(Эрхэмсэг уншигч танд сар шинийн мэндээр 36 жилийн тэртээх мартагдсан өгүүллэгээ зориглон илгээв. Цагааллагыг тань хачирлавал гүйцээ. Намайг дэмжигч, намайг үгүйсгэгч аль аль нь миний уншигч шүү. Өнгөрөгч онд овоо ч зэмлүүлэв. Хараал зэм бол шог зохиолын хувьд үнэлэмж. Цагаан сараар зүхнэ л биз. Яахав цээр гардаг юм. Уг нь хөгшин залуу ялгаагүй хэн хэнээсээ суралцах учиртай сан).

                                                х         х         х

...Тоо бүртгэгч Раашийн тооноор буузны жигнүүр авчихав уу гэлтэй бөөн уур өөдөө цоргилсноо төдөлгүй нөгөө их уур унтуу хургаж шарваганасаар их л харамчаар гэртээ буцаж ороход Дондог дарга “Би энд хүйтэн конторт тооцоо гаргах гэж бээрч суухад тоо бүртгэгч гэртээ бууз идээд тарвалзаж суух. Уг нь энэ тооцоо чинь тоо бүртгэгчийн хийх ёстой үүрэгт ажил нь. Хонио чононд идүүлэх гарзтай ч ажил хохироогоод бас дээр нь цалин авдаг тоо бүртгэгч Рааш чононоос дор давхар гарзтай юм даа” гэсэн социалист дүгнэлт хийв.

Рааш нуруу үүрэн контор луу цасан дундуур алцганаж явахдаа “Дондог дарга яагаад намайг ийм эрт дуудав. Мань хүн миний жороо хүрнийг худалдаж авахаар шийдэж хонов оо доо янз нь. Хүү нь миний жороогоор шинийн нэгэнд гангарах гэж Дондогийг унтуулахгүй шалаад байгаа дуулдсан. За байз зургаан мянган төгрөгийн мал гэхэд ямар ямар мал багтаавал ашигтайв” гэж бодлоо.

Тоо бүртгэгчээ хэнэггүй царайлан орж ирэхэд түүний ажлыг хийж суусан Дондог дарга “өөрий нь ажлыг хийх гэж өглөө эртлэн ядарч суугаа бригадынхаа даргыг өрөвдөх бол уу” гэж горьджээ. Тэгээд Раашийн царайг шинжих гэснээ туньж гомдоод эгцэлж харж чадсангүй. Доош тонгойж далбагар хүснэгт дэх олон буруу тоог улаан баллуураар хиншүү ханхалтал үрж, сампингийн эрхнүүдийг бие биетэй нь зодолдуулав.

-Дондог дарга өглөө үүр цүүрээр намайг юу гэж дуудаав гээд Раашийг бүдүүн хүзүүгээ бух шиг шөргөөхөд Дондог,
-Юу гэж дуудаав гэнэ ээ чи?! Таны хийсэн тайлан тооцоо буруудаад би таны өмнөөс дахин хийж сууна гэж ууралтал хацар нь өөрийн эрхгүй шазалзав.
-Өө харла тэгээ юу. Өглөө эрт дуудахаар чинь миний жороо хүрэнг авахаар шийдэж хоноо юу л гэж бодлоо гээд Рааш хэнэггүй царайллаа.
Дондог “Үгүй бас ийм дүүрчихсэн хэнэггүй албан хаагч байдаг аа” гэж бачимдахдаа тайлан тооцоо бол тоо бүртгэгчийн бие дааж хийх ёстой албан үүрэг гэдгийг Раашаар өөрөөр нь зөвшөөрүүлэхээс нааш хажуунаас нь түүнд зааж өгч ойлгуулах нь бригадын дарга хүний нэр төрд харш санагджээ.

