Монголчуудын дэлхийн рейтинг?
Америкт Gallup гэж олон нийтийн санаа бодол, үнэлэмжийг хэмжиж үе үе дүгнэдэг нэгэн лут институт буй.
Америкт Gallup гэж олон нийтийн санаа бодол, үнэлэмжийг хэмжиж үе үе дүгнэдэг нэгэн лут институт буй. Зөвхөн улс төр, улс төрч, гадаад бодлого, цэргийн үйл ажиллагааг нь дүгнэдэг бус улс орнууд, ард түмнүүдийн аз жаргалын үзүүлэлт, сэтгэл хөөрөл, баясал зугаацал гээд бүгдийг нь хуу үнэлж дүгнэдэг нь бидэнд ашигтай мэт. Хэдийгээр Gallup нь Монголыг тойрч гараад байдаг боловч монголчууд бид дэлхийд хэн бэ, дэлхий биднийг хэрхэн үнэлж дүгнэдэг бол гэдэгт хариулт эрж хайхад сайтаас нь ухсан дараахи баримтууд чухал болов уу.
Энэ их дуусашгүй найр наадам, ардын ба зохиолын нийтийн дуу дуучны хур бууж, нийгмээрээ уярч хайлж байгааг бодохул бид сэтгэл хөөрлийн үзүүлэлтээр дээгүүрт орж мэдэх юм. Энэ удаа манай улсын нэр Gallup-ын сайтад бичигдээгүй ч харьцуулж болно. Дэлхийн хамгийн их сэтгэл хөдлөл бүхий улс бол Латин Америкийн Болив гээд гараад ирэв. Эхний гурван байрт дан латин америкчууд. Манай хуучин анд нөхөд экс коммунист орнууд жагсаалтын араар байна.
Gallup нь дэлхийн 148 улсын ард иргэдэд хандан сэтгэл хөдлөлийн хэлбэр болгон дээр хэрхэн яадаг вэ гэсэн асуулт тавьжээ. Тухайлбал уур хилэн, гуниг гутрал, сэтгэл түгших, баяр баясал бүр дээр эерэг ба сөрөг 10 мэдрэмжээ нэрлээдэх гэтэл эхний 10 байрт Болив, Эль-Сальвадор, Эквадор, Филиппин, Никарагуа, Гватемал, Ирак, Камбож, Колумб, Коста-Рика гэсэн нэрс ярайж байна.
Хамгийн хөөрөлгүй, мэлгэр мэлийсэн ард түмэн бол Бангладеш гэнэ. Тэр улс эерэг ба сөрөг мэдрэмж бий юү гэсэн асуултад 37 хувьтай гарсан тул тэгсэн гэнэ. Удаахи муу нь Азербайжан, Гүрж хоёр 38 хувьтай, Белорусс 39 хувьтай, Литва, Орос, Украин гурав 40 хувьтай, Молдова, Казахстан хоёр 41 хувьтай, Туркменистан, Киргизстан, Эстон 42 хувьтай, Тажикистан 43 хувьтай, Латви 44 хувьтай, Узбекистан 45 хувьтай, Армен 46 хувьтай гэхчлэн манай хойд хөршийнхөн ярайж байна. 130-аас хойш энэ хэд нэрлэгдсэн ба 11-130-ын хооронд хэн хэн ордог нь энд сонин бус, лав Монгол алга байна. Энд Монголыг хаана байрлуулахаа уншигч Та тархиндаа гашилгаад үз.
Хамгийн их аз жаргал бялхсан улс үндэстэн хэнсэн билээ? Панам гэсэн нэр гозойж харагдана. Gallup-Healthways сайтаас олж үзэж болно. Топ-лист буюу дээгүүрх жагсаалт гэгчийг тусад нь өнгөөр ялган бичжээ. Хамгийн азтай ард түмнүүд: Панам, Коста-Рика, Дани, Австри, Бразил, Эль-Сальвадор, Уругвай, Швед, Канад, Гватемал, харин хамгийн азгүй ард түмнүүд нь Сири, Афганистан, Гаити, Ардчилсан Конго, Чад, Мадагаскар, Уганд, Бенин, Хорват, Гүрж гэж орсон байх юм. Азтай 10, азгүй 10-ыг жагсаахад шүү дээ. Дунд нь Монгол бас алга.
Gallup-Healthways нь санхүүгийн боломж, нийгмийн хамгаалал, ах дүүсэг ёс, амьдралын утга учраа таньсан байдал, эрүүл мэнд гэсэн үзүүлэлтээр глобал индексийг дээр гаргахдаа азгүй гэдэгт нь зэвсэгт мөргөлдөөнд татагдан орсон улсыг нэрлэсэн нь анхаарал татна. Энд Сомали, Йемен, Украин мөд нэмэгдэж бичигдэх биз ээ. Бас азтай гээд байгааг нь улс үндэстний менталитетын онцлогоос нь шалтгаалсныг анзаарч болно. Жишээ нь сайн сайхан аж амьдралын индексээр Латин Америк олонхи болоод буй нь гайхал төрүүлэхээр. Учрыг сайтар лавлавал тэндхийн хүн ард бүхэлдээ маш их оптимист үндэсний зан чанартайнх. Умард Америктай нь харьцуулбал АНУ гэхэд л сайн сайхан амьдралтай гэдгээр 14 дүгээрт жагссан нь бас гайхалтай.
