П.Цагаан: Уулзалгүй удсан нөхдөө үгүйлээд байна....
Монгол Улсын Засгийн газрын гишүүн байсан, манай нэртэй улстөрчдийн нэг П.Цагаан өвдсөн тухай мэдээлэл сэтгэл түгшээн түгж байсан цаг саяхан.
-Сайн байна уу, Цагаан сайд аа. Таныг ингэж дуудсаар байгаад дасчихаж ?
-Сайн, сайн байна уу, Ганаа. Чиний бие, ажил сайн биз дээ. Эмчлүүлж байгаа тухай чинь сонсоод санаа зовниж л байлаа.
-Таныг гадаадад эмчлүүлж байгаа гэж дуулсан. Ингэхэд хаана байна вэ?
-Солонгост, Илсан хотод байна.
-Наад хот чинь аль хэр хот вэ. Монголчууд байна уу?
-Энэ хотод монголчууд ховор юм шиг байна. Тааралдсангүй.
-Одоо яаж байна. Эмчилгээ аль шатандаа явна вэ. Таныг таньдаг, хүндэлдэг олон хүн байгаа. Бүгд л чих тавьж байгаа байх?
-Хэцүү давааг давсан болоод ч тэр үү. Өдрөөс өдөрт хөнгөрөөд л байна. Юуны урьд, надад тусалсан урам хайрласан, миний төлөө залбирсан, цайныхаа дээжийг өргөсөн ах дүү, найз нөхөд, бүх хүнд баярлалаа. Үнэхээр их баярласан шүү гэж хэлмээр байна. Энэ бол миний ч үг, эхнэр, хүүхдүүдийн маань ч үг юм шүү.
-Хүн удаан өвдөхөөр санаа сэтгэлийн тэнцвэрээ алдчихдаг юм шиг санагдсан. Хэрэв нууц биш бол сэтгэл санаанд тань гарсан өөрчлөлтүүдээс хамгийн тод мэдрэгдсэн нь юу байв?
-Олон л бодол тархи толгойд эргэлдэнэ дээ. Санаа сэтгэлээ эрчилж, аюулт өвчинтэй олон сар тэмцэхэд миний амьдралын хань надтай хором тутамд хамт байсан болоод ч тэр үү сэтгэл санааны айхтар өөрчлөлт гараагүй. Гэхдээ л амьдралыг өөрөөр хардаг болсон.
-Яаж?
-Амьдрал, түүний эрээн бараанд уужуу, илүү нигүүлсэнгүйгээр ханддаг болсон байх. Тэнхээтэй явахад нь тэмээгээр туслахын оронд тэвдэж явахад нь тэвнээр тусал гэдэг үг их үнэ цэнтэй санагддаг болсон.
-Та бурханд найдаж байсан уу?
-Хүн эрүүл саруул, сайн сайхан явахдаа магадгүй “төр засаг”, “төрийн минь сүлд” энээ тэрээ гэдэг байж магадгүй. Яг үнэнийг хэлэх юм бол ямар ч хүн хамгийн хүнд хэцүү байдалд орсон үедээ өөрийн эрхгүй бурханд л ханддаг.
-Өөртөө хаа хамаагүй гэж бодож явсан Бурханаас гуйдаг л юм билээ. Би таныг уурлуулах зүйл хийгээгүй шүү дээ. Яагаад намайг ингэж байгаа юм бэ гэж асуух үе байсан. Та эр хүн болохоор миний яриа инээдтэй санагдаж байгаа байх л даа?
-Огтхон ч инээдтэй санагдахгүй байна. Би нэг биш удаа бурханд хандаж байсан, бурхан ч надад тусалдаг. Гэдэсний хий шаналгаагүй гадагшлахад хүртэл бурханд баярлалаа гэж хэлэх үе байдаг л юм байна лээ. Миний энэ үгийг зовлон үзээгүй хүн ойлгоход хэцүү байх аа. Миний төлөө янз бүрийн шашинтай хүмүүс олон улс
оронд залбирсан. Намайг ноднин жил Бээжин рүү явахын урд бурханч лам багш Г.Пүрэвбат “Богдсын ном цагаан лянхуа” гэдэг бурхан багшийн сургаал өгч, уншиж бай гэж захисан юм. Бас Баабар буддын сургаалаас орчуулснаа өгсөн. Мэс заслын дараа ухаан сайн ороогүй байхдаа Бурхан багшийн сургаалийг сонсохын зэрэгцээ, Хамба лам Д.Чойжамц гуай, найз нөхөд гээд олон хүнтэй эчнээ уулзсан даа.
