Сонгуульд оролцох нь монголчууд төрөө байгуулж буй хэрэг
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид урьдчилсан байдлаар тодорлоо. Удахгүй бие даагчид нэмэгдэх байх. Ганц нэг хүмүүс нэрээ татах болов уу. Зарим нэр дэвшигчийн хувьд тойргийн өөрчлөлт ч гарч магадгүй.
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид урьдчилсан байдлаар тодорлоо. Удахгүй бие даагчид нэмэгдэх байх. Ганц нэг хүмүүс нэрээ татах болов уу. Зарим нэр дэвшигчийн хувьд тойргийн өөрчлөлт ч гарч магадгүй. Ер нь бол процесс үргэлжилнэ. Нэр дэвшигчид тодорсноос хойш харин тэднийг элдвээр хэлж ярих нь ихэслээ. Сайн хүн ер алга. Дийлэнх нь л муу муухай хүмүүс юм байх. Гэхдээ сайн, муу нийлж сав дүүрдэг болохоор УИХ-ын чуулганы танхим дүүрэх нь л дүүрнэ. Дүүргэх хүмүүс дотор нь төрөл бүрийн салбарын, янз бүрийн ажил төрөл амжуулж явсан хүмүүс байх нь тодорхой. Одоогийн байдлаар дуучид гэхэд тав, зургаан хүн байна. “Темон оо би чамтай шөнийг өнгөрөөмөөр байна...” гэж дуулдаг залуугаас эхлээд “Нулимсыг минь арчиж хайрлаарай...” гэж дуулдаг бүсгүй гэхчилэн урлагийн хүмүүс байна. Бас бөх барилддаг байсан арваад хүн нэр дэвшиж өрсөлдөхөөр шийджээ. Хэрэг түвэгт орооцолдож явсан хүмүүс ч цөөнгүй байна. Ер нь тэгээд бас бус хүмүүс байна аа, байна. Гэхдээ энэ бүх хүн Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхтэй. Хүний энэ эрхэд хэн ч халдаж чадахгүй. Ардын сургаал бий, “Бөгсөө үмхий гээд тайрч хаядаггүй” гэж. Өнөөдөр монголчууд бидний байгаа нүүр царай л энэ. Нийгмийн тусгал нь энэ. Тийм болохоор бид эдэн дотроосоо л сонгоно. Монголчууд бид чинь төрөө байгуулах ёстой юм байгаа биз дээ. Төргүй Монгол Улс байх юм уу. Төсөөлөөд үз дээ. Хэрэвзээ төр засаггүйдээ хүрлээ гэвэл тэгсгээд гадны дагавар, өөртөө засах орон л болох байх даа. Тийм болохоор өнөөдөр нэр дэвшигчдийг элдвээр зүхэж байгаа, газар дор ортол муулж байгаа, Монголын төр засгийг муухай харагдуулахыг зорьж байгаа хүмүүс бол бүгдээрээ гадныхны гар хөл. Тийм муухай өнгө аяс сошиал дахь мэдээллээс хүмүүст шууд үнэртэж байна.
Нэрэлхээд нэрээ идэх биш, гэртээ хариад гэрээ идэх биш гэж үг бий. Нэрэлхэх юм нэр дэвшигчдэд байх хэрэггүй. Чаддагаасаа чадахгүйгээ хүртэл зөв сайхнаар өрсөлд. Нэр дэвшигчдийг элдвээр зүхдэг түүх бүх улс оронд үеийн үед байсан. Зуун жилийн өмнөх Америкийн сонгуульд ч болж байсан үйл явц. 1920-иод оны үеийн Америкийн сенатын сонгуульд өндөр зэрэглэлийн 11 биеэ үнэлэгч сонгогдсон байдаг юм. Өнөөдрийн Италийн парламентад буруу гарын төлөөлөл болох бүлгийн хэмжээний гишүүн бий. Биеэ үнэлэгчдийг сонгодгоороо Италийн парламент бүр алдартай. Монголынх ийм байг гэж хэлж байгаа юм биш. Цөөхөн монголчуудын хувьд байх боломж ч үгүй. Зүгээр л дэлхийн парламентын түүх ийм эрээн бараантэй, элдэв өнгөтэй байдаг гэдгийг л хэлж байна.
