(Хэвлэгдэж буй “Алаг цахиур” номд орсон зохиол)
                 
Тэр их ууртай байгаа гэнэ. Хаалгыг нь зөөлхөн нээвэл том танхимын тэртээх бүрэнхий мухарт нүүр нь залгаад мартчихсан цахилгаан пилээтэг шиг дугуй улаан юм ойр хавиа төөнөн гэрэлтүүлнэ. Би толгойгоо өрөөнд нь нэгэнт лав шургуулчихсандаа бантаж, "Орох уу?" гээтхэв.

Захирал нөгөө бүрэнхий булангаасаа аргил бүдүүн дуугаар "Орох байх хоёроо чи надаар заалгахаа больсон хүн гэсэн биз дээ?" гэж томорлоо.  
          
Дүүрсэн хэрэг шийдмэг алхалсаар дөхөж очоод,
-Таны дуудсан ёсоор миний бие ирлээ гээд дээгүүр харж, өсгий дээрээ товшлон, айгаагүй хүн болж хэвлүүтвэл, өчүүхэн миний биеэ тоосон додигор дүрд час улаан пилээтэг галзууртлаа шатаж,
-Чи надаар сэдвээ хянуулахгүй гэж ярьж явна гэв үү? гэсэн хүйтэн үгс халуун нүүрнээсээ шидэв.
-Үгүй ээ, би тэгж яриагүй! гэж тэвдэхдээ худал залав. (Уг нь би тэгж ярьсан юм).
Миний дотроо айсан арчаагүй байдлыг нэвт анзаарсан захирлын хилэн гэнэт дээрэлхүү бардамналаар ашгүй солигдоод,
-Чи ямар гээчийн агуу нээлт хийчээв? гэж басамжлав.
-Хонь ямаан сүргийг өвөл ичдэг болгох гэсэн юм гэлээ.
-Юу гэнэ ээ? гээд захирлын нүд учиргүй томорсноо, -Ичдэг болгох оо?.. Тэгээд цааш нь яриач! гээд над руу том ширээнийхээ цаанаас зүтгэв.
-Тийм ээ, тарвага шиг ичдэг болгох гэсэн юм. Өвөлжөөндөө нүх ухаж, хөрзөнгөөр доторлоод өвсөөр зузаахан ноохой засна гэв.

Захирал миний солиотой ярианд тулгамдаж, нэг хэсэг яахаа мэдэхгүй мангартсанаа тэнэгээр,
-Тэр их зузаан ноохойг бэлтгэх зардал чирэгдэл нь хаанаас гарах болж байна? Чиний бодлоор бол социализмын замаар хөгжиж хөгжихөөд эцэст нь бид үхэр огодой шиг хөх өвс хөндлөн зуугаад хурдалж явах болж байна уу? Монгол хүн хоёр хөлтэй юмсан чиний нээлтээр гэрэлт коммунизмын алтан босгыг дөрвөн хөлөөр давах нь ээ? гэв.
-Санаа зоволтгүй. Бэлчээрийн монгол мал аяндаа тарвага шиг инстинктэй болох юм. Харин эрлийз малд тийм онцгой чанар байхгүй. Монгол бог өөрсдөө хөеөгөө бэлтгэнэ. Ичих нүхээ ч мөн өөрсдөө малтана гэж би тайван бөгөөд итгэлтэй хариулав.

Захирал тэссэнгүй ширээгээ дэлсэн босон харайж,
-Малчид тэгээд юу хийж, “хөдөлмөр өдрөө” авах болж байна? гээд над руу тэмүүлснээ аварга цэлгэр ширээн дээгүүрээ бөгтөрч унаад нагдаунд дутуу орсон боксчин шиг хоёр гар нь намайг дэлсэх санаатай агаарт сарваганав.
Эцэст нь тэр бээр их хүч гаргаж уураа барьсандаа өөрийн эрхгүй салганасаар өндийж ирлээ. Тэгээд,
-Хөдөлмөр хийлгээд байхад улам залхуу болоод байгаа малчид хөдөлмөрөөс хөндийрүүлчихээр хэрхэн хүмүүжих болж байна? Хөдөлмөр хүнийг хүмүүжүүлдэг гэсэн сургаал маань хүчин төгөлдөр байна уу аль эсвэл чи өөрчлөөд хаячихав уу? Хөдөлмөргүй бол анархизмд нэгдлийн гишүүд аяндаа орох аюулын тухай чиний тархинд буусангүй юу? Тэгээд бас сэдвээ надаар хянуулахгүй, энээ тэрээ гэж явна гэнэ ээ чи. Хонь ямаа өөрсдөө ичих нүхээ малтаж, ноохойгоо бас өөрсдөө зөөчихөөр хоньчид өвлийн хэдэн сар зүгээр сууна шүү дээ, мал минь! Зүгээр суусан хоньчдод хөдөлмөр өдрийн хөлс олгосон нэгдлийн дарга нар цөм шоронд хатах болж байна уу, ичдэг мал аа? Энэ чинь коммунист зарчимд маш харш хөрөнгөтний үзэл суртал. Хөлс олгохгүй бол хоньчид турж үхнэ биз дээ? Чи наад бөндгөрөө хэдийд гүйцэт ажиллуулж сурах эрдэм шинжилгээний ажилтан бэ? гэв.