-Хүмүүс өвдөж, зовж, хүчин мөхөсдөж байвч ялж гарч чадна гэсэн итгэл үнэмшилтэй байвал юуны ч ард гардаг гэдэгт би итгэдэг. Та сэтгэл зүйн хувьд өөрийгөө хэр сайн бэлтгэж чадсан бэ?
-Намайг нэлээд хүнд байдалд орсон байхад олон хүн эргэж тойрсон л доо. Нэг найз зөвлөх маань “Чи бусдын төлөө төрсөн юм шиг ажиллаж, амьдарч ирсэн. Чамайг маш олон хүн эдгээсэй гэж хүсч байна. Итгэж байна. Энэ олон хүний итгэлийг алдвал харин тэд чамд гомдоно шүү” гэсэн утгатай зурвас бичсэн нь намайг “Хариуцлагажуулах” шиг болсон. Бас “Чи олон хүнд тусалсан. Бурхан байдаг л юм бол харж үзнэ” гэдэг байв. Өөрийгөө эмчилсэн гадаад, дотоодын хүмүүсийн бичсэн ном зохиолуудыг уншсан. Анагаах ухааны чиглэлийн олон веб-сайтыг уншсан. Би яагаад ч юм эдгэрнэ гэдэг итгэлээ огт алдаагүй.
-Монголд анагаах ухаан алгаа гэж хүмүүс бухимдаж байна. Та жишээ нь маш хүнд байдлаас гарлаа. Гэхдээ тун цөөхөн хүн л ингэж чадна. Эдийн засгийн хувьд эрүүл мэндээ эргүүлээд авч чадах хүн хэд билээ?
-Эрүүл мэндийн салбарт хийх ажил их хуримтлагджээ л гэж товч хариулмаар байна.
-Улс төржөөд явчих вий гэж үгээ их цэгнэж байх шив. Эрүүл мэндийн асуудал дээр улс төржиж байгаад ч хамаагүй хөдөлгөмөөр байна?
-Эрүүл мэндийн салбарт хийх зүйл дэндүү их байгаа учраас дөлөөд байна аа. Зохион байгуулалт, сургалт боловсон хүчин, хөрөнгө оруулалт гээд цогцоор нь авч үзэх цаг болж.
-За, тийм ч биз ээ. Гэнэтийн өвчин зовлонгийн үед анзаарахад хүн дэндүү хариуцлагагүй амьдарч байсан санагддаг. Танд?
-Өөрийнхөө эрүүл мэндийг хайхардаггүй байжээ гэж бодогддог байсан шүү.
-Та тамхи татдаг бил үү?
-Үгүй. Татдаг хүмүүст ч таатай биш.
-Тэгвэл архи?
-Үгүй.
-Элэг дүлий атлаа, эмзэг эрхтэн. Элэг бас инээж л байхад дуртай гэж уншсан. Та хэр инээмтгий вэ?
-Инээмтгий.
-Би нэг зүйл асуух гээд л айгаад байна?
-Тэгвэл асуугаад хэрэггүй. Угаасаа гадарлаж байна.
-Түрүүн та амьдралыг шинээр хардаг болдог юм байна гэж хэлсэн. Шинээр харахын тулд гайхамшигтай уужим л болсон байх хэрэгтэй байх, тийм үү?
-Хүндээр, удаан хугацаанд өвдөж, эдгэрсний хувьд амьдралыг ойлгох, харах талдаа шинэ хүн болсон.
-Наана чинь одоо гоё байгаа байх даа. Ямар зун болох шинжтэй байна?
-Гудамж талбай ногоорч, өнгө өнгийн цэцэг алагласан их сайхан хавар болж байна. Энэ хот сүүлийн 20 жилийн дотор байгуулагдсан, орчин үеийн, цэвэр цэмцгэр
сайхан хот. Хот төлөвлөлт гэж ийм л байх ёстой доо гэж байнга бодогддог. Илсан хот жил бүр Олон улсын цэцгийн үзэсгэлэн зохион байгуулдгаараа алдартай. Намайг эргэж ирсэн УИХ-ын гишүүд болон монголчууддаа хальт боловч үзүүлэхийг хичээж л байна. Цэцэг, цэцэрлэг бол урлаг, урлагийн бүтээл байж болохыг уг үзэсгэлэнгээс харж, мэдэрч болно.
