Зөв зөвлөхөөс Зөв хүн
шинэ үеийнхэн хэрхэн төрж, өөрийгээ бүтээж, олон түмэнтэй шинэ замаар холбогдож байгааг л яриад байна шүү дээ.
Зөв зөвлөхөөс Зөв хүн
Шинэ цаг үе шинэ баатруудаа төрүүлсээр л байдаг. Тэдний тухайд, С.Баяр эртүүд нэг оновчтой үг “жиргэнэ” билээ. Шинэ үеийнхэн биднийг гаргаад өгөөч гонгинодоггүй, харин өөрснөө хүч түрэн орж ирдэг тухай. Үнэхээр ч хууччуул зайгаа тавьж өгөх болсонтухай биднийг санаашрах зуур шинэ цагийн мянган мянган төлөөлөгч төрөн гарсаар, байр сууриа эзэлсээр байгаа билээ.
Мэдээлэл ардчилагдаж, дэлхий тэгширч эхэлсэн энэ цаг үед өрөөнөөсөө гаралгүйгээр нийтийн дунд орж, ганцаараа сууж байгаад бүх хүнтэй уулзаж болдог болж. Төрийн өдөр тутмын үйл ажиллагааг олон түмэн харж, хянаж, бас оролцож байх боломж гарлаа. Үүнийг сайн ашигладаг шинэ үеийн ажилтнууд ч байна. Манай цагдаагийнхан энэ тал дээр сүрхий байгаа. Бидний мэдэх “Нэг хором тэвчье”, “Дураараа биш дүрмээрээ” энэ тэр гээд олон кампанит ажлыг бүх нийтийн үйл хэрэг, хүн болгоны санаачилга аятай өрнүүлж чадсан.
Цагдаагийн олон нийттэй харилцах асуудал хариуцсан, (хурандаа байхаа) Баатархүү гээд жиргээч бий дээ. Иргэний санал сэтгэгдэл дундаас эмнэлэг, хүчний байгууллагад хандсан гомдол гашуун бөгөөд нэхэл хатуутай байдаг хойно, ялангуяа твиттер дээр их загнуулна аа. Гэхдээ л учрыг нь олчих гээд, тайлбарлах гээд, мөрөөр нь ажиллах гээд их үзнэ ээ. Олон нийтийн сүлжээнд идэвхтэй ордог маш олон хүн түүний талаар эерэг дүгнэлттэй л явдаг юм билээ. Зайлуул хөөрхий, шууд удирдах дарга нарыг нь шүүмжилсэн юман дээр таг болчихно оо, заримдаа. Үгүй ээ тэгээд, “Нээрээ тиймээ” ч гэлтэй биш, бас улаан цайм өмөөрөөд давхилтай ч биш, хэцүү л дээ.
Хожмын өдөр мань хүн дэвшээд, юу энэ тэр боллоо гэхэд “энэ чинь хэнсэн билээ” гэж нийтээрээ гайхахааргүй л болчихсон байх аа. Баатархүүг магтаад байгаа юм биш, шинэ үеийнхэн хэрхэн төрж, өөрийгээ бүтээж, олон түмэнтэй шинэ замаар холбогдож байгааг л яриад байна шүү дээ.
Бас зарим даргын үед зарим нэг хүн даргаасаа ч илүү танигддаг нь сонин. Их төлөв даргынхаа чихийг хангинуулсан ах дүү, эсвэл нэрийг барьсан найз нь дуулианы эзэн болдог доо. Харин огт өөрөөр танигдсан хүн ч байх. Нийслэлийн захирагч Су.Батболдын үед хотын даргаасаа дутахгүй нийтэд танигдсан хүн бол түүний зөвлөх Мөнх-Эрдэнэ байлаа.
Бид, манай хотын даргад зөвлөх байдаг, зөв хандлагатай зөвлөхийн нөлөө хотынхонд зөв сайнаар тусдаг болохыг тэгэхэд харсан юм. Даанч нэг их удаагүй, намзасаг нь хотын даргаа солиод, мэдээжээр шинэ дарга хуучныхаа зөвлөхөөр зөвлүүлэхийг тэвчихгүй тул тэрээр халагдаад явсан.
Бидний мэдэхээр бол, “даргын зөвлөх” гэдэг нь халаад явуулчихад хүнддэх, бас ажил хариуцуулахад хөнгөдөх, тиймэрхүү улсын л хоргодох газар шүү дээ. Харин тэр үеийн хотын дарга яагаад ч юм бэ, ихээхэн ажил хэрэгч зөвлөх сонгосон байв.
