“Автомашины анхны зориулалтыг өөрчилбөл онцгой албан татвар ногдуулна” гэсэн мэдээ 2009 онд хамгийн түрүүн цацагдлаа. Ер нь  манай нам төрөөс юмыг анхны зориулалтаас нь өөрөөр ашиглахтай хийх тэмцэл ихээхэн хурц болох төлөвтэй.
Дээр үед хааныхаа нэр, тусгаар тогтнолоо сэргээсэн энээ тэрээгээр он тооллоо цоллодог байж. Төр гэрэлтийн хоёрдугаар он,  Олноо өргөгдсний гуравдугаар он гм гм. Бид үүнийг боловсронгүй болгож жил бүрт нэг цол бодож олдог болсон юм. Хүүхдийн жил, өшөө юу юуны билээ.

 Энэ уламжлалаа бид улам хөгжүүлж сар бүртээ бас цол бодож олох болсон. “Жолооч нар бүсээ зүүх сар” , “Хармайны хулгайн сар”, “биеэ үнэлэгчдийн сар” гэхчлэн. Одоо бид долоо хоног ба өдөртөө цол өгөх тал дээр анхаарууштай байгаа юм.  

Харин олон түмэн нь оныхоо цолонд их хайхрамжгүй хандана аа. Харж л байгаарай. 2008 онд болсон явдлыг заяа нь “Хүнсний аюулгүй байдлын жил төрсөн хүүхэд” гэхчлэн нэрлэхгүй дээ. За даа “ МАХН-ын цагаан байр шатдаг жил” л гэх байхаа даа. Хорвоо чи, буруу нэрлэлтэд цадах болоогүй юу???

Ноднин жилийн оны цол нь  “хүнсний аюулгүй байдлын жил” байсан гэдгийг түрүүн ярьсан. Зарим ухвар мөчид хүмүүс төр засгаа энэ сэдвээр шүүмжилж байгаа нь үнэхээр харалган явдал. Өчнөөн хүн хордож нас барсан энэ тэрээ гэхийн өмнө оныхоо цолыг хар л даа. “Хүний аюулгүй байдлын жил” гэж байна уу, “хүнсний аюулгүй байдлын жил” гэж байсан уу? Аан.

Үнэхээр ч хүнсэнд аюулгүй жил болсоон, болсон. Идэхээр хордчихоод байсан болохоор хүмүүс бага идсэн. Хүмүүс бага идэхийн хэрээр “хүнсэнд учрах аюул” багасч, тэдний ихэнх нь хүнд идэгдэхээс аврагдсан. Энэ утгаараа “Хүнснии өөрийнх нь аюулгүй байдал”-ын жил бол байсан даа.

Харин энэ жилийг аливаа юмыг анхны зориулалтаар нь ашиглах жил болгосон ба ажил ч ид эрч хүчээ авч байна. Дутагдлыг бага гэхгүй тэмцэж байгаа нь “анхны зориулалтын жил”-ийн далайцыг илтгэнэ.

Баянгол дүүргийн хүчний байгууллага шүдэнзээр чихээ ухаж байгаа хүний регистрийн дугаарыг хурааж байхад, Чингэлтэй дүүргийн цагдаа нар  “цаасны хавчаараар хумсаа  цэвэрлэдэггүй дүүрэг болох” үүрэг авсан байх жишээтэй.

Олон нийтийн байгууллагууд ч “зориулалтын юмыг зориулалтаар нь” хөдөлгөөнөөс хоцорсонгүй. Урчуудын хороо гэхэд л хөлөөрөө зурдаг зураач нараа дахин хүмүүжүүлж ”эрхтэн бүхнээ зориулалтаар нь хэрэглэдэг анги хамт олон болох”-зорилт тавьжээ.

Замын хөдөлгөөний дүрэм ч их өөр болж байгаа болтой. Одоо нэгдүгээр эгнээнд зогссон жолоочийг торгож байгаа нь улам гүнзгийрч цаашдаа хоёр, гуравдугаар эгнээнд машинаа тавибал торгодог болох юм гэсэн. Ингээд байвал зогсоолоос өөр машин тавих газар олдох юм уу? Эрх чөлөө ч хумигдах юм байна л даа.

Машинаар 100 км.цаг-аас илүү хурдалбал  хурд хэтрүүлсэнд тооцохоо больж байгаа гэнэ. Баярлах болоогүй шүү хөөе. Иим тохиолдолд хэтэрхий бага хурдтай ниссэн гэж үзэх ба “машиныг онгоцны зориулалтаар ашигласан” үндэслэлээр торгодог болно гэнэ. Саяхан манай цагдаа нар дөнгөж буусан онгоцны нисгэгчийг торгосон байна. Яриа их товч байжээ.

-наадах чинь онгоц биз дээ

-тиим

- буухдаа газраар давхихыг чинь харсан гэрч  байна.

 Хэсэг иргэн “Баярын үеэр үүрэн телефоноор мэссэж явуулж чадаагүй” хэмээн гомдоллосон биш буруутсан байна. Тэд “гар, хэл, хөл гурваа анхны зориулалтаар нь ашиглаагүй” гэсэн ноцтой үндэслэлээр онцгой албан татвар төлөөд харьжээ.

“Анхны зориулалтын жил"-ийн хамаг хүнд ачаа Эрүүлийг хамгаалах яаманд ногдсон гэдгийг нийтээр хүлээн зөвшөөрөхөөс өөр арга алга. Он гараад төрөхийн эмч нар “хийсвэр” хиихээ бүүр больсон гэнэ. “Тухайн зориулалтын эрхтнийг зориулалтаар нь ашиглаагүй хэрэг”-т орохыг ямар л эмч хүсэв гэж дээ. Аргагүй юм.  Өвчтөнд бургүй тавьсан сувилагчийг “эрхтний анхны зориулалтыг өөрчилсөн” гээд дагуулаад гарахаар тэгэхээс өөр яах вэ дээ. Сувилагч эмэгтэйд “өвчтөнд буруу амаар юм уулгасан” гэх үндэслэлээр онцгой албан татвар ногдуулсан байна. Үүнийг харсан өөр нэг өвчтөн бөөлжиж чадахаа больчихжээ. Амныхаа анхны зориулалтыг өөрчилсөн асуудалд орно гэдгээ тэр мэдсэн байна.

Хүсээгүй жирэмслэлт болон бэлгийн замын халдвараас хамгаалах төслүүд  ч “анхны зориулалтын жилийн” эхний шалгуурт бүдэрчээ. Цаашлаад  гэр ор луу ороод ирэхээр ярилт алга аа, Анхны зориулалтын жил ч юм дуулгана шүү.