- Засгийн газраас УИХ-д өргөн барьсан тогтоолын төсөлд тусгагдаагүй байсан заалт гишүүн Ц.Даваасүрэнгийн саналаар нэмэгдэн орж ирсэн нь “том төслийн санхүүжилтийг дотоодын арилжааны банкуудаар дамжуулах” тухай байв. Хэрэв уг заалт хэрэгжвэл эдийн засаг дахь валютын урсгал, төсвийн орлого тэнцэлд эергээр нөлөөлж болохоор ч гадаадын хөрөнгө оруулагчид, тодруулбал, Рио Тинтогийн зүгээс “үгүй” гэж хэлэх хоёр ч шалтгаан байгаа аж-


ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн хурал өнгөрсөн баасан гарагт Вашингтонд болж, Монголын Засгийн газартай тохиролцоод байсан “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг батлахыг түр хойшлуулжээ. Хэдийгээр өмнө нь тус байгууллагатай тохиролцсон болзол, нөхцөлд нийцүүлэн УИХ-аар 2017 оны төсвийн тодотголыг баталсан ч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолыг батлахдаа томоохон хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хөндөхүйц заалтыг тусгасан нь “тоормос” татахад хүргэсэн байна.

Засгийн газраас УИХ-д өргөн барьсан тогтоолын төсөлд тусгагдаагүй байсан заалт гишүүн Ц.Даваасүрэнгийн саналаар нэмэгдэн орж ирсэн нь “том төслийн санхүүжилтийг дотоодын арилжааны банкуудаар дамжуулах” тухай байв. Хэрэв уг заалт хэрэгжвэл эдийн засаг дахь валютын урсгал, төсвийн орлого тэнцэлд эергээр нөлөөлж болохоор ч гадаадын хөрөнгө оруулагчид, тодруулбал, Рио Тинтогийн зүгээс “үгүй” гэж хэлэх хоёр ч шалтгаан байгаа аж.

Нэгдүгээрт, Монголын Засгийн газар болон Оюутолгойн төсөл дээр хамтраг ч Рио Тинто компани одоогоос жил хагасын өмнө буюу 2015 оны 12 дугаар сард Оюутолгойн ордын лицензүүдийг барьцаалан олон улсын 15 арилжааны банкнаас нийт 4.4 тэрбум ам.долларын зээл авч, үүгээрээ далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн билээ. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг тэргүүтэн зээлийн шийдвэр гарсныг тэмдэглэн ёслол хийж оргилуун дарс буудуулж байсныг санаж байгаа байх.

Тэрхүү 4.4 тэрбум ам.долларын зээлийн хөрөнгийг захиран зарцуулах эрх Рио Тинтод олгогдсон ба энэ мөнгө нэг удаадаа бөөндөө Оюутолгой төсөл рүү орохгүй. Далд уурхайн бүтээн байгуулалтын явцад уг зээлээс тухайн жилд шаардагдах хөрөнгө оруулалтыг жил жилээр нь хэсэгчлэн “Оюутолгой” ХК-д олгох юм. Өнгөрсөн жил гэхэд далд уурхайн хөрөнгө оруулалтад 650 орчим сая ам.долларыг зарцуулжээ. Далд уурхайн бүтээн байгуулалтад зарцуулагдах дээрх зээл нь олон улсын банкуудад байрших, гүйлгээгээ тэдгээрээр дамжуулах нөхцөлтэй. Уг нөхцөл хангагдаж байж зээлийн эргэн төлөлт суутгагдах ёстой аж. Тэгэхээр Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын мөнгөн урсгал, гүйлгээг УИХ-ын тогтоолоор шийдвэрлэх бололцоо бараг үгүй гэсэн үг.

Оюутолгойн төсөлд зээл олгосон гадаадын арилжааны банк, санхүүгийн байгууллагуудтай тохирсон зээлийн нөхцөлийг өөрчлөх боломжгүй гэдгийг Засгийн газар мэдэж байсан учраас 2017 оны төсвийн тодотголыг хэрэгжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төсөлд анхнаасаа иймэрхүү зүйл, заалтыг тусгаагүй гэх.

Харин Рио Тинто компанийн зүгээс УИХ-ын тогтоолд туссан заалтыг зөвшөөрөхгүй байх хоёрдугаарх шалтгаан нь юу байв?

Оюутолгой төсөл хэрэгжиж эхэлснээсээ хойш үндсэндээ 10 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалтыг зарцуулаад байгаа юм. Энэ нь бараг л манай ДНБ-тэй тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт. Нийтдээ далд уурхайн бүтээн байгуулалтаа оруулбал 24 тэрбум ам.долларын зарцуулна гэх мэдээлэл ч бийг сануулах нь зүй.

Тэгвэл хөрөнгө оруулагч талаас болгоомжилж буй хоёр дахь шалтгаан нь Монголын арилжааны банкуудын үйл ажиллагааны найдвартай байдал. Хамгийн гол нь Монголын талаас “хөрөнгийн хяналт” тогтоох гэсэн оролдлого гэж хөрөнгө оруулагчид болгоомжилж буй аж. Тэрчлэн цаашид хөрөнгө оруулалт хийх эсэхдээ ч эргэлзэх үндэслэл гэж харж байгаа бололтой.

Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулагчдын болгоомжилж буй үндэслэл, бодит шалтгааныг судалж, ойрын хугацаанд буюу 2-3 долоо хоногтоо багтан дундын гарц, гаргалгаа олохоор ажиллаж байгаа гэж эх сурвалж хэллээ.

Засгийн газар эдийн засгийн дунд хугацааны төсөөллөө гаргахдаа Оюутолгойн ордын хөрөнгө оруулалт далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотойгоор 2020-2021 он гэхэд жилийн тэрбум ам.долларт хүртлээ нэмэгдэж, тэр хэрээр төсвийн орлого, тэнцэлд эергээр нөлөөлнө гэсэн тооцооллыг гаргаад байгаа аж. Харин УИХ-ын гишүүд Оюутолгойн мөнгөн урсгал, гүйлгээг дотоодын банкуудаар дамжуулах нь зүйтэй гэж үзсэнээс асуудал үүдэж, ОУВС-гийн хөтөлбөр энэ удаад хараахан батлагдсангүй. УИХ-ын энэхүү байр суурь өөрчлөгдөх эсэхээс ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжих эсэх нь хамаарах бололтой. Одоогоор эрх барьж буй МАН-ын Удирах зөвлөлөөр асуудлыг хэлэлцээд байр сууриа өөрчлөхгүй гэж шийдвэрлэсэн талаар хэвлэлүүд мэдээлж байна.