Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн манай "Ярилцах цаг"-ийн зочноор уригдлаа.

-Амар байна уу, Та! Сар шинэдээ сайхан шинэлэв үү?

-Сайхан шинэллээ. Та бүхэн сайхан шинэлцгээв үү!

-Сайхаан, Та Гал бичин жилийн босгон дээр нутгаа зорьж, Засгийн газрын даалгавараар сайн малчдад шагнал гардуулаад ирсэн. Алтай нутагт  цаг, агаар, цас зуд хэр  байна. Хүн зоны сэтгэл санаа ямархуу  байна даа?

-Говь-Алтай аймагт цаг сайхан байна аа. Сүүлийн хэдэн жил дараалан зун сайхан гарч, өнтэй өвөл болж байгаа болохоор алтайчууд сэтгэл тэнүүн байна. Энэ жил ч гэсэн харьцангуй өвөлжилт сайхан, ихэнх сумдаар явлаа, хүндэрсэн юм алга.

-Гэтэл Говь-Алтайд цас, зудтай хэцүү байна гээд яриад байсан...

-Биднийг очихоос 14 хоногийн өмнө цочмог, гэнэт хүйтэрсэн юм билээ. Шарга, Халиуны хоолой, Төгрөгийн доод говьд хөрсөн дээр өдөртөө хасах 40 хэм давж, бөхөн, хар сүүлт хэвтэртээ осгож байсан нь үнэн. Энэхүү гэнэтийн хүйтрэл удаан үргэлжилсэн бол цаг хүндрэх байлаа, харин цөөн хоногт шувтарч. Одоо бол сайхан л байна. Аймаг, орон нутгийн удирдлагууд ч хэлж байна, бид ч явж үзлээ. Зарим газраа цасгүй шахам бараан байна. Хамгийн гол нь мал сайн тараг авсан болохоор цаг зуурын үзэгдлийг дааж гарч байна л даа.

-Говь-Алтайг бусад аймгуудаас хөгжлөөрөө харьцангуй хоцрогдсон гэж шүүмжилдэг. Танд ийн явж байхад ямар зүйл ажиглагдав?

-Манай аймгийг хоцрогдсон хэмээн шүүмжилдэг нь нэг талдаа үнэний хувьтай байсан. Жишээ нь, Говь-Алтай хамгийн сүүлд төвлөрсөн эрчим хүчний сүлжээнд холбогдлоо. Улс даяар цахилгаанд холбогдоогүй хэдхэн сум байгаагийн дийлэнх нь Говь-Алтай аймагт байдаг. Дээрээс нь Улаанбаатартай цардмал замаар холбогдоогүй цөөн аймаг байгаагийн нэг нь бас л Говь-Алтай. Гэхдээ энэ жилд цардмал замаар холбогдчихно. Иймэрхүү өнцгөөсөө хоцрогдсон юм шиг харагдаж байгаа байх.

