МАХН нэрээ МАН-ын нэрээр сольсон. Энэ бол миний 1990 оноос хойш тээж яваа хүсэл. Би энэ тухай өөрийн номуудад зөндөө бичсэн. Монгол эх орончдын байгуулсан Ардын намын нэрийг, МАХН онол үзлээ Ардын намын онол үзлээр эргэлтгүй сольсон нөхцөлд өвлөн авах эрх нь нээгдэнэ гэж бодож явлаа. Өөрөөр хэлбэл Бодоо Данзан нарын үзэл баримтлалыг эрхбиш харгалзан үзэж, шүүн тунгааж, сорчлон хөгжүүлэх нь гэж горьдсон юм. ХХ зуунд болж өнгөрсөн эмгэнэлт түүхээ болъщевик нүдээр бус эх оронч монгол нүдээр харна гэж найдаж байв.

Тэгсэн чинь байдал яаж өрнөв гэвэл пост коммунистууд үзэл баримтлалаа сольё гээгүй нь явуулж буй өнөөгийн бодлого, ааш араншин, шийдвэр мэдэгдлээс нь илэрч урам хугаллаа. Наад зах нь юу юуны туханд хүрэхгүй хуучин замналаа үхэн хатан хамгаалан урж тасадчих гэсэн ярдаг гишүүдийг зурагтаар харах бүрд Ардын намын анхны журмын нөхдийг ичнээ хүндлэх хүмүүжил заалгасан би бээр “тэд ийм алсага шиг авиртай хүмүүс арай байгаагүй биз” гэж бодоход арга буюу хүрэв. Ардын намыг үүсгэн байгуулсан хамаг удирдагч нарыг улаан Орос толгой дараалан цаазлахад шадар дагалдангаар нь долигнож явсан МАХН өөрийн шүтээн-коммунист онолоо ХХI зуунд дэлхий даяар сүйрэхэд арга буюу коммунист дүрээ далдлахаар түүхэнд мартагдсан МАН-ын нэрийг авсан болохоос дуртайдаа нэрээ сольсон ч юм биш нь илэрлээ.

1920-иод оны үед Монголын эх орончид өөрсдийн хүсэл тэмүүллээр Ардын намыг буй болгосон. Тэгтэл Ардын намын бүх жолоодогчийг нь хөнөөгөөд, намыг нь самраад, ариун нэрийг нь зээлсэн Хувьсгалт нам бол Ардын намын залгамж халаа бус дайсан нь юм. Үзэл баримтлал нь тэс ондоо. Нэг нь Улаантанд үг дуугүй захирагдаж, соёл, зан заншлаа үндсээр нь устгаж, коммунизм байгуулахын төлөө, нөгөө нь тусгаар тогтнол, чөлөөт худалдаа бүхий дэлхийн хөгжилтэй орнуудын жишгээр замнахыг зорьж байв. Үзэл санаа үйл явдлыг чинь гүтгэн мушигсан тэс өөр үзэлтэй дайсандаа, цус урсгасан тэмцлээр алдаршсан ариун нэр төрөө өвлүүлэх шиг гутамшиг ертөнцөд байхгүй. Харин үзэл санааг чинь үргэлжлүүлэн хөгжүүлье гэсэн залгамжлагч гарч ирвэл дуртай яа зөвшөөрөх нь зүй. Ардын намын анхны хэдийн хүсэл мөрөөдөл бүдгэрснийг далимдуулан тэднийг бүр коммунист болгуузай. Тэд хэзээ ч коммунист байгаагүй.
   