Юуны өмнө тэрээр олон нийтийн санаа бодлыг нийгмийн сүлжээ хэмээгдэх фээсбүүк, твиттерээр дамжуулан сонсдог, ихээхэн анхаарал тавьдаг нэгэн зөвлөх тэгэхэд гарч ирсэн байв. Гэхдээ, бусдаасаа өөрөөр хандаж байлаа.
Ихэнх дарга нарын ажлын алба, зөвлөхүүд “Хэн манай даргыг шүүмжилж байна” гэсэн асуулт тавиад харж суудаг шүү дээ. Тэгээд ямар нэг сөрөг юм гарвал блоклох, нэр устай хаягнаас санал шүүмжлэл гарвал эргүүлэн дайрах, гутаан гөрдөж шүүмжлэлийн хүчийг сааруулах ажил л хийдэг нь нууц биш. Бодвол, “өнөөдөр таныг шүүмжилсэн төчнөөн хүнтэй улаан гараараа үзэлцэж дарлаа” гэдгээ илтгэж, үнэлүүлдэг байх даа, хөөрхий.
Гэтэл Мөнх-Эрдэнэ зөвлөх яасан гэхээр шүүмжилсэн, буруушаасан хүнийг блоклох байтугаа харин ч сонирхон “Яасан гэнээ, хаана тэр вэ” гээд лавлаж эхэлсэн. Хотынхонд ч сонин санагдав, Миний санаж байгаагаар, “Явган хүний зам чөлөөлөх” хөдөлгөөнөөс л ингээд эхэлсэн санагддаг юм. Нийслэлийн иргэдийн санал сэтгэгдэлд үнэн худал ялгалгүй, хариуцлагатай ханддаж байлаа. Уурлаж бухимдсан хүмүүс заримдаа дэгсдүүлэх нь байдаг шүү дээ. Тэр бүрийг тоолгүй орхихын оронд “Итгэмээргүй юм байна, гэхдээ би лавлаж, шалгаад хариу өгнө” гэж байх ч жишээний. Иргэдийн дэвшүүлсэн санал бүрийг хэрэгжүүлэх, гомдол болгоныг цайруулах боломж угаасаа байхгүй тул заримд нь тайлбарлана, бас хамтран зүтгэж шийдэхийг санал болгох ч удаатай. Хүчний байгууллагын албан хаагч биш болоод ч тэр үү, Баатархүү шиг “түр” алга болохгүй.Их хурал, Засгийн газрын зарим хууль, шийдвэр амьдралтай зөрчилдөөд байгааг хүмүүстэй шүүн ярилцана.
Хүмүүс явган замыг хаасан өргөтгөл, хашааг нийтээрээ хайх илрүүлэх ажил хамтдаа зохиосон. Дараа нь газрын зөвшөөрөлгүй хашаа, байгууламжтай хотоороо тэмцэж эхэлсэн. Өмнө нь ийм ажил хийгээгүй биш хийж байсан ч олон нийтийн өөрийнх нь санаачилга маягтайгаар, бараг л тэднээр хийлгэж байгаа шинжтэйгээр нэг их өрнүүлж амжаагүй санагдана.
Ер нь бол газрын зөвшөөрөл, хууль бусаар эзэгнэсэн талбайтай тэмцэх нь амь нас гэж сүржигнэхээ байг гэхэд ажил албанд хамгийн халгаатай ажлын нэг. Энэ ажлыг хотын иргэдийн дэмжлэгтэйгээр л хийж болно гэдгийг тэрээр сайн анзаарсан болтой байдаг. Богд хааны ордон музейн ар талын газрааэхлээд олон зай талбайг нийтийн эзэмшлийн хүрээлэн болгож эхэлснийг хүмүүс санаж байгаа.
Хүмүүс Мөнх-Эрдэнийг хоёр янзаар хүлээж авсан юм. Нэгдүгээрт, урдаас нь хэрэлдэх, “микрофоныг нь хаах”-ын оронд анхаарал тавиад лавлаад эхлэхээр өөрийн үг, шүүмжлэлдээ хариуцлагатай хандаад эхэлдэг юм билээ. Хэдэн цагийн дараа л “би таны гомдолтой танилцлаа. Энэ нь үнэн үнэн байна. Ингэж засч янзлахаар боллоо. Харин тэр нь худал байна шүү” гээд бичээд эхлэхээр ямар ч хүн хэлсэн, ярьсандаа хянуур болоод ирдэг аж. Иргэний саналд дүлий дүмбэ оргин үл тоодог, эсвэл үгүйсгэн маргаж дайрдаг дарга нарт уураа гаргахдаа хүмүүс баримтыг орхигдуулж, уур гомдлоо голчилдог шүү дээ. Харин дээрх тохиолдолд юунд гомдсноо, яагаад дургүйцснээ тайлбарлах, харилцан ойлголцохыг хичээгээд эхэлдэг юм билээ.
