Нийгмийг шинэчлэгчдийг занаачид дагалдана. Учир нь тэд өмнө нь болоод байсан, үр шимийг нь шимэгчлэн амьдарч дассан хуучин тогтоцыг эвдэгчид учраас тэр. Бурангуйн үүрээ эвдүүлэгчид, бусармагийн тороо тасчуулагчсад нийлж аваад шинэчлэгчдийг амь тэмцэн эсэргүүцдэг.

Хувалзыг хүртэл сугалахад амаргүй, хушууных нь тээглүүрүүд малын арьсыг гогдож шигдээд зууралддагийг малчид сайн мэднэ. Хувалз хонь хоёр хүн биш амьтан юм болохоор “Хятадын тагнуул орж ирээд намайг сугалах гээд байна”, “Эх орны хачиг монгол хониндоо ээлтэй”, “ Миний оронд хятад хачиг суулгах гэж байна” гэхчлэнгийн солиотой яриа хөөрөө шимэгч устгалын ертөнцөд өрнөдөггүй нь сайшаалтай гэх нь ч хаашаа юм бэ.

Харин нийгэм улс төрийн эрс шинэтгэл хийгчдийг түүнээс аюултай занаа, гүтгэлэг дагалддаг. Энэ нь сонгуулийн үеэр ихээхэн тод харагдаж байна. Ардчилсан намын нэр дэвшигч М.Батчимэг гишүүн өчигдөр ярьж байна аа. Түүнийг гадаадын тагнуул, урвагч…за ер нь бол юун сонгох даруй цаазлахыг шаардаж байгаа юм байх аа.

Мэдээж гол өрсөлдөгчид үүнийг өөрөө хэлэхгүй. Хэн нэгнээр хэлүүлчихээд, гайхсан царай гарган “Ард түмэн ингээд байна. Батчимэг чинь их аюултай эмэгтэй юм гэх шив” хэмээн нохойтож зогсоо. Аягүй бол гудманд тааралдаад өрөвдсөн царай гаргахаас ч сийхгүй.

Тагнуул нэр дэвшихийг анзаардаггүй монголын төр ч яахав сохор л байдаг юм байгаа биз. Харин тэр бол аюултай эмэгтэй гэдэг нь бол үнэн. Тэр үнэхээр аюултай эмэгтэй. Тэр авилгачдад үнэхээр аюул учруулж байгаа хүн. Гүтгэж болоод явдаг тогтолцоог нурааж байгаа учраас гүтгэгчдэд аюултай эмэгтэй.

Аминдаа авсныгаа ард түмэндээ өгсөн гэж гөрдөж болоод ирсэн тогтоцоог нурааж байгаа учраас ард түмний нэрээр аминдаа аваад ирсэн улст үхлийн аюул учруулж байгаа эмэгтэй.

Тэр эмэгтэй дайсан уу гэвэл үнэн. Тэрээр гэр, төр хоёроо ялгахаа байсан авилгачдын дайсан бол мөнөөсөө мөн. Төрөө засахын гэрээ засдаг, биднийгээ засахын оронд биеэ засдаг тогтоцыг зарчмаар нь шинэчлэгч залуу улс төрчдийн нэг учраас тэр.
 
Тэгэхээр ийм байна. ХХ зууны драмын хаадын нэг Л.Ванганы нэгэн жүжигт ийм хэсэг байдаг юм. Хорих анги дээр ирсэн шинэ даргад хүмүүжигчид өөрснийгээ таниулахдаа “ийм тийм хэрэгт гүтгэгдээд” гэхчлэнгээр тайлбар хийдэг. Харин хуучин дарга нь гүтгэгдээд гэдгийг нь баригдаад гээд орчуулж ойлгох хэрэгтэй болохыг нэмж хэлдэг хэсэг бий.

Яг түүн шиг нийгмийн шинэчтгэлийн нүүр царай болсон залуу үеийнхнийг хичнээн их дайрч довтолж, гүтгэн дайрч довтолж байгааг орчуулж ойлгох хэрэгтэй. Гүтгүүлж байгаагийнхаа хэрээр гүтгээд амьдарч сурсан бүтэн давхрагыг чичрүүлж байна аа л гэсэн үг.

Ер нь бол тагнуул орж ирээд, эсвэл хаа нэг тийшээ урвачихаад тэгээд их хуралд нэр нэр дэвшээд явахад нь монголын төр сохорчихоод харахгүй явна гэж байх уу?

Манай тагнуулынхан чинь ерийн нэгэн гүйцэтгэх байгууллага биш орчин үеийн европчуудыг бишрүүлсэн чекистүүд гэдгийг би ч харсан, та ч харсан…болоо юм биш үү?
 
Тогтоогоод дасгал: Урвагч гэхээрээ заавал дайсны талд орж, хятад, оростой японтой…(болон бусад 200 гаруй улстай) нийлчихдэг юм биш. Ерөөсөө л бидний талд зогсохоо болихын нэр, бидний төлөө байгаа хүмүүсийн эсрэг явахын л нэр ш дээ. За юу, ингээд л тогтоочиход хувь тавилангийн ямар ч сонголтод бүдрэхгүй.