Хугараагүй ноён урам
Манай өнөөАлтай гишүүн ордон дотор явж байгаад урмаа хугалсан бөгөөд одоогийн байдлаар скоочдчихсон явж байна гэнэ. Нууц ч юм биш.
Ерөнхийлөгч ЭНХБАЯР хэлжээ
Монголчууд эвтэй байхдаа инээдтэй
Хошин шогчдын шинэ хөтөлбөр
Монголчууд эвгүй байхдаа л эвгүй.
XШ зууны зүйр үг
-фельетон-
Манай өнөөАлтай гишүүн ордон дотор явж байгаад урмаа хугалсан бөгөөд одоогийн байдлаар скоочдчихсон явж байна гэнэ. Нууц ч юм биш. Цагдаагийн рапортод “өнгөрөгч шөнө гурван иргэн амиа алдаж, хоёр хүн хөлөө хугалж, нэг гишүүний урам хугарсан золгүй явдал гарлаа” гэсэн нь сонинд тэр хэвээрээ гарсан байна. Юутай ч гишүүн өөрөө болохоор ерөнхий сайд Баяраас боллоо гэж сурвалжлагчид ярьжээ. Баярыг яаж оролдож байгаад юм аа хугалуулчихдаг бол доо. Ер нь бол мань эр ерөнхий сайдын найз нь бол найз. Гэхдээ сайн найз нь биш муу найз нь байснаа сонинд ярьсан байна. Ярилцлагын нэр “Муу найзынх нь урам хугарсан гэж Баярт хэллээ”. Уншигчдыг “...хугарсан гэж хэллээ” гэсэн хэсэг дээр анхаарлаа хандуулахыг хүсье. Эндээс яг урам хугарах мөчид хэн хэн нь иймэрхүү юмыг анзаарах сөхөөгүй байсан бол уу гэж бодмоор байна. Нүдээр үзсэн сэтгүүлчийн хэлээр бол гишүүн үүндээ ер эмзэглээгүй ба “Ямарч учиртай юм бэ, яах гэж ч хугарсан юм бүү мэд... дахиж энд ирэхгүй явлаа” гээд хугархай урмаа үүргэвчиндээ хийгээд гэртээ харихаар аялан одсон гэх.
Ер нь бол муу найзтай тун болгоомжтой харьцах учиртайг умартан гэнэ алдсан болтой юм. Харин зарим нэг учир мэдэх нөхөд, угаасаа хугарсан урамтай, тэр жил гадаадад наран шарлаган дээр хөөцөлдөж яваад хэмхэлчихсэн, тэр нь дутуу бороолсон байсан юм хэлж байна. Тэрийгээ мань гишүүн эвгүй хөшөөд наалтаар нь салгачихсан ч юм уу, бүү мэд. Ер нь бол хэрийн юманд шалчийхгүй, эрийн шийр заадаг түүнийг нөхөд нь “Хугараагүй ноён урам” хэмээн авгайлдаг нь талаар хэрэг биш гэлтэй.
Аа бас Чингэс нэг ташуур олсон тухай бөөн сенсаац. “Малын хулгай нарын гээсэн юм олоо биз юун сүртэй юм бэ” гэж бодсон чинь 800 жилийн өмнө олсон болж таарч байна. Чингэс гэхээр нь сэрхийдэггүй юм уу гэж та гайхаж байна уу? Үгүй юм аа. Сонин аваад гарчиглал даа. “...Дугаар хорооны иргэн Чингэс танхайн сэдлээр... холбогдогч Чингэс мэдүүлэхдээ ...”. Тэгснээ бүр больчихоод “Чингэс ууж байгаад эрүүлжигдэн... Бид танд алтан, хар Чингэс санал болгож байна”... гм гм. Аль Чингэсийг нь гэх билээ ??
Тэрхүү ташуурыг саяхан биш, энэ жил биш, ноднин биш...800 жилийн өмнө олсон байна. Одоо Цонжин болдогт мөнөөх ташуурын хөшөөг бүтээгээд, дээр нь олсон хүний баримлыг нь босгосоон гэж саяхан зурагтаар ярилаа.
Домог ёсоор бол ирээдүйн Чингэс хаан тэр хавьд юу хийхээ, хаачихаа мэдэхгүй сагилдархалж явжээ. Уг нь Тэрэлжид сайхан амралт нээгдэнэ гэж мэдэж байсан боловч найман зуун жил хүлээх бас түвэгтэй. Ингээд эвшээгээд байж. Эвшээхэд хүний нүд нь амандаа вертикал чиглэлд хөдөлж илүү олон юмс үзэгддэг талтай. Нэг эвшээхдээ харсан чинь нүдний үзүүрт сонин дизайнтай мод харагдав. Тэр үед алдагдсан найман шаргыг нь олж өгөөд ихээхэн нүүр тал олсон Боорчи дагалдаж явав. Найман шаргыг олсон газар өдгөө ижил нэртэй валютийн зах ажиллаж буйг дашрамд дуулгая.
