Иргэн таны оролцоо таны л эрх ашгийг хамгаална
Дэлхийн улс орнуудын дийлэнх нь ардчилсан тогтолцоог даган, чиг мөрөө болгон явж байна. Монголчууд бид өмнөх нийгэмд амьдарч байхад ямар байсан, эдүгээ ардчилал гээч нь ямар ялгаатайг аль алийг нь үзэж туулж яваа үндэстний хувьд дориун мэднэ.
Дэлхийн улс орнуудын дийлэнх нь ардчилсан тогтолцоог даган, чиг мөрөө болгон явж байна. Монголчууд бид өмнөх нийгэмд амьдарч байхад ямар байсан, эдүгээ ардчилал гээч нь ямар ялгаатайг аль алийг нь үзэж туулж яваа үндэстний хувьд дориун мэднэ. Бас хэрээрээ ардчилсан улсын ханыг босгох тоосгыг бага багаар нь өрж, ахиж яваа улс. Ардчилсан хувьсгал хийж, ийм нийгмийг байгуулснаа зарласан монголчууд ардчиллын үндэс суурь болсон иргэний оролцооны талаар харьцангуй хожуу ярьж эхэлжээ.
Үзэл бодлоо илэрхийлдэг, үгээ хэлдэг, саналаа өгдөг, шүүмжлэл хэлдэг эрх бидэнд чухал байсаан. Тэртээ холын юм шиг санагддаг бүхэн нь дэргэд ирснээр бид ардчилсан нийгэмд амьдарч байна гэж бодох болсон ч бас л дутуу байлаа.
Үзэл санааны хувьд бид ардчилалтай болсон ч үйл хэрэг нь хэрэгжих болохоороо хуучныхаараа л замнаж байв. Дарга шийддэг байсан бүхнийг сонгуулиар гарч ирсэн албан тушаалтнууд шийддэг болж, харин ард олны оролцоо гэдэг зүйл хуучныхаасаа ялгаагүй байсаар ирсэн юм. Гэтэл ардчилсан нийгмийг байгуулж байгаа улс орны хувьд иргэн хүний оролцоо бол ардчилал хэмээх цамхагийнх нь
эд эс, хадаас тоосго нь гэгддэг билээ.
Өнгөрсөн нийгэмд иргэн хүний толгойд төр нийгмийн үйл хэрэгт оролцох тухай бодох байтугай өөрийнхөө толгойд ч чөлөөтэй бодох, түүнийгээ хэлэх эрхгүй байсан. Хэдийгээр нас бага байсан ч гэсэн найзынхаа гэрт болсон сонгуулийн тухай яриаг огт мартдаггүй юм. Одоогийнхоор бол өнгөт нь тэр юм уу даа, гэрэл зургийн хар цагаан биш бор өнгөөр хэвлэгдсэн баахан хүмүүсийн зураг, нэрийг хэвлэсэн цаасыг айл, айлд оруулж өгөх үед тэр яриа өрнөсөн сөн.
-Энэ депутат болох хүмүүс. Зургийг нь хараад ав. Энэ хүмүүсийг сонгох ёстой юм.
-Зөвхөн энэ хүмүүс үү. Өөр хүмүүс байхгүй юм уу. Тэгвэл цаанаасаа нэрийг нь өгчихдөг юм бол шууд сонгочихгүй яагаад та нараас санал авдаг юм бэ.
Тухайн үед өсвөр насны хүүхдүүдийн хувьд сонголт хийх эрхийг нь өгөхгүй юм байж сонгууль хийж байгаа нь ерөөсөө ойлгогдохгүй, түүнд багагүй хачирхан эгдүүцсэн нь хүнд байх суурь эрхийн мэдрэмжтэй нь холбоотой байсан байх.
