Байгаль хамгаалагч, цэл залуухан  хөвгүүний учир битүүлэг үхлийн дараа Өмнөговь аймгийн  төв Даланзадгадгаас баруун урагш 308 км зайд, Гурвантэс  сумын  нутагт Гурвансайханы байгалийн цогцолборт газрын хилээс 25 км зайд, өмнө талаараа улсын хилд тулж, хойд талаараа Нэмэгтийн нуруу, Алтан уулаас өргөн, уудам  хөндий, хоолойгоор тусгаарлагдан, нийт 618 мянган га талбайд  сунан тогтсон Тост, Тосонбумбын нурууг төрийн тусгай хамгаалалтай газар, нутагт хамруулах асуудал нийгэмд эрчтэй хөндөгдөж эхэллээ. Тэрхүү залуугийн амь насыг ашиг сонирхол нь хөндөгдсөн  хэн  нэгэн  хувь хүн, бүлэглэлийн зүгээс хөнөөсөн байж болох талаар олны дунд тархаж буй таамаг, яриаг гарцаагүй гэж үнэмших нь өрөөсгөл ч, эрхлэж  байсан ажил, үйлс, зорилго, тэмүүлэлд нь удаа дараа саад болохоор сүрдүүлэн заналхийлж, тэр ч бүү хэл хэн  нэгэн  этгээд  бүлэглэн биед нь хүйтэн зэвсгээр халдаж байсан гэх ноцтой баримтууд ийм сэжиг, таамаг дагуулах шалтгаан  яах аргагүй мөн. Хорь гаруйхан насандаа амь эрсдсэн байгаль хамгаалагч залуу чухам л тэрхүү Тост, Тосонбумбын нурууг төрийн  хамгаалалтад  оруулж, зарлигаар дархлахын төлөө салбар хариуцсан яам, Засгийн газар, хууль тогтоогч институцын зүгээс хийж  чадаагүйг  хийж,  идэвхийлэн  зорьж,  тэмүүлж  байсан юм билээ. Өнөө цагийн монголчууд  бидэнд нэг тийм, аливаад “Ниргэсэн хойно нь  хашгирдаг” нийтлэг деффект байдаг. Тэр тусмаа шийдвэр гаргах түвшинд үйл явдал, өрнөх процессийг урьдчилан харах, угтан шийдвэрлэх  ухаан, зөн билгээр  тун ч ядмаг, сэтгэлийн хөөрөлдөө хэт дарангуйлуулсан эмгэгтэй болсон гэж  оношилж  ч  болохоор.

Үүний  хор, урхаг  бидний гаргаж  буй хууль,  тогтоол, шийдвэрүүд  ихэнхдээ  “амьгүй”, цаг  хугацаанаасаа  хоцорсон  байдгаар  илэрч  гардаг. Тост, Тосонбумбыг  тойрсон  асуудлаас  энэхүү эмгэгийн  жишээг  тодорхой  харж  болно.  Аль  эрт  2010 оноос  эхлээд  Өмнөговь  аймгийн  Гурвантэсийнхэн  Тост, Тосонбумбын  орчимд  хайгуулын  болон  ашиглалтын лиценз  бүү  олгооч,  эл  газрыг  төрийн  хамгаалалтад  оруулаач гэсэн хүсэлтийг холбогдох газруудад  удаа  дараа  хүргүүлэн,  орон  нутгийнхаа  нөөц,  хэрэгцээнд  авлаа  гэсэн  сумын Иргэдийн  хурлын тэргүүлэгчдийн  шийдвэр  хүртэл  гарч байсан  юм билээ.  Өмнөговь аймгийг  төлөөлөн  УИХ-д  сонгогдсон  Д.Бат-Эрдэнэ  гишүүн  эл  асуудлыг  онцгой  анхаарч,  хөөцөлдөн тухайн  үеийн  Шинэчлэлийн  Засгийн  газарт  удаа  дараа  хүсэлт  тавьж,  2012  онд  Байгаль, орчны  сайд  байсан  Ц.Оюунгэрэл  гишүүнтэй  хамтран  Засгийн  газарт  Тост, Тосонбумбын нурууг төрийн  хамгаалалтад оруулах талаар санал  оруулан  хэлэлцүүлээд  цөөнх  болон  ялагдсаныг  тод  санаж  байна.  Түүнээс  хойш  ч  Шийдлийн  Засгийн  газарт  болон  салбарын  яам, УИХ-ын  Байгаль, орчин, хүнс, хөдөө, аж  ахуйн  байнгын  хороонд   уг  асуудлыг  дахин  тавьж,  өнөө  болтол  хойш  тавилгүй  хөөцөлдөж   ирсэн  Д.Бат-Эрдэнэ  гишүүний болон  орон  нутгийн  иргэд, өмнөговьчуудын  зүтгэлийг  гацаалгүйгээр  тухайн   цагт  нь   шийдвэр  гаргаад  тэр  нутгийг   хамгаалалтад  авчихсан  бол  хэдийгээр  тэр  бүс  нутаг  дахь  ашиг  сонирхолын  зөрчлөөс  болсон  гэдэг  нь  нотлогдоогүй  ч,  байгаль  хамгаалагч  залуугийн  амь  нас  хохироо  ч  уу, үгүй  ч  үү!

