Зуучлалын оршил түүх

Xельветийн (Швейцарийн) Холбооны Үндсэн хуулийг 1803.02.19-нд Наполеон Бонапартад швейцарийн комиссар ёс төртэй гардуулжээ. Хоёр талаасаа буулт хийх замаар эл Үндсэн хууль эцэслэгдэж улс оронд амгалан тайван байдал тогтсоныг тэр үед германаар Mediationszeit, францаар Acte de mediation буюу “Зуучлалын гэрээ” хэмээн нэрлэсэн нь эдүгээ хүртэл хэвшиж хэрэглэгдэж буй. Швейцарь нь ийнхүү 19 кантоноос бүрдсэн холбооны төрт-улс болжээ. Гадаад болон дотоод аюул дэгдсэн тохиолдолд кантонууд нь бие биедээ тусламж үзүүлэх ёстой, өвөр хоорондоо дайтах эрхгүй, кантон нь өвөр хоорондоо болон гадаад бусад улстай гэрээ байгуулах эрхгүйг Холбооны Үндсэн хуулиар тунхаглажээ. Кантон нь дотооддоо өөрийгөө удирдах эрхээр бүрэн хангагдана.

1803.09.27-нд Швейцарь ба Франц нь Батлан хамгаалах ба давшилтын холбооны гэрээ гэдгийг байгуулснаар Францын армид 16 000 цэрэг илгээж алба хаалгах үүрэг хүлээж, энэ нь ч Швейцарьт хүнд дарамт болж, Наполеоны цэргийн үйлдвэрийг нутагтаа байгуулснаар вассаль улсын зовлонг амсав. Ийнхүү хаширсан Xельвет улс 1813 онд Лейпцигийн тулалдааны дараа Сеймээ хуралдуулж төвийг тууштай сахихаар зориг шулууджээ. Үүнийгээ ч дайтагч Европын гүрнүүдэд албан ёсоор мэдэгдэв. Тэр даруйд нь Оросын Александр I хаан Швейцарийн нейтралитетыг дэмжихээ илэрхийлж, харин Швейцарьт хяналтаа тогтоох далд санаархал бүхий, тэр утгаар Швейцарь дахь либерал хөдөлгөөнийг  өөгшүүлэгч Австри нь Швейцарийн төвийг сахихыг дэмжсэнгүй. 1813.12.21-нд австрийн цэрэг Швейцарийг тойрч Рейн мөрнийг гатлан Франц руу дөхөж иржээ. Тэгэхтэй зэрэг өмнө нь засгийн эрхнээс зайлуулагдаад байсан австрийг талархагч аристократ засгийнхан толгойгоо өндийлгөн Берн, Фрибур, Золотурн, Люцерн кантонд засгийн эрхийг эгүүлэн авч, харин Холбооны Сейм нь 29-нд Цюрихт тусдаа цуглаад өмнөх зуучллалын гэрээгээ хүчингүй болгов. Берн тэргүүтэй 7 кантон Цюрих дэх Сеймтэйгээ тэрсэлдэн, Люцерн хотод өөр нэг Сеймийг байгуулав. Швейцарь орон хоёр хуваагдаж, дотооддоо иргэний дайн, хямралтай тулсан учраас их гүрнүүд хөндлөнгөөс оролцож, ялангуяа Оросын император шахалт үзүүлсний дараа Люцерний Сеймийг тарааж, эсэргүү кантонууд Цюрихийн Сейм рүү төлөөлөгчдөө илгээжээ.   

Ийнхүү эргэж эвлэрэв. 1814.09.07-нд 19 кантоны төлөөлөгчид Холбооны шинэ гэрээ боловсруулж, Венийн конгресст (Венийн энх тайвны бага хурал) өргөн барьж, их гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлжээ. Венийн конгрессоос 1815.03.20-нд батлан гаргасан тунхаглалаар Швейцарийн Холбооны мөнхийн нейтралитетыг хүлээн зөвшөөрч, тус улсын хил хязгаарын бүрэн бүтэн байдал, халдашгүй дархан байдлыг баталгаажуулжээ. Дараа нь 19 кантон дэр Вале, Женев, Нёвшатель хот-мужууд Холбоонд нэгдэн орж 22-уулаа болжээ.  Хэдийгээр тэд төвийг сахисан ч Наполеоныг эргэж төр барьмагц Францтай дахин дайнд татагдан орж, Парисын энх тайвны гэрээгээр дайны төлбөрт 3 сая франк, бяцхан газар нутаг авч салжээ. Төвийг сахихын өмнөх ба эхэн үеийн товч түүх ердөө энэ.