Юмны учир мэдэхгүй хүүхдүүдэд хүртэл хачирхалтай байсан тэр нийгэмд амьдарч байсан олон хүн ардчиллаар ирсэн боломж, эрх бүрийг талархан хүлээж авсан юм. Гэхдээ зөвхөн тэр эрх төдийд биш өөрөө оролцож байж, өөрөө саналаа хэлж байж, олон хүний оролцоогоор тэрхүү ардчилсан нийгмээ бүтээдэг гэдгийг бас л ойлгоогүй ирсэн билээ. Оролцооны тухай ойлголт 2000-гаад оноос хойш яригдаж, 2010-аад оноос хууль тогтоомжуудад суулгах ажлууд эхэлсэн гэхээр Монголын ардчилал дахь иргэний оролцооны түүх нэн шинэ юм. Бид тэрхүү том түүхийн нэгээхэн хэсэг нь болж яваагаа ч мэдэхгүй дунд нь орж явна. Тиймээс тэр түүхийг цаасан дээр нэгтгэн буулгаж, өөрсдийнхөө бүтээж яваа бүхнээ алдаа нь хаана байсан, амжилт нь юу байгааг бичиж үлдээх нь зөв болов уу гэж санаж байна. Ингэхийн тулд нэлээд цаас үрж, хэд хэдэн цувралаар тайлбарлан бичиж таарах биз ээ.
Ер нь иргэний оролцоо гэж яригдахад эртний Грек, Ромын үе рүү буцаж байна гэгдэх нь бий. Ромын эзэнт гүрний үед Ромын иргэн хамгийн нэр хүндтэй, хамгийн эрх мэдэлтэй, оролцоотой байлаа. Ромын иргэн биш өөр нэг газар орны хүн бол түүнийг хэн ч хэрэгсэхгүй, боол бол бүр ярих ч юм байхгүй. Гэхдээ ром хүнд бол бүгд өөр. Хэдийгээр өнөөгийн ардчилал, хүний эрх, шударга ёсонтой дүйцэх зүйл юу ч байхгүй мэт боловч ром иргэний тухайтад бүх зүйл дээр оролцоог нь чухалчилдаг байсан тэр зарчим өнөөдрийн иргэний оролцоо гэсэн ойлголттой дөхөж ирдэг юм. Ардчилсан орон Монголд саяхныг болтол сумын төвийн сургуулийн дээврийн засварын ажлыг хийх үү үгүй юу, засварын ажилд нь хэдэн төгрөг зарцуулах вэ гэдгийг хотод амьдардаг, хотын төвд байх Төрийн ордонд ажилладаг 76 гишүүн шийддэг байлаа. Төсөв, төсвийн тодотгол гээд яригдах үед байнга яригддаг тэр асуудлыг сонсоод парламентын сэтгүүлчийн хувьд бас л гайхдаг байснаа санаж байна. “Тэр сумынхан нь өөрсдөө сургуулиа засах уу, эмнэлгээ засах уу гэдгээ шийдчихэж болдоггүй юм байх даа. Энд байгаа энэ хэд юугаа ч мэдэх вэ дээ” гэж боддог байсан ч хуулиараа орон нутгийнханд ямар ч эрх мэдэл байдаггүй л байсан. 2011 онд батлагдаж, 2013 оноос хүчин төгөлдөр хэрэгжих болсон төвлөрлийг бууруулж төсвийн шинэ орчныг бий болгох, төсвийн үйл явцад иргэдийн оролцоог хангах зорилго бүхий Төсвийн тухай шинэ хууль орон нутагт үлэмж том боломжийг нээж өгсөн байдаг. Хөдөө сумын багуудад хүмүүс өөрсдийнхөө төлөө юу хийх вэ гээд хуралдаад сууж байдаг болсон гэж бодохоор үнэхээр том өөрчлөлтийг авчирсан. Шүүх хуралд хохирогч, хариуцагч аль ч талыг төлөөлөн очсон хүмүүст хурлын бүх зүйл нууцлаг, айдастай байдаг байлаа. Шүүгчдийн нэрсийг бичиж хадсан цааснаас өөр ямар ч мэдээлэлгүй шүүх хуралд оролцдог байсан. Хурал дууссаны дараа ч ойлгомжгүй. Харин одоо цахимаар бүх мэдээллийг авах боломжтой болсон. Ил тод, ойлгомжтой.
