Хамгийн үнэтэй iPad 2 (Gold history edition) таблет 8 сая ам. долларын үнэ хүрчээ. Техникийн хувьд бусад iPad-аасаа огт ялгарах юмгүй. Харин арын хавтас нь шижир алтан бүрээстэй бөгөөд Apple-ийн лого, Home товч нь нийт 65 алмаазан шигтгээтэй. Энэ ч яахав эд зүйлсийг үнэ оруулахад хэрэглэдэг хамгийн чухал эрдэнэс. Гол нь дэлгэцийн хажуу эмжээрийг тираннозаврын жинхэнэ чулуужсан ясаар урлажээ. Монголоор бол алтан баавар, алмаазан ганзага, ясан хяртай эмээл юм даа. Хэдэн сая жилийн настай үлэг гүрвэлийн ясыг музейд тавиад хэдхэн төгрөгийн тасалбар зарж орлого олох гэж суухын оронд ганц хавиргаар нь овоо хэдэн iPad эмжчихвэл болоод явчихаар аж. Адамын хавиргаар Еваг бүтээчихсэн чинь хорвоо нүглээр дүүрээд явчихсан гэдэг шиг хүний халаас дорхноо мөнгөөр түнтийх нь.

Гэтэл саяхан дуудлага худалдаагаар хэл амтай зарагдсан тираннозавр батаарын 75 хувь нь бүрэн яс 950 мянгаас эхэлж дуудагдаад ердөө нэг сая 52 мянга 500 ам.доллар хүрсэн байна. Үлэг гүрвэлийн хаан гэгдэх Хойд Америкийн тираннозавр рексийн ойрын садан батаар нэн ховор олдворт тооцогдох авч энэ удаа нэг л үнэ хүрсэнгүй. Толгойн 80 орчим хувь нь бүрэн, ийм махчин үлэг гүрвэлийн толгой ховор олдвор гэж гадны сайтуудад бичжээ. Уул нь овоо үнэ хүрч болохоор байсан бололтой. 15 жилийн өмнө Сью хочтой тираннозаврын араг ясыг АНУ-ын Иллинойс мужийн Байгалийн түүхийн музей найман сая ам.доллароор худалдаж авсан байна.



Үлэг гүрвэлийн ясыг үнэ хүргэх өөр олон арга ч байдаг аж. Швейцарьт баригдсан нэгэн сууцны байшин энэ гариг дээр байхгүй шинэ жишиг үнэ тогтоожээ. Үнийг нь сонсоод муурч унамаар. Ц.Нямдоржийн сард ердөө 300 мянган төгрөгөөр түрээсэлж суусан, манайдаа тансаг зэрэглэлд багтах байр хажууд нь ёстой нохойн хониур юм даа. 12.2 тэрбум ам.доллароор үнэлэгдсэн байшингийн 752 м2 талбайд 200 тонн шар болон цагаан алт орсоноос гадна солироор шаллахдаа 65 сая жилийн настай тираннозаврын яс ч оруулжээ. Шар, цагаан алтнаас гадна мөнөөх үлэг гүрвэлийн яс ч үнэ өсөхөд жин дарсан болж таарлаа.

Хачин чамин юмсаар нэгнээ давах гэсэн хүний тэнэг занд үлэг гүрвэлийн яс овоо үүрэг гүйцэтгэх болжээ. Хятадын ардын эмнэлгийн танд “луугийн яс” багтвал үнэ нь суга өсдөг гэнэлээ. Эмийн үнэ хөөрөөд хөөрөөд хөлөг онгоцны үнийн хаа ч хүрэх билээ. Гучин метр урттай бас л үлэг гүрвэлийн ясан оруулгатай, таван тэрбум ам.доллрын үнэ бүхий History Supreme нэртэй яхтыг Малайзийн бизнесмэн хөлөглөдөг юм байна. Өдөр тутам дэлгүүрийн лангуун дээрх шинэ техник, тенологийн үнэ унах хэрээр хуучны юмсын ханш өсч яваа зүй тогтол харагдаад удлаа. Ад үзээд тагтан дээрээ гаргаад хаячихсан арслантай авдар чинь таны гарт байгаа сүүлийн үеийн гар утаснаас ч илүү үнэ орсон байгааг та мэдэх үү? Үнийг нь нэг сонирхоорой. Зуу хүрэхгүй жилийн настай хогшил тэр дайнд явахад хэдэн арван сая жилээр тоологдох настай үлэг гүрвэлийн яс овоо хэдэн цаас болох нь гарцаагүй.



Палеонтологийн цуглуулагч нарт үлэг гүрвэлийн ганц нэг яс, шүд, хагархай өндөг сэлтхэн л байдаг. Энэ мэт олдворын үнэ шалихгүй. Цаг хугацаанаасаа хамаараад хэдэн зуугаас хэдхэн мянган доллар хүрнэ. Өнгөрсөн жил Нью-Йоркийн дуудлага худалдаагаар тираннозаврын шүд 12 мянга, ноостой хирсний араг яс 70 мянган ам.доллар хүрсэн байх жишээний. Ерөнхийдөө үлэг гүрвэлийн өндөг эрэлт ихтэй. Гаднаасаа чулуунаас нэг их ялгарахааргүй эд. Эртний ийм олдвор ердөө арван хэдэн доллароос эхлээд зуугаар тоологдох ханштай байдаг. Гэхдээ маш сайн хадгалагдсан бол 100 мянга гараад явчих нь бас бий. Дуудлага худалдааны үнийг хар захынхтай харьцуулшгүй. Ер нь бол палеонтологийн наймаачид чухам ямар үнэтэй эрдэнэ барьж яваагаа таах ч үгүй малчдаас хэдэн шил архины мөнгөөр л худалдаад авчихдаг. Харин дараа нь эзнийг нь олоод 500-1 000 дахин илүү үнэ хүргэх нь бий. Энэ төрлийн наймааг хэрийн хүн хийгээд байхгүй, ихэвчлэн палеотологи гадарладаг, ядаж л гарын доор палеотологичтой байх хэрэгтэй.