-Тийм үү. Сайхан мэдээлэл байна. Энд өчигдөр өглөө ямар байсан гэж та бодож байна. Нойтон цас бужигнатал буугаад л.., чийг үнэртээд л.., мэдэхгүй ойрын хэдэн жил ийм байхыг хараагүй?
-Ашгүй дээ, сайхан зун болбол сайн л байна.
-Та эх орноо санаж байна уу. Ийм ялалтын дараа яарч байна уу?
-Хүний нутагт хичнээн сайхан байвч Монгол руугаа хэзээ л бол хэзээ, одоо ч нисмээр байна. Утаа тоостой ч гэсэн Улаанбаатараа санаад байна. Уулзалгүй удсан сайн нөхдөө үгүйлээд байна....
-Энд гэхдээ үнэхээр гойд юм алга. Суваг солиод л нэг нөхөр юу ч юм ярьж байгаатай учирна. Ахиад эргүүлэхэд нөгөө нөхөр зангиагаа сольчихсон сууж байх жишээтэй. Ёстой залхаж байна. Гэхдээ улстөрч хүнд миний шүүмжлэл таалагдахгүй байх?
-Сонгууль эхлээгүй байгаа биз дээ. Сонгуулийн сурталчилгаа гурван М-ийн үе шаттай. Бодвол эхнийх нь М эхэлчихээд байгаа юм болов уу даа.
-Юу гэнээ. Ямар гурван М билээ?
-Эхлээд МАГТАХМАГТУУЛАХ, дараа нь МУУЛАХМУУЛУУЛАХ, эцэст нь МАРТАХ|МАРТАГНУУЛАХ. За за наргиа.
-Хөгжилтэй үечлэл байна. Хүнсний барааны үнэ өсчихлөө. Үнийн өсөлт тойрсон улс төржилт газар авч байна?
-Үнэ өснө гэдэг ард түмний амьжиргаанд л халтай юм даа. Үүнд дэлхийн зах зээлийн үнэ ханшнаас гадна манайхны хөдөлмөрийн бүтээмж, эдийн засгийн бодит өсөлттэй уялдаа холбоогүй мөнгөний нийлүүлэлт ихэссэн нь нөлөөлөх шиг болно лээ.
-Тэгвэл Монголбанк арилжааны банкуудын зээлийг зогсоож, мөнгөний эргэлтийг багасгах бодлого барьж байгаа нь зөв гэсэн үг үү?
-Инфляцид мөнгөний бодлогоос гадна төсөв, татварын бодлого онцгой нөлөөтэй. Инфляц нэг оронтой буюу нам байх үед Монголбанк, Засгийн газар уралдаж өөртөө нялзаах гэдэг хэрнээ хоёр оронтой болоод ирэхээр бие бие рүүгээ, бүүр УИХ руу, гадаад ертөнц рүү бухаж байгаа нь олиггүй явдал. Мөнгөний бодлого, төсөв, санхүүгийн бодлого бол нэг тэрэгний хоёр дугуй. Нэг багийн хоёр гишүүн л гэсэн үг. Гэтэл нэг нь улам данхайгаад, нөгөөх нь 1990-ээд оны эхээр ОУВС-ийн зөвлөж байсан хуучин жорыг шинэ нөхцөлд хэрэглэх гэж оролдвол сайн үр дүнд лав хүрэхгүй.
-Та Сангийн сайд байсан хүн. Одоо тэгээд яах ёстой гэж харж байна вэ?
-Төсөв том, хэтэрхий үрэлгэн байна. ДНБ-д эзлэх хувийн жин хэмжээ дамжаагаа алдлаа. Намайг Сангийн сайд байхад мөнгөгүйн зовлон байсан бол одоо мөнгөтэй нь зовлон эдэлж байх шиг байна. Тэр үед Засгийн газрын нөөц ердөө л нэг сая доллар байсан. Одоо олон арван саяар ярьдаг болж.
Засгийн газар үрэлгэн зардал, үр ашиггүй хөрөнгө оруулалтаа багасгах хэрэгтэй. Мөнгө тараамаар байвал нэг ажилгүй хүнээр нүх ухуулж, нөгөөхөөр нь булуулж байж өгмөөр юм. Монголбанк арилжааны банкуудын зээлийг зогсоож, зээлийн хүүг нэмэх бодлого явуулах биш, харин ч зээлийн хүүг бууруулах, эдийн засгийг идэвхжүүлэх илүү либераль бодлого явуулахгүй бол эдийн засаг ангаж, хатах, улмаар өсөлт сааарах аюул нүүрлэнэ. Тийм учраас Засгийн газар, Монголбанк хоёр нэг баг шиг ажиллах хэрэгтэй байна.