Гэхдээ энэ бүхэн тэгж амархан ирсэн амжилт биш. Цаашид ч олон даваа гүвээ урд маань бий. Огт өөрөөр бодож замнаж ирсэн бүхнийг өөрчилнө гэдэг амаргүй. Үе, үеийн Ерөнхийлөгч нарын ажиллаж, сууж ирсэн өрөөг иргэдийг цуглуулдаг, уулзуулдаг өрөө болгоно гэж шийдэх ч өөрийн бэрхшээлтэй байсан байж таарна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өрөөгөө иргэдэд өгнө, иргэд тэнд цуглаж асуудлаа ярьж батлагдах хуулиуд дээр саналаа өгдөг болно гэж ярьж, “Иргэний танхим” байгуулах санаачилгыг анх гаргасан. 2009 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр болсон Иргэний танхимын нээлт дээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Бид өнгөрсөн хорин жилд хийж амжаагүй ажлаа одоо эхэлж байна. Төр засаглалын эрх мэдлийг ард түмний гарт байлгах хамгийн чухал арга хэлбэр бол төрийн шийдвэр ил тод, шударга нээлттэй байж ард түмнийхээ өргөн хэлэлцүүлэг дор, тэдний санаа бодлын бодит тусгал болж гаргадаг зарчим байх юм” гэж хэлсэн. Үнэхээр “Иргэний танхим”-ын эхний зочид цэгнэсэн харзнасан байдалтай ирж байсныг санаж байна.
Тэдний нүдэнд хэдхэн удаа үргэлжлээд хаагдана даа гэсэн хардлага бараг л ил байсан. Яагаад гэвэл хэлэлцэж байгаа хуулин дээр саналаа хэлэх байтугай төрийн ордонд нэвтэрч ороход хэцүү нөхцлөөс гэнэт тийм боломж нээгдсэнд итгэх хүмүүс ховор байсан юм. Харин одоо “Иргэний танхим” хэлэлцэх хуулиудад саналаа хэлэх, ямар нэгэн асуудлаар хүмүүс цуглуулаад ярьж хэлцээд суудаг “гэр” нь болж.
Хуучин цагт даргаас даалгавар авах, юм хүсэх, үүргээ тайлагнах гээд айдас түгшүүр дүүрэн хаалга цохидог байсан тэр танхимд өнөөдөр тэрийг шүүмжилнэ, энэ болохгүй байгааг хэлж өөрчилнө, энэ алдаанаас бид хохироод байгааг бусадтайгаа хуваалцана гээд зориг итгэл дүүрэн нээдэг танхим болсон байгаа юм. Хүмүүс ямар байснаа мартаж, байгаа бүхэндээ амархан дасдаг амьтан. Энэ ч зөв байх. Гэхдээ иргэн миний оролцоо юу байхав гэж саяхан бодож байсан хүмүүс миний оролцоо дутах гээд байгаа учраас би байх ёстой гэж итгэл дүүрэн алхах болсон энэ өөрчлөлтийг бид мартах ёсгүй. Амин эрх ашгийн оролцоогоо иргэн та хангах ёстой. Таны, та нарын, миний, бидний оролцоо ард түмний, иргэдийн эрх ашгийг хамгаална. Тиймээс иргэний оролцооны ойлголт, өөрчлөлт, мөн тэрхүү оролцооны талаар түүхийг бүтээж яваа энэ үеийнхэн бид оролцоог илүү өргөн дэлгэр болгож, сайн засаглалын үндсийг тавьж, ардчиллын мөн чанарыг бүрэн утгаар нь бэхжүүлэх хэрэгтэй билээ.