Монголчууд аа! Одоо жаахан ухаалаг байцгаая л даа
Улс эх орон, нийтийн эрх ашигт нийцүүлсэн өөрчлөлт хийх сонирхол, хүсэл эрмэлзэл байгаа бол өөрчлөлт хийцгээе л дээ!
Монголын парламентад суудалтай гурван нам, албан ёсны бүртгэлтэй бусад 21 намын төлөөллүүд саяхан Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар санал нэгдэж, улс төрийн “Тунхаг бичиг” гаргаж, гарын үсэг зурцгаасан. Үүнтэй холбоотойгоор нийгэмд санал бодлын маргаан, мэтгэлцээн нэлээд өрнөж эхэллээ.
Ажиглаваас ажил хэрэгч байж, ач холбогдол, алдаа оноог тунгаан, арай хэрсүү ухаанаар үзэл бодлоо уралдуулахын оронд хувь хүний сэтгэлийн хөөрөл, эрх ашиг нь давамгайлсан хэрүүлийн шинжтэй маргаан хэвлэл мэдээлэл, сошиал орон зайг дүүргээд байгаа нь анзаарагдлаа. Тэр тусмаа нийгмээрээ жигшээд дургүйцээд байдаг нөгөө популизмдаа автаж, зарим нэг популист улстөрчдийн сценарид хөтлөгдөөд байх шиг байна.
Монголчууд аа! Одоо жаахан ухаалаг байцгаая л даа. Бид яагаад хөгждөггүй юм бэ? Бид яагаад нийтлэг эрх ашгаа биш дов жалганы эрх ашгийг эрхэмлэдэг болчихсон юм бэ? Монголын төр яагаад ийм сул дорой, ямар ч нэр хүндгүй болчихсон юм бэ? Яагаад нийгмээрээ авлигад идэгдэж, улам эрээ цээргүй болоод байна вэ?
Энэ бүхний гол шалтгаан чухам юунд байна вэ? Яаж засаж залруулах вэ гэдгийг маш нухацтайгаар эргэцүүлж, сайтар тунгаан бодож нэг үзээч!
Улс орон өөдлөхгүй байгаад олон шалтгаан, хүчин зүйлсийн нөлөөлөл бий ч хамгийн том шалтгаан, нөлөөлөл нь өнөөгийн улс төр, нийгмийн тогтолцоо юм. Үүнийг амтай болгон л хэлцгээдэг шүү дээ. Алдах болгондоо нийгмийн өнөөгийн тогтолцоогоо буруутгадаг. Тэгэхээр энэ болохгүй, бүтэхгүй байгаа буруу тогтолцоогоо хамгийн түрүүнд өөрчлөх ёстой гэдэг логик харагдаад байгаа биз. Нийгмийн тогтолцоог төрийн эргэлт, хувьсгалаар, өөрөөр хэлбэл хүчээр өөрчилж болно. Гэхдээ энэ нь хүсүүштэй хувилбар огт биш. Харин нийгмийн харилцааг зохицуулах гол хөшүүрэг болсон Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, сонгуулийн өөр системийг сонгох замаар нийгмийн өнөөгийн огт болж өгөхгүй байгаа тогтолцоог өөрчилж бас болно.
Ингэх нь хамгийн зөв ухаалаг хувилбар. Тиймээс цаг хугацаа алдахгүйгээр бид ийм амин өөрчлөлтийг яг одоо л хийх хэрэгтэй байна. Үндсэн хуулинд бүх нийтээрээ зөвшилцөж байгаад эерэг өөрчлөлт хийж яагаад болохгүй гэж! Бидний стресс, уур хилэн, авлигал, улс орны ядуурал, улс төрийнхний ялзралын гол шалтгаан болдог энэ нэг заваан дов жалганы сонгуулийн тогтолцооноос даруй салцгаая л даа. Монгол Улсаа нэг том гол мөрөн гэж бодвол эх ундарга нь Үндсэн хууль юм. Эх ундарга булингартай бол адаг хүртлээ булингартай байх нь зүйн хэрэг. Бүх юм төгс бүтээгддэггүй гэдэг. Тэгэхээр бидний 1992 онд батлаж, 2019 онд нэмэлт өөрчлөлт оруулсан Үндсэн хуульд дахин өөрчлөлт оруулж, зайлшгүй засвар хийх хэрэгтэй болж гэдгийг би хэлэх гээд байна.