Тэгээд яриагаа туслах зүйлээс гол зүйл өөд хандуулахаар,
-Рааш аа. Он гарсаар манай ханын сонин нэг ч гарсангүй. Удахгүй бригадуудын социалист уралдааныг сар шинээр дүгнэх гэж байдаг. Өчигдөр нэгдлийн дарга энэ талаар биднийг хатуу зэмлэхийг чи харсан. Тэгтэл ханын сонины эрхлэгчээр чи сонгогдсон байх юм гэлээ. Рааш хэсэг тулгамдсанаа,
-Би биш ээ. Харин ханын сонины эрхлэгчээр хэнийг сонголоо байз гэж улаан хаяатай бүлтгэр нүдээ эргэлдүүлээд, -За байз хэнийг сонголоо доо. Бүр энүүхэнд л байна таварцаг чинь. Ганцхан хэлж болдоггүй гэлээ.
-Чамаас өөр хүн сонгогдсон юм бол чи тэр хүнийхээ нэрийг  хэл л дээ.
-За байз таварцаг чинь хэнийг сонголоо гээд Рааш нүдээ дахин эргэлдүүлснээ, -Ингэхэд ханын сонины эрхлэгчээр Дондог дарга чамайг сонгоо биз дээ гэв. Дондогийн царай барсхийж,
-Чи зүгээр бай гэж энэ удаа хашгирлаа.
-Юуны чинь зүгээр байх. Өө хө хө тэр хараач. Зальтай муу таварцгийг.
-Үгүй чи, улаан цайм гүтгэхээ ядаж болиоч.
-Юуны чинь “болиоч” гэж. Ха ха. Би бас мэднэ ээ чамайг. Муугаар нь надад тохмоор санагдаж. Айхтар муу таварцаг хувхайг.
-Рааш минь арай  дэндэж байгаа юм биш үү.
-Ха ха  "дэндэж  байгаа юм биш үү?" гэнэ.  Харин чи л дэндэж байх шиг.
-?!..
-Тэр хараач. Сайхан муу таварцгийг. Би бас мэднэ ээ чамайг.
-Үгүй чи дуугаа тат гэм.
-Юуны чинь “дуугаа тат”! Айхтар муу таварцаг хувхайг.
-Май чи. Худлаа гэвэл чамайг ханын сонины эрхлэгчээр сонгосон намын үүрийн хурлын тогтоол энэ байна.
Рааш тогтоолыг авч уншаад чимээгүй болсноо толгой сэгсэрч,
-Үгүй бас хачин юм аа. Би чамайг сонгогдсон гэж санаад байсан юм гэв.
“Раашийн толгойд өөрийнхөө хийх ёстой тайлан тооцооноос ядаж элбэлцье гэсэн бодол бүр алга шүү” гэж дарга нь гомдоод,
-Он гараад өчнөөн сар өнгөрч байхад ганцхан ч сонин гаргахгүй чи арай дэндүү байна шүү гэлээ.
-Яалаа гэж  би сонин гаргасан байх ёстой билээ?
-Юу “Яалаа” гэж? Чи чинь ханын сонины эрхлэгчээр сонгогдсон хүн биз дээ.
-Байз, би чамайг ханын сонины эрхлэгчээр сонгогдсон гэж ойлгоод явсан хүн юм чинь юу боллоо гэж сайн дураараа сонин гаргах билээ. Надад үүнд ямар буруу байна. Чи намайг бодвол ухаантай хүн сайн бод доо. Дондог дотроо нөгөө тайлан тооцооноос хамжилцах нь байтугай бүр ханын сонин ч гаргахгүй нь гэж бухимдаад,
-Яагаад чамд буруу байдаггүй билээ. Өдий болоход нэг ч сонин гараагүй байна шүү дээ гэлээ.
-Нэг ч сонин гараагүй нь надад ямар пад байна. Би чамайг сонины эрхлэгч болсон гэж нэгэнт ойлгосон хойно юу гэж дур мэдэн сонин гаргахав.
-Тэгээд би гаргах ёстой байгаа юу?  
-Хэн мэдэхэв, хэн ч гаргах ёстой байсан юм бэ? Би л лав өөрийгөө сонины эрхлэгч болсон гэдгээ мэдээгүй явсан. Хэрэв мэдсэн бол.
-Уухай, чамайг ханын сонины эрхлэгч болсныг би мэдэж явах ёстой болж байна уу? Үүнийг чи надад нэг тайлбарлаад аль даа.