Интернэт ороогүй сум ч бий. Нөгөө талаас ирээдүйгээ харахад бүх зүйл сайхан, хөгжлийн маш том боломж Алтайд бий.Би өөдрөг үзэл, бодолтой хүн л дээ. Говь-Алтай бол Монгол Улсын хамгийн ирээдүйтэй аймаг. Газар нутаг уудам, Өмнөговийн дараа л орно. Өөрөөр хэлбэл Говь-Алтай бол Монголын задлаагүй үүц. Байгалийн бүхий л баялагийн арвин нөөц, ордууд  бий. Коксжих нүүрс, зэс, алт, төмөр, молбиден, хром, вольфром, магназитээс  гадна  ховор элементүүд ч  байна.Сүүлийн жилүүдэд нефтийн хайгуул их хэмжээгээр хийж байгаа. Ер нь л байгалиас гарч болох баялаг бүгд бий. Бидэнд  бас нэгэн давуу тал байгаа нь Өмнөговийн бэлээхэн туршлага юм. Тавантолгой, Оюутолгой гээд энэ том төслүүдийг  хэрэгжүүлэхдээ ямар бэрхшээлтэй тулгарч, ямар сөрөг зүйл үүсч, ямар хүндрэл гарав гээд олон талаас нь бодох боломжтой. Өмнөговьд гарсан алдааг алтайчууд давтах хэрэггүй гэсэн үг. Бид тэндээс харж, суралцаж  ёстой. Энэ утгаараа Говь-Алтай бол Монгол Улсын хөгжлийн ирээдүй болсон бүс нутаг.Дэд бүтцийн хувьд ч баруун бүс нутгийн маш том зангилаа болох боломжтой. Гадаад хэргийн сайдын хувиар би Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн коридор байгуулах асуудлыг  байнга ярьж, хөөцөлдөж байдаг  юм.Үүнд гол төлөв эдийн засгийн талыг барьж, транзит тээврийн асуудал, Говь-Алтай аймгийг дайруулаад босоо тэнхлэгийн зам дамжих нөхцөл, боломжийг бодит болгохоор хөрш орнуудтай байнга ярьж байгаа. Орос, Хятадын эдийн засгийг холбосон коридор Алтайгаар дайрснаар төсөөлшгүй ашиг, тус өгнө. Нөгөө талаас Говь-Алтай аймаг мал аж ахуйн мундаг нөөцтэй. Энэ жилийн тооллогоор 2.9 сая мал тоолуулсан. Говь, хангай хосолсон бэлчээртэй. Зуд, зурхан, ган, гачигт хамгийн тэсвэртэй, дэлхийд ноосны гарцаараа тэргүүлсэн хос зогдорт тэмээ сүргийн бүтэцтэй гээд давуу жишээ  олон.Сая бид сайн малчин цол тэмдэг гардуулж явахдаа очсон айл бүхэн таван хошуу малтай байгааг  анзаарлаа. Зарим аймаг таван хошуу малаа төрөл бүр дээр өсгөж чаддаггүй. Гэтэл Говь-Алтай аймагт бараг малчин айл  болгон малаа таван төрөл дээр нь өсгөж байна шүү дээ.Говь-Алтайд уул уурхай, уламжлалт мал аж ахуй гэсэн том боломжууд байгаагаас гадна газар тариалан гэсэн гурав дахь салбар бас бий. Энэ тал дээр алтайчуудад уламжлал, туршлага хангалттай учраас асар их боломж юм. Хөдөлмөрийн баатар Чулуун, Лодойхүү нарын ухаалаг өвгөдийн хэлснээр мал аж ахуй бол нэг л зуднаар сүйрч мэдэх эрсдэлтэй. Тиймээс тогтвортой хөгжил, орлогтой байхын тулд газар тариаланг илүү хөгжүүлэх хэрэгтэй. Лодойхүү баатар усан үзэм хүртэл тарьж үзсэн. Чулуун  баатар бол Бигэрт говийн хармаг жимсээр дарс,шарз үйлдвэрлэж байлаа. Социализмийн үед Монгол Улсад оргилуун дарс болон ликёр, шарзны үйлдвэртэй ганцхан сум нь Бигэр байлаа шүү дээ. Чулуун гуай 1963 онд миний аавтай хамт нэг сар явж, Шаамараас алимны мод татаж ирж байлаа. Түүнээс хойш өнөөг хүртэл тавь  гаруй жил алим ургуулсан жимсний нутаг болж, Бигэрийн алим, бэсрэг алим гэдэг Монгол Улсад алдартай жинхэнэ брэнд бүтээгдэхүүн болсон байдаг. Мөн Халиун, Алтай суманд  болон, Захуй, Зарман гээд олон газарт чавга, алим, лийр тарьж  байсан, тарьж, ургуулж  байгаа бэлээхэн жишээ  боломжууд бий. Говийн баянбүрд, баянтоорой гэдэг жинхэнэ  энд л байна. Говь-Алтайтай хил залгасан Хятадын мужуудад тус улсын усан үзмийн хамгийн том тариалангийн гол талбайнууд байдгаас гадна эл бүс нутаг дарсаараа алдартай. Бид тэгэхээр ийм боломжоо ашиглах хэрэгтэй. Аймгийн удирдлагаас “Алим” хөтөлбөр гээд боловсруулсан байна. Алтайн нэг онцлог нь алдартай нуруудаасаа эх авсан голуудаас гадна хавар болохоор их хэмжээний шар усны үер орж ирдэг юм.Үүнийг ашиглан усан сангууд байгуулаад авах юм бол усны нөөц тасрахгүй гэсэн үг. Алтайчууд говь, хөндийгөөрөө газар тариалан эрхэлдэг уламжлалтай. Энэ бүгдийг хэрэгжүүлээд явбал аймаг, орон нутаг хөгжихөөр барахгүй, эко хөгжил гэдэг жинхэнэ утгаараа бий болно. Говь-Алтай бол хөгжих хамгийн том ирээдүйтэй бөгөөд ард түмэн нь толгой сайтай, ухаан сийрэг хүмүүс. Би өөрийнхөө төрсөн Бигэр сумаар жишээ татаад ярихад л Монгол Улсын агуу шатарчин Т.Үйтүмэн, яруу найрагч Мишигийн Цэдэндорж гээд  маш олон эрдэмтэн мэргэд, авьяаслаг зохиолч, сэтгүүлч, спортын аваргууд төрж гарсан байдаг. Гол нь оюуны потенциаль сайтай, ажилсаг учраас Алтай нутаг хөгжинө гэдэгт огтхон ч эргэлздэггүй юм.

