Энэ жил миний хувьд чигчий хурууны хумсаа нэг удаа нэлээн лав авч өдөржин хорссоноос өөр онцын сонин зүйлгүй өнгөрсөн. Харин манай дарга нарын хувьд аанай л аймаар их сонинтой үдэж байна. Он дуусахад гурван өдөр дутуу байхад энийг бичиж байгаа нь өөрөө дутагдалтай байна. Ямар ч гоё юм болоо билээ. Жүдо бөх  улстөр хоёрт сүүлийн секунд дуусахаас нааш юу ч болж магадгүй. Гэхдээ бичигч нь ёолконд орохгоод байгаа тул өөр арга алга. Болсон явдлыг жагсаах ёстойм бол жагсаая!!!

Оны үг
Дээр гарсан төгсгөлийн өгүүлбэр бол “Шатах ёстойм бол шаты!” гэдэг алдарт үгнээс гарав. Яах аргагүй оны үг болж байна.
Үүнтэй өрсөлдөх олон сайхан үг хэллэг гарах нь гарсан. Жишээ нь Буян Жагаагийн Ийгл ТВ-ийн залууг мангасдахдаа хэлсэн “Би чиний ажилтан юмуу!” гэсэн үг байна. Энэ үг бол юм хий гэсний хариуд “зарчихым байна л даа” гэдэг үгийг эгнэгт хассан явдал болсон.
Эсвэл Гүндалайгийн эрдэнэтчүүдээр тохуу хийхдээ хэлсэн “Чацга царайлаад яв” гэдэг алдарт үг байна. Энэ нь бас “заяа чинь тэр” гэдэг үгийг хэрэглээнээс бараг хасцан байх.  
Гэлээ ч Эрдэнэ гэдэг тэр хүн өөрийгөө ч үл хайхран пиар хийсэн гэж би бодож байгаа тул түүний үг хамгийн лаг гэж шалгарууллаа. Харин гал нь өөрөө ухаангүйм болохоор түлээд алангаа алдсан даа.  Үүний үрээр тэгсгээд шийдэгдэх гээд байсан юмнууд олны анхааралд орж чадсан юм. Одоо “дүүрсэн хэрэг дүнкийсэн толгой” гэдэг үгний оронд “хийх ёстойм бол хийе, болих ёстойм бол болий” гэж ярьцгаадаг болсон.


Мөн Дэмбэрэл гишүүний “Би хоцордын” гэдэг үг бол “Амжку шүү!” гэдэг хэллэгийг навс цохьсон доо.


Оны сюрпризүүд

Хотын даргын туслахууд цалингүй ажиллана гэсэн. Энэ нь “бид цалингүй ч ажиллана” гэдгийг илчилсэн явдал боллоо гэж хүмүүс жиг жуг хийсэн.
За тэгээд байжээсэн Их хурлын гишүүд маань бүжиглэдэг нь бүжиж, дуулдаг нь дуулсан он болж өнгөрлөө. Зарим нь бөх барилдах гэж үзэж, үлдсэн нь туулай энэ тэр агнав. Улстөрд орохоор санаархагч гудамжныхан, “эд ингээд урлаг спортоороо явчихгүйм байх даа” гэж горьдож байгаа гэнэ. Ямартай ч бөхчүүдийн эзэмшдэг олныг баясуулагч чимгийг тэд булааж авах нь авлаа. Одоо ухаанаараа үлгэрлэж, удирдаж амжихгүйм гэхэд баясгаад байх нь төр, ард түмний эв нэгдлийг харуулж байгаа явдал юм даа. Гэх мэтээр энд ч шанагаар гал унтрааж, тэнд чүдэнзээр байшин барьсан улстөрчид ээвривээр нэгэн жилийг үдлээ бид.
Бас энэ жил олон нээлт боллоо. Тэд нээх гэж уралддаг болж. Дээхнэ үеийн ноёд ташаандаа сэлэмтэй явдаг байсан бол одоогийн ноёд халаасандаа хайчтай явдаг болсон байна. Нэгэн халамцуу дарга андуурч Сүхбаатарын хөшөөний арслангийн гинжийг хайчилж хөшөөг нээнэ гээд байсан гэнэ лээ.

Тэгээд байж байсан чинь С.Ганбаатар гишүүн цас арилгасан зурагаа шэйрлэж шуугиан тарив. Үүнээс өмнө тэр нутгийнхан  замгүй байсан ба цас ороо л бол хаашаа ч хавар болтол хаашаа ч явдаггүй байсан гэнэ лээ.