Зохиогч Швейцарийн Холбооны Гадаад хэргийн яаманд зочлов


Зуучлал буюу Мediation
 
Онолын талаас авч үзвэл арилжаа, санхүүгийн ажиллагаан дээр хөнгөлөлт үзүүлэх, эсвэл  янз бүрийн харилцааны маргаантай асуудлыг зохицуулах хуулийн (гол төлөв байгууллага) ба бие хүн этгээдийн үйл ажиллагаа гэх тайлбар олон тааралддаг. Энэ ухагдахууныг тайлбарласан явдал лавлах ном, нэвтэрхий толиудад олон буй. Тэдгээрээс түүвэрлэснээ товчлон сонирхуулбал, маргаантай асуудлыг альтернатив хэлбэрээр зохицуулах технологийн нэг хэлбэр буюу олон улсад хэвшсэн нэршил үг нь медиац (англиар Мediation буюу alternative dispute resolution). Медиац хийх этгээдийн гол шалгуур вэ? Уг маргаанд нь 1) оролцоогүй, 2) холбогдолгүй, 3) туйлширдаггүй, 4) төвийг сахисан гурав дахь этгээд (субъект) байх ёстой. Медиаторын үндсэн үүрэг нь маргаантай асуудлаар тодорхой оновчтой гэрээ, хэлэлцээр боловсруулахад туслах явдал. Харин уг баримт бичиг байгуулагдмагц хэрэгжилтэд нь маргалдагч асан хоёр тал хяналт тавих үүрэгтэй.

Маргалдагч талууд үндсэн нөхцлөө тавина, түүнийг нь гурав дахь медиатор анхааралдаа авна, маргаанаа эв зүйн аргаар шийдвэрлүүлэхээр талуудыг хэлэлцээний ширээнд суулгах зуучлагчийн тэр арга хэрэгслийг зуучлал хэмээмүй гэж олон улсын эрх зүй заадаг.

Хоёр буюу түүнээс олон субъектэд нейтраль субъектаас үзүүлэх нөхцөл, хөнгөлөлт, эвлэрүүлэх процедурыг ийнхүү “зуучлал” гэх ба хэлбэр нь олон янз байж болно. Тухайлбал маргалдагч талууд харилцан хүлээн авч болохуйц нөхцөл болзол, эсвэл бүх асуудлыг “0”-тэгээс эхлэх, маргалдагч талуудын хүсэлтээр зуучлах үүрэг хүлээх, маргаанд оролцоогүй их гүрнүүдийн санаачилгаар ийм үүрэг хүлээх гэх мэт. Энэ тухай 1899, 1907 оны Хаагын конвенц, НҮБ-ын Дүрэмд (33-р зүйл) тодорхой заажээ.  

Швейцарийн Гадаад хэргийн сайд Дидье Буркхальтерын хэлснээр бол, тэрхүү «сайн санааны нөхцөл болзол» гэдэг нь энэ Конфедерацын гадаад бодлогын үндсэн чухал хэсэг ажээ. Энэ улс 1938-1990 онд төвийг тууштай (хэт удаан байж болно) сахисан боловч энэ үед зуучлалын “алтан эрин” тохиосон гэж үздэг. Ялангуяа “Хүйтэн дайн”-ы эринд сөргөлдөгч талууд Швейцариар зуучлуулсан, Швейцарьт уулзаж маргаанаа зохицуулсан баримт маш олон.