2014 онд сарын мөнгөн орлого хамгийн өндөртэй байсан улс бол Швейцарь гэсэн баримт олон улсын санхүүгийн судалгааны Nation Master гэх сайтад гараад иржээ. Швейцарийн нэг оршин суугч сардаа 6300 ам.доллар тогтмол авч байсан ба энэ бол татвараа төлснийх нь дараа гар дээр нь очсон мөнгө гэнэ. Араас нь Люксембург 4400 ам.доллар гэж жагсаж байна. Тэгснээ гуравдугаарт африкийн Замби улс 4330 ам.доллараар бичигдсэн нь гайхал төрүүлэхээр.
Замби нь АНУ, Булангийн лут баячуул болох Катар, Эмират, мөн Дани, Норвегийг ардаа орхисон нь үл тайлагдах оньсого мэт. АНУ нь 13 дугаарт, иргэнд нь сардаа 3259 доллар ногддог гэдгээр даруухан байр эзэлжээ.
Дэлхийн 176 орны жагсаалтад хамгийн бага мөнгөн орлоготой нь сардаа 25 ам.доллар ногддог кубачууд гэнэ. Кубын өмнө Гамби, Самоа, Балба, Тажикистан гээд жагсаж байна. Манай умард хөрш Орос нь эхнээсээ 95 дугаарт (686 ам.доллар) байх ба энэ үзүүлэлтээр Оросыг Гаити (712 доллар), Мозамбик (757 доллар), Свазиланд (787 доллар) гүйцсэн нь нүдэндээ үл итгэмээр. Манай өмнөд хөрш Хятад нь Оросын өмнүүр 88 дугаар байрт 731 доллар хүртдэг гэж оржээ.
Манай Монгол 127 дугаарт 464 доллар 89 центийн орлоготой хэмээн бичигджээ. Монголын өмнө Камерун, хойно Руанда орсон байна.
“2015 Global Peace Index” гэсэн бас нэг хүснэгт сайтад байна. Түүнээс аюулгүй байдал хангагдаж буй гэх үнэлгээтэй Монголоо олж хараад магнай тэнийв. Дэлхийн хамгийн аюул осолгүй улс орнууд гэдэгт эхний 10 дотор Европын 6 улс орж, Исланд улс лидерлэжээ.
Аюулгүй байдал бүрэн хангагдсан гэх тэрхүү босго тогтоох шалгуур нь юу юм гэхлээр хэр цэрэгжсэн бэ, зэвсэгт мөргөлдөөнтэй юү, нийгмийн аюулгүй байдал, тогтвортой байдал хангагдсан уу гэдгээр хэмжилт хийжээ. Исландын араас Дани (2 дyгaaр байр), Австри (3), Шинэ Зеланд (4), Швейцарь (5), Финланд (6) Канад (7), Япон (8), Австрали (9), Чех (10) гэж оржээ. Аюулгүй байдлын түвшинг хар ногоон, ногоон, шар, бор, улаан гэсэн 5 өнгөөр ялгаж, Монголыг хоёр дахь буюу ногоон өнгө бүхий улсын жагсаалтад оруулсан нь сайшаалтай. Манай улс 43 дугаарт буюу аюулгүй байдал бүрэн хангагдсан гэдгийн араас “хангагдаж буй” гэдгээр оржээ.
Хоёр хөршөө энэ хүснэгтээс хайж олоод айх гайхах зэрэгцлээ. Хятад нь 124 дүгээрт буюу аюулгүй байдал тааруу гэдгээр орж байна. Аюулгүй байдал нэн тааруу, осолтой гэдгээр Орос нь 152 дугаарт жагсаж байна. Улаан өнгөөр дүрсэлсэн аюултай орнууд 151-ээс эхлэн 162 дугаар байрт жагсана. Нигериа, Орос, Хойд Солонгос, Пакистан, Ардчилсан Конго, Судан, Сомали гэж явснаа бөгс рүүгээ Афганистан, Ирак, Сири гээд төгсжээ. Сири нь энэ үзүүлэлтээр огцом ухралт хийснийг ойлгож болно. Тэр улс 2008 онд энэ жагсаалтын 88 дугаарт байснаас ухарсаар 162 дугаарт орсон нь “Арабын хавар” гээч нийгмийн хувьсгалын гай түйтгэр биз ээ.
Forbes Mongolia 2015 № 12 сэтгүүлээс