Манай дэлхий дээр өнөөдөр долоон тэрбум хүн амьдарч буй. Үүнээс нэг тэрбум нь үгээгүй ядуу аж. Энд Өмнөд Азийн, Төв Америкийн, Төв ба Зүүн Африкийн гуч гаруй орон хамаарч байна.. Эдэн дунд далайд гарцтай нь ч бий, гарцгүй нь ч бий. Байгалийн баялагтай нь ч бий, баялаггүй нь ч бий. Яагаад эд ингэтлээ үгүйрсэн, цаад шалтгаан нь юу болох талаар Оксфордын Их сургуулийн профессор Поол Коллиэр олон жилийн судалгаа явуулжээ. Тэрээр судалгаандаа төрөлжсөн олон баг ажиллуулсан. Судалгааныхаа дүнг нэгтгэн “Адагт үлдсэн тэрбум: хамгийн ядуу орнууд хэрхэн сүйрэн унаж байгаа тухай” гэсэн ном 2007 онд бичсэнийг 2009 онд Л.Баян-Алтай монгол хэлнээ хөрвүүлэн хэвлүүлсэн байх юм. Харин би үүнийг дөнгөж сая олж уншлаа.

Ядуу орнууд гадаадаас асар их тусламж авдаг. Ганцхан жишээ хэлэхэд Төв Америкийн Хаити улс 1800 онд тусгаар тогтнолоо олсноос хойшхи 200 гаруй жилд гаднаас авсан тусламжийн хэмжээ энэ орны 200 жилд үйлдвэрлэсэн нийт бүтээмжээс хэд дахин их гэнэ. Хаити аралд Хаити, Домникан гэсэн хоёр улс оршдог. Онгоцоор дээрээс нь харахад хилийн шугамын дагуу нэг нь нов ногоон, нөгөө нь хувхай даасан шороон хөрстэй. Ядуу буурай оронд туслах ёстой гэсэн чинээлэг орнуудын бодлого олон жил явсан. Тусламж нь голдуу хүнс, хөрөнгө оруулалт, хөнгөлттэй болон буцалтгүй зээл, хүмүүнлэгийн тусламж байлаа. Харин профессор Коллиэр олон жилийн судалгааныхаа үр дүнд асуудал өөрсөнд нь байна, тэд өөрснөө л энэ унасан нүхнээсээ гарна уу гэхээс мөнгөний тусламж харин ч ангал руу нь улам лав чихэж байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тэр дундаа хүн ам олонтой, ядуу буурай байсан Энэтхэг, Хятад хоёр сүүлийн хэдэн арван жилд хөл дээрээ баттай зогсон дэлхийн зах зээл дээр гарч ирснээр эдгээр үгээгүй орнуудын зах зээлд гарч ирэх ашиглагдаагүй бололцоог дүүргэн хааж орхилоо гэжээ.

Юун түрүүн эдгээр орнуудын улстөрийн байдал байнга тогтворгүй байдаг. Төрийн эргэлт, иргэний дайнаас авахуулаад бослого үймээн, үгүйдээ л эсэргүүцлийн хөдөлгөөн жагсаалаар бялхана. Эдэн дунд сонгуулийн ардчилалтай орон ч бий, дарайнгуйллынх нь ч бий, нийтлэг шинж нь төрийн инстүүц нь тун дорой учир хууль хэрэгжих нь сул, үүнээ дагаад авилгад идэгдсэн төвшин нь адил.  Бүхий л тогтворгүй байдлын цаад шалтгаан хөрөнгө мөнгө булаацалдсантай холбоотой. Үүнд эхлээд төрийн эрх мэдэлтнүүд хамрагддаг ба явсаар бараг л бүх ард түмний үйлс болон өргөжидөг байна. Бослого гаргаж иргэний дайн өдүүлэгч бүлэглэл юун түрүүн эрх чөлөө, өрдчилал, үндэсний эрх ашиг, байгаль орчныг хамгаалах зэрэг аль л олигтой гэсэн уриа лоозонг дэвшүүлдэг байна. Гаднаас нь харахад олхиогүй, дарангуйллын, шудрага бус, авилгад автсан төрийн эсрэг тэмцэж байгаа нь зөв зүйтэй мэт харагдана. Тиймдээ ч үгээгүй орнуудад гарч буй төрийн эсрэг бослого болгон шахам гаднаас асар их дэмжлэг хүлээдэг аж.

