Дэлхийн улс төрийн эдийн засаг 2016 онд
Дэлхий удирдлага хяналтаа алдсан гэдгээр 2015 оныг нэрлэсэн дүгнэлт гадаадын хэвлэлүүдэд нэг бус цухалзаж байна. 2015 он манай гаригт шашин хоорондын антагонизм, национализмын шинэ тэсрэлтийг авчирчээ. Иерусалим, Каир, Багдад, Дамаск, Сана, Аден, Кабул, Ойрхи Дорнод тэр чигтээ гал, утаан дунд тэвчээр заалаа.
Дэлхий удирдлага хяналтаа алдсан гэдгээр 2015 оныг нэрлэсэн дүгнэлт гадаадын хэвлэлүүдэд нэг бус цухалзаж байна. 2015 он манай гаригт шашин хоорондын антагонизм, национализмын шинэ тэсрэлтийг авчирчээ. Иерусалим, Каир, Багдад, Дамаск, Сана, Аден, Кабул, Ойрхи Дорнод тэр чигтээ гал, утаан дунд тэвчээр заалаа.
Их улс төрийг их эдийн засаг дагасан хэвээр байвч нефтийн зах зээл, үнэ дэлхийн бодлогыг тодорхойлсоор байна. Нефтийн үнэ унаснаар лав Орос, Саудын Араб, Венесуэл болон ОПЕК-ийн орнууд элдэв бэрхшээлтэй тулгарлаа. АНУ ч үүнд нь татагдан орлоо. Олон тэрбумын алдагдлыг АНУ-ын холбоотон Саудын Араб амсаад байна гэдэг сайн зүйл огтоос биш.
НҮБ, ОУВС, бүс нутгийн интеграцын эвсэл холбоод юу ч хийж чадсангүй. 2015 оны гол далд маргаан нь евро, доллар хоёрын хэн нь хэн бэ гэдгээ үзэх өрсөлдөөн байлаа. Дэлхийн дэг журам тогтоох энэ үйл явц евро, долларыг мөргөлдүүлээд зогсохгүй, завсраас нь хятад юань 2015 оны эхний хагаст цойлоод гараад ирэв. Гол тоглогч болох ам.доллар хүчтэй хэвээр байгаа нь Грек, Испани, Португал, Ирландын өрийн асуудал дээр харагдлаа. Хятадын юанийг ч хөнтөрвөл чадна гэдгээ 2015 оны зун АНУ харуулаадахлаа. Хөрөнгийн зах зээлд юанийн үнэ цэнэ 40 хувиар унаж, ОУВС Хятадтай валютын зах зээл либералчлах асуудлаар яриа хэлэлцээ эхлүүллээ.
2015 оны төгсгөл хавьд тооцож үзэхэд энэ ертөнц дээр хийгдэж буй гүйлгээ арилжааны 43 хувь нь ам.доллараар дамжиж, евро 29 хувьтай байв. Еврог түлхэж байгаа гол хөдөлгүүр германчуудын гарт байна. Берлин, Франкфуртээс “Еврозон” гэгчийг хадгалах хамгаалах талаар улс төрийн чармайлтыг хэтэртэл хийв. Европын Төв банктай АНУ-ын холбооны нөөцийн сан хэрэг дээрээ дайн зарлав. Дахин санхүүжилтийнхээ хүүг 0.5 хувиар өсгөжээ. Ам.долларын ханш өссөнөөр гадаадын зах зээлд эргэлдэж буй АНУ-ын үндэсний мөнгөн тэмдэгт эх нутагтаа эргэж төвлөрч эхэллээ. Тэгэхлээр 2016 онд нефть, хийн зах зээл дээр Америкийн дуу хоолой улам чанга цууриатаж магад байна. Түүхий нефтийн экспортын 40 жилийн хоригоо цуцлах шийдвэр Ерөнхийлөгч Барак Обама 2015.12.18-нд гаргасан нь ч санамсаргүй алхам биш. Одоо лав Саудын Араб, ОПЕК-ийн гишүүд бусад улсууд “нефтэн зэвсэг” гэгчээ алдаж эхэлнэ. Нефтэн зэвсгээ алдсаны эхний шинж тэмдэг–шиитийн нэг удирдагчийг цаазалж, хариуд нь Тегеран дахь ЭСЯ-аа үнсэн товрого болгуулахын даваан дээр дипломат харилцаагаа тасаллаа.
Ингэхэд дэлхийн зэвсэгт мөргөлдөөний голомт ганц Араб дахинд ноцож буй биш гэдгийг 2015 он харуулсан. Тийм ноцтой голомт Өрнөд Европ руу халиад ороод ирсэн. Бага Ази, Турк түүний салшгүй хэсэг болсон. “Транс” гэх тодотголтой хоёр ч том эвслийг Вашингтоныхон дэлхийн эдийн засгийн дайнд татан орууллаа. Вашингтоны холбоотон нь Токио, Берлин хоёр болж таарлаа. Транс-Номхон далайн түншлэл, Транс-Атлантын чөлөөт худалдааны бүс гэдэг нь Евразид Оросын толгойлсон Евразийн эдийн засгийн холбоо, улмаар Орос-Хятадын түншлэлийг сөрөх зорилго агуулжээ. Хятад нь “Торгоны зам”, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк гэсэн өөр нэг “бороохой” гаргаж ирээд АНУ-ыг сөрөв. Гэхдээ талцаад хуваагдаад дайтаж буй биш, харилцан нэн хамааралтай торон сүлжээнд бүгд хүлэгдэн үзэлцэж байна.
