ХҮҮХЭД ААВ, ЭЭЖДЭЭ ГОМДОХ ЭРХТЭЙ
Амьдралын харгислал зүдрүүхэн амьдралтай айлын үр хүүхдүүд рүү эхлээд чиглэж очдог. Хорвоо хүртэл ийм өөдгүй, уруу доройг нь элэг барьдаг байна. Жишээ нь, энэ хавар дуулиан шуугиан болж төрийн ордонд үзүүлсэн бичлэг дээрээс юу харагдсан гээч. Тэр хоёр залуу зүдрүүхэн амьдралтай учраас л энэ муухай зүйл онилж очиж дээ гэж бодогдсон. Хэрэвзээ сортоотойхон айлын үрс байгаад, өнгөлөг өөдрөг амьдарч байсан бол амьдралын харгислал энэ хоёр залууг онилохгүй байсан байх. Аав, ээж нь хэр хариуцлагатай амьдарч, үр хүүхдийнхээ өмнө эцэг, эхийн үүргээ хэр биелүүлсэн хүмүүс юм бол доо.
Өнөөдөр Монголын нийгэмд насандаа ахадсан том ачаа үүрч яваа залуус, арай л эрт амьдралын хатуутай нүүр тулсан хүүхдүүд олон байна. Тэднийг хараад эцэг эх нь юуны төлөө амьдарч, юу хийж бүтээж явсан хүмүүс юм бол доо гэж бодогддог. Гурван хөөрхөн хүүтэй эр, эм хоёрыг мэдэх юм. Дэрсхэн өсөж буй гурван хүүгээ гурван тийш нь айлд хурдан морь унуулахаар өгчихсөн. Мань хоёр аймгийн төв дээр хийсэн ажилгүй хэвтэж байна. Ээж нь нэг хүүгийнхээ уяач залуу руу утасдаж байгаа юм, “200 мянган төгрөг яаралтай хэрэгтэй байна” гэж. “Хүү чинь ганц хуруудаад сүрхий шаналгаатай хонолоо...” гэхчлэн ээжид нь ярихад “Аа тэгээ юу, манай нөхрийн дүү нь айлын хүн болох гээд... мөнгө төгрөгний хэрэг их болоод...” ийм л юм сөргүүлээд яриад байх. Түүнд жаахан хүү нь шөнөжин уйлагнаж хоносон, ганц хуруудсан эд нар бол падлий алга. Яацарсан эх хүн гэхээрээ ийм хөлдүү, төмөрлөг, үр хүүхдээсээ хөндий хүйтэн болчихдог байна. Тийм ээждээ тэр 10 настай хүү гомдох эрхтэй. Эрхтэй байлаа гээд бас яах вэ. Хүүхдийнхээ өмнө эцэг, эх хариуцлага хүлээдэг байх маш тодорхой хуультай болох ёстой. Зовж яваа хүүхэд хариуцлагагүй ээж, аавыгаа шүүхэд өгдөг баймаар байна. Яагаад би ийм муу орчинд өсч торниж, сурч боловсорч байгаа юм, яагаад надаар хүнд хөдөлмөр хийлгэж байгаа юм, яагаад намайг төрүүлсэн юм... гэж хүртэл Шүүхэд хандаж болно. Ийм практик олон улсад бий. Өнгөрсөн жил энэтхэг залуу эцэг, эхээ шүүхэд өгөхдөө “Намайг төрүүлэхгүй байх байсан юм” гэсэн шалтгаантай байж дэлхийг шуугиулсан. Дэлхий нийт тэр залуугийн талд байсан. Үнэхээр хүний ёсоор өсгөж хүмүүжүүлж чадахгүй бол яагаад төрүүлсэн юм. Үүрэг хариуцлагаа үр хүүхдийнхээ өмнө ухамсарлаж чадаагүй эцэг, эхэд хариуцлага тооцох нь шударга ёс шүү дээ. Энэ асуудал Монголоос хол биш, яг одоо тулгамдсан асуудал болоод байна. Бодит жишээнүүд ярья л даа. Өнгөрсөн жил Эрээний нэгэн зочид буудалд насанд хүрээгүй жаахан охиноо барьцаанд тавьчихаад Замын Үүд рүү орж ирээд дампуураад алга болчихсон монгол эмэгтэйн талаар хэн ч юу ч ярьсангүй. Сайн санаат хүмүүсийн хэл мэдээгээр