-Алив Боорчи, чи гүйгээд тэр нэг сонин юмыг аваад ир дээ гэж Тэмүүжин хэлжээ.
Халуунд байдгаараа нозоорсон Боорчи “Дандаа надад дээрэлхэж, гар хурууны үзүүрт зарах юм аа. Ёох ёх” гэж үглэсээр очиж үзвэл үзүүртээ суртай мод байж.
Тэмүүжин ташуур огт үзээгүй тул их гайхаж
-Юу вэ , Боов уу? Гэв.
Боорчи бас л үглэж “Оо за,за. Бас л надаар хэлүүлчих юм байна л даа. Хэрэггүй л морийг олж өгч. Ченжүүдэд зарсан бол өдийд гэртээ...” гэж бодож амжив.
Тэгээд иймэрххүү яриа өрнөв.
-Боов биш ээ. Идэж болохгүй. Ташуур гээч юм. Морь хурдлуулдаг эд. Юу гэмээрч юм бэ дээ. Одоо турбодизель гэлээ гэдэг шиг. Морины турбо л юм даа.
-Мориныхоо хаана байрлуулбал зүгээр юм бэ дээ.
-Ер нь бол гартаа байрлуулна. Тэгээд мориныхоо хонго руу гуядаж ажиллуулдаг юм.
-Өвсийг ч хүүлдэг эд байх аа даа. Бирж дээр нэг баррель өвс хэд хүрлээ гэвээ.
-Гайгүй ээ. Мориныхоо улаан хоолойд өвс хэмнэгч соронзон наачихдаг юм. “Зигзаг” дэлгүүрт хямдхан байна лээ.
-Өө тийм үү?
Тэмүүжин морио ташуурдан турбог нь ажиллууллаа. Морь нь “үүннн.. ии хо хо” гээд ухасхийлээ. Уул ус жирэлзэнэ. Цаг хугацаа ч мөн адил. Тэмүүжин нэг мэдсэн чинь Онон мөрний хөвөөн дээр оччихсон байх аж. Тэгсэн чинь иргэний үнэмлэх нь засагдаад Чингэс болчихсон байхыг анзаарсан ч асуух сөхөө гарсангүй. Дахиад нэг харсан Найманыг тараачихаад Хүчүлэгтэй уралдаад ч байх шиг. Хүчүлэг түрүүлж яваа мөртлөө амиа хорлочихов. Тэхээр уралдаагүй ч юм уу гэмээр. Хаан “Үгүй энэ Турбог нь яаж салгадаг юм бол бууж морь харах юмсан. Боорчиос асуумаар байдаг” гэж бодов. Гэвч Боорчийн моринд турбо үгүй тул олон арван жилийн тэртээ хоцорчээ. Давхиад л байлаа. Гэнэт халууцаад, хөлс саагиад явчихаар нь харсан чинь дундад Ази хүрчихсэн Хорезмын Султааныг нь элдээд явж байв. Ингээд ихэд алжаасан их хаан мориноосоо катапульт хийж буухаар шийдэв. Зогсох өөр арга байсангүй. Энэ явдал 1227 онд Тангуд улсад болжээ. Энэ мөчөөс хойш дэлхий нийтээрээ “Монголчууд ташуураа ажиллуулаад мордвол дэлхийг эзлэх чадалтай юм шүү” хэмээн ярилцах болжээ. Энэ үгийг ташууртай хөшөөний нээлт дээр хүмүүс ихэд ярилцсан байна.
Манай дарга нар ч оччихсон дэл сул ташуур хэвтэж байх юм биш байгаа гэсэн болтой хайгуулдаад л , нэг нүдээрээ зурагтын камер луу нөгөө нүдээрээ огт өөр тийш тандчихсан гараад байна билээ. Ташуур олж болно оо, дэлхийг эзэлж ч мэднэ. Харин тэр цагт сөрөг хүчнийг толгойд одоогийн энэ хэд биш, оронд нь Ахмеднажид, Уго Чааваас эд нар сууж, галдах шатаах ажлыг Усаме Ладен удирдана гэдгийг ядаж бодоорой доо.
Түүхийн сургамж:. Ихэнх хүн юмаа хуучрахаар хаядаг. Гэтэл юм хуучрах тусмаа үнэд ордог нь дээр өгүүлсэн ташуураас харагдлаа. Одоо маажийсэн гутал мутлаа хаяад хэрэггүй байх нь. Найман зуу орчим жил хадгалж байгаад антикварь болонгуут нь дуудлага худалдаагаар зараад үнэ хүргэж байгууштай юм байна.