Үндсэн хуулинд ойр ойрхон өөрчлөлт хийх нь буруу гэж үздэг, хэлдэг хүмүүс бий. Үнэхээр гол тулгуур хуулийн зүйл заалт нь нийгмийн хөгжил, төлөвшилд саад болж байгаа бол яагаад өөрчилж болохгүй гэж! Болохгүй байгаа юмыг болтол нь, санаандаа бүрэн нийцтэл нь засаж залруулж, сайжруулах л ёстой шүү дээ.
Болохгүй, буруу гэдгийг нь мэдсээр байж засаж залруулж, өөрчлөхгүй байх нь хүн өвчин туссанаа мэдсэн хэрнээ эмнүүлж, домнуулахгүй гэж тэнэглэж буйтай ялгаа огт үгүй юм. Өнөөгийн Монгол Улсын бүх алдаа, завхрал нь сонгуулийн тогтолцоо, Үндсэн хуульд байгаа юм гэдгийг эрдэмтэд, судлаачид ил тод нотлож ярьцгаадаг ч яагаад зүгээр суугаад байх ёстойг харин огтоос ойлгохгүй байна.
Арай анхааралтай харвал Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг эрс эсэргүүцэж байгаа хэсэг бүлгийн цаана хамгийн бүтэхгүй , явцуу эрх ашгийн төлөөлөл бүхий популист улстөрчид буй. Тэд сонгуулийн одоогийн тогтолцооны төлөө хуучнаар МАХН-ын гишүүн явсан өдгөө 80 насны өндөрлөгийг давцгаасан өндөр настан, ахмадуудыг ашиглан тэмцлээ эхлүүлчихлээ. Хатуухан хэлэхэд ахмад настай л бол үнэн, зөв байх албагүй юм. Хүн өтлөх тусам зөнөдөг, хоцрогддог. Энэ бол хорвоогийн жам. Тухайн цаг үе тэр үедээ л үлддэг. Энд гайхах юм алга. Бидний өнөө хэрэглэж буй сонгуулийн мажоритар системийн хамгийн хортой , аюултай, муу тал нь улс төрд хий хоосон хөөсөрсөн популистуудыг гаргаж ирдэг юм. Хэрвээ пропорциональ юм уу холимог системээр сонгууль хийдэг болчихвол тэдний улс төрд орж ирэх боломж эрс багасана.
Тиймээс л ноён “арван хувь” хэмээгдэх Ц.Даваасүрэн гишүүн тэргүүтнүүдийн амьсгал нь бөглөрчих гээд байна л даа. Сонгуулийн мажоритар, пропорциональ системийн аль алинд нь сул болон давуу талууд бий. Гэхдээ өнөөдөр дэлхийн ихэнх улс орнууд тэр тусмаа бидэнд хамгийн ойр Хятад, Япон, БНСУ улс сонгуулийн пропорциональ буюу хувь тэнцүүлэх тогтолцоог сонгосон байдаг юм.
Олон жилийн өмнө С. Зориг агсан зөвхөн нэг аймгийн эрх ашгийг илэрхийлдэг нөхрийг л гаргаж ирдэг , авлига, хээл хахуулийг нийгэмд цэцэглүүлдэг мажоритар системээс Монгол Улс татгалзах учиртайг хэлж ярьж байсан олон баримт бий. Үнэхээр мажоритар тогтолцоо хэдийгээр энгийн ойлгомжтой, хялбар хэдий ч, санал гээгддэг, цөөн төлөөллөөр олонх болдог, популистуудыг гаргаж ирдэг, эргээд сонгогдсон улстөрчид нь тойргийнхоо явцуу эрх ашигт үйлчилдэг, нутгархаг сэтгэл зүй ямагт давамгайлдаг, сонгогчдоос хараат болдог, намын сахилга, хариуцлага сулардаг, нийгэм коррупц буюу авлигалд илүү идэгддэг уршигтай систем.
