Үнэхээр шүүх, шүүхийн байгууллага шинэчлэгдсэн үү гэдэг асуултын хариуг хамтдаа хайж байгаа билээ. Ямартай ч шүүхэд итгэдэггүй гэж хариулдаг байсан иргэдийн итгэдэг гэсэн хариулт эрс нэмэгджээ. 2007 онд шүүхэд итгэдэггүй гэх хувь 77 хувьтай байсан бол шүүхээр үйлчлүүлсэн хүмүүсийн 81 хувь, бусад хүмүүсийн 60 хувь итгэдэг гэж хариулдаг болжээ. Хөндлөнгийн байгууллагууд ч шалгаж судалж үзээд Монголын шүүхийг амжилттай шинэчлэгдсэнийг дурдсан. Мэргэжлийн хүмүүс шүүхийн шинэтгэл бодитой 10 үр дүнг дагуулсан гэж үздэг. Тэр дундаа  шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг зохицуулсан хуультай болж, шүүхийг мэргэшүүлсэн буюу дагнан байгуулж, шүүхийн захиргаа, шүүн таслах ажлыг салгаснаас гадна шүүгчийн хараат бус байдлыг хамгаалж, шүүгчийн сонгон шалгаруулалт өөрчлөгдсөн.

1992 онд шинэ Үндсэн хууль батлагдахад шүүх эрх мэдэл гэсэн бүлэг орсноор шүүхийн шинэтгэлийн анхны суурь тавигдаж үүнээс бүтэн 20 жилийн дараа буюу Ерөнхийлөгчийн санаачлагаар шүүхийн тухай багц хуулиуд хэрэгжиж эхэлснээр цугтаа төвлөрч байсан шүүхийн захиргаа, шүүн таслах ажиллагааг салгах боломжтой болсон юм. Ингэснээр шүүгчид аж ахуйн ажилд сатаарах бус зөвхөн шүүн таслах ажиллагаандаа анхаарч захиргааны ажлаас хамааралгүй болгосноор бие даан, хараат бус ажиллах боломжийг хангасан гэж үздэг. Сатаарах төдийгүй хариу юм гуйлгах, хараат бус байдлаа алдах хүчин зүйл олон байв.

Үндсэн хууль болон Шүүх байгуулах тухай хуулинд “Шүүхийг дагнан байгуулж болно” гэсэн заалт байдаг. Тийм ч учраас одоогоос 12 жилийн өмнө Захиргааны хэргийн шүүхийг манайд байгуулж байлаа. Энэ салбарынхан дагнасан шүүх байгуулах нь мэргэшсэн шүүхийг бий болгож байгаа хэрэг гэж ихээхэн талархан хүлээж авсан. Гадны улс орнуудад ч ийм мэргэшсэн шүүхийн зарчмыг баримталдаг. Шүүгчийн ур чадвар өсч, илүү нарийсдаг гэсэн үг л дээ. Гэвч зарим иргэд энэ талаар Цэцэд гомдол гаргаснаар шүүхийн тогтолцооны энэхүү шинэчлэл ухрахад хүрсэн. Аймаг бүрт давах шатны шүүх байлгалгүй, аймаг дундын тойргийн шүүх байгуулснаар наад зах нь зардал ихээхэн хэмнэх боломжтой. Гэвч хэргээ шүүхээр шийдүүлэх гэж байгаа иргэд олон км явж зардал их гарна гэж үзэх хүмүүс байлаа. Үнэндээ Захиргааны хэргийн шүүх ганц давах шатны шүүхтэй яваад ирсэн түүх байгаа л даа. Ямартай ч энэ мэт олон шалтгаанаар шинэчлэл болгон асар их даваа гүвээг туулдаг жамаар сөрж нэг, урсч нэг урагшилсаар л явна. Цэцийн энэ дүгнэлтийн талаар манай нэг сэтгүүлч “Шүдний эмчээр нүдээ эмчлүүлэхийг хэн ч хүсэхгүй” гээд бичсэн нь энгийнээр голыг нь олоод хэлчихсэн санагдсан. Бүхнийг эмчилдэг универсаль эмч гэж үгүй, аль нэг дээр нь сайн, аль нэг нь жаахан дутуу байдаг шиг шүүгч ч адил. Цагдан хорих зөвшөөрөл өгдөг шүүгчид мэргэшээд эхэлчихсэн гэж сонстож байсан. Цагдан хорих хугацаа, цагдан хорихоос татгалзах асуудлыг мэргэшээд явж байгаа шиг иргэний шүүхүүд гэр бүл, хүүхдийн гээд эрүүгийн шүүхүүд хулгайн, залилан, насанд хүрээгүй хүмүүсийн гэмт хэрэг таслах шүүхийн баг гээд мэргэшээд явчихна гэсэн үг шүү дээ.
          
2013 оны Шүүхийн тухай багц хуулийн бүрдэл хэсэг болох Шүүх байгуулах тухай хуулиар нийслэл болон зарим орон нутгийн анхан болон давж заалдах шатны шүүхийг эрүү, иргэний хэргээр дагнан бие даасан байдлаар байгуулж улсын хэмжээнд нийт 75 шүүх шүүн таслах үйл ажиллагааг дагнан хэрэгжүүлж эхэлсэн. Харин 2015 оны Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгаар орон нутаг дахь сум дундын 6 шүүхээс бусад бүх анхан шатны шүүхийг эрүү, иргэний хэргээр дагнан байгуулж, улсын хэмжээнд нийт 99 шүүх шүүн таслах ажиллагааг явуулж, иргэд хэрэг маргаанаа дагнан мэргэшсэн шүүх, шүүгчээр шийдвэрлүүлээд явж байна.
        
Шүүх дагнан байгуулагдсаны ач холбогдол нь шүүгч мэргэшихийн хэрээр шүүгчийн алдаа багасаж, шүүхийн шийдвэрийн чанар сайжирсан. Энэ тухай нэгэн шүүгч “Бид универсаль гэж өөрсдийгөө андуурч байжээ” хэмээн дуу алдсан гэдэг. Цаашдаа дагнасан шүүх илүү нарийсч гэр бүлийн, хүүхдийн, татварын шүүх мэтээр төрөлжих хөрс суурь хэдийнэ тавигджээ. Үүний үр дүнг иргэд л хүртэнэ. Дагнасан шүүх, мэргэшсэн шүүгчээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлж байгаа  иргэдийн эрх ашиг илүү хамгаалагдаж, зөвхөн олон нийтийн итгэл дээр тогтдог шүүхийн үнэ цэнийг бий болгож байна. Ийнхүү Монголын шүүхэд хөдөлмөрийн хуваарь анх удаа бий болсон нь бүтээмж, үр нөлөө хариуцлага бий болох нөхцлийг бүрдүүлсэн шүүхийн шинэтгэлийн маргашгүй ололт аж.
    
Цаашлаад цахимжсан шүүх, мөн шүүгчийн сонгон шалгаруулалтын өөрчлөлт гээд өмнөхөөсөө тэс өөр болсон, анхаарал татсан сэдвүүд бий.


Үргэлжлэл бий.