Заавал  хүний  амь  настай  холбогдож, асуудал  хүндэрсний  дараа  хөшинг,  царцанг  механизм  хөдлөх, ёстой  байсан  гэж  үү?  УИХ-д  Өргөдлийн  байнгын  хороо  гэж  бий. Дарга  нь  О.Баасанхүү  гишүүн. Түүнээс  өмнө  Р.Бурмаа  гишүүн  эл  хороог  даргалж  байлаа.  Өмнөговь  аймгийн  зөвхөн  Гурвантэс  сумын  иргэдээс  гэхэд   л  сүүлийн  хоёр  жилийн  дотор  1000  гаруй  өргөдлийг  дээрх  дарга  нарт  хаяглан  ирүүлж  байсан  байна. Ганцхан  асуудлаар ийм  олон  өргөдөл  ирүүлээд  байхад  анхаарах  асуудал  биш  гэж   тооцдог  юм  бол  тус  Байнгын   хороог  зүгээр л бэлгэдлийн  шинжтэй,  хэнд  ч  хэрэггүй  бүтэц  гэж  ойлгох  ёстой  болж  байна. Магадгүй  энэ  нийтлэлийн  араас  гоншигнож, их  юм  хийж  байснаа  тоочин  заргалдах  л байх. Тэгвэл  аргаа   барсандаа  дүн  өвлийн  хахир  хүйтэнд,  хөр  цасны  араас  амьдрал,  мал  ахуйгаа  орхин  1000  гаруй  км  холоос зүтгэж  нийслэлд  ирсэн Гурвантэсийн  30  гаруй  малчдыг  яах  билээ. Тэд  бичиг, цаасаар  зууралдаад  нэмэргүйн  учир  биеэр  нотлож,  амаар  ярьж, чихээр  дуулгахаар  ирж.  Одоо  болтол  тэрхүү  малчид  нийслэлд  байж  л  байна. Төр, засгийн  зүгээс  “за”,  “үгүй”-н  аль нэгийг сонсож  байж буцах  гэнэ. Гэтэл  асуудлыг эрхлэх  байнгын  хороод  ирц  бүрдэхгүй  байна  гэх  хөгийн агаад  арчаагүй  шалтгаанаар  малчдыг  хэдэн  өдрөөр  залхааж  л  байдаг.  Дэндүү  найгүй  хэрэг  биш  үү?



Тост,  Тосонбумбын  6000  гаруй   га  талбайг  хамгаалалтад  авахаас  шийдвэр  гаргагчид, тэр  тусмаа  Засгийн газар яагаад  цаараглаад  байна  вэ?  Тус  бүс  нутагт  бараг  л  алга  дарам  ч  газар  үлдээлгүйгээр  уул,  уурхайн  үйл, ажиллагаа  явуулах, хайгуулын болон  ашиглалтын  тусгай  зөвшөөрлийг  замбараагүй  олгосны  цаана  эрх  мэдэлтнүүд, эрхэм  гишүүд   байдагтай  холбоотой  юу?

