Ирэх жилийн улсын нэгдсэн төсвийг ханцуйн дотроо наймаалцан байж баталсан УИХ энэ долоо хоногт сонгуулийн хуулиар амьсгалах төлөвтэй.

Одоогоор парламентад дөрвөн ч нэмэлт, өөрчлөлтийн төсөл өргөн баригдаад байгаа боловч хамгийн тулгамдсан асуудал болох сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгоход чиглэсэн ямар ч санал аль ч улс төрийн хүчний төлөөллөөс гараагүй нь анхаарал татаж байна.
           
УИХ-ын гишүүн Р.Бурмаа нарын 19 гишүүний боловсруулсан төсөлд УИХ-ын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар 26 мандаттай тойргоос, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар сонгохоор санал болгожээ. Энэ нь парламентын сонгууль 2012 онд ямар хэлбэрээр явсан яг тэр хэвээр давтагдана, хуучин дуугаа эгшиглүүлнэ гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл аз муутай 48 нөхөр тойрогт очиж сонгогчдынхоо өмнө бараг нүцгэлүүлэх шахам хамаг байдгаа шавхан өрсөлдөх ба намын удирдлагын таалалд нийцсэн цөөн хэдэн илүү эрх дархтан франц дарс шимсхийн албан өрөөндөө тухалж суусаар сонгуулийн кампанит ажлаа өндөрлүүлэх боломжтой болно. Энэ нь жагсаалтад багтах азтануудад тэнгэрийн умдаг атгасантай адил хувь тохиол мөн боловч сонгогч олны эрх ашигт огтхон ч нийцгүй хувилбар болох нь өнгөрсөн хугацаанд хангалттай нотлогдсон. Тойргийн гишүүд ядаж сургууль цэцэрлэгийн төсөв хөөцөлдөж явдаг бол жагсаалтын томчуул Тавантолгой, төмөр зам мэт мега төслөөр л занималдаж байх жишээтэй.
           
УИХ-ын гишүүн Су.Батболд нарын өргөн мэдүүлсэн төсөлд сонгуулийн тойргийг бүр жижиглэн 48 тойрог болгох өөрчлөлт тусчээ. Ардын намынхан жижиг 76 тойрогт парламентын сонгуулийн мандатыг хуу хамдаг арвин туршлагатай. Хуучин нэгдэл, сангийн аж ахуйн үеийн явцуу бүтцээ ашиглан ийм амжилт олдог. Харин сүүлийн сонгуулиудаар тойрог томсч өрсөлдөөн ширүүссэн тул бусдад хангалттай олон суудал алдсан шархаа нөхөхийн тулд жижиг 76 тойргийг ард түмнээсээ асууж байж сэргээнэ гэж хуулийн төсөл хүртэл санаачилж зүтгүүлээд бүтэлгүйтсэн тул 48 тойрог дээр эргээд бууж буй нь энэ.
           
Парламентад 10 суудалтай Шударга ёс эвсэл ч хоцорсонгүй. О.Баасанхүү нарын гишүүдээрээ өөр нэгэн төсөл яаран мэдүүллээ. Түүнд 38 нэр дэвшигчийг 26 тойргоос, 38 нэр дэвшигчийг нам эвслийн жагсаалтаар сонгохоор санал болгоод байна. Энэ төсөлд намын жагсаалтаар нэр дэвшигчдийн тоог нэмэгдүүлэхээр тусгасан нь оймсонд хавчуулагдан гишүүн, сайд болцгоосон амьд жишээнүүдээсээ үлгэр авсан хэрэг.
           
Дээрх гурван төсөл дэх зарим нэг тоо баримт өөр боловч зарчмын хувьд бараг ижил агуулга багтаажээ. Эндээс хэд хэдэн таамаглал дэвшүүлж болно. Манай их хурал дахь намын бүлгүүд эрх ашиг нь нийлсэн ямар ч асуудал дээр сэм үгсэн хуйвалдахдаа гарамгай болоод байгаа. Тиймээс сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр МАН-ын 48 тойргийг хүлээн авах магадлал асар өндөр. Тойрог жижигрэх тусам сонгогчдын санал худалдан авах боломж нэмэгдэх тул бүгд чимээгүйхэн кнопоо дарцгаана. Жагсаалтаас татгалзая гэж хэн ч дуугарахгүй. Тэгж намын дарга нарынхаа хорхойтой араанд зуугдах зоригтон олдохгүй. Өөрөө ч жагсаалтад багтчих вий гэж горьдогсод бас олон байгаа.
           
Уг нь Монгол Улсын эрх ашгийг урьтал болгодогсон бол Хөдөлмөрийн баатар, Үндсэн хуулийн эх баригч Б.Чимэд агсны гэрээсийг биелүүлж Монгол Улсаа 10 хүртэл том тойрог болгож, жалга довны депутатуудаас нэгмөсөн ангижирмаар. Ингэж чадаж гэмээ нь уяач гишүүн, бөх гишүүн цөөрнө. Намын жагсаалт гэгчийг үлдээлээ гэхэд түүний захиснаар намд төдийгүй хувь нэр дэвшигч бүрээр санал авч авсан саналыг нь эрэмбэлэн сонгодог болвол намын даргад тал засч улс төрд ногоон гэрлээр өгсдөг ёс бус явдал арилна. Улсын Их Хурлын гишүүн Л.Болд санаачилж, гавьяат хуульч Б.Чимидийн гардан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөлд тусгагдсан сонгуулийн газар зүйн дагуу том цөөн тойргоос хувь тэнцүүлэн сонгох арга нь өнөөгийн жижиг тойргоос олонхийн аргаар сонгогдохдоо сонгогчдын саналыг худалдан авах явдлыг бүрэн зогсоох, зарим гишүүдийг хувь тэнцүүлэн сонгоход намын даргын үзэмжээр нэр дэвшигчдийг эрэмбэлэх зэрэг сөрөг үр дагаврыг арилгах олон үр ашигтай санаа багтаасан байжээ.
           
Тиймээс УИХ сонгуулийн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэхдээ хоёр алхам хойш ухарч жижиг 48 тойрог руу зүтгэх бус, томсгосон цөөн тойргийн зарчим руу урагшилмаар байна. Зөвхөн ийм нөхцөлд аймаг, сумандаа дархлагдсан хурган гишүүд бус, үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн улс төрийн манлайлагчид төрөн гарна.