Шүүх шинэчлэгдсэн үү?
Ингэхэд шүүхээр явж үзсэн хүн байна уу. Ямар нэг байдлаар хэрэг төвөгт холбогдож, хохирогч болсон эсвэл мөнгө төгрөгийн маргаантай асуудалд орж, дор хаяж гэр бүл цуцлуулахаар шүүхийн хаалга татаж байсан хүмүүс бий. Өөрөө үгүй юм гэхэд ар гэрийнхэн, найз нөхөд нь холбогдож шүүх хуралд сууж үзэж байсан хүмүүс цөөнгүй.
Ингэхэд шүүхээр явж үзсэн хүн байна уу. Ямар нэг байдлаар хэрэг төвөгт холбогдож, хохирогч болсон эсвэл мөнгө төгрөгийн маргаантай асуудалд орж, дор хаяж гэр бүл цуцлуулахаар шүүхийн хаалга татаж байсан хүмүүс бий. Өөрөө үгүй юм гэхэд ар гэрийнхэн, найз нөхөд нь холбогдож шүүх хуралд сууж үзэж байсан хүмүүс цөөнгүй. Тэгэхэд танд ямар мэдрэмж төрдөг байсан бэ. Заргалдаж байгаа тал нь нөлөөлөөд байгаа мэт, эрх мэдэлтэй учраас тэд ялж, өөрөө ялагдах мэт санагддаг байсан уу. Дарамттай айдастай бас учир битүүлэг байсан биз. Учир битүүлэг байна гэдэг хамгийн адармаатай. Тэр ойлгомжгүй, тэр нам гүмийн цаана юу яваад байгаа бол гэх хардлага байнга төрдөг. Угаасаа шүүхийн шийдвэрт аль, аль тал нь сэтгэл хангалуун үлдэнэ гэж үгүй. Тиймээс битүүлэг, ойлгомжгүй байх тусмаа хүмүүсийн хардлагыг нэмдэг байлаа.Байлаа гэж байгаагийн учир нь тэнд цонх нь нээлттэй, хаалга нь цоожгүй болоод багагүй хугацааг үдээд байна. Шүүх ямар нэг байдлаар өмнөхөөсөө өөрчлөгджээ. Шүүхээр асуудлаа шийдүүлж явж үзсэн хүмүүс урьдынхаасаа эрс өөр болсон гэлцэх болсон. Мэдээж, хүн бүр шүүх рүү зүглээд байхыг хүсдэггүй болохоор хэр болж, хэрхэн өөрчлөгдснийг тэр бүр мэдэхгүй л дээ. Сүүлийн жилүүдэд хийгдсэн Шүүхийн шинэтгэлээс шүүгчийн цалин нэмэгдсэн түүнийг тойрсон хэл ам л хүмүүст сайн хүрсэн байх. Түүнээс бусад мэдээллүүд цалингийн нэмэгдэл шиг анхаарал татахгүй гэхдээ цаагуураа ихээхэн өөрчлөгдсөөр иржээ. Шүүхийг үйлчилгээний байгууллага гэж хэлбэл цочирдох бүр маргаж мэтгэх хүмүүс олон байсан байх. Угаасаа засаглал, шүүх засаглал гэдэг шүү дээ гэж ирээд нүдээ томруулан батлах гэж оролдоно. Гэвч өөрчлөгдсөн гэдгийг хэн нэгэн шүүгч биш, эсвэл ялж, ялагдсан шүүгчдэгч, хариуцагч ч биш олон улсын хөндлөнгийн шинжээчид хэлж байна.
2008 онд билүү дээ, АНУ-ын судлаачийн манай шүүхийн байгууллагын талаар хийсэн тайлан шуугиан тарьж байлаа. Шүүх иргэдийг үл ойшоосон байдлаар ханддаг, шүүх авлигад идэгдэх магадлал хамгийн өндөр газар гэхчлэн ноцтой дүгнэлтүүд олон байсан. Үнэнийг хэлсэн болохоос тэгж гайхшрахаар үзүүлэлт биш л дээ. Зүгээр л хэн ч мэддэг зүйлийг нь мэргэжлийн хүн албан ёсоор гаргаад ирчихсэн нь дуулиан дагуулж байлаа. Тухайн үедээ энэ талаар толгой хуульчид шүүмжлэн бичиж байсан удаатай. Одоогоос арван жилийн өмнө иргэдээс санал асуулга авахад 90 хувь нь шүүх, шүүгчдийг хөрөнгө чинээтэй хүмүүст илүү ханддаг гэж үзэж буйгаа илэрхийлж байсан байдаг. Тэгвэл америк судлаачийн тайлан гарснаас найман жилийн дараа өөр нэгэн судалгаа хийгдсэн байна. ХБНГУ-ын Засгийн газрын байгууллага болох Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хорь гаруй жилийн өмнөөс манай хууль тогтоомж, шүүх эрх мэдлийн чиглэлээр хамтран ажиллаж ирсэн байдаг. Багагүй хөрөнгө зарж, хамтарч дэмжиж ирсэн ажлаа ямар шатанд явааг мэдэх хүсэл ч байсан биз, сүүлийн жилүүдэд хийгдэж