Улаанбаатараас хүүхдийн байгууллагын төлөөлөл Эрээн хот орж өнөө охиныг буудлын барьцаанаас авсан. Ээжийнх нь сураг сүүлд гарсан. Ийм ээжийг Монголын хууль яах ёстой юм бэ. Хүний нутагт, хилийн цаана охин хүүхдээ барьцаанд тавиад зугтчихаж байгаа хүнийг. Тэр хооронд хятадуудын гарт олон хоног хоригдсон тэр жаахан охин юу болсон байх уу. Яривал үнэхээр гунигтай, үнэхээр аймшигтай түүх. Бүгд л охины асуудлыг дэврээлгүй өнгөрсөн. Мэдээж жаахан охины ирээдүй, хувь заяаг хүүхдийн байгууллага ч тэр, хэвлэл мэдээллийнхэн ч тэр бодсон.
Өнгөрсөн хавар Дорнод аймагт, хөдөө суманд нэгэн мянгат малчны хотонд арван хэдтэй жаахан хүү боож амиа хорлосон. Хаа байсан Өвөрхангайн тэр хүүхдийг зүүн хязгаарт бараг мэдээ ороогүй нялх байхад нь аваачсан байдаг. Хүү тэр айлын хотонд 10 жил амьдрахдаа сумын төв нэг ч орж үзээгүй, үргэлж морь малыг нь тэжээж, өглөөнөөс үдэш хүртэл хүнд хүчир ажил хийж, сэтгэл санааны маш их гутралд орсон байсныг өнгөрсөн хойно нь л хүүхдийн байгууллагын мэргэжилтнүүд, шинжээчид очиж үзээд тодорхойлсон. Цэвэр сэтгэл санааны гутралд орсон хүүхэд байжээ гэж. Харин тэрхүү талийгаач хүүхдийн хөлс мөнгийг эцэг, эх хоёр нь сар бүр аваад сууж байжээ. Арван жилийн хугацаанд нэг ч удаа хүүгээ эргэж тойрч уулзаагүй аав, ээж хоёр. Асуудал боссон даруйд өнөө эзэн малчин тэр дор нь ээж, аавтай нь холбогдоод нэлээн хэдэн тооны мал амлаад гомдол санал, элдэв санаа оноогүй гэдэг үгийг хуулийнханд хэлүүлэх арга хэмжээг авчихсан байдаг. Энэхүү эмгэнэлт явдлаас үүдэн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар /ГБХЗХГ/-аас хөдөө орон нутагт тандалт судалгаа эхэлжээ. Зүүн хязгаар Дорнод, Сүхбаатараас баруун хязгаар Ховдын Булган хүртэл өнцөг булан бүрт нийслэл, аймгийн төвөөс маш олон хүүхэд ийм байдалтай байгааг олж тогтоож байгаа юм билээ. Онцлог нь бүгдээрээ эцэг, эхтэй хүүхдүүд. Цэцэрлэгийн насанд хүрэхээр нь л хүүхдээ сарын 200 мянган төгрөгийн хөлсөөр худалдчихдаг, түүгээр нь ээж, аав нь хотод, эсвэл аймгийн төв дээр ажил хийхгүй амьдраад сууж байдаг. Ийм бүхэл бүтэн давхарга бий болжээ. Яг үнэндээ мэргэжлийн байгууллагын судалгаагаар бол өнчин өрөөсөн хүүхдийн эрх зөрчигдсөн нь цөөн юм. Харин элэг бүтэн, ээж аавтай гэр бүлд л хүүхдийн эрхийн асуудал хамгийн ноцтой түвшинд байна. Тэдгээр хүүхдүүд, арчаагүй муу эцэг эхийнхээ төлөөсөнд юу эсийг үзэж, юу эсийг хийж явна вэ. Насанд хүрээгүй хүүхдүүдээ бусдад зарж, зарсан мөнгөөр нь амьдарч буй ээж аавуудыг зохих байгууллагууд нь олж тогтоох цаг болжээ. Тэднийг хуулийн өмнө дуудах цаг нэгэнт болж. Тэгэхгүй бол дээрх муу муухай бүхэн жилээс жилд хүрээгээ улам тэлсээр байгааг гадаад дотоодын олон байгууллагын судалгаа харуулж байна.