Бид ийм системээр олон жил явж алдлаа, ёс суртахуун, моралийн хувьд доод хязгаартаа хүрч уналаа шүү дээ. Эсрэгээрээ пропорциональ системийн хувьд сонгуулийн санал гээгдэхгүй, саналын төлөөлөл алдагддаггүй, намуудын төлөвшилд маш эерэг нөлөөтэй, хариуцлага хүлээх субьект нь тодорхой, парламент дахь улс төрийн хүчний зохистой харьцааг бий болгодог, улс төрийн соёлыг шаарддаг, парламентийн ардчилал жинхэнэ сонгодог утгаараа хөгжиж, төлөвшдөг гээд давуу тал олон . Тиймээс энэ хоёр тогтолцооны сайн талуудыг нь авч шингээсэн сонгуулийн холимог хувилбарыг бид сонгож, сонгуулийн хууль, тогтолцоогоо зайлшгүй өөрчлөх шаардлагатай тулгарчээ гэж би хувьдаа ойлгодог. Иймийн тулд Үндсэн хуулинд зайлшгүй нэмэлт өөрчлөлт хийхээс аргагүй. Яагаад гэвэл 1992 онд батласан анхны ардчилсан Үндсэн хуульд мажоритар тогтолцоогоор сонгууль явуулна гэдгээ бид хуульчилчихсан улс шүү дээ. Тэгэхээр үүнийгээ одоо өөрчлөхийн тулд Үндсэн хуульд дахин гар хүрэхээс өөр аргагүй. Бид хүчирхэг хөгжлийн замыг сонгож, илүү эрх чөлөөтэй, ардчилсан улс орон больё л гэж байгаа бол засаглалын эрх мэдлийн өнөөгийн хуваарлилтыг илүү тодорхой болгох ёстой юм. Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу гэдгээ эцэслэн шийдэж, хуульчлах шаардлагатай тулна. Монгол Улс парламентийн засаглалтай гэгддэгч бодит амьдрал дээр холион бантан шиг явж ирснийг бүгд мэднэ. Эндээс маш олон бэрхшээл ундардаг юм.
Цагаан сарын нэг мэндчилгээ дэвшүүлэхдээ л Ерөнхийлөгч нь нэг их наяад төгрөгийг ганцаараа шийдээд нэгдсэн төсвөөс “зарлагадчихаж” байна шүү дээ. Үүнтэй зэрэгцээд УИХ-ын гишүүн бүр нөгөө л нэг сум, аймаг, тойргийнхоо сургууль, цэцэрлэгийн засвар, зам хашлагын төлөө төсвийг танасаар Монгол Улсыг хөгжүүлэх стратаегийн том зорилт, төсөл хөтөлбөрүүд огт санхүүжилтгүй болж гацдаг нэг ийм тэвчиж үл болох жишгээр бид цаашаа яваад байж болохгүй шүү дээ. Тиймээс Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох нь маш чухал ач хобогдолтой хувилбар юм уу гэж санагддаг.