Оны бэлэг
Хүн болгон  энд тэнд бэлэг өгсөн. Нүүрс, хуурс гээд байхгүй юм алга. Бүгд л алдар цолоо дуудуулж, буянтай царайтай зураг нь сонин хэвлэлд гарч байлаа. Энэ бүх түүхэн явдлыг нэг л өдөр  манай Ганбат гишүүн дөчийн битаанаараа нам цохисоор орж ирэв. Түүнийг Наранхүү гишүүний нэг амиар нутагтаа тараасан байр, машин, сургалтын төлбөрийн унааны бэлэг ч дуулианаараа дийлэхгүй байна.
Харин нутгийнхан “Манай гишүүн одоо дөчийн битаан бэлэглэж байгаам чинь сонгууль ойртвол ёонгос өгөх байх даа” гэж бэлэгшээж байгаа гэнэ лээ. Тэр битгий хэл гишүүнийг гэрт нь ороод ирэнгүүт юмнууудаа бүтээгээд шанагагүй, тогоогүй царай гаргаж байгаа гэнэ.

Харин хотынхон гэж саваагүй улсуудын дунд, “гишүүн ч хоосон сав өгөөгүй дээ, 40 литр архи байсын биш байгаа” гэж уруулаа долоосон хүн гарсан гэсэн.


Оны хоч

Хоч бол ард түмнээс улстөрчдөө хэрхэн хайрласны илэхийлэл юм. Хамгийн түгсэн нь одоогийн байдлаар Битаан болоод байгаа. Хамгийн сонин нь... сонин ч юу байхав бахархалтай нь гэх юм уу, мань хүн энэ жил гурван хоч зүүж амжлаа. Гурвуулаа алдартай. Ёстой хочийг ингэж авдын гэж үзүүлж чадаж байгаа хүн дээ манай Ганбат.
1.    Эхлээд 2 секундын Ганбат гэгдэж байлаа. Тэрээр 4 минут 58 секунд яриад, ярьснаа сүүлийн 2 секундэд холбодгоо өөрөө хэлсэн билээ.
2.    Удаах хоч нь дээр хэлсэн Битаан. Битаан Ганбаа! Үнэхээр цохилттой нэр.
3.    Харин он гарахын өмнөхөн мань хүн Порно гэдэг хочыг эр чадлаараа авч орхилоо. Хүүхний зураг дарах дуртай сайдаас нь болоод Зам тээврийн яамыг Порно студи хэмээн гудиггүйхэн хэлээд авсан билээ.

Гурвын гурван хоч шүү дээ цэнцрэн минь.


Оны тэмцэл

Тэр хар хайрцаг ёоо ч гэхгүй шатаад дууссан даа хөөрхий. Тэхээс шатаж байгаа бүхэн орилоо л гүйдэгсэн.
Эсвэл МАН-ыхан шатаахаасаа өмнө багалзуурдаж ухаан алдуулсан байж болно. Бүхэл бүтэн нам байж яагаад ч амьгүй юмыг шатааж тэмцэнэ гэж байхгүй дээ!  Аа дээр үед бол ч биднүүс араажав хутгалж, танк хүлдэг байсаан байсан. Бичиг үсэг, сургууль соёлгүй л байлаа шүү дээ.

Ингээд хар хайрцаг ахиж сэхэхгүй нь найдвартай болсон.
Шатаагаад алцан.



Оны шидтэн
Шинжлэх ухаанаар тайлбарлаж барахгүй юмаа хүмүүс ид шид гэдэг. Ёстой яаж тэгсэн нь мэдэгдкү юм хийгээд суужээдэг шидтэнүүд дээр үед байсан л юм шиг байна лээ. Библи дээр нэг гар голын усыг хоёр хуваагаад гараад явцан энтр. Монгол үлгэр дээр гурван настай гунан улаан хүү эхнэр авцан энтр. Найдваргүй архичин уухаа больсныг ч ид шидээр тайлбарлах явдал бий.
Харин одоо цагийн шидтэнүүд Монголын Их хуралд суудаг. Жишээ нь Арвин гишүүн Малайзын онгоцыг тэнгэрээрээ сөнөөлгөцөн. Ахиад маяглаад байвал ахиад ч сөнөөнө гэсэн шүү.


Одоо сонгуулиар өрсөлдөгчийнхөө машин тэргийг баллаж тавих байх даа!