Ганц насанд хүрээгүй хүүхэд ч бус идэх хоолгүй, солих хувцасгүй, орох орон гэргүй, яаж шүү амьдардаг юм бол доо гэж харагддаг олон залуучууд байна. Өмссөн хувцаснаас өөр юу ч үгүй эдгээр 18, 19 настай охид хөвгүүдийн өмнө эцэг эх нь яагаад хариуцлага хүлээдэггүй юм бэ. Эр юм байна болно биз гээд монгол модон ухаанаар эрэгтэйчүүдийг нь хойш тавья. Цэцэг цэврүү шиг тэр охидыг яаж амьдар гэж ээж, аав нь бодож суудаг юм бол. Хүн амьдрах хэрэгтэй, хүний дор орохгүйг хичээх ёстой. Тэрний төлөө л эдгээр залуус чинь муу, сайн бүгд рүү орж байна. Эндээс нөгөө архидалт, биеэ үнэлэлт... илүү яваа нэгэнтэй ёс бус харьцаа үүсгэх, хууль бус асуудлуудтай орооцолдох... гээд болж бүтэхгүй олон юм эхэлж байна. Энэ бүхэн юунаас эхтэй вэ гэхээр өнөөх л үр хүүхдийнхээ өмнө өчүүхэн ч хариуцлага хүлээдэггүй эцэг эхээс болдог.
Үүрэг хариуцлагаа ухамсарлаж ирсэн ээж аавтай хүүхэд рүү амьдралын харгислал онилж очдоггүй. Амьдрал хэзээ ч тэднийг элэг барихгүй, дорд үзэхгүй. Тиймхүүхдүүдийг муу муухай бүхнээс бүрэн хамгаалдаг бат цайз нь сайн аав ээжүүд. Муу бүхэн мууг л чиглэж очдог. Сайн бүхэн сайныг чиглэж очдог. Амьдрал ийм ажээ.
Тэгэхээр амьдралд олон зүйлээр дутаж гутарч, ядарч зүдэрч яваа залуу хүн та, хүүхэд багачуул та бүхэн төрүүлсэн эцэг эхдээ гомд, аав ээж чинь та нарын өмнө ямар ч хариуцлага хүлээсэнгүй. Энэ бол эцэг эх хүний хувьд хамгийн хүн чанаргүй, ёс суртахуунгүй, увайгүй, муу хүмүүсийн төгс жишээ. Үр хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээж, хөдөлмөрлөөгүй хүн өөр хэний ч, юуны ч өмнө үүрэг хариуцлага хүлээж хөдөлмөрлөж чадахгүй. Харамсалтай нь ийм хүмүүс Монголд олон болсон нь өнөөдрийн улс орны хөгжил цэцэглэлтийн илэрхийлэл гэж болно. Үр хүүхдийнхээ өмнө хариуцлагатай байгаа хүн улс орныхоо өмнө хариуцлагатай, зөв хандлагатай байгаа гэсэн үг. Энэ бол хөгжлийн талаарх хамгийн энгийн логик мөн юм шүү.