буй шүүхийн шинэтгэлийн үйл явцыг тодорхойлох зорилго ч байсан биз манай шүүхийг цогцоор нь судлах хүсэлт тавьжээ. Ерөнхийдөө судлах юу байхав, шалгалт л даа. Ямар нэгэн нөлөөлөл байхгүй, хөндлөнгийн шинжээчид судална. Тэгээд дүнгээ шууд олон улсад цацчихна. Шуудхан хэлэхэд, эрсдэлтэй л асуудал. Харин хамгийн магтууштай нь манай Шүүхийн ерөнхий зөвлөлөөс энэ судалгааны ажилд оролцохыг зөвшөөрсөн байгаа юм. Мэдээж дараагийн магтууштай нь тэр судалгаа нь эерэг гарчээ. Яг ижил гараанаас шүүхийн шинэтгэлийг хийж эхэлсэн улс орнуудтай харьцуулахад ихээхэн түрүүлж яваа, шүүхийн нээлттэй, хүртээмжтэй байдал бүрэн хэмжээнд хангагдсан гэж шинжээчид үзсэн байгаа юм. Хот хөдөөгийн олон шүүхээр явж, олон тооны хүнтэй уулзаж хараат бус, хөндлөнгийн, мэргэшсэн багийн гаргадаг энэ дүгнэлтийг хардамхай зангаараа худлаа гарчихлаа, муу байсан гэж батлах гээд ч боломжгүй. Дэлхийгээс өөр гариг дээр л тэгж оролддоггүй юм бол угаасаа энэ шинжээчдийн дүгнэлт олон улсад хүлээн зөвшөөрөгддөг.
Хуучны ойлголтоор болж өгвөл шүүхээс хол байхсан, шүүхийн хаалга татахгүй юмсан гэж бодол их байдаг байсан бол эрхээ хамгаалуулахын тулд шүүх дээр очих ёстой гэдэг хандлага их болжээ. Өөрөөр хэлбэл, шүүх үйлчилгээний байгууллага гэж хүлээн зөвшөөрөгдөх болсны том баталгаа энэ л дээ. Архангай аймгийн Хайрхан сумын малчин О.Дорж гуай багийн иргэд нь хуралдаж шийдвэр гаргаагүй байхад сумын иргэдийн хурлын дарга нар 969 га газрыг хувийн компанид олгосон явдлыг эсэргүүцэж, шүүхэд гомдол гаргажээ. Эгэл жирийн малчин хүн нутаг орныхоо дарга нарын эсрэг гомдол гаргана гэдэг амаргүй. Гэвч түүнд багийн иргэд нь шийдвэрээ гаргаагүй байхад давж шийдвэр гаргасан нь буруу гэсэн итгэл үнэмшил байж. Иргэний оролцооны асуудлыг өөрөөр ойлгодог болсон нь эндээс харагдана. Нөгөө талаас шүүхийн шийдвэрт хөдөөний малчин өвгөн итгэсэн учраас хоёр жил гаруй үргэлжилсэн шат шатны есөн хурлын нүүрийг үзжээ. Шүүх хуралд ороод “Миний бие шүүхийн хаалга таталгүй 70 насаллаа. Үхэхээсээ өмнө ийшээ орох дутуу байж. Энэ дутууг шүүх шийднэ” хэмээн хэлж байсан нь шүүхийн талаар хуучны хүмүүсийн сэтгэлгээ бас хэрхэн өөрчлөгдсөн ойлголт анзаарагдана. О.Дорж өвгөний нэхэмжлэлтэй шүүх хурлыг гадна талд нь дэлгэцээр үзээд сууж байгаа хүмүүс хэдийнэ эчнээгээр шүүчихсэн “Пөөвгөр өвгөн ялах юм байна” гээд сууж байсан гэсэн түүх шүүхийн шинэчлэлийн жижигхэн жишээ. Өмнө нь шүүх хурал ямар битүү хатуу болдог байлаа даа. Одоо харин гаднаас нь үзээд суучихдаг болжээ. Шүүхийн шийдвэр нээлттэй цахим хуудсанд тавигддаг болсон. Энэ бүхнийг олон улсын шинжээчид “Монголын шүүх бүрэн утгаараа нээлттэй байна” гэж үнэлсэн бөгөөд харин шүүхийн шийдвэрийг тэр чигт нь 100 хувь ил тавьснаар хүний нэр хаяг, овог, шүүх бүрэлдэхүүний нэрс бүрмөсөн ил болчихдог. Зарим оронд үүн дээр хяналттай ханддаг талаар зөвлөсөн гэсэн.
Ерөнхийдөө шүүгчийн ажиллагаа тэр чигээрээ олон түмэнд ил болж байгаа болохоор мэргэжлийн хувьд алдаа хийх ямар ч эрхгүй болно. Мэргэжлийн судлаачид, иргэдийн хяналт өндөр болох боломж үүгээр нээгдэж байгаа юм. Зөвхөн Шүүхийн тухай гэсэн ганц хуультай байдаг байсан бол зургаан багц хууль хэрэгжих болсноор маш олон өөрчлөлт энэ салбарт иржээ.