Үлэг гүрвэлийн ясаар тэрийн болгон хдэн саяыг хийгээд байхгүй. Цуглуулагч цөөтэй, тэд нар нь мөнгө муутайдаа ч биш. Гол нь бүрэн бүтэн шахуу олдвор тэр бүр таараад байхгүй. 2008 онд Америкийн нэг цуглуулагч найман метрийн трицератопсын ясыг 592.25  мянган еврогоор авсан аж. Мөн Холливүүдийн адал явдалт олон кинонд гардаг Юрийн галвын үеийн  махчин үлэг гүрвэл эм аллозврын ясыг Европын нэрээ нууцалсан нэг цуглуулагч 1.3 сая еврогоор худалдан авчээ. энэ нь тухайн зүйлдээ л дээд амжилт гэнэлээ. Ерөнхийдөө үнийг нь хатуу тогтоох боломжгүй бараа.

Монгол нутаг үлэг гүрвэлийн ясаар баян, баян ч гэж байсан бололтой. Анх 1922 онд, Монгол газар гамин, бароны хөлд талхлуулаад өнгөрдөг жил хаа байгаа Америкаас ирсэн Рой Чапмэн Эндрюсийн экспедицийнхэн бүдрээд харахад л үлэг гүрвэлийн яс хэвтэж байхтай таарсанаа Эртний хүний мөрөөр номдоо бичжээ. Шинэ тутам байгуулагдсан Монголын Гадаад явдлыг яам болон Судар бичгийн хүрээлэнтэй гэрээ хийсэн гэдгээ Р.Ч.Эндрюс тэнд дурджээ. Харин түүний мөрөөр баримт киноны томоохон төсөл хэрэгжүүлж, Америкийн Байгалийн түүхийн музей хүртэл орсон NTV телевизийн захирал М.Уламбадрах Судар бичгийн хүрээлэнтэй хийснээс өөр баримт олоогүй гэнэ. Тэр цагт “луугийн яс” нь хэдэн азарга адуу хүрэхийг ч төсөөлөөгүй суусан Монголын Засгийн газар Р.Ч.Эндрюсээс олгой хорхой хэмээхийг олж өгөөч гэж хичээнгүйлэн хүссэн байна. Үхлийн аюул бүхий хортой гэх тэр хорхойг сонссоноос үзсэн хүн өнөө хэр гараагүй болохоор үнэндээ байдаггүй биз. Тэгэхээр манайхан үлэг гүрвэлийн олдвор зэргээ хэрэг дээрээ зүгээр өгсөнөөс ялгаагүй аж.

Үнийг нь дам мэддэг болчихоод Р.Ч.Эндрюсийн замаар аяласан NTV-ийн баримтат киног үзэж суухад ерэн жилийн тэртээх маршрут дагуу элдэв уурхай нээгдээд хөрсийг нь юутай хээтэй нь хуулаад хаячихсан харагдав. Тэнд чухам ямархан үнэ хүрэх олдвор байсныг мэдэхээс нэгэнт өнгөрчээ. Одоо MCS нүүрсээ Хятадад хэдээр өгч байгааг л хараад суух үлдэж. Уудам тэнүүн тал, онгон дагшин байгалийг нь соёл иргэншлээс хаацайлан хамгаалах сэтгэл төрж явсан Р.Ч.Эндрюсийг өнөөдөр Ухаа худагт нэг уривал манай хэдэн эх орончоос илүү шаналахаар бичжээ, номдоо. Гурав дахь дугаар нь удахгүй гарах NTV-ийн баримтат кино л явж явж хэдэн сая жилийн тэртээ энэ газар сүрэглэж асан сүрлэг амьтдыг бидэнд дахин нэг сануулах байх.

Саях тираннозавр батаарыг долоон жилийн өмнө Их Британийн нэгэн цуглуулагч олж авсан гэх бөгөөд гараждаа хураачихаад завтай цагтаа эвлүүлж тоглодог байсан гэнэ. Төдөлгүй хэрээс нь ахадсан ажил болохыг ойлгож нэг америк мэргэжилтэн бүрэн дуусгаж худалдаанд оруулсан хэмээн Guardian бичжээ. ШУА-ийн Палентеологийн төвийн захирал, академич Р.Барсболдын хэлэхээр энэ төрлийн үлэг гүрвэл гагцхүү Монголоос олддог гэнэ. Тэгэхээр манайхаас л тийшээ очиж. Гэвч үүнийг яг таг нотолно гэдэг бараг худлаа биз дээ. Харин энэ ясыг манай сайн эрчүүд хэдэн жийпний үнээр өгөө бол? Энэ л үнэндээ сонин. Ганц машины үнээр өгсөн яс нь сая доллар хүрснийг сонсоод манай эр толгойгоо шааснаас зайлахгүй. Бидний толгой зуун хувь бүтэн байгаа ч наян хувьтай хадгалагдсан, чулуужсан яснаас ч хямдхан сэтгэх юм даа.