Эхлэл ба төгсгөл

            Мянга есөн зуун ерэн есөн он, долдугаар сар

            Мөнх тэнгэрээс их хаан заларч

            Англомусын их хааныг дахин сэргээмүй

            Аймшигт Марс мөд одохгүй


Тэр яг энэ цаг үед Оросын Ерөнхийлөгч болсон юм. 1999 оны 8 дугаар сарын 9-нд тэр Кремльд заларсан. Ирээдүйдээ итгэхээ байгаад аврал хүлээж байсан Орос орон, Оросын ард түмэн тэнгэрээс буух аврагчийг “зургаа дахь мэдрэхүйгээрээ, далд ухамсараараа” хүсэж байгааг мэдсэн пиар технологичид нь “Тэр бол Путин байжээ” гэж зааж өглөө. Цуурхалын технологичид нь Нострадамусын катренд дурдсан дэлхийг захирах “Аугаа их дорнын, Англомусын хаан” бол Путин юм гэж итгүүлжээ. Уг нь тэр бол Монголын хаан гэж, Чингис дахин төрөхийг бэлгэдсэн гэж бид энэ хавьдаа ярьдаггүй бил үү? Францыг эзлэхэд Й.Геббельсийн амжилттай ашигласан тэр л Нострадамусын лүндэн В.Путинд тусласаар. Иймэрхүү цуурхалыг “иргэншиж боловсорсон” хүмүүс нэг их тоодоггүй, албан ёсны суртал нэвтрүүлэгт ашигласнаа дурдахаас байнга татгалздаг, хэн наад зах нь мухар сүсэгтэн-хуурамч Дамбийжаа болохыг хүсэх билээ. Гэхдээ л татгалзаад байдаггүй үр нөлөөтэй арга юм, ялангуяа улс орон оюун санааны гүн хямралд орсон үед...

Энэ бол эхлэл нь. Владимир Путины сонгуулийн кампанит ажлыг зохион байгуулсан улстөрийн технологичид төгсгөлөө гайхамшигтай хийж байна. В.Путин “тэнгэрээс” (шүхрээр) бууж ирээд Кремлийн бадмаараг таван хошууг тэгшилж байгаа тухай “Холодная политика” нэртэй баримтат кино сонгуулийн компанит ажлын хаалтыг өргөж өглөө. Хүйтэн дайны үргэлжлэл хүйтэн улс төр. “Хүйтэн” гэдэг үг Оросуудад яаж ч бодсон коммунизмыг, хуучин сайхан цагийг нь санагдуулж байв. Тийм болоод л “Гена-коммунист” хоёрт орж. Тэр ч байтугай баримтат киноны эхлэл баруунд хориотой “Zeitgeist” баримтат киног эрхгүй санагдуулна.

Зарим хүн ганцхан энэ кино л Оросын Ерөнхийлөгчийн сонгуулийн хувь заяаг шийдсэн мэтээр ярьж байна билээ. Киног Оросын телевизийн бүх сувгаар гаргасныхаа дараа В.Путины гарч ирэхээс өмнөх үеийн Орос орны амьдралыг баримтат кинонуудаар хангалттай “эргэн дурсуулсан” билээ. Задран бутарч, уруудан доройтсон Орос орон. Ирээдүй байхгүй, “Америкчуудын бах тавыг ханган” байгаа бүхнээ тавиад туусан аугаа их гүрний сүг сүүдэр болсон Орос орон, өнгөрснөөрөө сэтгэлээ тайтгаруулагч Оросын ард түмэн. Орос оронд өөрийн толгой алга болж, бүхнийг гадаадынхны зөвлөгөөгөөр хийж байна. Либералчид нь тун удахгүй Орос орон сэргэн мандана гэж амлах авч “яаж?” гэсэн асуултад хариулт байхгүй. Оросын баячуул дэлхийн баячуулын жагсаалтад орсныг л сэргэн мандал гэхгүй юм бол гялайх ч юм Оросын ард түмэнд, Орос оронд үлдсэнгүй, энэ хэрээр Орос орноос юу ч үлдэхгүй нь тодорхой мэт байсан бус уу? Би өнөөгийн Монголд хаанаас ч олоод харчихаар адилхан жишээнүүдийг л дурдаж байна.