Хоёрдугаарт, “нийтийн эзэмшлийн ийм газрыг хашсан байна”, “энэ дэлгүүрийн үүдний шат нь явган хүний зам хаасныг засуулъя” гэхчлэн санал бичиж, тэрийг нь Улаанбаатар хотын захирагчийн Зөвлөх хүлээж аваад, хэрэгжүүлж болохыг нь хэрэгжүүлээд эхлэхээр нийтээрээ урам зориг ордог юм билээ. “Манай хот, миний хот надад хамаатай, би чтөрөлхи хотдоо хамаатай” гэх иргэнлэг мэдрэмж сэрж байгаа хэрэг шүү дээ.
Бид 2016-2018 онд хоттойгоо ийм байдлаар хэсэг нэгдсэн. Хот иргэн хоёр нэг болсон энэ зурвас Мөнх-Эрдэнэтэй холбоотойг та бид мэднэ. Гаргасан шийдвэр, шийдсэн тушаал дээр түүний нэр байхгүй. Учир нь тэр даргын зөвлөх болохоос дарга өөрөө биш. Гэхдээ л зөв зөвлөхтэй дарга ч бас зөвддөгийг Мөнх-Эрдэнэ харуулж байсан. Шийдвэр гарахаас өмнө ултай бэлтгэж, дараа нь хэрэгжүүлэх гэж няхуур зүтгэдэг нь түүний ажил. Харин иргэдийн санаагсөрөг байх тусам нь сонирхдог, учир шалтгааныг нь хамтдаа хайдаг нь хувийн чанар байх.
Чухам ийм болоод л “Су.Батболд хотын иргэдээ сонсдог дарга” гэсэн нэр хүлээж байлаа шүү дээ. Тэгвэл, Бат-Үүл ямар дарга байсан бэ гэвэл эсрэгээрээ “хотын иргэд нь даргыгаа сонсдог” байсан гэмээр. Иргэд түүнийг итгэн дагадаг байсан. Учир нь тэр бол баатар. Бат-Үүл дарга “За бүгдээрээ хөдөө явж амраад ир. Би замаа засна” гэхэд тэгэх л учиртай юм шиг хөнжил пүүгээгээ ачаад гарцгааж байлаа даа. Нийслэлийнхнийг эргээд ирэхэд засчихсан байсан зам нь одоо ч байж л байна.
Дараа нь нэг жаалхүү Бат-үүлийг дууриаж “АСЕМ-ын үеэр нийслэлийнхнийг хөдөө гаргана” гэж бураад алуулангаа алдаагүй юу? Эгдүү нь хүрсэн нийслэлийн иргэд уурлаж, бараг л “Бидний хөдөө явах явахгүйг чам шиг нусан буу мэддэггүй” юм гэж загнасан санагдана.
Төр иргэний харилцаа гэхээр бичиг, цаас, биечилсэн уулзалт байхаа больжээ. Цахим хувьсгал ийм боломж нээж. Нээсэн боломжийг ашигласан нь хождог. Сурвалжлагч дагуулж аялсан дарга, зааланд цуглуулж сонсдог төлөөлөгчөөс илүүтэйгээр олон түмэнтэй ойр байж болдоггэдгийг харуулсан залуусын нэг нь Д.Мөнх-Эрдэнэ. Их зөв залуу, их ч зөв явах залуу. Зөв хүн-Электоратаас УИХ-д нэр нь ч дэвшсэн залуу.
Дашрамд дурдахад, энэ бүхэн бол миний бодол,хувийн нээлт огоот биш. Та бүхэн өөрийн фээс, твиттерийн “хистори” хэмээх архив, жиргээ постныхоо жоорыг ухахад л гараад ирэх баримтыг л ярьсан төдий. Бас Дээд шүүхийн дарга асан Дэмбэрэлцэрэнгийн хүү юм билээ, Мөнх-Эрдэнэ. Гэхдээ, би өөрөө жив жирийн малчны хүүхэд болохоор удам судрыг нэг их чухалчилдаггүй, харин хувь хүний чин эрмэлзлэлийг л хүндэлдэг дээ.
2020.06.03