Швейцарь эрдэмтэн Даниэль Тракслер “Швейцарийн зуучлах үүрэг, уламжлалын сэргэлт”   (“Schutzmacht Schweiz. Renaissance einer Tradition?”) номоо 2012 онд хэвлүүлжээ. Түүнд тус улсын арбитражийн зуучлах үүрэг багассан гурван шалтгааныг тоочжээ. Зуучилж өгнө үү гэх эрэлт хүсэлт багассан нь 1) “Хүйтэн дайн” дууссанаар өмнө нь таслагдсан байсан олон харилцаагаа улс гүрнүүд өөрсдөө сэргээсэнтэй холбоотой. 2) Oдоо ихэнхи мөргөлдөөн улс хоорондын түвшинд гэхээсээ, тодорхой улс орнуудын дотоодод дэгдэж байна. Мөргөлдөөнд улс орны зэвсэгт хүчин гэхээсээ хагас цэрэгжсэн төрийн бус бүлэглэлүүд оролцох боллоо. Тэдэнд дипломат зуучлагч төдийлөн хэрэг болохгүй. 3) Үүрэг багассанд Швейцарь өөрөө бас буруутай. Өөрт ач холбогдолгүй, цаадуулдаа ч ач холбогдолгүй зарим мөргөлдөөнд  “сайн санааны нөхцөл бозлол” дэвшүүлж 1990-ээд оны сүүлчээр оролцсон нь бас нэг шалтгаан хэмээн Д.Тракслер бичжээ.

Ийнхүү 1990 оноос хойш Швейцарийн зуучлалын цар хүрээ, давтамж багассан, цөөрсөн бол XXI зуун гараад глобал бодлого, глобал дипломатын ажил хэрэгт арбитражийн үүрэг дахин нэмэгдэж Швейцарьт медиацын үүрэг уламжлалаа сэргээх аятайхан боломж гарч ирлээ, үүнийг шүүрээд авах нь чухал хэмээн эрдэмтэн Д.Тракслер үзэж байна. Тэгж шүүрч авч оновчтой зуучилсан нь Орос-Гүржийн 2008 оны зэвсэгт мөргөлдөөн болжээ.

Тэр утгаар Швейцарь нь сонгодог, үнэмлэхүй зуучлагч байх эрхээ эгүүлж олж авч байгаа  аж. Үүнийг зөвтгөх нотлох олон шинжийг агуулдаг хэмээн эрдэмтэн Д.Тракслер үзээд жагсаажээ.  Швейцарь–жижиг улс, тэр утгаар хэнд ч аюул занал учруулахгүй. Швейцарь–ямар нэг онцгой, хувиа хичээсэн зорилго бүхий гадаад бодлого явуулдаггүй. Тэр утгаар Швейцарь нь олон улсын тавцанд “худалдааны жинхэнэ шударга зуучлагч” гэсэн имижтэй. Швейцарь–НАТО-д ордоггүй, Европын Холбооны гишүүн биш, колоничлогч гүрэн явсан түүхгүй. Швейцарь–сөргөлдөгч бүх талтай хэлэлцээ хийх ур ухаан чадавхитай. Швейцарь–хэлэлцээ явуулахад бэлтгэсэн дэд бүтэцтэй, санхүүгийн хангалттай боломжтой. Швейцарь–цөөнхийн эрх ашгийг хамгаалах талаар туршлагатай. Швейцарь–ардчилал, федерализмыг хэрэгжүүлэх талаар гойд ажилласан туршлага ба нэр хүндтэй гэхчлэн.

Эрдэмтэн Д.Тракслерын заасан шинжүүдийг Монгол дээрээ авчирч харьцуулъя. Ардчиллын 20 гаран жилд бид ямар нэг онцгой, хувиа хичээсэн зорилго бүхий гадаад бодлого явуулж байсангүй, цэргийн эвсэл холбоонд оролцдоггүй, хэлэлцээ хийх ур ухаанд манай дипломат алба хэрдээ бэлтгэгдсэн, тэр дэд бүтцийг нь АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр бүрдүүлчихнэ, санхүүгийн чадавхи нь бүрдэх боломжтой, Монгол нь ардчиллын үлгэр жишээ улсын нэг гээд шинжүүд байгаа бус уу?

Тэр дээр зуучлагч хийх этгээдийн 4 шалгуур болох маргаанд нь 1) оролцоогүй, 2) холбогдолгүй, 3) туйлширдаггүй, 4) төвийг сахисан гэх шалгууруудыг ардчиллын 20 гаран жилийн ихэнхид нь хангаад ирснийг бас мартаж үл болно.

“Засгийн газрын мэдээ”, 2015.12.08  № 235 (258)