-Дээр нь “Роснефть”–ийн 100 колонкийн асуудлыг Ерөнхий сайд чуулган дээр барьж орж ирээд УИХ-д тулгалт хийлээ гэсэн хурцхан шүүмжлэлд өртөж байна?
-Энэ талаар интернетээс л унших юм байна шүү дээ. Ерөнхий сайд буруу бодлого, буруу гарын түшмэдүүдийнхээ золиос л болоод байна уу даа гэсэн хар байна. Олон сарын өмнө л “Роснефть”-тэй шударга бус ч гэл үү, нууц ч гэл үү гэрээ байгуулсан байна, байгуулаагүй байна гэж л бичигдээд байсан ш дээ. Гэтэл бөгсөн дороосоо өргөс хатгуулсан юм шиг нэг өдөр адгах нь хөндлөнгөөс сонин л харагдаж байна. Нарийн мэдээлэл байхгүй учраас ярихад хүндрэлтэй байна. Харин нэг зүйлийг нэмээд хэлэхэд, сүүлийн хориод жил ажиглагдаж байгаа нийтлэг ноцтой дутагдал бол манай сайд дарга нар урьдчилж ярьж зөвлөхгүйгээр, судлахгүйгээр гадаадынхантай есөн шидийн гэрээ хэлэлцээр байгуулдаг, амладаг. Хариуцлагагүй гэхэд зөөлдмөөр, төрийн эсрэг гэмт хэрэг гэхэд ахадмаар үйлдэл хийчихээд хариуцлага хүлээхгүй өнгөрдөг. Тийм үйлдэл нь эргээд Засгийн газрын нэр хүндээс гадна улс орны нэр хүнд, эдийн засагт хор хохирол учруулдаг явдал архагшиж байна. Даамжирвал улс орны хөгжил, тусгаар тогтнолд ч нөлөөлнө. Төрийн ой санамж л муу байгаагийнх. Бас түүнтэй тэмцэх улс төрийн зориг дутаж байгаагийнх болов уу. Тийм балаг тарьсан хүмүүсээс төр үтэр түргэн ангижирч, байнга цэвэршиж байх ёстой. Энэ талаар холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах цаг болсон гэж боддог шүү.
-Ингэхэд оросуудын энэ ааш авирын талаар та юу хэлмээр байна. 100 колонкийн асуудлыг шийдэж өгөхгүй бол шатахууныхаа үнийг нэмнэ гэж айлгаж байгаа?
-Миний бодлоор бол бид оросуудын ааш авир гэхээсээ илүү өөрсдөдөө шүүмжлэлтэй хандах хэрэгтэй. Бурууг бусдад тохож, хариуцлагаас мултардаг бидний зан бол их буруу. Буруутан нь Хятад, Орос, эсвэл байгаль, цаг уур л байдаг болж, Монголд. Гэтэл хүний, хүмүүсийн үйл ажиллагаанаас болж гай, гамшиг, саад тотгор их үүсч байна ш дээ.
-Ардчилсан намын нэр хүнд их өндөр байгаа. Та ч мэдээлэлтэй байгаа биз?
-Манай намд мэдээллийн зэрэглэсэн түвшин байхгүй учир бусадтай адил, өөрөөр хэлбэл гадаадад байгаа хүмүүстэй л ойролцоо мэдээлэлтэй байгаа болов уу. Томас Фридманы хэлдгээр дэлхий хавтгай болж, орон зай, цаг хугацааны ойлголт их өөр болсон учраас мэдээлэл авахад амар болсон цаг шүү, өнөөдөр. Тийм учраас мэдээллээс хол хоцроогүй болов уу.
-Намын нөхөд, амьдралын нөхөд, багын нөхөд гээд олон янзын нөхөд бий. Зовлон жаргалын өмнө хэн нь байх юм бэ?
-Хүнээсээ л болдог юм байна. Огт санаанд ороогүй хүн хэрэг болгож эргэж ирж байхад өмнө нь өдөржин конторын үүд сахиад ажил хийлгэдэггүй байсан товарищ газрын гав руу орчихсон мэт алга болчих жишээтэй. Төрөх, үхэх хоёр туйлын үнэн бөгөөд түүний завсар дахь нь жүжиг, амьдралын төөрөг.