Гурвантэс бол  2.8  сая  га  талбайтай,  10  мянган  хүн  амтай,  Монголын  хамгийн  том  газар  нутагтай, газар зүйн  байршлаараа   нэн  онцгой  сум.  Энэ сумын  нутагт  үйл, ажиллагаа  явуулж  буй  нүүрсний  дөрвөн  том  уурхай  бий. Энэ  дөрөв  дээр  нэмэгдээд  дахиад дөрвөн  нүүрсний  уурхай  ажлаа  эхлэх  гэж  байгаа  юм  байна. Ганц  сумын  нутаг  дээр  найман  нүүрсний  уурхай  ажиллаад  эхлэнэ  гээд  бодоход  энэ  нутагт  хүн, мал, ургамал, амьтан, араатан жигүүртэн  амьдрах , оршин  тогтнох  орчин  үлдэнэ  гэж  хэлж  чадах  уу?  Хэн?   
Энд  найман  уурхайгаар  зогсохгүй, хайгуулын 26, ашиглалтын 18, нийт  44  лиценз  нэмж  олгогдсон  байгаа. Өнөөгийн  эрх  баригчид, Засгийн  газарт  мөнгө улаан  нүд  цагаан  болчихоод  байгаа  хэдий  ч,  Өмнөговь гэдэг  аймагт  уурхай  ховордож,  ус  элбэгдээд  байгаа  юм  биш ээ  гэдгийг  сэхээрэх  тэнхэл  ядаж  баймаар  санагдах.  Энэ  байдал  хэвээр  үргэлжилвэл  хэдхэн  жилийн  дараа  Гурвантэс  хэмээх  сум  амьдралаас  арчигдаж,  онгойж  харласан  нүх  л  болж  үлдэх  эмгэнэл  буй.  Д.Бат-Эрдэнэ  гишүүний  хэлдгээр  говийнхон  үнэхээр  уужим, тайван, хүлээцтэй, найрсаг,  элдэв  хэрүүл, маргаанаас  хол  байхыг  эрхэмлэдэг  хүмүүс  болохоор төдийгөөс өдий  хүртэл  тэсч,  тэвчиж чадаж. Гурвантэсийнхэн  нийт  нутгийнхаа  хөндөгдөөгүй  үлдсэн  цорын  ганц  Тост,Тосонбумбын  нуруугаа  аварч үлдэхсэн, авралдаа  багтаагаач  л  гэж   төр, засагтаа  хандаж  байгаа  юм.  Уул  уурхайн  тусгай  зөвшөөрлийг  нэг  сумын  нутагт  ийн  бөөндөж  олгодгоо   зогсоогооч, ядаж нэг уурхай  нь үйл  ажиллагаагаа дуусгаж,  байгаль, орчныг  нөхөн  сэргээсний  дараа  дараагийн  лицензийг   олгооч  гэж   гуйж  байгаа  нь  аргаа  барсан  хэрэг   гэдгийг  монголчууд  ойлгох  ёстой  юм  билээ. Ойлгоод  тэднийг  дэмжих ч хэрэгтэй  юм  билээ. 

