(Хэвлэгдэж буй “Алаг цахиур” дээжилсэн шилмэлүүд гэх номд багтсан зохиол)

Хүн төрөлхтөн анх үүсэхэд би сүүлтэй төрсөн агаад эдүгээг хүртэл амьд явна. Анх бүх хүн сүүлтэй байлаа. Энэ тухай эргэлзвэл үлдэгдэл эрхтэн-богино сүүлээ тэмтрээрэй. Сүүл маань мэдээ орсон цагаас надад гай болсон. Би өөрөөсөө ядмаг хүнд дээрэлхэх дуртай бөгөөд дээрэлхэж буйгаа нууж чадвал гүйцээ гэж боддог байв. Гэтэл миний дотор дээрэлхүү зан төрмөгц сүүл маань ямар ч жолоодлоггүй агсаад эхлэнэ. Агссан сүүлийг маань харсан хүмүүс "Дийлдгийгээ дээрэлхсэн өөдгүй амьтан" гэж  намайг шоолно. Ингээд би йнлдээрэлхэж чадахгүй.

Балар эртний үед ч гэсэн хөөрхөн хүүхэн байсан юм шүү. Хөөрхөн бүсгүй харуут миний дотор шохоорхлын гал дүрэлзэхэд сүүл маань ичгүүртэйгээр саасганана. Үүнийг харсан олон түмэн "Эхнэртэй байж сүүлээ саасгануулсан ичгүүртэй шалиг амьтан" гэж ад үзээд өөд нь нар харуулахгүй. Хүн санаагаа нуугч, сүүл нуусныг нь илчлэгч годгор туг болохыг би ингэж мэдлээ. Агуйнхаа аман дээр сууж байсан хүмүүс залуу бүсгүйд саасганасан миний сүүлийг шоолохын зэрэгцээ намайг хардсандаа агссан авгайн сүүлийг басхүү шоолно. Хөөрхөн бүсгүйд санаархсан нууц хүсэл тачаал маань дотроос оргүй арилтал миний гайтай сүүл жолоодлогогүй саасганаж намайг балладаг байв.

Сүүлээ хавчих гэж нэг гай бас бий. Би өөрөө дээрэлхэх дуртай мөртлөө дээрэлхүү хүнд их дургүй. Дээрэлхүү хүнд хэн ч дургүй. Гэхдээ хүч хүрэхгүй бол яах ч аргагүй дээрэлхүүлдэг. Дээрэлхүүлнэ гэдэг гутамшиг. Нохой дийлдгийгээ хэрхэн дээрэлхдэгийг санъя. Хоолыг нь булааж иднэ. Өөрөө цадчихсан хэрнээ идүүртэй хоолоо сахиад ядмагтаа өгөхгүй адайрлана. Хэмлүүлж хаширсан нохой чадалтай нохой харуут өрөвдөлтэй цагираглаж, сүүлээ хавчаад үзүүрийг нь салтаа хоорондуураа матийлгана. Дийлдэг нохой нь түүний сүүлний үзүүрийг шиншилнэ. Цаадахь нь шившигтэй байгаадаа гутаж уурандаа гаслахад сайн эдгэрээгүй шарх нь хөндүүрлэнэ. Тэгээд хүчинд автахын эрхээр сүүлнийхээ үзүүрийг шээсээрээ чийглэдэг. Үүнийг нь хүлээж байсан дээрэлхүү нохойн бах тав ханаж түүнийг өршөөнө.

Хэрэв хүний сүүл хавчаастай бол хулчийж байгаа нь тэр. Хүмүүс зэрлэг цагтаа бие биесийн сүүлийг ажиглана уу гэхээс царайг төдий л сонирхдоггүй байсан. Сүүлнээсээ болоод айснаа нууж чадахгүй байсан урьдын бэрх балар цагт зугтах нуугдах хоёр замын аль нэгийг сонгодог байв. Хэрэв энэ хоёр зам бүтэхгүй бол цаана нь бас хоёр зам байлаа. Тэр нь нэг бол алуулах нөгөө бол бялдуучлах. Бялдуучлахыг алуулахаас дорд үздэг баатарлаг хүмүүс балар цагт хаа очиж элбэг байсан юм. Харин соёл иргэншлийн үед тийм хүмүүсийн тоо өссөн эсэхийг хариуцан хариулахаас би болгоомжилж байна. Нохойг хүн болохын урьдахь төрөлдөө яваа амьтан гэж эртний хүмүүс үздэг байсан тул би дахиад л нохойн тухай ярья. Том нохойн дөрвөн хөл дор тэнгэр хараад хамаг байдгаа дэлгэчихсэн хэвтээ хавыг сана. Энэ бол бялдуучлал. Алтан амиа аврах гэсэн арга. Ядмаг дорой төрсөн өчүүхэн хавсарт ингэхээс ондоо арга энэ дэлхий дээр байхгүйг мэдсэн хүн хавыг шоолохгүй харин өрөвдөнө. Дээрэлхүү нохой хавын нууцыг шохоорхож ханаад шанд нь багалзуурыг тас хазалгүй орхино.

Миний сүүл дээрэлхэх, шалиглахад гай болдог атлаа хүч дутаж дээрэлхүүлэх агшинд ач болдог сон. Намайг сүүлээ хавчихад надад эрэлхэхсэн эрийн сүүл маягтай агсана. Хүмүүс бид хоёрын сүүлийг харж жуумалзахад сүүлээ агссан тэр ч ичиж, сүүлээ хавчсан би ч ичиж, бид хоёр холдоно. Гэхдээ л надад дээрэлхэхээ, шалиглахаа, айж хулчийхаа нууж чадвал хорвоогоор тоглочихмоор санагдаад байлаа.