-Нээрээ Говь-Алтайн сумдын жаахан хүүхдүүд нь хүртэл өөрсдөө алим тариад хурааж авдаг гэж ярьж  байхыг  нэг  биш удаа сонсож байлаа?

-Энэ бол Алтайд жимс  ургах болов уу, үгүй болов уу гэсэн эргэлзээ байхгүй гэсэн үг. Амьдрал дээр аль эрт туршчихсан, бүтээгдэхүүн нь ч  сайн зарагддаг болчихсон байх жишээтэй. Увсын чацаргана энэ тэр гээд бид одоо л яриад  байдаг болохоос биш Ж.Гүррагчаа баатрыг 35 жилийн өмнө сансарт нисэх дээ Алтайн чацарганыг сансарт авч гарсан юм. Чацарганы тосны анхны үйлдвэр чинь Бигэрт байгуулагдсан юм шүү дээ. Хөхморьт сум байна, жинхэнэ зэрлэг чацарганы орон. Тэгэхээр алим, чацаргана гээд Алтайн хүүхэд болгон мэднэ. Амьдрал дээр туршчихсан, брэнд болчихсон ийм зүйлийг бага зэргийн хөрөнгө зараад л зах зээлд гаргахад бэлэн шүү дээ.

-Улс орон даяар л эдийн засаг хямарчихсан, бэлэн мөнгөгүй болчихлоо гэх. Хөдөөд ямархуу байх юм?

-Ер нь бол бид бэлэнчлэх сэтгэлгээнд хэтэрхий автсан, дассан ард түмэн. Гэтэл улаанбаатарчуудаас илүүтэй орон нутагт бэлэнчлэх сэтгэлгээг халсан байна. Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлого, аюулгүй байдлын зөвлөх байхдаа хөдөө, аймгуудаар архины эсрэг аянг танилцуулж, тайлбарлаад явж байсан. Алтайдаа ч ирж  байлаа. Тэгэхэд анзаарсан юм. Хөдөөд төр, засгаас нэг их юм гуйж, шалсан байсан хүмүүс яг үнэндээ бараг байдаггүй юм ш дээ. Тийм нэг бэлэнчлэх сэтгэлгээ гаргадаггүй юм. Өөрсдийгөө яаж ийгээд болгочихдог, давхиад ирэхэд болж байна аа л гээд сууцгааж байна. Яагаад гэхээр тэд мал аж ахуйгаа хөгжүүлчихсэн, газар тариалангаа эрхэлчихсэн, төвөөс ямар нэг зүйл гуйгаад байх асуудалгүй амьдарч чадаж байна. Харин энэ удаад  малчдад нэлээд дарамт учруулж байгаа зээлийн хүүг нь бууруулахаас эхлээд Засгийн газраас ч ихээхэн дэмжихээр боллоо. Хамгийн гол нь хөдөө, орон нутгийн иргэд, малчид маань хотод сургуульд сурч байгаа хүүхдийнхээ төлбөрийг төлөх гэж л зээл авдаг шүү дээ. Энэ том дарамтаас гаргаж өгөхөөр болчихож байгаа юм. Малчид маань малынхаа түүхий эд, мах, махан бүтээгдэхүүнээр энэ зээлээ дардаг байсан. Гэтэл түүхий эдийн үнэ уначихсан нь бэрхшээл үүсгэж  байсан хэрэг. Харин Засгийн газраас энэ талд дээр уян хатан бодлого баримтлахаар болсныг малчиддаа  дуулгахад таатай байна.

-Та сая явахдаа алтайчуудад нэгэн баяртай мэдээг дуулгасан юм билээ. Энэ нь юу вэ гэхээр Бургастайн боомтоор мах экспортлох болсон тухай юм. Алтайчууд ч маш баяртайгаар хүлээж авлаа. Тэд ямар оролцоотой байх вэ?

