“Зохистой” гэдэг тодотголтой хэрэглээний тухай сэдэв хөндөж бичиж байна. Эм-эмчилгээ, эмч-эмнэлэг, өвчин-илааршилт гэдэг хоршоо үгнүүд өнөөгийн Монголд өдөр тутмын жирийн, хэн ч цочирдож тоохоо байсан хэрэглээний, бүр ахуйн үгс болж хувирчээ. Уг нь жилдээ ганц удаа, эсвэл хэдэн жилд нэг удаа яригддаг, ярьсан ч мэргэжлийн өндөр түвшинд, ардаа хариуцлага тооцогдох нөхцөлтэйгээр яригдаж байдаг үгс юм гэнэ лээ.

Хөгжингүй барууны орнууд, япон, солонгост очсон монголчууд эм авч уух гэж, эмчид биеэ үзүүлэх гэж ямар их шат даваа туулж, даатгалын байгууллагад нүдээ ухуулж нүүрээ ширлүүлж, хамаг байдгаа тавьж туух дээрээ тулдаг юм билээ.  Харин Монголд бол эм нь зах дээр хэвтэж байдаг бөөний бараа шиг л өдөр тутам овоорч байх нь тэр, өвчилбөл өөрөө онош тавиад аваад хэрэглэчихнэ. Болохгүй бол эмийн сангийн эмийн санч-худалдагч оношлоод хэлээд өгнө. Түүний хэлснээр биеэ эмнэчихнэ. Энэ бол монголчуудын эрүүл мэндийн соёлын түвшингийн байж байгаа ердийн төрх нь.



Улаанбаатар, аймгийн төвүүдэд очоод үз. “Эмийн сан” гэсэн хаягтай албан байгууллага, ТҮЦ, мухлаг, дэлгүүр ярайж байх нь тэр. Ард түмэнд үйлчилгээг ойртуулсан хэмээн эмийн сан эрхлэгчид хэлэх биз. Эрээнээс зөөж авчраад лангууг дүүргэчихдэгийн адил хөрш орнууд, өөр гадаад улсаас чингэлэг чингэлэгээр нь эм авчраад “Эмийн сан”-гуудаа дүүргэчихсэн, нөгөөдүүл нь бүр 24 цагаар ажиллаад үйлчлээд байх нь нэг талаасаа аюулын харанга дэлдэж буй хэрэг юм. Үүнийг монголчууд даан ч ухаардаггүй.

Монголд ирсэн, аялсан, семинар удирдсан гадаадын эмч докторууд ярьж байх юм аа. Энэ их эмийн сангуудаа цөөлөөч, журамлаач, нягтлаач, ялгаач гэж. Манайхан нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргачихна. Эмийг хяналтгүйгээр ийм их чөлөөтэй худалдаалж байдаг улс ДЭМБ-ын гишүүн орнууд дотроо бараг Монгол ганцаараа юм шиг яриа гадаадын эмч нараас гарч байсныг санаж байна. Ялангуяа антибиотекийг эмчийн жоргүй, зөвшөөрөлгүй чөлөөтэй худалдаалж байдаг газар нь ганц Монгол л болсон юм уу даа?  

Антибиотекийг эмчийн жоргүй  худалдана гэдэг бол гадаадын олон оронд гэмт хэргийн үйлдэлд тооцогдох ба хүлээх ял нь хатуу. Эмчийн жоргүй олгодог эмийн жагсаалт гэдэг нь хуруу дарам, арваадхан нэрийн жагсаалт байх ба бусдыг нь эмч жор бичиж өгөөгүй тохиолдолд өвчтөн авч хэрэглэх тухай ойлголт ч байдаггүй.

Ер нь барууны орнууд, японд эмийн үнэ харьцангуй өндөр, тийм байхаас ч аргагүй гэх тайлбар өөрсдөө хийх юм билээ. Эм өндөр үнэтэй байхын ашиг тус гэж байдаг гэнэ. Ямар ашиг тусын тухайд ярьж байна вэ? Энэ нь дээр миний буулгасан нөгөө өргөн хэрэглээ гэдэгтэй нь холбогдоно.

Жилдээ ганц нэг, зарим жилд нэг ч эм хэлэн дээрээ тавихгүйгээр хүн ард нь эрүүл чийрэг, зөв өсч бойжиж байгаа бол Монголд эсрэгээр. Эрүүл чийрэг байхын тулд хүн болох бага наснаасаа өөрийгөө биеийн тамираар эрүүлжүүлж, эрүүл зөв хооллож, амарч, ажиллаж, зөв амьдралдаа хэвших хэрэгтэй. Тэгвэл эм уугаад, эмч эрж давхиад байх шаардлагагүй гэж тэд зөвлөдөг.

Насандаа эмнэлэгт хэвтэж үзээгүй, өрхийн эмчээс өөр таних эмчгүй байх тохиолдол  Японд түгээмэл. Гэхдээ япончууд тэгтлээ биеийн тамир спортоор хичээллээд сүйд болоод байдаггүй. Зөв хооллолт, цэвэр агаар нь тэднийг авч явдаг.  