Би муу сүүлээ угаар нь тас цохчихлоо. Тэртэй тэргүй илүүдээд байсан эрхтэн зовоосонгүй амархан эдгэрэв. Миний сүүлний тавыг хүмүүс хаашаа чиглэснийг тогтоох гэж оролдоод чадсангүй. Би сүүлээ хадах ёзоороор нь тайрсан нь оножээ. Дээрэлхэж буй цагтаа "Дээрэлхээгүй байна" гэж хүний хэл худал хэлж чадахаас сүүл бол тэгж худлаа "хэлж" чаддаггүй үнэнч эрхтэн байжээ. Олонх хүн миний харц царайнаас юу ч олж долоосонгүй, харин овжин нэг нь сэжиглэсээр хоцорсон. Гэхдээ овжин нь ашгүй цөөн байдаг болтой. Итгэсэн нөхдийнхөө дулаахан харцтай өөрийнхөө дотор төрсөн мэхлээч санааг зэрэгцүүлэхэд нүгэл санагдаж би хэд хоног шаналсан удаатай. Гэвч сүүлдээ би иймэрхүү нууц зальтайгаа хоёулхнаа шивэгнэж дассанаар барахгүй цээжиндээ нуусан санаагаа хүн мэдэхгүй болсонд бахархаж, өөртөө хууртаж буй нөхдийнхөө итгэсэн нүдийг доогтойхон сонжиж, нэгэн жаргалыг эдэлдэг боллоо. Оготор хүний далд санааг таах увидас хүмүүст заяагаагүй ажээ. Хүмүүсийн энэ гачлан миний амьдралын нөөц болов. Хүмүүс надаас болгоомжилж эхлэлээ. Миний сүүлний сорвийг хэчнээн шинжлээд агсаж байгаа, саасаганаж байгаа, хавчиж байгаагийн алиныг ч тогтоож эс чадав. Санаа бодол нь танигдаагүй хүн хамгийн аюултай этгээд гэж эцэст нь хүмүүс ойлгов.

Тэгэвч миний хаанчлал удсангүй. Нэг мэдэхнээ бүх хүн сүүлээ тайрчихжээ. Аюултай хүн ганцхан байсан бол бүх хүн аюултай болох нь тэр. Далд санаагаа харилцан мэдэхээ болиод хүн төрөлхтөн жаргасангүй. Бие биедээ итгэхээ болиод ажил хөдөлмөрийн нь бүтээмж өдий төдийгөөр буурав. Сүүлтэй байхад шударга байсан оготор болоод хуурамч боллоо гэж гуньцгаав. Олон сая жил гунилаа. Сүүлгүй эцэг эхээс сүүлгүй хүүхэд төрж эхлэв. Хуурамч зангаа оготрууд шударга болгох гэж тархиа олон мянган жил гашилгаж, шашин, сэтгэл зүй, үзмэрч, хувилгаан гэхчилэн элдэв заль мэх зохиолоо. "Бие биеийн дотор санааг тааж болно" гэсэн онолын бүтээл туурвисан баахан эрдэмтэн төрж, тэдний онол нэг ч хүнд тус хүргээгүйгээр үл барам энэ талаар ном бичсэн дэлхийн бүх эрдэмтний авсан шагнал хүн төрөлхтөний нурууг хотойлгов. Хүн хэлээрээ яриад зогсохгүй мөн нохой шиг сүүлээрээ ярьдаг байжээ. Гэхдээ сүүл худал ярьж байгаагүй эрхтэн юм шүү. Өөрөөр хэлбэл надад миний дотоод санааг илэрхийлэгч хоёр эрхтэн заяажээ. Хэл сүүл хоёр. Би энэ хоёр чухал эрхтэнийхээ нэгийг хасахдаа үнэнч шударгыг нь таначихсан ийм л нүгэлтэй хүн дээ.

Энэ нүглээс гарах ганцхан гарц бий. Бусдын нууц санааг таах чадвар хүнд төрөлхөөс заяагаагүй. Харин өөрийнхөө дотор санааг нээх боломж заяасныг ашиглахаас ондоо арга байхгүйг хүлээх хэрэгтэй. Энэ боломжоо хүн яагаад ч юм ашигласангүй. Уг нь хүн төрөлхтөн бие биедээ үнэн санаагаа илчилдэг сэн бол түүхэндээ өчнөөн  дайтаж, төчнөөн хүнээ хядаагүй сэн. Үнэн санаагаа харамгүй нээдэг сэн бол хүн төрөлхтөн өдийд одооныхоосоо өчнөөн олон шинжлэх ухааны нээлт гаргах сан. Итгэлцэж чадаагүйн улмаас ийм их аюулт зэвсэг хийхгүй сэн. Ухаантан сүүлгүйчүүд минь дахиад сүүл ургуулж чадахгүйгээс хойш бусдын санааг таадаг болох гэж тархиа гашилгаад хэрэггүй. Гагцхүү бурхан багшийнхаа сургаалаар бүгд дотор санаагаа ариусган нээгтүн. Тэгвэл бүх ажил амархан бүтнэ. Бурханд итгээрэй! Дотор санаагаа нээж эс чадваас иргэд нь сүүлтэй, Төр нь сүүлтэй, Засаг нь сүүлтэй л болдоггүй юм биш бол нээлттэй нийгмийг хэзээ ч цогцлуулж чадахгүй.          
              
1985