Уг нь яг энэ үеийг Оросууд санах дургүй байлаа, бараг л коммунизмаа дурсах нь дээр. “Тэр хүнд үеэ” санахаас дургүй байгааг нь хүлээн зөвшөөрвөл В.Путиныг дахин сонгохгүй байлаа. Тиймээс хүчээр сануулсан юм. Та нар энэ үеийг ахин ирээсэй гэж хүсээ юу, тэгвэл “Путингүйгээр” яваад үз. “Өөр Орос” чинь энэ. Чухамхүү Оросууд В.Путинд хайртайдаа бус тэр цаг үед дургүйдээ В.Путиныг сонголоо. М.Горбачев, Б.Ельцин, В.Путин гурвыг харьцуулж үз.

Тэр 63,6 хувиар буюу нийт саналын 2/3-ыг ганцаараа авлаа. Үлдсэн нь нөгөө дөрөвт нь “хватить”.

Талыг таллах тактик

Оросын 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн ажил думын сонгуулийн үед бэлтгэгдэж байсан юм. Ер ямар ч ардчилсан оронд тэгдэг. Манайд ялагдсан намын нэр дэвшигч “Төрийн тэнцвэрийг хангах” учраар бэлгэдлийн Ерөнхийлөгч болдог бол Оросод бэлгэдлийн парламентаа Ерөнхийлөгч нь хянадаг учраас думын сонгууль хээрийн сургуулиас ч илүү бодат тулаан болдог. Думын сонгуулийн дүнгээс дараагийн сонгуулийн багцааг авч болно, ямар ч судалгаанаас хавьгүй бодитой дүн гарна.

2011 оны 12 сард болсон Оросын төрийн думын сонгуулийн дүн Оросын сөрөг хүчин, тэднийг дэмжигч баруунханд хонгилын үзүүр дэхь “прожектор” болж харагдсан юм. В.Путины тэргүүлдэг “Единая Россия” нам саналын 50 хувийг авч чадсангүй, 49,32%-тай үлджээ, Коммунист нам 19,19%, “Шударга Орос” 13,24%, ЛАН 11,67%, “Яблоко” 3,43%, “Оросын эх орончид” бараг нэг хувь, “Зөв үйлс” нам хагас хувийн санал авсан байна. 2011 оны 10 дугаар сард баталсан Сонгуулийн хуулийн өөрчлөлтөөр босгыг 7 байсныг 5 болгон бууруулсан авч сонгуульд оролцсон 7 намаас дөрөв нь босго давж бусад нь хоосон хоцорчээ.



Энэ дүнгээр 450 суудалтай думын 315-ийг бүрдүүлдэг байсан “Единая Россия” нэр дэвшигчдээ эрчимтэй сольсноор суудлаа 238 болгож бууруулсан бол Коммунистууд 92 суудалтай болж даруй 35-аар өсгөсөн байна. “Шударга Оросууд” 64, В.Жириновскийд 56 суудалтай болжээ. ЛАН өмнөх думд 40 суудалтай байсан юм. Гэвч суудлынхаа тоог бараг хоёр нугалж нэмсэн “Шударга Орос” амжилтаараа үндсэрхэгчүүдийн өмнө алхах болсон юм. Эндээс Ерөнхийлөгчийн төлөөх тэмцэл хурцаджээ.

Сөрөг либерал хүчин энэ дүнгээр багцаалдаж В.Путиныг 50 хувиас бага санал авах магадлал байна гэж тооцсон байх нь. Хэрэв тэр 50 хувиас бага авбал хоёрдугаар шатны сонгуулийн санал хураалт болох ба ийм нөхцөл нь В.Путины хувьд ялагдсанаас ялгаагүй шахам байдалд оруулж, хоёрдугаар шатанд дэмжигчдээ алдана гэж тооцож болохоор байжээ. Ийм тактикийг 2005 оны Монголын Ерөнхийлөгийн сонгуулийн үеэр баримталж байсан санагдана.

