Оюутолгойн гэрээтэй шинэ өглөөний мэнд!
Монголын шинэ үеийн парламент 17-хон “настай”. Таван удаагийн сонгуулиар байгуулсан парламент бүр түүхэнд өөрийн өөрийн онцлогтой.
1992 оны парламент алдаа, оноотой ч гэсэн ягаан цэнхэр тасалбараар өмч хувьчлалыг эхлүүлсэн. 1996 оны УИХ банкны системд реформ хийж, орон сууцыг үнэгүй хувьчлав. 2000 оны хууль тогтоогчид газрыг өрхийн хэрэгцээнд үнэгүй хувьчилж, иргэдээ анх удаа жинхэнэ утгаар нь үл хөдлөх хөрөнгөтэй болгосон бол, 2004 оны парламент хүүхдийн мөнгө өгч эхэлжээ. Харин 2008 оны буюу одоогийн парламентын түүхэн шийдвэр нь өчигдөр гарын үсэг зурсан Оюутолгойн гэрээ болж байна. Цаг хугацааны хувьд энэ УИХ “чулуу хөдөлгөж” таарсан ч энэ гэрээ бол Монголын гурван парламент, таван Засгийн газар, иргэний хөдөлгөөнүүд, уул уурхайн салбарын эрдэмтэн мэргэдийн хамтын бүтээл юм. Алдсан ч, оноосон ч, энэ бол түүхэн үйл явдал, түүхэн өдөр байлаа. Сөрөг хүчнээс сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлснээр энэ гэрээн дээр алдахгүйг бүгдээрээ л хичээсэн. Алдахаас айж долоо хэмжиж нэг удаа огтолдог монголчууд уг гэрээг долоон жил хэлэлцлээ. Эцэст нь эрхтэй, үүрэгтэй төр, засаг нь шийдвэрээ гаргалаа. Төрийн байгууламжуудынхаа хувьд Ерөнхийлөгчийн тэргүүлдэг Үндэсний аюулгүй байдал, хууль тогтоодог парламент, гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг Засгийн газар санал нэгдэж шийдвэрээ гаргав. Ингэснээр эдийн засгийн хувьд хоёр хөршөөсөө хараат Монгол Улс эдийн засгийн сонирхлыг нь бий болгосон гуравдахь хөршүүдтэй боллоо. Энэ нь Оюутолгойн төслийн хөрөнгө оруулагч компаниудыг харьяалагддаг Канад, Австрали улс юм. Оюутолгойн ордын нөөцийг шууд мөнгө болгон улстөр хийсэн, гэрээний Монголд ашигтай тоон үзүүлэлтүүдийг цээжинд үлдтэл тоогоор бөмбөгдсөн эерэг, сөрөг сурталчилгааны өдрүүд өчигдрөөр дуусгавар болж хөрөнгө оруулагчид цамц, зангиагаа тайлан их ажлын талбар руу нүүлээ. Өнөөдрөөс Монгол Улсын их хөгжлийн, шинэ ирээдүйн шанг татаж, шинэ шугаман дээр гарч зогслоо гэдэгт олон хүн итгэж найдаж байна. Энэ ордоо түшиглэн Дубай-2 болж чаддаггүй юмаа гэхэд Азийн нэгэн бар улс болж хөгжих итгэл, мөрөөдөлтэй монголчууд маань шинэ өглөөтэй золголоо. Азтай, амны хишигтэй монголчууддаа Оюутолгойн гэрээтэй шинэ өглөөний мэнд хүргэе. Монгол Улс 45 сая тонн зэс, 1800-аад тонн алтны нөөцтэй ордынхоо баялгаас хараал бус, хөгжил хүртэхийг ерөөе.
Оюутолгойн “галт тэрэг” нэгэнт хөдөллөө. Хөдлөх дохиог нь Монголын төр өөрөө өглөө. Нийгмийн зарим хэсэгт дургүйцэл, гэрээг дагасан шүүмжлэл байна. Чухамдаа ардчилсан төрийн нэг давуу тал нь энэ билээ. Гэхдээ монголчууд бол төрөө дээдлэн сүсэглэдэг ард түмэн. Тийм учраас төр засаг нэгэнт баталж, гарын үсэг зурсан гэрээг шороо цацаж бус, сүү өргөж угтах нь ашдын бэлгэдэлтэй биз ээ. Зах зээлийн нийгэм ч өөрөө, багийн тоглолттой, нэг дүрэмтэй. Тэр дүрмийг өчигдөр үзэглэлээ. Оюутолгойн орд нь том, төсөл нь том, хөрөнгө оруулагчид нь ч дэлхийд том орно. Тийм учраас баталсан “дүрэм”-ээрээ хэрхэн тоглохыг дэлхий харж байна. Энэ гэрээ бол парламент, Засгийн газар солигдох бүрт өөрчилж болдог Монголын хууль биш, олон улсын эрхзүйн актын хэмжээнд үнэлэгдэнэ. Иймд саарыг нь шүүмжилж сатаарахаас илүү цаасан дээр буусан сайныг нь шударгаар хэрэгжүүлэх, хянах их ажил монголчууд биднийг хүлээж байна.