-Одоо хэлж байхыг бодоход хэлэх ёстой хүн нь чи байсан юм байлгүй. Харин хэдийд хэлэх байсныг чи мэдэхээс би яаж мэдэхэв. Эртхэн хэлсэн бол би өдийд хов хоосон арай суугаагүй байлгүй.
-За за Рааш минь хоёулаа мэтгэлцээд яахав. Чи минь ханын сонины эрхлэгч болсноо одоо нэгэнт мэдсэн хойно явж сониноо гарга. Удахгүй уралдаан дүгнэх боллоо. Хоёулаа ядаж нэг сайхан сонинтой сууж байя гэж зөөлрөхийг хичээв.
-Сониноо гарга гэнэ шүү. Тэр цаас будаг чинь хаана байна?
-Цаас будаг няравт байгаа.
-Цаас будаг ч яахав  хамгийн гол нь бийр хаанаас олохов?
-Бийр ч гэсэн мөн няравт байх ёстой.
-Байх ётой  гэнэ шүү. Нярав Ваанжилд тийм нарийн юм яаж байхав дээ. Ваанжилд ер нь юу ч байхгүй л байгаа, мэдэж цөхөх юу байна.
-Ваанжилд бийр байна уу үгүй юү чи юу ч гэсэн өөрөөс нь очоод асуу. Шаварт  унасан шарын эзэн-би тооцоогоо гаргах минь гэж аминдаа түүнийг ёжлож, уурандаа хамаг биеэ чичрүүлэв.
-Ингэхэд Ваанжил агуулахдаа байгаа болов уу? Энэ Ваанжилийг би л лав ажил дээрээ байхыг ерөөсөө хараагүй дэг.
-Рааш минь чи агуулах руу одоо оч. Тэгээд сониноо гарга. Би чиний гаргах ёстой тооцоог гаргая.
-Би агуулах руу очоод ямар золигоо хийхэв. Тэртэй тэргүй нярав Ваанжилийн ажилдаа ирсэн, ирээгүй хоёр мэдэгдээгүй байхад.
-Чи агуулахад очоод няравын ирсэн ирээгүйг мэдчихээч.
-Агуулахад би хичнээн очоод яахав. Цаад муу таварцаг чинь ажилдаа ирсэн бол ингэсгээд ирснээ чамд үзүүлэх гээд энүүгээр зөнийгөөд орж ирнэ гайгүй. Алив Дондог дарга аа янжуураасаа нэгийг нааш нь шидээч.
-За байз Рааш минь би тооцоогоо гаргах сан.
-Гаргаж л байхгүй юу. Би ямар байг гэсэн биш. Дондог чи тэгж байгаад адаар моньд байна шүү.
-За байз яая даа. Рааш аа чи ингэж суухын оронд нярав руу ядаж утасдаад ирсэн ирээгүйг мэдчихээч.
-Утасдаад уу? За яахав болох л доо. Ингэхэд тэр таварцгийн чинь утас хэд билээ?
-Бригадын төвийн хэдхэн утсыг тогтоочиход яана даа Рааш аа.
-За байз тэр таварцгийн чинь утас хэдсэн билээ? Бүр таг мартчихаж. Хэд билээ? Ер нь энэ муу Ваанжилд утас яах гэж тавьж өгсөн юм бэ? Бригадын муу нярав утас тавьчаад албан хаагч бидэнтэй ижилсээд сууж байх нь зарчмын хувьд эвгүй юм.
-Чи тэгээд Ваанжил руу утасдах гэж байна уу үгүй юү?
-Дугаарыг нь мэдэхгүй юм чинь би яаж утасдахав?! Дондог чи ер нь дарга болсноосоо хойш их янзын юм ярьдаг болсон хүн байна шүү.
-Май Ваанжилийн утас энэ байна утаст.
-Алив хө ойроороо чи залгаад орхи доо.
Дондог уурандаа салганасан гараар утас залгалаа. Рааш “Залгачихав уу?” гэсээр харилцуурыг залхуутай яа авч,
-Байна уу? Ваанжил уу? Чи чинь өглөөнөөс хойш ажилдаа ирдэггүй яачихсан эр вэ? Хэ хэ аль эрт ирсэн гэнэ ээ. За тэр яахав бас их шартай эр байх нь. Би Дондог даргын өрөөнөөс ярьж байна. Ямар ажил гараа вэ? Аа энд ажил гэж манараад байна. Чи одоохон Дондог даргын конторт ороод ир гэхэд Дондог суудалдаа овосхийж,
