Цэц үймээн дэгдээж, сонгууль хойшлуулах далим нэмлээ
УИХ-ын гишүүдийн 28-ыг намын жагсаалтаар сонгох заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц дүгнэлт гаргалаа. Цэцийн дүгнэлт эцсийн шийвэр биш. Дүгнэлтийг хүлээж авах эсэхийг УИХ одоо яаралтай горимоор хэлэлцэнэ.
УИХ-ын гишүүдийн 28-ыг намын жагсаалтаар сонгох заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц дүгнэлт гаргалаа. Цэцийн дүгнэлт эцсийн шийвэр биш. Дүгнэлтийг хүлээж авах эсэхийг УИХ одоо яаралтай горимоор хэлэлцэнэ. Хүлээж авбал УИХ хуулиа засна. Хүлээж авахгүй гэвэл Цэц их суудлаараа ахин хуралдана. Харин их суудлын шийдвэр эцсийнх байдаг. Цэц үнэхээр л Үндсэн хуулийг хамгаалдаг, бас хараат бус мэргэжлийн байгууллага нь үнэн юм бол дунд суудлын дүгнэлтээ их суудлаараа үгүйсгэх магадлал бага. Харин ч дунд суудлын дүгнэлтээ их суудлын эцсийн шийдвэр болгох магадлалтай. Тийм учраас намын жагсаалтыг халах Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авч таарна. Хүлээж авахаас аргагүй хоёрын зэрэг бодитой шалтгаан бий. Нэгд, намуудын нэр хүнд унасан энэ цаг үед жагсаалтаар УИХ-д орж ирэхийг нийтээрээ дэмжихгүй байна. Тэр талаасаа Цэцийн шийдвэр нийгмийн захиалга байв. Цэц магадгүй, маргааныг шийдэхдээ хуулийн талд бус, нийгмийн сэтгэлзүйд илүүтэй тааруулсан ч байж болох. Нийгмийн энэ уур амьсгалыг сөрөх, тэр тусмаа сонгууль ойртсон үед намын жагсаалтын ард нуугдаж УИХ-д орж ирэхийг зөв гэж ил ярих зоригтой улстөрч олон гарахгүй. Цагаа тулахаар Монголын улстөр ихэнхдээ бүлэглэлийн зарчмаар явж, гишүүд нь хувийн эрх ашгийг нэгд эрэмбэлж кнопоо дардаг юм. Хоёрт, Цэцийн шийдвэрийг зөв гэж нийгмээрээ үзэж байхад, гишүүдийн олонхи буруу, дүгнэлтийг хүлээж авахгүй гэвэл УИХ бүхлээрээ харин ч Үндсэн хуулийнхаа эсрэг ордны хуйвалдаан хийснээс ялгаагүй болно. Тэгэхээр дүгнэлтийг хүлээж авахаас өөр сонголт УИХ-д байхгүй, энэ харилцааг тойрсон УИХ-ын шийдвэрт Ерөнхийлөгчөөс хориг ирэхгүй. Дүгнэлтийг хүлээж авахгүй байхад “ээлжит сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж болохгүй” гэсэн Монгол Улсад хүний эрхийг хангах хөтөлбөрийн хавсралт заалтаас өөр хамгаалалт үнэндээ алга.
Дэлхийн ихэнх улс орнууд зөвхөн намаар дамжуулж төр засгаа байгуулдаг. Түүн дотроо сонгодог парламентын засаглалтай нь сонгуулийн пропорциональ элемент буюу намаар дамжуулсан сонголтыг илүүд үздэг. Ингэж байж улстөрийн намыг хариуцлагатай болгодог, сонгуулийн хариуцлагыг намд нь үүрүүлдэг. Эдгээр улс оронд улстөрийг үзэл бодлоороо талцаж, багаар хийдэг учраас тэр. Бусдын ийм сайн жишээ байхад манайд сонгуулийн пропорциональ элеметээс татгалзаж, намын жагсаалтыг хүчингүй болгосон нь олон улсын жишиг, онол талаасаа бол улстөрийн болон сонгуулийн шинэчлэлийн ухралт боллоо гэж болох. Гэтэл “азаар” манайд улстөрийг багаар бус бүлэглэж, үзэл бодлоороо биш, хэтэвчээрээ нэгдэж хийдэг. Намын нэрийн товчилсон хэдэн үсгийн ард ихэнхдээ булхайтай хүмүүс нуугдаж УИХ-д орж ирээд байгаа учраас л ард түмэн дургүйцдэг. Дэлгүүрээс ориг брэндийн хаягтай хулхи бараа худалдаад авчихаар хэн ч дургүйцнэ. Намын жагсаалт манайд үүнтэй л адил байгаа.
Сайн юм ч, зөв шийдвэр ч мууг дагуулах нь бий. Цаг хугацаа, нийгмийн болон улстөрийн үр дагаварыг тооцож чадсан шийдвэр л хамгийн зөв байдаг. Цэц энэ удаа тэгж чадсангүй. Цэц намын жагсаалтыг халсан нь нэг талаас зөв мэт боловч, нөгөө талаас сонгууль дөхсөн энэ үед улстөрд зүгээр л үймээн дэгдээж, сонгуулийг хойшлуулах далим нэмж, сонгуулийн хуульд гар хүрэх шалтаг нээж өглөө. Энэ үүднээс нь Цэц Үндсэн хуулийг хамгаалахаасаа илүүтэй улс төрийн захиалга биелүүллээ гэж хардаж болох. Яагаад гэвэл намын жагсаалтын асуудлаар Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн Цэцийн шийдвэр өмнө нь байдаг юм. Одоо зөрчсөн гэж дүгнэв. Цэцийн эргэж буцсан шийдвэр ганц энэ биш. Үндсэн хуульд оруулсан долоон нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчсөн, зөрчөөгүй гэсэн Цэцийн хоёр янзын шийдвэр бий. Мөн “давхар дээл” Үндсэн хууль зөрчсөн эсэх маргаанаар Цэц гурван ч янзын дүгнэлт гаргасан байдаг. Одоо намын жагсаалт Үндсэн хуультай зөрчилдөж байгаа эсэхээр Цэц эсрэг тэсрэг хоёр ч дүгнэлттэй боллоо. Цэцийн энэхүү орон гаран байдал нь тусдаа сэдэв учир энэ удаа орхив.
Харин Үндсэн хуулийн “манаач”-ийн өнгөрсөн баасан гаригийн шийдвэрийг дагах хамгийн том хардлага бол АН-ын зарим нөхдийн хүсээд байгаачлан сонгуулийг хойшлуулах далим нэмэгдлээ.