Уурхайг дагасан дэд бүтцээ хөгжүүлж, нийт ажиллах арваад мянган ажилчдын 90 хувь нь монголчууд байх, тэдний авах сарын дундаж цалин гэрээнд заасны дагуу 1500 ам.доллараас буухгүй байх гээд дүрмийн заалтуудаа бодитоор биелүүлэх үүрэг хөрөнгө оруулагчдын өмнө ирлээ. Засгийн газар ч гэрээний хүрээнд хөрөнгө оруулагчидтай урьдынхаас илүү хамтарч шахаж ажиллах шаардлагатай боллоо. Энэ төслийг дагасан их бүтээн байгуулалт аль нэг гүрний бус, Монгол Улсын эдийн засгийг тэтгэх учиртай. Төслийн эцсийн үр дүнд хөрөнгө оруулагчдаас илүү их ашгийг Монгол Улс хүртэх ёстой. Баялгаа зөвхөн экспортлоод хөгжихгүй нь тодорхой. Оюутолгойн баялгийг түүхийгээр гадагш зөөснөөр улсын нийт эдийн засаг нугарч хугарахгүйгээр босоод ирэхгүй нь лавтай. Иймд Монголдоо нэмүү өртөг шингээж баялгаа экспортлохын тулд боловсруулах үйлдвэр барих, зарим төрлийн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэргээр гэрээнийхээ заалтуудыг бүтээн байгуулалт болгуулж хянах шаардах нь бидний үүрэг. Эдгээр үүргүүдийн дундаас тунгалаг төр хамгаас чухал. Том төслийг том мөнгө, их авлига дагадаг. Хэчнээн сайн гэрээ байсан ч, муу засаглалтай бол түүнийг баялгийн эздэд ашигтайгаар хэрэгжүүлж чадахгүйг харуулсан олон жишээ бий. Тунгалаг төр, сайн засаглалгүй бол том гэрээг дагаад эдийн засгийн тусгаар тогтнол ч ганхах аюултайг бодитоор харуулсныг Африкийн орнуудын жишээнээс харж болох билээ. Иймд одоо нэгэнт баталж гарын үсэг зурсан гэрээтэй ноцолдож байхын оронд түүнд хяналт тавих төрөө тунгалагшуулж, засаглалаа сайжруулах нь хамгийн чухал билээ.
“Ардчилал бол муу л хувилбар. Гэхдээ дэлхий дээр одоогоор энэнээс илүү сайныг нь олоогүй байна” гэдэг үг байв. Энэ үгийг манай зарим улстөрчид одоо ч утгаа алдаагүй мэтээр ойлгодог. Гэтэл дэлхийн их улстөрд энэ үг “моод”-ноос гараад ес дэх жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. Ардчиллаас дээр тэрхүү хувилбар нь “сайн засаглал” бөгөөд энэ нэр томъёог анх Америкийн дэд ерөнхийлөгч Альберт Гор гаргажээ. Уул уурхай дээр нэмэх нь муу засаглал тэнцүү дампуурал гэдэг аксиом ч түүний энэ хэллэгээс үүдэлтэй. Төрийн тогтолцоо нь гадна талаасаа ардчилсан хэлбэртэй ч, дотооддоо авлигал, хүнд сурталд идэгдсэн бол тэр улс хөгждөггүй. Энэ нь муу засаглалтайнх гэнэ. Харин авлигагүй, хүнд сурталгүй, тэгээд ардчилсан тогтолцоотой бол сайн засаглалтай улс орон гэж үздэг байна. Оюутолгойн баталсан гэрээгээ замын дунд алдаагүй хэрэгжүүлье гэвэл Монголын төрд сайн засаглал зайлшгүй хэрэгтэй боллоо, энэ өдрөөс хойш.
Ямарч гэсэн өнөөдрөөс Оюутолгойн гэрээгээр анхлан Монгол Улсыг хөгжүүлэх их баялгийн үүц задарлаа. Одоо цаашид Тавантолгойн нүүрс, уран зэрэг ашигт малтмалын гэрээг сунжруулахгүй урагш хөдөлгөхөд Оюутолгойн энэхүү гэрээ жишиг, хөдөлгөгч хүч болох байх аа. Монгол Улсаа хөгжүүлэх хөгжлийн хурдасгууртай болсонд ард түмэндээ, тэдний өмнөөс шийдвэр гаргасан төр, засгийн удирдлагуудад баяр хүргэж, Оюутолгойн гэрээтэй шинэ өглөөний мэнд хүргэе.