Арьсны үзэлт Өмнөд Родэзийн дэглэмийн эсрэг Мугабэгийн эсэргүүцлийн хөдөлгөөн дэлхий дахины дэмжлэг хүлээж байсан. Мугабэ Засгийн эрхэнд гарч дэлхийн хамгийн харгис дэглэмийн нэгийг тогтоолоо. Хөгжлийн төвшингөөр дэлхийн тэргүүлэх эгнээнд явж байсан Өмнөд Родэзи нь Зимбабвэ нэртэй болж Мугабэгийн  гарт ороод 30 жил өнгөрөхөд эргэж сэхэхээргүй үгээгүй ядуу улс болон хувирав. Сьерра Леонийг иргэний дайн руу хөтөлсөн бослогын ахлагч Фодэй Санког хэлэлцээ хийсний дүнд дэд Ерөнхийлөгчийн суудлыг санал болгожээ. Тэрээр энэ суудлаас татгалзаж, оронд нь энэ улсын алмааз ихтэй хэсгийг нэхэж байв. Фижи улс нь улаан мод тариалдгаараа алдартай. Засгийн газар үүнийгээ гадаадын мэнэжмэнтээр удирдуулахаар шийдэн тэндэр зарлажээ. Тэндрийн дүн гарснаас сарын дараа нутгийн уугуул Жорж Спэйт гэгч “Фижиг фижичүүдэд” гэсэн уриатайгаар зэвсэгт бослого өдөөв. Мань хүн тэндэрт ялагдсан компаний зөвлөх хийдэг байсан юм байна. Анголид Савимбигийн ЮНИТА, Засгийн газрын Анголийг чөлөөлөх ардын хөдөлгөөн гэсэн хоёр бүлэглэл хориод жил байлдсан. Савимби алмаазаас, Засгийн газар газрын тосноос санхүүждэг ба биенийхийгээ булааж авах зорилго “”эрх чөлөөний” цаад гол шалтгаан байв. Колумби, Пэрү, Болив, Филиппин, Балбад олон жил иргэний дайн өдүүлсэн коммунист болон маоист бүлэглэлүүдийн эцсийн зорилго нь үзэл суртал гэхээсээ эд хөрөнгө болох нь хожим тодорхой болсон. Нийгмийн шудрага бус байдлын эсрэг, бүх ард түмний сайн сайхны төлөө гэсэн уриатай тэд хуулиас гадуур хар тамхи, зэвсгийн худалдаа зэргээр хяналтгүйгээр өөрсөддөө мөнгө хийн баяжихын төлөө байжээ. Иймэрхүү жишээ санасныг бодвол маш элбэг.  

Бослого хөдөлгөөн дээд эгнээнд нийгмийн сайн сайхны төлөө гэсэн улс төрийн сайхан уриатай байдаг бол дунд болон доод эгнээ рүү байгаль хамгаалах, орлогыг тэгш хуваарилах, үндэстнээ хайрлах, гадаадын шулаачдыг эсэргүүцэх гэх мэтийн “иргэнлэг” уриатай болж ирдэг гэнэ. Нигерийн газрын тосны бүст гарсан бослогод оролцогч 1 500 хүний дунд энд хэн оролцож байгаа талаар доктор Адэжору нарийвчилсан судалгаа явуулжээ. Тэд дөрвөн нүглийн эсрэг тэмцэх уриатай: Шунал (Тос олборлогч компани), Бузар булай (Байгаль орчны бохирдол), Дарангуйлал (Засгийн газар), Гэгээнтэн (Урьд нь шүүхээс цаазаар авсан үймээн дэгдээгч Кэн Саро Вива гэгч). Үймээн гаргачид дотор эдгээр нүглийн шууд хохирогч ганц ч хүн басангүй. Үймээн гаргагчдын нийтлэг төрх гэвэл залуу, боловсролгүй, ажилгүй гэсэн гурван шинж. Мөн ихэнх нь гэр бүлгүй байлаа. Төрөөс олгож буй нийгмийн халамж муутай газраас ирсэн хүн ч алга, эд улсын дундажтай харьцуулахад бүгдээрээ нийгмийн халамж дажгүй хүртдэг хэсгийнхэн аж.