Говийн  ард түмэн даанч  уужуу  юм. Энэ  сайхан  чанар  нь  өөрсдийг  нь  золиослох  шалтгаан  болох  учиргүй.  Гурвантэсийнхэнд  адаглаад  энэ  олон  уул,  уурхайн  компаниуд ын  ашиг, орлогоос  ч  хувь  оногддоггүй  юм  байна. Яагаад?  Уул,  уурхайгаас  олсон  ашгийн тодорхой хувь  тухайн  орон  нутгийн  хөгжил,  ард  иргэдийн  нийгмийн  асуудлыг  шийдвэрлэхэд  зарцуулагдах  учиртай  тогтоол, шийдвэр, гэрээ, хэлцэл  бий. Гэтэл энэ  хувилбар  Гурвантэст  огтхон ч  хэрэгждэггүйг  холбогдох  нөхөд   ч  анхаардаггүйн  учир  гайхалтай.  Энэ  бүхнээс  ч  хачирхалтай  хэрэг   бол  2010  онд  сумын  Иргэдийн  хурлын  тэргүүлэгчдээс  гаргасан  Тост, Тосонбумбын  нурууг  орон  нутгийн  хамгаалалтад  авахаар  гаргасан  тогтоолыг   цуцлуулахаар  уул, уурхайн компаниуд , тухайлбал  Хятадын хөрөнгө  оруулалттай  “Цэлмүүн хангай” гэх  компани зарга үүсгэн  таван  жилийн  турш  тус  сумын  ИХ-ын  дарга  Б.Дэжидтэй  шүүхдэлцэж  байгаа явдал юм. Өнгөрсөн  нэг жилийн хугацаанд  гэхэд л  Хятадын дээрх  компанийн  хүсэлтээр  анхан болон давж заалдах,хяналтын  шатны хянан  шалгах шүүх  хурал  арван  удаа болсон  байдаг. Шүүх  хурал  болгон  дээр  Хятадын  компанид  өндөр  үнээр  хөлслөгдсөн  өмгөөлөгчид  ганц  бүсгүйн  эсрэг  тулахдаа  хууль  мэддэг,  мэддэггүйгээр  нь  дуудан  доромжилдог  байсныг  сонсоход  харамсалтай  санагдсан. Манай  хуулийн  салбарт  мөнгө  л  үнэртвэл   биеэ   худалдаж,  итгэл, үнэмшил, ёс зүйгээ  уландаа  эргэлзэхгүйгээр  дэвсэлсэн  зарим  нэг  хог,  шаар шиг, "амьтад"   үржсээр  буйн  жишээ л дээ.

Малчдын дундаас ч  нутаг, бэлчээрээ уул, уурхайн  компаниудад  зарчихаад  бусдын  өвөлжөө,  хаваржааг   булцаалдан,  хоорондоо  зодолдож, нүдэлдэх  явдал гарах болсон нь ч  эмгэнэлтэй. Засаг, төрөөс хэт  их   мөнгөнд  улайрсан   бодлогоо  эргэж  харахгүй,  засахгүй  аваас  ард  иргэдийн  дунд  ч  эвдрэл,  хагарал  гарч  эхлэх нь бололтой. 

Засгийн  газрын  эдийн  засаг,  санхүү  хариуцсан  сайд  нар  Гурвантэс  сум, Тост, Тосонбумбын  асуудлыг  хэлэлцэх  ясны  дургүй   байдаг  гэх.  Нэгэнт  тэнд  зардал  шингэсэн  учир  уул уурхай  явах  ёстой гэж  тайлбарладаг  төдийгүй  орон  нутгийн  иргэдийн  хүсэлтийг  няцаадаг  юм  байна.  Хөгийн байгаа хэрэг  шүү. Өнөөдөр  л  болж байвал  маргааш  энэ  ертөнцөд галав  юүлсэн ч хамаагүй  гэсэн ийм  хандлага Монголыг,  монголчуудыг  хэзээ  ч  өөд  нар  харуулахгүй  биз  ээ.

Тостын нурууг  эрх  баригчид  яг  үнэндээ  тэнд  амьдардаг  хэдэн  ирвэсийн  оршин  тогтнохтой  холбоотой  асуудал гэж  туйлын  өнгөц  ойлгодог болохыг  мэдээд ихэд гутарлаа. Магадгүй  санаатайгаар  ард,  иргэд, нийгэмд  ийм  ойлголт  өгөхийг  эрмэлздэг ч  байж  болох юм. “Тэр  нэг  хэдэн  ирвэсийг  нүүлгэн  шилжүүлээд  өөр газар нутагшуулчихаж  болдоггүй  юм  уу”, хэмээн Засгийн  газрын  хуралдаан  дээр  яригдсан гэж Ц.Оюунгэрэл  гишүүн  нотолж  байна билээ. Тост  бол  Монгол оронд төдийгүй дэлхийд ховордож улаан дансанд орсон цоохор ирвэсийн өндөр нягтаршилтай идээшин амьдардаг цөөн бүс  нутгийн нэг, дэлхийн хэмжээнд цоохор ирвэсний онцгой амьдрах орчин болж буйгаараа чухал ач холбогдолтой газар гэдэг нь  үнэн. Зөвхөн  ирвэс  төдийгүй, аргаль, янгир, хар сүүлтээс  гадна энд  хорь  гаруй  төрлийн  ховор  шувуу, гуч  гаруй зүйлийн  ховор эмийн  ургамал, дэлхийд  огт  байдаггүй  мэрэгч  хийгээд  хэвлээр  явагч  амьтан  байдаг  болохыг  эрдэмтэд  нотлон  ярихыг нүдээр харж, чихээрээ сонслоо. Түүнчлэн  Тостын  нуруу  орчим  бол Төв Азийн  цөлийн  бүс  дэх амьдрал,  экосистемийг  бүрдүүлдэг,  гол  тулгуур,  багана нь,  эх булаг,  ундрага нь болдог  газар  гэдгийг  бид  мэддэггүй  юм  байна. Тостын  нурууны  эко  бүтэц  өөрчлөгдвөл Төв Азийн цөлийн амьдрал мөхнө  гэсэн  үг. Тийм ч  учраас  “Де Нэйчэ Консерванси” Олон улсын байгууллагаас Монгол орны өмнийн говьд экологийн бүс нутгийн үнэлгээ хийсэн бөгөөд хамгаалалтад авах зайлшгүй шаардлагатай, экологийн хувьд чухал ач холбогдолтой газрын тоонд Тост, Тосон Бумбын нурууг байдаг.