Үнэхээр шинэчилье, үнэхээр шинэчлэгдье гэж зориглосон аваас намынхаа онолыг юун түрүү шинээр боловсруулж, бас ааш араншингаа соёлжуулах байсан юм. “Хувьсгалт” гэсэн нэрээ хэрэггүй гээд хаясан атлаа хувьсгалын үйлдсэн бүх нүглийг өвлөн аваад, өмөөрч буй чинь толгойдоо арандаг хурааж, шинэчлэлд чинь харсаар байхад саад болж байна. Цуст мөрөө зөвтгөх байсан юм бол юунд “хувьсгалт” гэсэн нэрнээсээ татгалзсан юм бэ. Хүн төрөлхтөн эдүгээ коммунизмыг фашизмтай зэрэгцүүлэх болсныг анзаарч буй биз дээ. Коммунист болъщевик түүхээ өмөөрөөд байвал залуу үеийг улам үргээнэ. Юуны төлөө “хувьсгалт” гэсэн үгээ хаясан билээ, юуны төлөө шинэчлэх бодлого явуулах гэж буй билээ, орчин үеийн ардчилсан сэтгэхүйд яв цав нийцэж, нийгэмд таалагдах үзэл баримтлалаа юуны өмнө ягштал боловсруулж, зарлан сурталчлах нь одоо ч оройтоогүй. Тунхаглаж буй онол чинь онцгой шинэлэг агаад орчин үеийн өндөр хүмүүжил мэргэжилтэй иргэдийг татаж чадвал гүйцээ. Хуулиа биелүүлдэггүй, хариуцлага хүлээдэггүй, авилга хээл хахууль, хүнд сурталд идэгдсэн нийгмээс иргэд залхаад шинэ үзэл онолтой, шударга, ухаантай Төрөөр удирдуулахыг хүсээд буй энэ цаг үеийг МАН-ынхан шинэчлэлдээ ашиглах алтан боломж гэлтэй. 

Хувьсгалаар үйлдэгдсэн сайн муу түүхээ “хувьсгалт” гэх үгтэйгээ хамт МАХН-д авна уу хаяна уу орхиод, МАН-ыг үндэслэгч Бодоо Данзангийн коммунист бус цэвэр эх оронч ардчилсан үзлийг цаашид баяжуулан хөгжүүлэх зам чинь ямар ч саадгүй нээлттэй цэлийж байна. Танай намын эцэг Бодоо Данзан нар чинь коммунист онолд дургүй явсны улмаас болъщевик нарт буудуулсан түүхэн эмгэнэл та нарыг коммунист биш гэдгийг нотлох намын чинь “нэрийн хуудас” болох ёстой. Энэ “нэрийн хуудас” та нарыг коммунист, хэлмэгдүүлэгч хочноос чинь эгүрт салгаж, сонгогчдыг татах болно. Дээдлэн хүндэлдэг Д.Сүхбаатар чинь Хувьсгалт намын аллага нугалаанд оролцоогүй, Хувьсгалт намын хүн биш байсан. Д.Сүх бол Ардын намыг үндэслэгч залуу. МАН-ын хорлогдсон жанжин.  

МАН-ын шинэчлэл Бодоо Данзангийн буудуулсан цэгээс эхлэх үү, аль эсвэл Чойбалсан Цэдэнбалын замналыг залгамжлах уу гэдгээс гол нь шалтгаална. Энэ дөрвөн бие хүн нэг намд багтахгүй хоёр хоёроороо эсрэг тэсрэг үзэлтэй эвлэршгүй өөр өөр бие хүмүүс тул МАН-д аль нэгийг сонгохоос бус гал ус шиг хоёр талцлын дунд бөөрөнхийлөх боломжгүй. Чойбалсангийн гараа цустсан хэлмэгдүүлэлт, Цэдэнбалын нэгдэлжих, оросчлох хөдөлгөөнд Бодоо Данзан Сүхбаатар Шагдаржав нар огт хамаагүйтэй адил МАН-д мөн хамаагүй. Коммунист яргалал болон айлын мал сүргийг булааж нийгмийн өмч болгосныг одоогийн МАН-ын гишүүд мэдэхгүй учраас тэдэнд бас хамаагүй. Хувьсгалт намын үйлдсэн цуст яргаллаас одоогийн МАН-ын гишүүд эцэг эхээс заяасан ариун бие, цэвэр нэр төрөө холдуулж авахгүй бол бузартана шүү. Хувьсгалт намын цус нулимстай хутгалдсан нүглийг өмөөрсөн хэнбугайн ч хүч эдүгээ мөхөстөнө. 