Оны нээлт
Монголд дэлхийн нээлтгүй жил гэж байхаа больсон. Энэ залуучууд чинь хүүхнүүдэд зодуулахаараа гомо болчдогийг Гарьдхүүгийн Баярсайхан шинжлэх ухааны үндэстэй баталлаа. Эрчүүд нь зодоод байхаар хүүхнүүд нь бас лесби болдог гэжээлээ.
Монголд аварга яндангаасаа үүл үйлдвэрлэн дэлхий нийтэд тараадаг үүлний үйлдвэр байдаг тухай нэгэн америк аав хүүхэддээ ярьсан байдаг. Гэтэл бас бүх дэлхийн ижил хүйстнүүдийн үйлдвэр Монголд ажиллаж байгаа нь тодорхой болов. Та нар найзуудаа хайрлаж яв, гомо болтол нь зодчивоо.
Агуу нээлтийг доорх линкээс үзнэ үү
https://www.youtube.com/watch?v=WnFIkTnWKKE&app=desktop


Оны теле жүжиг

Үнэхээр драмтай видеог Босоо Ганбаа маань Ховдоос хийсэн билээ. Үнэхээр сэтгэлтэй, дикцтэй, мэдрэмжтэй, цохилттой хэлж чадсан.
Бид авч чадах байсан!!!! (гэж тэрээр ширээ шаагаагүй хэрнээ шааж байгаам шиг цогтойгоор мэдэгдээд дараа нь дууныхаа тооныг гурваар доошлуулав) Гэвч Сайханбилэг гэдэг энэ залуу энэ бүгдийг...  гээд үргэлжлүүлснийг та бүгд санаж байгаа байх. Ядаж СТА байхгүй юу энэ хүнд.

Түүнээс дараа саявтархандаа манай Гүндалай, Буян Жагаа ах нар Ийгл Тв-гээр хөөрхөн ноцолдсон. Хэдийгээр нэвтрүүлэгч нь “Тэд дараалж орох байсымаа, тэр Гүндалай чинь л хоцорч ирсэн” гэж жиргэсэн боловч мөн ч уран дараалуулсаныг олон нийт хүлээн зөвшөөрсөн. Тэд хэн нь царайлагаа үзсэн төдийгү, хэнийх нь сонгуулийн хөтөлбөр илүү үнэмшилтэй талаар хэрэлдэж, хөнгөн байдлаар гар зөрүүлэв.

Энэ хоёр гаржаагаад зодолсон болуу гэдэг дээр олон хүн мөрий тавиад байгаа харагдсан


Оны нялзаалт
Хүний хисэн ажлыг өөртөө нялзаах явдал ч байдаг л даа. Өөрийнхөө хийснийг ч хүнд нялзаах нь бий. Харин тийм олон хүний хөдөлмөрийг улстөрийн намд нааж болдгийг манай Спикер харуулсан даа.  Аав ээжүүд хөдөлмөрлөсөөр байгаад хүүхэд гаргаж, монголчууд гурван саюулаа болсын. Тэгсэн чинь мань АН-ын дарга гэнэт гарч ирснээ, “наадах чинь манай олуулаа хөтөлбөрийн хэрэгжилт байлаа шүү дээ” гэж авсан. Үүнээс улбаалан олон айлд хэрүүл гарахаа шахав, “тэр АН-ын нөхөр чамайг жирэмслүүлсэн юм байна!”


Маниус чинь хөнжилдөө намын даалгавар биелүүлээд байсан байсан юм билээ.

Оны хусалт
Төсвөөс юм хуссаныг хэлэх гээгүй. Тэд сүртэй дуулиантай байдлаараа энэ хусалтын хаана нь ч хүрэхгүй. Магад хохирол нь ч жижигдэх байх.
Энэ бол МУГЖ С.Жавхлангийн татвар төлөхгүй гэснийхээ хажуугаар хийсэн үс хусалт байлаа. Манай хамгийн өндөр хүн Шаравжамц ч бас дуулианд нь хусаад хаяна лээ. Богдын даахь үргээх ёслол ч тийм олон хүнтэй болоогүй байх даа.
Тэдний хувьд үсээ хусч маш том гарз гаргах шиг болсон. Бодуул их шийдэмгий, “хусах ёстойм бол хусы” гэсэн болуу гэж бодогдож байна.  


Дараагийн шатанд бүр л нандин үснүүдээ хусах байх...?