2011оны 12 сард Оросын “Олон нийтийн саналын судалгааны төв” (ВЦИОМ), “Левада” төв, “Олон нийтийн санал бодлын сан” зэрэг нэр хүндтэй судалгааны байгууллагууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн талаар судалгаа явуулахад В.Путин 42-52 хувийн дэмжлэгтэй байв. Баланс барьж байна. 10 хувийн зөрүү нь судалгааны байгууллага аль талыг баримталж буйгаас шалтгаалж байсан ба дунджаар 48 орчим хувийн санал авах магадлалтай гэж үзэхээр байв. Энэ нь л сөрөг хүчинд найдлага төрүүлж байв. Оросын сөрөг хүчний идэвхтнүүд Төрийн думын сонгуулиас бараг жилийн өмнөөс сонгууль шударга бус луйвартай болох нь тодорхой тул хүлээн зөвшөөрөхгүй гэж сурталчилсаар “Единая Россия”-д сүрхий цохилт өгсөн бөгөөд сонгогчдийг савлуулж дөнгөөд байлаа.

Думын сонгуульд “Единая Россия” ганцаараа амжилтгүй дүн үзүүлсэн нь Ерөнхий сайд В.Путинтай шууд холбоотой гэж үзэх үндэслэл бий болгож байв. Тиймээс В.Путин үүнээс илүү санал авахгүй гэж сонгогчдод итгүүлэх нь сөрөг хүчинд тун чухал байжээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний үеийн судалгаагаар нэр дэвшигчдийн чансааг тодруулахад зарим хүмүүс бүр В.Путинаас давж гарч байгаа тухай манипуляцийг ч идэвхтэй хийж байв.

Янк ба хужаа

Гайхалтай нь В.Путин сонгуулийн туйлын идэвхтэй тактик барьсан ба гадаад бодлогодоо ч тун хатуу байж чадсан юм. В.Путин нэр дэвшсэнээс хойш эхний гурван долоо хоногт 6 хувийн өсөлт авч чадаж байв. Өсөлтийг бол авч болдог, харин тогтоох хэцүү. Хүйтэн дайны үеийн коммунист суртал нэвтрүүлэг Оросуудад Америкийг гол дайснаа гэх бодол санааг баттай суулгаж өгчээ. Оросод Америкийн “гар хөл бологч, хөлсний этгээд” гэж хэлүүлэх нь Монголд хужаагийн тагнуул гэж хэлүүлсэнтэй яг адилхан нөлөөтэй юм.

В.Путин сонгуулийн явцад сөрөг хүчнийг ямагт өрнөдийнхний “гар хөл бологч” туршуул гэж нэрлэж байв. Нөгөөдүүл нь яахав дээ, их сайндаа “дарангуйлагч” л гэх юм биз дээ. Оросуудын дунд сөрөг хүчнийг Америкчууд санхүүжүүлж байгаа тухай яриа хавтгайрсан байв. Ардчиллын төлөөх Америкийн Үндэсний сан, Соросын сан, Фордын сан,  Москва дахь Хельсинкийн бүлэглэл, USAID (энэ байгууллагыг АНУ-ын гадаад суртал нэвтрүүлгийн гол байгууллага гэж Зөвлөлтийн суртал нэвтрүүлэгчид онцгойлон анхаардаг байсан) сөрөг хүчнийг санхүүжүүлж байгааг Оросын ард түмэн “мэддэг” болов. Тэр ч байтугай В.Путин дэлхийд нэг туйлт систем тогтсоныг илэрхий шүүмжилж Оросуудад ихэд таалагдаад байсан юм. В.Путинаас өмнөх Орос орны доройтол ялзралд Оросууд Америкийг буруутгадаг бөгөөд Америкчууд ялагдсан дайснаа устгаж байж л сална гэж жирийн хүмүүс нь боддог бололтой юм.

Барууныхан В.Путиныг шүүмжлэх тусам Оросууд Путиндаа улам их итгэж байв. “Америкийн ардчилал Оросод таарахгүй, Оросод Оросын онцлогтой ардчилал л байх ёстой” гэж тэр аль эрт хэлсэн байв. Тэр “онцлог” нь өөрөө л дөө. Тиймээс барууныхан энэ онцлогийг арилгахыг ихэд хүсэж байгаа нь дамжиггүй. В.Путины эсрэг контр, хар сурталчилгааг чухамхүү энэ “Америкаас санхүүжигчид” хэрэгжүүлж байсан нь Оросуудад ихээхэн болгоомжлох сэтгэгдэл төрүүлжээ. И.Ящины “Эв нэгдэл”, А.Навальныйн “Тийм” хөдөлгөөн, Путины өмнөх үеийн Оросын либерал шинэчлэгчид жишээ нь Б.Немцов, М.Касъяанов, Г.Явлинский, В.Рыжков бас урлаг соёлынхон, нийтэлчид, сэтгүүлчид, Л.Парфенов, Б.Акунин үүнд нь багтана. Тэд “Путингүй” бол чөтгөр ч толгойлсон хамаагүй “Өөр Орос”-ыг хүсэж байгаагаа нуугаагүй юм.