Бодоо Данзан нарын нэрийг бариад МАН-ынхан ардчиллын төлөө нэрэлхэлгүй зүтгэ. Коммунист гэж хажиглавал коммунистуудад буудуулсан Бодоо Данзан нарынхаа нэрийн өмнөөс няцаа. МАН-ын лидерүүд коммунист байгаагүй. Данслаагүйтэйгээ 100 мянган гэмгүй иргэнээ Ардын намыг үндэслэгчид хүйс тэмтрээгүй. Тэд гадны түрэмгийллийн эсрэг эх орныхоо тусгаар тогтнол бие даасан бүрэн бүтэн байдлын төлөө тэмцсэн эх оронч-ардчилагчид явсан.

С.Зоригийг улс-төрийн захиалгат аллагад хэрцгийгээр амиа алдсан өдрийг ардчилагчид хөшөөнд нь цэцэг өргөж дурсдаг. Ардын намынхан МАХН-ын дарга асан Ж.Батмөнхийн хөшөөнд цэцэг өргөдөг болсон нь соёлтой харагддаг. Урьдын цагт бол Ж.Батмөнхийн хөшөөнд бус Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөх байсан. Энэ чинь нэг алхам. Төрөлхийн дөлгөөн томоотой Ж.Батмөнх Румыний удирдагч гэргийн хамт буудуулсныг, Зүүн Германы удирдагч амь хоохойлох нуувчгүй зугтаж явсныг, Болгарын удирдагч гэмт хэрэгтний сандалд сууж буйг телевизээр хараад ухаарсандаа дэлхий дахины ардчиллын давалгааг сөрөөгүй бол, Ардын намын анхны долоо Монголынхоо төлөө тэмцээд үрэгдсэн. Намынхаа хөнөөгдсөн анхны долоогийн цогцолборыг бяцхан ч атугай хэлбэрээр бурханчлаад цэцэг өргөвөл шинээр төрсөн МАН бүр ч гоё харагдана. Хилийн цаана ар Хиагтад 1921 оны 3-р сарын 1-нд оросууд зохион байгуулсан цуглаанд оролцсон Сүхбаатар Чойбалсан хоёрт болъщевикуудын даалгаврыг хүчээр тулгаж, МНРП гэсэн тамгатай хуудас цаас гардуулсныг эдүгээ “Монголын эх орончдын өдөр” гэж сүржинэх инээдэмтэй бөгөөд Бодоо нарын Яков Блюмкинд буудуулсан өдрийг “Эх орончдын өдөр” гэдэг ч болоосой.   
 
Да лам Цэрэнчимэд, чин ван Ханддорж, Сайн ноён Намнансүрэн, Хатанбаатар Магсаржав, манлай баатар Дамдинсүрэн, харчин бэйс Бавуужав, гүн Хайсан, Дэмчигдонров нарын зэрэг ард түмнийхээ төлөө амь насаа зориулсан үндэсний зоригт эх оронч олон байхад гадаадаас Ленин мэтийг эрэлтгүй. “Болъщевик” буюу “олонх”-ийн толгойлогч Ленин “меньшвик” буюу “цөөнх” болсон журмын нөхдөө хядсан этгээд. ХХ зууны монгол эх орончдын түүх намтрыг жинхэнэ үнэнээр нь тодруулж дээдлэх ёстой улс төрийн гол хүчин бол МАН. МАН-ын өнөөгийн гишүүд бол коммунистууд биш. Тэр тусмаа МАН-д өдгөө элсэж буй хөвгүүд охид бол коммунистууд огт биш ардчилагчид-социал демократууд. Тиймээс болъщевикуудын загалмайлсан эцэг Ленинээс юун түрүү сал. Дараа нь Хувьсгалт намын түүх Ардын намын түүх биш учраас гишүүд-та нарын түүх бас биш гэдгийг илэн далангүй зарлаж хатуу мөрд. Та нар өөрсдөө шинэчлэгдэж чадсан цагт шинэчлэл аяндаа хурдаа авна. Эрэлхэг эх орончдын МАН мандан бадрахад Монголдоо хайртай хүн бүхэн дуртай яа дэмжих нь гарцаагүй. Та нарыг бурхан өршөөж, Монголоос коммунист-болъщевик архаг хууч эгүрт тонилго.  
                                                                                                                         2013-12-22