Оны тэмдэглэлт ой
Энэ бол сонгуулийн баяр байлаа. Хачирхалтай нь сонгогчид нь юу болоод байгаа хийгээд яагаад амраад байгаагаа мэдэхгүй өдөржин фэйсбүүк, твитрээр нэгнээсээ асууж өнжсөн:
-Баяр болоод байгаамуу, ямар баяр юм?
Асуулт нь зөв байлаа, учир нь энд тэндгүй баярлаж, нэгэндээ мидаал зүүж байгаа дарга нарын зураг шэйрлэгдэж байсан юм.

Оны цөмөрсөн ПИАР
Монголчууд нэг л өглөө босоод харсан чинь энд тэндгүй баахан самбар өлгөж байгаад “Хэний гавьяа юм бэ хөөе!” гэсэн байв. Гайхаж хоцорсон хүмүүс тэр самбарын хажуугаар хашир чоно хавхны дэргэдүүр чихээ хулмайлган гардаг шиг л гөлөн гөлөн гэж өнгөрч байлаа. Гэтэл бас “гавьяагаа тоочуулах гэнүү, тэгвэл гайг чинь бас тоочоод өгий л даа!” гэх хүн ч гарч байлаа. Энэ самбаруудын ачаар бусад амжилтгүй пиар, Батэрдэнэ аваргын автуустай сэлфи энэ тэрийг хүмүүс мартагнах аядсан.


200 сая төгрөгийг (энэ тоог самбаруудыг нь тоолж гаргасан гэнэ) агсан тавилтанд зориулна гэдэг нэлээн уур нь хүрсний шинж. Нэг харсан чинь бүгдээрээ чичлээд байгаа санагдсан байх. Гэхдээ улстөр бол сэтгэл хөдлөл биш.


Оны солилцоо

Хөөрөг сольдог бол хүүхдийн тоглоом. Ялтан солилцдог ч зугаа наргиан. Цаана чинь бүхэл бүтэн талбайн нэрийг сольж тоглож байна. Хүмүүс залхаад, бас ноёдын дажнаас айгаад “аль аль нэрийг нь авчий, зүгээр Сүхчингийн талбай ч юмуу Чинбаатарын талбай гэчий” гэлцэж байна. Та нар ч саналаа нэмэрлээрэй. Дуудах алдрыг ард түмэн л өгдөг.

Оны математик
Гүндалай “Би айлын 8 дахь хүүхэд. Хятадууд 8 тоог баяждаг гэсэн. Намайг сонговол Далай ламыг сонголоо гэж бод” гэснээрээ Фортунагийн есийн тоо, таван хуруу энэ тэрийг цөм цохив.
Ер нь Монголд тооны гайхамшгаар улстөр хийдэг хүмүүс олширч байна л даа. Анх Математикийн хүрээлэнгийн захирал Р.Гончигдоржоос эхлээд Тэнгэрийн тоо буулгадаг Н.Батбаяр, 20 мянган хувьсагчийн С.Баярцогт гээд явсан, хамгийн отгон нь айлын 8 дахь хүүхэд Гүндалай боллоо доо. Нэг бодлын сайн ч юм шиг, математик бүх ШУ-ны хаан гэж бодохоор.
Би ч гэсэн бодож байна л даа, “Би бол айлын 4 дэх хүүхэд болохоороо аравдугаар ангиа 4 төгсөж, манай Их хурал 4 жилээр сонгогдож, Ганбат гишүүн 40-ийн битаан бэлэглэсэн байх нь...”.
Харин тэр Далай лам гэсэн нь жоохон хэтрүүлцэн үү гүй юу, тэр хүн чинь халзан, бас хэтэрхий хөгшин шдээ.  

Уншигч та айлын хэддэх хүүхэд болохоо санаарай. Хэрэв та айлын том бол том мөөмтэй, хоёр дахь бол хоёр мөөмтэй, гуравдахь бол гурван гуталтай, дөрөвдэх бол дөрвөлжин тэлвийзэртэй байгаа баараггүй.

Энэ мэтчилэн оны шилдгүүдийг жагсаагаад байвал дуусахгүй юм байна. Цаана нь оны албадан хөдөлмөр эрхлэлт, оны хэрүүл, оны салаавч, оны гуйлга гээд зөндөө л юм байна. Гэхдээ болий доо, ёолкондоо явы даа.
(Зургуудыг гүүгл хайлтаас олж авав )