Байгаль орчний бохирдол, үймээний жинхэнэ зорилго хоёр ямар ч уялдаагүй нь харагдлаа. Газрын тосгүй мужид ямар ч үймээн дэгддэггүй. Нэг цооногтой газар хүчтэй үймээн дэгддэг мөртөө 20 цооногтой газар тайван болно. Уг нь 20 цооногтой бол байгаль орчин илүү бохирдмаар. Энэ нь байгаль орчин бохирдож буйгаас үүссэн зэвүүцэл гэхээсээ хамгаалах нэрээр сүрдүүлэг, луйвар, рэкэт хийн мөнгө салгах ажиллагаа аж. Ухсан цооногоос газрын тос гараад ирмэгц үймээн дэгдээн сүрдүүлж мөнгө нэхэх бизнесс цэцэглэнэ. Энэ нь тухайн компанийг хариуцсан рэкэтчин хэн нь болох талаархи луйварчдын өрсөлдөөн. Олон цооног болох тутам ашиглалтын компаниуд өөрсдийг нь хамгаалсан бүлэглэлд тайван байлгасны төлөө илүү их мөнгө төлж эхэлдэг аж. Энэ хооронд рэкэтчид зах зээлээ хуваачихсан байдаг тул бусдыг ойртуулдаггүй. Үр дүнд нь байгаль орчинд хэдий их хор хүргэнэ, төдий тайван, эсэргүүцэлгүй болно. Энэ судалгаа их сониролтой үр дүн үзүүлсэн учир бараг моодонд орж олон оронд олон газар ижил төстэй судалгаа явуулсан чинь хариу яг адил гарчээ.  

Адагт орсон эдгээр тэрбум хүний засаг төрүүд нь авилгад идэгдсэн, төрийн инстүүц нь сул дорой, хуулийг мөрдөж чаддаггүй учир төр нь ч ард түмэндээ, ард түмэн нь ч төрдөө хатуу шаардлага тавьж чаддаггүй, адилтай адил, годилтой годил нэг зоосний ар өвөр болсон нийтлэг чанартай аж. Иймээс ч дунд эгнээний жагсаалчин цуглаанчид амархан зэрэг дэвшиж хүчирхийлэл рүү орсоор төр булаадаг террорист болох нь их. Сивамби, Кабила, Мугабэ нар чухам энэ замаар өгссөөр  дэлхийд танигджээ. Аль ч орныг, тэрдундаа үгээгүй улсыг унасан нүхнээс нь гаргаж өөд татах хамгийн сайн арга нь гадаадын хөрөнгө оруулалт байдаг. Гэтэл ийм газраас хөрөнгө оруулагчид зугтаадаг учир рэкэт луйвар дотоодын хөрөнгөтөн рүүгээ чиглэж эхэлдэг юм байна. Хуулийн тогтворгүй байдал, улстөрийн найдваргүй хандлага, авилгын сүлжээ нь гадаадын хөрөнгө оруулагчдыг байтугай дотоодын компаниудыг айлгаж зугтаах явдал руу шахдаг аж.

Нэгэнт найдваргүй зах зээл дээр үйлээ үзэж байгаа дотоодын компаниуд хөрөнгөө гадагш нүүлгэж эхэлдэг аж. Африкийн хамгийн ядуу гучин орны нийт хуримтлалын 70 хувь нь хөгжингүй орнуудад гарчихсаныг тооцоолсон байна. Үүний дараа эдгээр үгээгүй найдваргүй орнуудад “тархины дүрвэлт” гээч үзэгдэл болдог гэнэ. Юм бүтээх чадвартай, улсдаа хамгийн их татвар төлдөг, сүйхээтэй боловсролтой иргэд бултуулсан хөрөнгөнийхөө араас явдаг аж. Тэд хаана ч өөрсдийгөө аргалаад амьдрах чадвартай учир гадаадад гарсан ч ажил бизнес олддог юм байна. Харин улс орны аль л арчаагүй, боловсрол мэдлэггүй хүмүүс нь гадаадад гарлаа ч ажил олж амиа аргалаад явж чадахгүй учир илжирсэн байрандаа үлдэнэ. Иймээс явсаар задгай мөнгө хадгалдаг вааран гахайн дүрсэн дотор байгаа задгай зоосыг зөв тоолчиж чадахгүй арчаагүй мунхагууд эдгээр орны Сангийн сайд, Эдийн засгийн сайд болох нь элбэг болж хэмээн Коллиэр бичжээ. Энэ бүхний нийлбэрийг адагт орсон улсуудын гарч чадахгүй болсон занга гэж нэрлэх аж.

