ийм үг нийгэмд яаж хүрэх нь ойлгомжтой. Зүрх сэтгэлдээ 100  хувь таашаалтайгаар хү­лээн авна.

Харамсалтай нь ямар их үнээр Кэмбрижийн стандарт хөтөлбөрийг  худалдаж авч байгааг, энэ стандартад тэн­цэх сургалт явуулах болов­сон хүчний боломж манайд  байхгүй гэдгийг тэр болгон мэдэхгүй. 1990 оноос хойш Монголын боловсролын ча­нарыг сайжруулах гэж Нээлт­тэй нийгэм, Соросын сангаас төсөл хэрэгжүүлсэн. Түүний дараа Японы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (JAICA)-гаас, зал­гаад Азийн хөгжлийн банк­наас  гээд   мундахгүй төсөл хэ­рэгжүүлж мөнгө зарцуулсан ч юу нь сайжирсныг  өнөөдөр хэн нь ч хэлж мэдэхгүй бол­сон. Төслүүд үндсэндээ дам­пуурсан. Хожсон хэсэг мэдээж бий. Харин хожигдсон буюу хохирсон нь Монголын боловсролын салбар, Мон­голын хүүхэд залуус.

Кэмбрижийн стандартыг Монголд импортолж байгаа нь дээрх төслүүд    шиг ээл­жит бүлэг   этгээдийн  “хоо­лонд” орох гайхамшигт санаа­чилга л биш байгаасай даа. Кэмбрижийн хөтөлбөрөөр хи­чээллэж буй “Орчлон” сур­гуулийг төгсөгч хүүхдүүд зөв­хөн IGCSE  буюу хамгийн доод түвшний шалгалтыг л өгдөг. Тэнд “А” болон “AS” түвшинд шалгалт өгөх хүүхэд бэлтгэж чадахгүй байна. Тийм боломж ч байхгүйг тус сургуулийн за­хирал нь ярьж байсныг яагаад хэн ч анхаарахгүй байна вэ? IGCSE түвшинд тэнцсэн гэдэг нь  манайхаар дунд сургууль төгслөө гэсэн батламж л авч байгаа хэрэг. Түүнээс биш манайхны ойлгож байгаа шиг шууд гадаадын их дээд сургуульд орох эрх биш ээ.  Англи хүүхдүүд ч өөрсдөө “A”, “AS” түвшинд тэнцэх  үнэлэмж авч чаддаггүй юм. Үнэхээр бусдаасаа онцгой хүүхэд бол өөр хэрэг. Тийм хүүхдүүд манайд ч бий. Тэдэнд тэтгэлэг олгох боломж бас байдаг гэдгийг үгүйсгэхгүй ээ. Өндөр цалин, чанартай сургалт, сайхан орчин, сүүлийн үеийн  лаборатори..., гээд багш, су­рагч болгон мөрөөдөж л байгаа. Гэхдээ  тэр шалгуурт нь тэнцэх багш, сурагч та мөн үү гэдгээ хамгаас түрүүнд санаж байх учиртай болов уу.

Ярих амархаан. Хэрэг­жүү­лэх гэдэг өөр. Энэхүү ялгааг мэд­рүүлэхгүй байхад чиглэсэн су­рталчилгааг харин “Тархи угаалт” гэдэг юм. Ийм үйл ажил­лагааг бодлогоор хийгээд байгаа юм биш үү?

БОЛОВСРОЛЫН ЯЛГААГ ОЛОН УЛСЫН КОНВЕНЦИОР ХОРИГЛОДОГ ЮМ

Боловсролыг алагч­лах бод­­логотой тэмцэх тухай кон­венцийг 1960 онд ЮНЕСКО-гоос гаргасан байдаг. Уг кон­­венцид оролцогч улсууд бо­ловсролын талаар адил тэгш бололцоог нийтэд олгох, ямарваа ялгавартай байдал гаргахыг хориглосон байдаг юм.

Тэгвэл Кембрижийн хөтөлбөрийг Засгийн  газраас санал болгож байгаагаар хэрэгжүүлбэл Үндсэн хуулийн “Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй олгох, хүүхэд, хүн бүрийн чанартай боловсрол эзэмших тэгш эрхийг хангах зарчим” ноцтойгоор зөрчигдөхөд хүрч байна.

Яагаад гэвэл Монгол Улсын боловсролд ялгаа гарч “Төрийн өмчийн, олон улсын хөтөлбөртэй сургууль” нэртэй (Кембрижийн хөтөлбөртэй) зөвхөн төлбөрийн чадвартай хүмүүсийн хүүхдэд зориулсан цөөн хэдэн чанартай боловсрол олгох сургууль, ядуу болон дундчуудад зориулсан “ердийн”  бөгөөд чанар, санхүүжилт муутай зуу, зуун сургууль бий болох үндэс эндээс тавигдаж байна шүү дээ.

Улсын сургуулиудын сан­хүүжилт, чанарыг сайж­руулах яаралтай хэрэгцээ байхад, мөн нийгмийн хөрөнгөтэй хэсэг нь хувийн сургууль байгуулж, үйлчлүүлэх бо­ломж нээлттэй байсаар атал нийгмийн элит цөөнхөд  зориулсан боловсролын үйл­чилгээг татвар төлөгчдийн мөнгөөр буюу улсын төсвөөс санхүүжүүлэх гэж байгаа нь ардчиллын зарчим хийгээд ЮНЕСКО-гийн конвенцид нийцэж байгаа хэрэг үү!
Аймаг болгонд нэг сур­гуулийг Кембрижийн стан­дарттай болгоно гэж байна. Тэр стандартаар нэг ангид 15-20 хүүхэд хичээллэнэ гээд тоог нарийн заасан байгаа. Багшлах багш нарын ур чадвар асар өндөр хэмжүүртэй.