Думын сонгуулийн дараа Оросын сэхээтнүүд, төвийн бүсийнхний улстөрийн идэвх хурдан сэргэсэн нь ажиглагддаг. Өмнө нь сөрөг хүчнийхэн 200 оролцогч, 300 цагдаатай жагсаал хийдэг байсан бол Думын сонгуулийн дүнг эсэргүүцсэн жагсаалд оролцогчдын тоо нь 2 мянгаар эхлээд 50 мянга хүрч хэдэн арван мянгаар тоологдох болж, түүнээс хойш улам бүр өссөөр байгаа билээ. Гэхдээ Орос орон уудам, Ази-Европыг дамнан оршдог, Европын хэсэг ардчилал, барууны соёлд автамхай байж болох ч дорнод талдаа Сибирь, Алс Дорнод, Кавказад “Хүчирхэг Оросыг” л хүсдэг нь тодорхой байна. Иймээс Москвад жагсагчдын тоо мянга мянгаар нэмэгдэж байхад бусад бүсэд Путиныг дэмжигчдийн тоо зуу зуун мянгаар өсөж эхэлсэн байна.

Ийм сэтгэл зүйн фонон дээр сөрөг хүчнийхэн гарч чадахгүй урхинд орчихжээ. Уг нь овоо сууринаас эхэлсэн авч барууны ардчиллаас ухарч болохгүй, гэтэл тэр барууны ардчиллыг нь Оросууд зөвшөөрөхгүй, тэгээд думд бага ажиллах их оноо авсан боловч, Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр их ажиллаад алдаж эхэлсэн юм.

12 жил

Владимир Путин энэ удаагийн сонгуульд бодат байдлыг мэдрэхийг хүссэн нь ажиглагддаг. Би цаашид засаглах хэр боломжтой вэ? Дэмжлэг ямар байх вэ? Би ер нь зөв зам дээр байна уу? Оросууд “зөв” гэлээ.

Сонгуулийн дүнгээр 60-аас дээш хувийн санал авах нь тодорхой болсны дараа тэрээр “гудамжинд” гарч ирэхдээ нулимсаа үзүүлсэн нь Орос түүнд итгэж байгаад баярласных биз. “Хулгай илэрсэн хойно цэцэн ноён олон” гэдэг шиг хэлэхэд В.Путин дахин сонгогдох нь Д.Медведевийг сонгуулахаас хялбар байсан байх.

Ерөнхий сайд байх хугацаандаа В.Путин ядарч, эрч хүчээ алдаж байсан нь үе үе ажиглагддаг байв. Д.Медведевийг сонгох сонгуульд тэрээр нэр хүндийн оргил үедээ байсан учраас “гаргаад ирж” чадсан, харин өөрөө тийм татаасгүй гарах ёстой болсон. Ерөнхий сайд байх хугацаандаа нэр хүндээ алдсаар байсан нь үнэн. Гэхдээ л тэр “Инфляцийг 30 гаруй хувьтай хүлээн аваад тав дахин бууруулсан, ажилгүйдлийг 2,5 дахин бууруулсан” амжилттай сонгуульдаа орсонд ард түмэн нь талархжээ.

Харин одоо тэр эргээд ирлээ. Сөрөг хүчин фон сурталчилгаа, ялангуяа сөрөг сурталчилгаанд сайн ажилласан авч В.Путиныг сөрж дэвшсэн хүмүүсийг нэгтгэж чадаагүй юм. Нэгтгэх боломж ч байгаагүй, коммунистууд, үндсэрхэг үзэлтнүүд, либералууд, олигархууд яаж нэгдэх вэ дээ. Тэгээд ч Оросын улс төр өөрөө “лидергүйтэлд” автаад байсан юм. Үүнд сөрөг хүчний тооцооны алдаа байсан бололтой. Тиймээ, нам нь муу байгаа л даа, гэтэл В.Путин ганцаараа намаасаа илүү. Тиймээс барууныхан бооцоогоо В.Жириновский, Г.Зюгановт биш М.Прохоровт тавьсан юм. С.Мироновыг бол бодлогоор сөрөг хүчнээ хагалагч шимэгч гэж үзсэн бололтой.