Хятадын ардын банкны алтан нөөц нь $59.52 тэрбум гэсэн тооцоо 2015 оны 11 дүгээр сарын сүүлчээр гарчээ. БНХАУ нь алтан валютынхаа нөөцөөр дэлхийд 6 дугаарт жагсаж байна. АНУ, Герман, ОУВС, Итали, Франц өмнө нь бичигдэнэ. Хятадыг санхүүгийн талаар бэхжүүлж глобал хариуцлагаасаа үүрүүлье гэсэн шиг Вашингтон Бээжинг хөхиүлэн, ОУВС дахь квотыг нь 3.8 хувь байсныг 6 хувь болгож өсгөв. АНУ өөрөө 16.7 хувь байсан квотоо 16.5 хувь болгож жүжиглэв. Тэгэхдээ ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн шийдвэр гаргах дээр вето тавих эрхээ өөртөө үлдээхээ мэдэлгүй яахав. АНУ-ын тэгж өгөөмөр загнаснаас хойш юанийг ОУВС нөөц валют гэж үзэх боллоо. Хятадын квотыг нэмлээ хэмээн боож үхэж буй нэг айл бол Энэтхэг юм. ОУВС дахь түүний квот одоо дөнгөж 3 хувь дээр хүрч байгаа.
АНУ-ын Конгрессын үзэж байгаагаар ОУВС-д хийж буй энэхүү реформыг дэмжинэ. Тэгээд ч Дэлхийн Төв банк болгоё гэх яриа хөөрөө Вашингтоноос цухалзах болжээ. Одоо ОУВС-гийн нөөц нь $329.83 тэрбум байгаа бол бүтцийг нь өөрчлөөд шинэчлээд өгөхөөр нөөц нь $659 тэрбум болох аж. ОУВС-гийн идэвхтэй оролцогч 10 улсын дотор Орос ордог. Гэхдээ БРИКС гэх эвслийн хүрээнд ОУВС-г сөрөхүйц бүтэц эрэлхийлж, АНУ-тай таарамж муутай байгаа тул Хятад шиг урамшуулал хүртэх нь юу бол?
Ер нь дэлхийн санхүүгийн системийн реформ гэдэг нь хэн хүний яриад хэлэлцээд байдаг сэдэв биш. “Аюултай сэдэв”, “ноцтой сэдэв” гэх дүгнэлт дагалддаг. Учир нь бэлээхэн жишээ байна. 2011 онд Ливийн лидер Муаммар Каддафийг эгүүтгэснээр “Алтан динар” гэх пиар төслийг “Лалын улс”-ын террористууд гартаа авсан. Өрнөдийн валюттай эсрэгцэх валютыг хамгийн ихээр ярьж ухуулж явдаг Каддафи өнгөрчихтэй зэрэг “Лалын улс”-ынхан зөвхөн алтан динараар л дэлхийг босгоно, цаасан мөнгө бол хүн төрөлхтний гамшиг эмгэнэл хэмээн сурталдах болов. Тэд 2014 онд Иракийн Мосул дахь банкийг гартаа авснаар $450 сая ам.долларын хөрөнгө дээрэмдэж, Халифатаа баяжуулсан ба алт, мөнгө, үнэт металлаар ёстой нэг гулгиж, Европын банк ба еврог “чөтгөр шулам”-ын банк банкнот хэмээн хочлов.
“Алтан динар” гэгчийг өрнөдийн хэвлэл, ТВ-ээр элдвээр ярьж хэлэлцүүлэг өрнүүлж, нэг сая ам.долларыг шуудайлж жигнэн, төдөн фунт, төдөн кг болох юм байна, түүний оронд алт нь дээр гэх суртал хийснээрээ нэг мэдэхэд “Лалын улс”-ыг мандуулснаа хожуу ухаарав.
2015 онд Украины сэдэв моодноос гарч, хоёрдугаар төлөвлөгөөнд тусгагдлаа. Украины хямралд Герман учиргүй зуучилснаар “Умард урсгал 2” гэх төслийг өөртөө авч санасандаа хүрчээ. Славянчууд ба германчуудыг эдийн засгийн хувьд харилцан хамааралтай болгож авснаар АНУ-ыг ялимгүй сөрсөн байж болно. Гэтэл Турк энэ дунд ороод иржээ. Турк татагдвал цаана Сири бас эхний байрт гарч ирнэ. Сирид шууд ба шууд бусаар дэлхийн 60 гаруй улс байлдаж буй. Дэлхийн хүчний тэнцвэрийг Сири, Ирак, “Лалын улс” тодорхойлж, тэнд нөгөө “алтан динар” гоцлож байгааг өөрчлөх ёстой гэж үзсэн ОХУ Сири рүү гэнэт агаарын цэргийн бөөн хүчээр халдаж орлоо. Учир нь Германтай “Умард урсгал 2” дээр тохиролцож чадсан тул Дорнод Украины хил дээр төвлөрүүлсэн цэрэг-зэвсгийн асар их нөөцөө Сири рүү татаж эхэлжээ. Мөн Тегерантай тактикийн альянс Москвагаас байгууллаа. Турк, Ирак, Сири дэх “Курдистан” гэж гурвын гурван улс дамнасан нэг чухал тоглогч 2015 онд гараад ирлээ.
2016 онд дэлхий дахин, лав Ойрхи Дорнод нь хүндхэн, тэгэхдээ шударга сонголттой тулгарч магад. Монархистууд, бүгд найрамдахчуудын дайны хөлд талхигдсан XIX зууны дунд үеийн Итали, олон хэсэг задарсан тархай бутархай Германыг нэгтгэж чадсан Пруссыг санагдуулам үйл явц 2016 онд хүлээж байх магадлалтай.