Ингэвэл засаглалын хувьд ч илүү тодорхой ойлгомжтой болж, эдийн засаг, мөнгө санхүүгийн хувьд ч маш хэмнэлттэй болно доо. Хамгийн гол нь энэ бүхнийг нийт масс сайн ойлгож ухаарах хэрэгтэй юм. Одоо аливаад жаахан боловсрол, мэдлэгтэй хандах нь чухал гэх гээд байна. Эрх баригч МАН-ын өнөөгийн залуу удирдлагууд илүү зоригтой, эрс шинэчлэл хийе гэсэн эрмэлзэлтэй байгаа нь маш сайн хэрэг. Үнэхээр хөгжих боломж, хөгжил үүд хаалган дээр ирчихээд байхад Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүйгээр цоожоо бэхлэж, нээж өгөхгүй байх нь тэвчишгүй хэрэг. Манай улсад төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд үнэндээ гүйцэтгэл алга. Хууль батлаад, муу сайн ч бодлого шиг юм гаргаад байдаг ч амьдрал дээр хэрэгждэггүй л дээ.
Тэгвэл төрийн бодлогыг хэрэгжүүлж, гүйцэтгэх гол институц нь Засгийн газар. Гэтэл Засгийн газар энэхүү гүйцэтгэх эрх мэдлээ хэрэгжүүлж, эдлэх болоход УИХ, Ерөнхийлөгч, Дээд Шүүхийн оролцоо зэрэгцэж, асуудлыг шийдвэрлэх оролдлого хийж, шахалт үзүүлэх, дотоод хэрэгт нь хутгалдах зэргээр төрийн гүйцэтгэх дээд байгууллагын эрх мэдлийг хязгаарлан, улмаар тогтворгүй засгийг бий болгодог туйлын таагүй платформ Монголд бий болчихсныг л даруй өөрчлөх ёстой болоод байна.
Парламентийг дээд, доод хоёр танхимтай болгож гишүүдийн тоог нэмэх асуудлаар 2019 онд ярьж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа хойшуулаад орхисон юм. Одоо дахин хөндөгдөж байна. Зайлшгүй шийдэх асуудал мөн үү гэвэл энэ мөн. Хоёр танхимтай парламентийн тогтолцоо нь сонгодог, хамгийн зөв тогтолцоо санагддаг. Дэлхийн хамгийн хүчирхэг, ардчилсан улс орнууд ийм л тогтолцоотой байдаг. Төрийн байгууллагын тогтолцоог цаашид боловсронгуй болгох,нийгмийн амьдралыг ардчилсан зарчим дээр хөтлөн жолоодох чадамж бүхий, хуулиа дээдэлсэн, хүний эрхийг жинхэнэ ёсоор баталгаажуулсан нийгэм, төрийн байгууллын тогтолцоог бүрдүүлэх нь л энэ удаагийн ҮХНӨ-ийн гол зорилго байх учиртай.
Худлаа хөөсрөгч популист улстөрчдөөс салья, илүү прагматик засаг төртэй больё гэж хүсэж байгаа бол, төсөв хөрөнгийн зарцуулалтыг үр ашигтай болгож, хөгжилд хөтлөгч бүтээн байгуулалтыг хийе гэж мөрөөдөж буй бол энэ бүхнийг саатуулагч хүчин зүйлсээс зоригтойгоор салах л хэрэгтэй болно доо монголчууд минь ээ!
Яг өдийд УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, ҮХНӨ-ийн асуудлаар ард иргэдийн санал, бодлыг сонсож, хэлэлцүүлэг өрнүүлж явна. Энэ нь маш сайн хэрэг. Хамгийн хүчтэй сонсогдож байгаа нь Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон төрийн сүлдийг өөрчлөх асуудал. Энэ асуудал ҮХНӨ оруулах төслийг хэлэлцэх явцад олон түмний анхаарлыг ихэд татаж байгаа юм байна. Төрийн төдийгүй, тухайн улсын тусгаар тогтносон бүрэн эрхт байдлын нэг гол илэрхийлэл болдог төрийн сүлдээ хэрхэн өөрчлөх вэ гэдэг сонирхолтой л доо.
Тэгэхээр улс эх орон, нийтийн эрх ашигт нийцүүлсэн өөрчлөлт хийх сонирхол, хүсэл эрмэлзэл байгаа бол өөрчлөлт хийцгээе л дээ!