Академич Р.Барсболд  гуай  “Тостын  нуруу  төдийгүй  Гурвантэсийн  нутаг, Нэмэхт, Алтан  уул, Хэрмэн цав, гээд  дэлхийн палентологи, архелогийн шинжлэх  ухааны  салбарт  нэр,  олдвороороо  мөнхлөгдсөн, өөр  энэ  бөмбөрцөг  ертөнцийн  хаа  ч  байхгүй  нутаг ” хэмээн  ярьсныг  санах  ёстой. Энэ бүхнээс  илүү  хамгийн  гол  нь  энд  хүн амьдарч  байгаа, амьдрах  болно  шүү гэдгийг эрх  баригчид  маань  ямагт  мартахгүй  байх  хэрэгтэй юм. Хэдхэн  ирвэсээ  золиосолж  болдог  юм аа  гэхэд,  хүн, ард, иргэдээ  золиосолж  болно гэж  үү? Энэ  бүхэнд  эрхбиш  улсын  Ерөнхийлөгч,  Засгийн газар, УИХ анхраалаа арай  өөрөөр  хандуулах  байх  гэдэгт  эргэлзэхгүй  байна.

Байгаль, орчны  сайд  Н.Батцэрэг Гурвантэсийн  малчдын төлөөлөлтэй  уулзаж, Иргэний танхимд болсон  хэлэлцүүлэгт  оролцсон нь сайн хэрэг. Тэр уулзалтыг зохион байгуулж, тэдгээр  малчдын  ирж, буцах, хотод  байх  зардлыг  дааж, Тост, Тосонбумбын нурууг  төрийн  хамгаалалтад оруулах  асуудлыг  биечлэн  санаа  тавьж  хөөцөлдсөөр  яваа  Д.Бат-Эрдэнэ    гишүүн  хийгээд  Ц.Оюунгэрэл  гишүүнд бас  Ерөнхийлөгчийн Тамгын газарт  талархах  нь  зүйн  хэрэг. Тэрхүү хэлэлцүүлэг дээр  салбарын сайдын  хувьд  Тостын  нурууг  энэ  ондоо  багтаан  төрийн  хамгаалалтад  авахуулна  хэмээн  Н.Батцэрэг  амлана  билээ.

Харин  УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ Тост, Тосонбумбын  нуруу  төдийгүй Гурвантэсийн  нутагт 808 мянган га газрыг төрийн  хамгаалалтад оруулан, өөрийн зүгээс санаачлан Төв Азийн  говь судлал  хийгээд аялал, жуулчлалын  эко  төв  байгуулахад  онцгой  анхаарахаас  гадна  ирвэс  судлалыг дэмжиж ажиллах  болсноо  мэдэгдсэн  нь  хамгийн  сайхан  мэдээ  байлаа.

Тост, Тосонбумбын  нурууг  төрийн  хамгаалалтад  авсан  гэх  тос  даасан баяртай шийдвэрийг  монгол  түмэн  хүлээсээр...