-Рааш минь чи Ваанжилтай очиж уулзаад түүгээрээ нэг сонин шиг юм гаргачихгүй юунд бас нааш нь дуудчихав аа. Надад энд суманд гаргаж өгөх тайлан тооцоо овоорчоод байхад. Уг нь энэ тайланг чи гаргах ёстой биш үү? Тооцоо гаргаж өгөхгүй бас тэгээд ганц сонин гаргахдаа надгүйгээр хийчихэд яана даа Рааш минь гэж үглэв.
-Ямаршүү толгой түрүүтэй сонин байх юм бэ чамаар заалгахгүйгээр ч барахгүй шүү. Сонин гэдэг чулуу кублэхтэй адилгүй урлагтай ажил. Заяа нь хая миний энэ муу малтуур тийм нарийн ажилд ч хариу тавихгүй байх аа гээд том гарынхаа ар өврийг шохоорхон харав.
Ваанжил нярав хаалга сөхөөд,
-Орох уу дарга аа. За би ирлээ юу гэж дуудаав? гэхэд Дондог,
-Аа та хүрээд ирэв үү. Ваанжил гуай танд зургийн цаас усан будаг байгаа биз? гэв.
-Байлгүй дээ, зөндөөн бий. Рааш хажуунаас орж,
-Ваанжил чамд бийр байхгүй биз дээ гэлээ.
-Бийр үү?.. Бий бий.
-Ваанжил чи бийр гэдэг чухам юу байдгийг мэдэж л байгаа биз дээ бурхан минь.
-Муухан мэднэ ээ. Бийр гэж өрөөсөн үзүүртээ үстэй,..
-Өрөөсөн үзүүрийн нь тэр үсийг оготно идчээгүй гэж үү?
-Үгүй шүү. Би агуулахынхаа оготныг ноднин намар дөнгөчихсөн.
Дондог баяртайгаар,
-Сайн байна Ваанжил гуай. Тэгэхээр одоо Рааш минь явж цаас будаг бийрээ аваад ажилдаа ор. Би ч ажлаа хийж үзье гэв.
-Би яваад үхсэнээ хийхэв. Харин Ваанжил яваад цаас будаг бийрээ аваад ирэг. Дондог дарга хоёулаа тэр хооронд нь ямаршүү ханын сонин байх вэ гэдгээ яриад шийдчихье.
-Рааш минь Рааш минь чам шиг хүн монголд өөр бий болов уу? Надад яаралтай  ажил овоороод байгааг чи минь харж байна уу?
-Сонин чинь яаралгүй юм бол юунд чи хүн зүгээр суулгахгүй хар үүрээр гэрээс минь дуудаж авчраав? Тэгээд ч тэр сонин дээр чинь чамаар нэг том таван хушууны дүрс гаргуулж авахгүй бол миний зурсан таван хушуу зургаан хушуу болчоод байдаг юм. Ханын сонин гэдэг үзэл суртлын эмзэг ажил. Би өөрөө шийдэж нэг ч үсэг тэр сонин дээр чинь тавихгүй. Тэгээд ч би ямар улсын баталгаатай зураач биш. Буруудвал яана.
-Рааш минь Рааш минь юу ч гэхэв дээ. Чи минь ерөөсөө харь даа. Би тайлангаа гаргачаад дараа нь сонингоо оролдъё. Ерөөсөө ч тэгсэн нь хавьгүй амар биз.      
-Дондог чи дарга болоод их янзын болж байгаа шүү. Муу найзыгаа унтуулахгүй сонин монин гэж дуудаж хэнхэглээд л, хоёр нүд нь хонхойгоод л, амьдаж сүйдээд л байх юм. Харшиж орхив доо таварцаг минь. Орой манайд очоорой.

Жаахан айраг бий хоёулаа халааж уумз. Дондог минь энүүхэндээ найзан дундаа ярихад тэр социализм коммунизм чинь бүтэхгүй ээ, ерөөсөө бүтэхгүй гээд гарч одлоо.
              
                                                                                Эрдэнэ Зуу 1980