В.Путин Думын сонгуулийн дараахан буюу өнгөрсөн оны 12 сарын 15-нд жил бүр иргэдтэй хийдэг уламжлалт шууд ярилцлагынхаа үеэр ардчилсан сөрөг хүчнийхнийг “Өнгөт хувьсгал” хийхээр завдаж байна гэж буруутгаж байсан. “Орос дахь өнгөт хувьсгал нийгмийн бодат байдлаас бус харин нийгмийн тогтвортой байдлыг алдагдуулах зорилгоор гаднаас хэрэгжүүлж буй тусгайлан, урьдчилан төлөвлөсөн үйл ажиллагаа” гэж нэрлээд “Зарим этгээдүүд Оросыг хувьсгалын туршилтад оруулах гэж байна” хэмээн зэмлэв.

Г.Явлинкийг дэвшүүлээгүй нөхцөлд үүнээс өөр гарц байсангүй. Гэтэл М.Прохоров өмнө нь думын сонгуулийн үеэр “Зөв үйлс” намаа орхисноос нам нь сүйрч байсан шүү дээ. М.Прохоров В.Путины талаас харвал бас л сайн шимэгч юм. Тэр хоёр талаас дэмжлэг авсны хүчинд гайхалтай амжилт үзүүлж бие даагч атлаа бараг найман хувийн санал авч В.Жириновскийн урдуур дайрч гурваар орж ирэв.

Гэхдээ баруунхны “тусгайлан, урьдчилан бэлтгэсэн ажиллагаа” үр дүнгүй өнгөрөөгүй юм. Оросын төвийн бүсэд М.Прохоров ид шидийг үзүүлж Москвад сонгогчдын 1/5-ийн дэмжлэгийг авч чадсан юм. Сөрөг хүчнийхний идэвхтэй ажиллагаа Оросын Европын бүсэд сүрхий нөлөөлсний илрэл энэ. Үүнд фейсбүүк, твиттер нөлөөлсөн байх талтай. Нийтлэлч А.Навальный чухам энэ орчинд сайн ажилладгаараа алдартай.

Хариуд нь В.Путин телевизийн довтолгоо хийсэн юм. Телевиз Оросын өнцөг булан бүрт хүрч байна, харин интернет дэлхийн газар нутгийн аравны нэгийг эзэмшдэг, хоцрогдонгуй технологитой Оросод бүрэн нэвтрээгүй байна. Гэхдээ хөгжингүй бүс нутагт сайн нөлөөлж чаджээ.

Эцсийн дүн гарахад В.Путин урьдчилан төлөвлөж байснаар 50 хувиас доош буусангүй, нөгөөтэйгүүр хоёрдугаар байранд Г.Зюгановыг оруулжээ. Тэр думын саналаас нэг их алдсангүй, хатуу електораль сууриа хадгалж 17,18 хувьтай гарчээ. Сөрөг хүчин эсэргүүцлийн жагсаал эхлүүлнэ гэж сүрдүүлж байсныхаа дагуу ажиллаж эхэллээ. Жагсагчдын тоо Москвад 120-150 мянгад хүрч байна. Гэвч Москва 10 гаруй сая хүнтэй хот. Сөрөг хүчин гацаанд оржээ. Барууныхны хүсэж байсан М.Прохоровыг гурав руу гулгуулж, завсраар нь Гена-коммунистыг хавчуулчихав. Энэ бол Оросын сонгуулийн хаалтын бас нэг амжилт. Одоо барууныхан унагасан коммунистуудаа дэмжилтэй биш, тэгвэл хэтэрхий увайгүй юм болно оо доо. Одоо сөрөг хүчин сунжирсан магадгүй 12 жил үргэлжилсэн хүчир тэмцэлд орох болов. 12 жил гэдэг дорнын тоолын нэг бүтэн үе шүү дээ. Тэсэх болов уу? Тэсгэхдээ тулбал овоохон доллар орно доо.

Харин Монголын сонгууль яаж явах бол? Яг энэ өргийн эсрэгээр явагдана.