Тэгэхээр юу хэлэх гээд байна гэхээр ийм л өнгө солонго бүхий нэр дэвшигчдээс бид зөвийг нь сонгоно. Харин сонгуульд бүгдээрээ оролцож, саналаа өгч, төрөө сонгох үүргээ нэр төртэй биелүүлье гэж уриалъя. Энэ бол ардчилсан нийгэм дэх иргэн хүн бүрийн өндөр ухамсар юм. Өөрсдөө саналаа өгөөгүй байж дараа нь элдвээр хэлэх хэрэггүй. Залуучууд сонгуульд идэвхтэй оролцох ёстой. Санал хураалтад хамгийн идэвхгүй оролцдог хэсэг нь 18-35 хүртэлх насны оюутан, залуус байдгийг судалгаагаар тогтоосон. Энэ насныхан нийт сонгогчдын 60 хувийг эзэлдэг. Судалгааны дүнгээс харахад 18-35 хүртэлх насны залуусын 20 орчим хувь, 18-25 хүртэлх насныхны ердөө 10 хувь нь л сонгуульд оролцдог гэсэн дүн гарчээ. Энэ нь сонгуулийн ирц хуульд заасан хэмжээндээ хүрч чадах эсэхэд хүрч байна. Ирц хүрэхгүй тохиолдолд муудсан эдийн засгаа улам муутгах болно. Татвар төлөгчдийн мөнгө дахин сонгуульд үрэгдэнэ. Монгол Улсад сүүлийн жилүүдэд хамгийн өндөр хувьтай санал өгсөн газар бол Завхан аймгийн сонгогчид 77,1 хувь, хамгийн бага санал өгсөн нь Сүхбаатар аймаг, нийслэлийн дүүргүүд болоод байгаа юм. Сонгуульд заавал оролцох учиртайг ЕБС-д байхаас нь суулгаж өгөх цаг болжээ. Эцэг, эхчүүд насанд хүрсэн хүүхдүүддээ сонгуульдаа идэвхтэй оролцож, өөрт нь болон улс оронд хэрэгтэй гэсэн хүнийхээ төлөө саналаа өгөхийн ашиг тусыг ойлгуулж өгмөөр байна. Өөрийн чинь өмнөөс өөр хүмүүс сонголт хийгээд байна гэдгийг бас ойлгуул. Өмнөх сонгуулиас харж байхад өглөөний 11:00 цагийн байдлаар сонгогчдын идэвх маш сайн, зарим тойрогт 25 хувь хүрч байснаа үдээс хойш идэвх эрс буурч 20:00 цаг гэхэд санал хураах байрууд ямар ч хүнгүй болж байсан. Ийм нөхцөл байдал давтагдах магадлалтай байгаа тул өмнөх сонгуулиар ашиглаж байсан саналаа өгсөн сонгогчид зориулсан урамшууллыг янз бүрийн хэлбэрээр өргөнөөр бий болгох хэрэгтэй. Сонгогчдод зориулсан урамшууллын механизм олон улсад байдаг. Тэдний жишгээр хийе.
Энэ жилийн хувьд бас нэг анхаармаар асуудал бий. Тэр нь Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн цаг хугацааны хувьд УИХ-ын сонгуультай давхцаж байгаа нь сонгуулийн ирцэд нөлөөлнө. Бүр гол тоглолтууд санал өгөх өдрийн өмнөх шөнө болохыг тооцох ёстой. Учир нь Монголын залуу үе тэр чигээрээ хөлбөмбөгийн хорхойтнууд болсон. Тэмцээний хагас шигшээгийн тоглолт Францын хотуудад болох нь манай цагаар шөнө байгаа нь залуучуудын хувьд сонгуульд очиж саналаа өгөхөд сөргөөр нөлөөлөх магадлалтай. Учир нь өмнөх сонгуулийн ирцэд энэ тэмцээн нөлөөлсөн нь ажиглагдсан юм.
Бас нэг асуудал байгаа нь зөвхөн Монголд л байдаг зовлон байх. Манай иргэдийн нэлээд нь иргэний үнэмлэхээ дэлгүүр хоршоо, ломбард, такси... гэхчилэн олон газарт барьцаанд тавиад авч чадахгүй байгаа. Тийм хүмүүс яадаг вэ гэхээр “За санал өгөхийн тулд түүнтэй хөөцөлдөж явах гэж яршиг. Тэгж байгаад нэг авахаас” гэдэг. Тийм болохоор энэ удаагийн сонгуулиар ТҮЦ машины тодорхойлолтоор санал өгүүлэх хэрэгтэй. Тэр нь нийт сонгогчдын таван хувьтай тэнцэнэ гэсэн нэгэн ТББ-ын судалгаа бий. Энэ мэтээр жижиг гэхгүй амьдралын үнэнийг олж харж, ирцийг бүрдүүлэх арга хэмжээг дорвитой авахгүй бол хамгийн сүүлийн Ерөнхийлөгчийн сонгуулиар нийт сонгогчдын 63.9 хувь буюу өмнөхөөсөө даруй 40 хувь буурсан байдаг. Эдгээр саналаа өгсөн сонгогчдын 50.23 хувийн саналаар нэр дэвшигч ялалт байгуулсан юм. Энэ байдал дахин давтагдвал одоо болох сонгууль дахин явагдах магадлалтай болчихоод байна.
Энэ мэтээр сонгогчдын дийлэнх болох залууст онцгой анхаармаар байна. Тэрнээс манай улсын 40-өөс дээш насныхан бол сонгуулийн саналаа хангалттай өгч иржээ. Монгол Улсын эдгээр насны иргэдийн 70 хувь нь саналаа өгдөг нь судалгаагаар тогтоогдсон юм. Эдгээр насны иргэдийн санал өгөх хувь нь угаасаа олон улсад ийм л багцаанд байдаг аж.