За тэгээд сайн багштай байхын тулд гайгүй гэсэн болгоныг арай ахиу цалин амлаад уг сургуульд татлаа гэ­хэд  бусад  сургуульд  муу    багш нар  нь  үлдэж  таа­рах нь. Тухайн аймгийн хүү­хэд болгон тэр сургуульд суралцахгүй нь то­дорхой. Аймгийн сэтэртнүүд, нут­гийн “нударганчууд”-ын хүүх­дүүд эхний ээлжинд орон тоог нь гүйцээчихнэ. Тэ­гэхээр үлдсэн хүүхдүүдийн бо­ловсролын чанарт хэн ан­хаарлаа хандуулж, тэднийг ял­гаварласны хариуцлагыг хэн үүрэх ёстой болж байна вэ?

Засгийн  газар уу, салбарын яам уу? Тэд бол зуурдын настай, сонгуулиас сонгуулийн хооронд л амьдардаг зуны “ялаа”-нууд. Тэгээд ч утопи хийгээд популист амлалт, санааг цээжнээсээ чөлөөтэй урсгаад  сурсан манай эрх мэдэлтнүүдэд хожмын үр урхаг, үүсэн гарах хүндрэлүүд огтхон ч хамаагүй болдог уламжлал харин ч нэг нутагшсан байх.

Эцэст нь өгүүлэхэд бо­ловсрол гэж хүн бүр ярих эрхтэй ч, юуны тухай ярьж байгаа нь тодорхой байх ёстой болов уу? Кембрижийн хөтөлбөр, стандартын дагуу байгуулах нэг сургууль ямар өртөгтэйг, түүнд ногдох хувьсах зардлын хэмжээ болон санхүүжилтын нэгдсэн дүн зэргийг Боловсролын яамнаас  асуухад яагаад тодорхой  хариулт өгөхөөс татгалзаад байна вэ? Гаднаас авах санхүүжилт нь ч нууц байгааг ойлгохгүй байна.

Кембрижийн гайхамшгийг мөрөөдөх сайхан ч хэрхэн биелэх нь бүдэг байна шүү дээ. Аливаа үндэстний соёлыг сайн, муу гэж харьцуулж болохгүйн адил боловсролыг ч гэсэн тэгж харьцуулж үл болно. Боловсролын шинэчлэл нь цөөхөн бүлгийн эрх ашиг, сонирхлын илэрхийлэл байж таарахгүй. Тэр тусмаа олон нийтийн хийгээд  эрдэмтэн мэргэд, мэргэжилтнүүдийн са­наа, оноог үл хайхран захир­гаадан, тулган байж  хүчээр Кембрижчлэх бодлогыг хэрэг­жүүлж байгаагийн цаад учир шалтгаанд ямар нэгэн эрх ашиг нуугдаагүй л юм бол бүх зүйл ил бөгөөд тодорхой байх ёстой биш үү?

Монгол  Улсын боловс­ролын салбарт  хийсэн ши­нэчлэл өөрчлөлтүүдийн та­лаар “Боловсролын бодлогын импорт: Даяар шинэчлэл ба Монголын орон нутгийн хүчин зүйлс” номын зохиогч АНУ-ын Колумбын их сур­гуулийн профессор Гита Штейнер Хамси “Гаднаас зээлж болохгүй маш чухал зүйл бол боловсролын агуулга буюу хөтөлбөр юм. Сүүлийн хэдэн жилийн турш Монголын Засгийн газраас боловсролын агуулгыг гаднаас зээлж, оруу­лах чиглэлээр олон ажил хийж байна. Тэр оролдлогууд бүтэлгүй болж байгаа то­хиолдол олон. Яагаад вэ? гэвэл үүнийг гаднаас зээлж болдоггүйд л байгаа юм даа. Гаднын туршлагыг судалж болно. Өөр улсад очоод тэр хөтөлбөрийг яаж шинэчлэв гэдгийг нь харж болно. Хамгийн гол нь түүнийг хэ­рэгжүүлэх хөтөлбөрийг бо­ловсруулах ёстой эзэд нь монголчууд өөрсдөө байх ёстой. Гаднаас шууд хуулж болохгүй” гэж бичсэн байсан. Түүнчлэн Лондоны их сургуулийн Боловсролын хүрээлэнгийн судалгаанд “Олон улсын хэмжээнд хийг­дэж буй бодлогын үйл явцыг бизне­сийн байгууллага, ком­­­паниудаар дамжуулан хийх явдал элбэг болсон бө­гөөд ингэхдээ олон нийтэд мэ­дэгдэлгүй, тэдний санаа бодлыг  тусгалгүйгээр хийгд­дэг” болохыг онцлон тэм­дэг­лэсэн    байсан.    Энэ  нь   цаашдаа нийтийн  (public)  боловсролын салбарыг то­дорхой бүлэглэл хувьчилж авах  далд  үйл явц руу хөтөлдөг гэд­гийг мөн уг судалгаанд анхааруулсан байсан.

“Кембрижийн хөтөл­бө­рийг  Монголд нутаг­шуулна”, “Дэлхийн боловс­ролыг  эх орондоо” гэх  мэт гоё ча­мин нэртэй боловсролын  им­портын цаана дээрх су­дал­гааны анхааруулга шиг үйл явц өрнөж байгаа эсэхийг хэн мэдлээ.

Эцэст нь хэлэхэд, би шинэчлэлийг эсэргүүцэгч биш гэдгээ зориуд хэлэх байна.