-Эрлийз малд ичих чадвар байхгүй болохоор малчид тэднийг өвчих ажил эрхлэх юм. Харин монгол бог сөл гандмагц ичнэ. Ногоо цухуйх үед сэрж, ичээнээсээ гарна. Ичээнээсээ гарсан хонь ямааг хоньчид зун намрын улиралд отроор,
-Тэрийг чинь би муухан мэдэхтэйгээ байна гэж хашгирав.
Уурсан шатаж буй захирлын халуун улаан нүүрэнд миний мангуу ярианд эргэлзсэн тээнэгэлзээ одоо хэр арилаагүй нь гайхалтай.
-Ямаа хонь намар хээл авсныхаа дараа ичнэ.
-Тэр ямар хамаатай юм бэ.
-Ичнэ гэдэг захирал минь энүүхэндээ ярихад хагас үхнэ гэсэн үг.
-Зүгээр бэлчиж яваа буянт малаа дутуу алах гэж байж гүйцэд унтуулчав даа эрдэмтэн гуай гээд ялимгүй зөөлрөв.
-Өвлийн хэдэн сар хөлдүү нүхний мухарт хагас мажийсан амьтны хэвлий дэх үр томордоггүй гэнэ.
-Тэгж таарахгүй хаашаа зайлахав.
-Тийм болохоор ичдэг амьтан бүхэн ноохойноосоо гармагц хөөцөлддөг онцлогтой.
-Өөрөөр хэлбэл орноосоо босмогц л эхэлдэг хэрэг үү?
-Тийм, харин миний хонь ямаа бол,..
-Миний гэнэ ээ! Чиний юм уу? Одоохондоо нийгмийнх гэсэн чинь өлзийтэй байх шүү.
-Тэр зөв, нийгмийн хонь ямаа маань ногооноор нүхнээсээ гарсны дараа хээл авбал төл хэнздэх проблемд ороод байна.
-За тэр! Хэн минь ороогүй байгаа проблемд орох гэж зүтгэхээ больё. Тэгээд ч улс эх орон минь хувьсгалын жилүүдэд орчихсон проблемүүдээсээ гарах гэж чардайгаад өнөөдөр нэгээс нь ч салж чадаагүй нь нууц биш.
-Гэхдээ би ичээндээ унтаж байгаа ямаа хонины хээл хэвлийдээ хэрхэн торних төсөл боловсруулчихсан. Эрлийз мал тэжээлээ хүнээр бэлтгүүлж, ам руугаа хийлгэж, бөөн хөрөнгө үрж байхад монгол хонь ямаа маань аргаль янгир шигээ хүний ямар ч оролцоо, зардал мөнгө гэхгүйгээр өөрсдөө идээшлэхээр барахгүй бас тарвага зурамтайгаа төстэй гайхам шинжтэй ажээ. Хонь ямааныхаа биологийг би энэ тал руу нь жаахан өөрчлөх юм.

Царай нь нэлээд зөөлөрсөн захирал хэсэг бодлогоширсноо,
-Зөвлөлтөд энэ талаар гарсан нээлт байна уу? гэнэ.
-Байхгүй.
-За тэр дээ, ашигтай байсан бол ах нар аль эрт хийчихнэ. Ашиггүй дээрээс л сонирхсонгүй. Чи ер нь Зөвлөлтийн хэвлэл хэр ашигладаг нөхөр вэ. Сүүлийн үед юу уншив?
-Хамгийн сүүлд Зөвлөлтийн эрдэмтдийн селекс явуулсан сүргээс хоёр толгойтой найман хөлтэй гажиг тугал гарсан тухай уншсан.
-Хараач хөөе, дөрвөн хөлтэй малыг наймтай болгочихож. Махны нөөцийг ах нар тэгээд л нэмэгдүүлчихэж. Мянган үхрээс дөрвөн мянга, саяас дөрвөн сая хөл мах илүү авна гэсэн үг гэхэд нь миний гайхаш барагдаад,
-Илүү толгойг нь та тооцоондоо оруулсангүй гэв.
-Нээрэн тийм, нэг үхэр хоёр толгойтой гэж байгаа. Толгой ч гэсэн махны нөөц! хэмээн хөөрхий захирал маань олзуурхан хашгираад, -Бэлэн ийм туршлага байхад чи ямар гайгаа хайгаад байна. Ах нарыгаа дагасан хүнийг хэн ер нь яаж шоронд хийх юм бэ? Зөвлөлтийн туршлагаар ажилласан гээд л хэвтчих нь шүү дээ. Ах нарын туршлагаар хоёр толгойтой найман хөлтэй үхэр зохиох ажилдаа одоохон ор. Ах нарын өнөөдөр бол бидний нөгөөдөр гэж зааварлав.

Зааврын дагуу би ажилдаа орлоо. Орох ч гэж дээ, намайг шинэ ажлаа эхлээгүй байхад төсөв хөрөнгө нь дээрээс батлагдаад ирсэн юм чинь ажиллахаас өөр яахав, ажиллаж л сууна.

                                                                                                                    1989