Болив Чилитэй хил залгаа, Конго улс Ботсванатай хиллэдэг, Ангол нь Намибитай хөршилдөг. Чили, Ботсвана, Намиби улсууд амжилттай хөгжиж буй орны үлгэр жишээ.  Хүн юм болохоор хажуу хавирга нь хөгжөөд байхаар ядахнаа дуурайгаад занганаасаа гарахыг бодож л таараа. Гэвч нэгэнт орсон занга, дассан зуршил нь ийм дэвшил хийлгэдэггүй аж. Мозамбик нь Засгийн газрын хүчтэй реформын ачаар сүрхий өндийж ирэн зарим бүтээгдэхүүнээр дэлхийн зах зээлд гарч, үүнийг нь дагаад гадаадын хөрөнгө оруулалт ч сайн орж ирсэн байна. Бизнес цэцэглэн, бүгд л ам сайтай байлаа. Харин Ерөнхийдөгч нь дараагийн сонгуулиар ялагдангуутаа хожигдлоо хүлээн зөвшөөрөхгүй бараг жил бужигнуулжээ. Тэрээр тус орны далайд гарцтай ганц боомтыг хаан тэгнээд хэвтчихэв. Энэ хооронд гадаадын хөрөнгө оруулагчид зугтааж, өнөө дэлхийн зах дээлд гарсан бүтээгдэхүүнүүд нь зах зээлээ алдаж эхлэв. Жил гаруйгийн дараа арай гэж эмхэндээ ортол хэдийнээ хожимдсон байв. Тэдний зах зээлийг шинээр түрж буй хятадууд, энэтхэгчүүд эзлээд авчээ. Бүх юм дахиад нойлоос эхлэх болов. Гэвч дэлхийн өрсөлдөөнт зах зээл дахиж тэдэнд тийм бололцоо олгосонгүй. Нэгэнт найдваргүйгээ харуулсан учир гадаадын хөрөнгө оруулагчид ч тойрох боллоо. Ийнхүү Мозамбик занганд орж эргээд нүхнээсээ гарч чадахаа больжээ.  

Өөр нэг жишээ. Нефтийн үнэ хэдэн арав дахин өссөн 1973 оны хямралаар Нигери ёстой нэг цамаархаж өгчээ. Шинэ нийслэл хүртэл босгохоор асар их мөнгө цацсан. Гэнэт баяжсан орон хэрэгтэй хэрэггүй оронд учиргүй олон элчин сайдын яам байгуулдаг юм байна. Нью Йоркт буй хамгийн том байнгын төлөөлөгчийн байр бол Угандынх шүү дээ. Нигери яг л ингэж. Гэтэл наяад оны эхээр нефтийн үнэ эргэж буухад Нигери бүтээн байгуулалтад зориулж авсан асар их өртэй хоцров. Яаралтайгаар хэмнэлтийн бодлого хэрэгжүүлж эхэллээ. Энэ нь зүдэргээтэй, цаг авсан нүсэр ажил боловч үр дүнгээ аажимдаа өгч эхэлсэн аж. Хэрэв энэ реформыг хийгээгүй бол ёстой элгээрээ хэвтэх байсныг эдийн засагчид хэлдэг. Гэвч ард түмэн амьдрал хүндэрснийг шал хэрэггүй реформоос боллоо гэж үзнэ. Хэт цамаархлаас болсон хүндрэлийн эх сурвалжийг хэн ч хэлэхгүй. Ийнхүү реформын эсрэг нийтийн тэмцэл эхэлж таараа. Реформоос татгалзана гэсэн популистууд ч мундахгүй. Ингээд ерээд оны дундаас ард түмний шахалтаар шинэчлэлээс бүрэн татгалзаж санаа нь амарцгаажээ. Харин зангандаа үлдсэн дээ.

2014.2.2