-Жүжиг...хувь төөргийн өмнө хүндэтгэлгүй хандсан үг юм шиг санагддаг юм. Өвчин зовлонгийн дараа хэнд ч гомдохоо больчихдог юм шиг ээ. Надад нэг хүн хүүхнүүд та нар гомдохын төлөө төрсөн юм шиг улс байх юм. Гэтэл энэ хорвоогийн юунд нь гомдох юм бэ. Бүр үр хүүхдэдээ хүртэл гомдох шаардлагагүй хорвоо шүү дээ наадах чинь гэж хэлсэн?
-Жүжиг ч бас олон янз ш дээ. Хэн ямар жүжигчин бэ гэдгийг мэдэхэд хэцүү, мэдсэн хойноо харахад инээд л их хүрдэг. Би хэнд ч гомдоогүй. Харин ч ямар олон найз нөхөдтэйгээ мэдэрч урд урдынхаасаа илүү гэгээлэг, илүү утга төгөлдөр амьдрах ёстой юм байна гэдгийг мэдэрсэн.
-М.Энхсайхан даргатай би ярилцлага хийсэн. Бурхны шашныг төрийн шашин болгох тухай асуудал босгож ирээд давхиж яваа. Бас үндэсний үзлийг гудамжнаас авчирч цэгцлэх талаар тэдний шинэ нам ажиллаж байна. Та яагаад түүнтэй хамт “яваагүй” вэ. Урьд нь нөхөд харагддаг байсан?
-Надад Ардчилсан намаас өөр сонголт байхгүй. М.Энхсайхантай одоо ч гэсэн найз нөхдийн харилцаатай. Энд хэрэг болгож эргэж ирсэн цөөн хүмүүсийн нэг. Хүн хүнээрээ л байх хэрэгтэй шүү дээ. Зарим хүн төрөл арилжчихсан юм шиг болчихоор нь гайхдаг л юм.
-Мартсанаас Л.Гүндалай танай намд элссэн. Юу хэлмээр байна даа?
-Нам, эхнэр хоёр бол эр хүний цэвэр хувийн сонголт.
-Хэвлэлүүд түүнийг прокуророос зугтан орогнол хайж ирлээ гэсэн гашуун үгээр л угтсан?
-Миний хариулах асуулт биш байна.
-Ирэх сонгуулийн үр дүнг ямраар харж байна вэ. Хоёр том нам хоёулаа олонхи болж чадахгүй гэсэн таамаг их байна?
-Тэгвэл хоёулаа нийлээд олонхи болох байлгүй дээ. Сонгуулийн сурталчилгаа сонгогчийг түүний хүссэн, эс хүссэнээс хамааралгүйгээр намын л сонголт руу түлхдэг юм даа.
-Байзаарай, хоёулаа нийлээд олонхи болох байлгүй гэснээ тайлбарлахгүй юу?
-Энэ сэдвээр уралдах хүлгүүд, уях уяачид нь тодорсны дараа Монголд очиж, нийгмийн уур амьсгалыг мэдэрч байж дэлгэрэнгүй ярилцъя.
-Бас бие даагчдын янз бүрийн холбоод үүсч эхэлсэн. Юу л байна, улс төр л байх шив дээ?
-Тийм холбоо байтугай нам 2000 онд байгуулагдаж байсан шиг санаж байна.
-Тэгээд тэгээд хаа ч хүрдэггүй юм аа гэж үү?
-Томсгосон тойрогтой өнөөгийн нөхцөлд бие даагчдын хувьд дэмий цаг алдахын нэмэр дээ. Ганц бие хүн УИХ-д сонгогдоод ч юу хийх вэ дээ.
-Ахиад хүч тэнцүү парламент бүрэлдвэл ямар вэ?
-Ямар л сонголт хийнэ вэ, тийм л төр засаг бүрдэх нь жам.
П.Цагаан сайдыг ийнхүү чат-аар хоргоож багагүй чилээв. Аргагүй цагаан заяатай хүн. Тэр өөрийнх нь төлөө залбирсан бүх хүнд “Баярлалаа” гэж хэлүүлсэн. Харин бид энэ сайхан хүнийг эдгээж өгсөн газар холын гайхамшигт эмч нарт талын Монголоос талархлаа нисгэлээ.
tsagaan tsagaan...