Харин Монголд бол хүн болох бага наснаасаа эмнэлгийн ба эмийн янз бүрийн туршилтад биеэ бэлтгэх хэрэгтэй болдог. Нас ахих тусам эмнэлэг, эмүүдийн төрөл зүйлүүд олшроод хижээл өтөл насандаа очсон монгол хүн гэдэг нь эрүүл мэндийн их сургуулийн биет судлагдахуун болох дээрээ тулсан байдаг. Энэ циклийг тойрч гарсан монгол хүн гэж бараг байхгүй.  

Агаарын бохирдол, үнс, нүүрс, элдэв тортогт хордсон улаанбаатарчууд уушиг, чих хамар хоолой, зүрх-судасны эмүүдийг ховх сорсоор өвлийг авна, хавар нь цас хайлаад хөрс гэсээд ирэхийн цагт хөрснөөс дэгдэх элдэв бохир үнэр, тортог, тоос, хий, нянгууд улаанбаатарчуудыг дахин өөр өвчнөөр өвчлүүлнэ, харшлын өвчин сэдэрнэ.  Энэ циклийг тойрч гарсан Улаанбаатарын иргэн гэж бараг байхгүй.  

Зундаа эмийн хэрэглээ багасах боловч найр наадам, амралт зугаалга нь хэтрээд амралт бус өвчин болж хувирна. Зунжингаа харшил нь сэдрэх хүн тоймгүй олон, хүнсний зохисгүй хэрэглээ, архидалтаас болж зун нь түргэн тусламж дуудах, эмнүүлэх, эм идэх явдал тасрахгүй. Тэгж байтал намрын сэрүүн залгаад утааны асуудал дэгдэнэ. Ашгүй газар хөлдөж маш олон нян вирүс өвлийн хүйтнийг даалгүй мөхнө. Харин хавар болоход хамаг авгалдай нь сэргэж үржээд хаврын элдэв өвчнийг сэдрээнэ.

Жилийн дөрвөн улирлыг дамнан үргэлжлэх энэ циклийг монголчууд бид чухам эмээр л давж байх шиг. Эм хэрэглээд илааршаад байна гэсэн үг биш. Эм хэрэглээд түүндээ маш их хамааралтай болоод түүнийгээ эдгэж байна хэмээн бодоод байх шиг. Сэтгэлээ л хуурч байна л даа.     

Эмчийн жоргүй антибиотек хэрэглээд байгаагаа болж бүтэж байна хэмээн ойлгож байгаа бол түүн шиг харалган явдал гэж байхгүй. Дараа нь жинхэнэ  антибиотек хэрэглэж эдгэх ёстой хүнд өвчин туссан цагтаа эмчилгээ авахгүй боллоо л гэсэн үг. Таны бие махбодь чинь тэр чигтээ антибиотекийн хамаарал бүхий, түүгээр цэнэг авдаг механизм болчихсон байхад Та өөрийгөө эрүүл байна гэж сэрүүн зүүдлээд юу хийнэ?

Антибиотекийн хэрэглээг үлэмж өөгшүүлэгч нь манай эмч, эмнэлгийнхэн гэдгийг бас хэлэх ёстой. Тэд өвчтөнөө бүрэн илааршуулахын тулд тэгж антибиотек санал болгодог гэдгийг үгүйсгэж болохгүй. Гэвч өөрөө бага залуудаа мөн л антибиотекдуулсаар өсч торнисон өөрийнх нь бие махбодь бусад монголчуудынхаас зарчмын ялгаагүйг бас бодолцох ёстой. Тэгээд ч байгалийн цаг уурын эрс тэс уур амьсгалтай Монголд   антибиотек л аврал болно гэсэн сүсэг тэр эмчид суусан, төгсгөсөн сургууль нь ч суулгасан.

Эмийн бизнес гэж уул уурхайгаас дутахгүй томхон салбар буй болж, бүр мафийн зохион байгуулалтад орж, гадаад дотоодгүй томхон сүлжээтэй болсон нь эмийн зохисгүй хэрэглээг ташуурдаж байгаа гол хүчин зүйл мөн. Тэдний хувьд монголчууд өвчлөмтгий л байх, өвчин огт тасрахгүй байх нь бизнес цэцэглэх гол нөхцөл нь юм. Тэдэнд монголчуудын гени, дархлаа, ирээдүй хойч үе төдийлөн хамаатай биш юм.

Хүмүүс ээ, эмийн зөв, зохистой, бага хэрэглээ гэдэг бол гуравхан саяуулаа байгаа бидний монголчуудын үндэстний дархлаа, монгол хүний хөгжил, улс орны тулхтай хөгжил дэвшлийн нэг гол баталгаа бус уу?

Энэ бүхнийг бодолцон би энэхүү нийтлэлээ туурвив!