Ард иргэд, малчдад бүтээгдэхүүнийх нь зах зээлийг олж өгөх нь Засгийн газрын үүрэг. Гадаад хэргийн сайдын хувьд Монгол-Орос, Монгол-Хятадын эдийн засаг, хамтын ажиллагааны хамтарсан комиссын даргаар давхар ажилладаг болохоор Хятадын талтай махны экспортын талаар эрчимтэй яриа хэлцэл хийсний үр  дүн гарч байна. Мөн Ерөнхийлөгчтэй Австралид айлчлахдаа олон улсын мал эмнэлгийн байгууллагынхантай уулзаж, Монголын малыг эрүүлжүүлэхэд хэд  хэдэн чиглэлээр хамтран ажиллахаар болсон юм. Мах экспортлоход манай талаас шалтгаалсан маш олон асуудал үүсдэг л дээ.Хамгийн түрүүнд бид малаа  эрүүлжүүлэх хэрэгтэй. Манай улс маш том газар нутагтай. Зүүн аймгуудад малын халдварт өвчин гарахад тэнд нь карантин тавиад, хөл хорьдог. Харин төв, болон баруун аймгуудын мал эрүүл, зүүн талд гарсан өвчнийг халдварлах боломжгүйгээр тусгаарладаг гэдгийг гадныханд ойлгуулж чаддаггүй. Гэтэл ганц газар малын өвчин гарснаас болж, төвийн болон баруун бүсийн махны экспорт зогсчихдог. Энэ талаар австраличуудтай нэлээд ярьсан. Тэд танай улс махны экспорт дээрээ бүсчилсэн бодлого  барь гэж байна лээ. Орос, Хятад ч мөн адил. Монголчууд арваннэгдүгээр сард л бөөн, бөөнөөр нь мах гаргах гээд байдаг. Тав зургадугаар сард ч бидэнд мах хэрэгтэй. Тэгэхээр тогтмол мах нийлүүлэх шаардлагатай гэсэн. Манайхан яахав, идэш, уушны цаг, хадгалахад муудахгүй гэх шалтгаанаар 11, 12 дугаар сард их хэмжээгээр мах бэлтгэж, огцом нийлүүлэлт хийх гэдэг. Тэгээд бусад үед нь зогсонги болчихдог. Тиймээс хилийн бүсэд, өвчин гардаггүй баруун бүсэд малаа ялгаж аваад, тогтмол хоёр зах зээл рүүгээ нийлүүлдэг байх нь чухал. Нөгөө талаас Хятадын зах зээлд махны эрэлт хэрэглээ байнга өсөн нэмэгдэж байна. Хятадад амьдрал сайжирсан учраас тэд мах, сүү, сүүн бүтээгдэхүүнийг хүнсэндээ түлхүү хэрэглэдэг болжээ. Бид мах л гээд байгаа болохоос биш, сүү, сүүн бүтээгдэхүүний экспортын талаар огт ярихгүй байна. Гэтэл бид чинь жараад сая малтай ард түмэн байж сүү, сүүн бүтээгдэхүүнээр дотоодынхоо хэрэгцээг хангаад зогсохгүй, гадагшаа гаргах хэрэгтэй. Энэтхэгийн Ерөнхий сайдын айлчлалын үеэр ч ярьж байсан. Тэрбээр Монгол бол махны чиглэлийн аж ахуйтай юм байна, харин манайх сүүний чиглэлийн аж ахуйтай. Энэ тал дээр хамтарч,дэмжиж болно гэж байсан. Тэгэхээр бид ирээдүйд махнаас гадна сүү, сүүн бүтээгдэхүүн, бусад бүтээгдэхүүнээ гадагш гаргах талаар ярих ёстой. Хонины бяслаг гэдэг бол дэлхийд асар үнэтэй хүнс шүү дээ. Дэлхийн улс орнууд Монголын бяслаг гэхээр шууд л халаас, хэтэвчээ тэмтэрдэг байж яагаад  болохгүй гэж. Бидэнд боломж хангалттай байгаа биз.

Амарчлаад уул, уурхай гэж сэтгээд байхаасаа илүү эдийн засгаа төрөлжүүлэхийн тулд ажиллах хэрэгтэй. Сүүн, сүүн бүтээгдэхүүн гэсэн асар том ирээдүй байна гэж хэлэх байна. Бид хоёр, гурван жилийн өмнөөс дулааны аргаар боловсруулсан мах урагшаа гаргаж эхэлсэн шүү дээ. Гэтэл дулааны аргаар боловсруулсан мах удчихсан учраас чанартайд тооцогддоггүй  юм. Үүний улмаас нэлээд шаргуу хэлэлцээр хийсний үр дүнд амжилтад хүрч, түүхий мах экспортлохоор боллоо. Монголд хэдийгээр малын өвчин гарч байгаа ч, эрүүл бүс байна. Говь-Алтай, Баянхонгор, Завханы бүс нутгийн мал харьцангуй эрүүл байдаг гэсэн олон жилийн судалгааны үзүүлэлт байна. Тиймээс Хятадын талтай ярьж байгаад баруун бүсээс анх удаа түүхий мах гаргахаар боллоо. Энэ бол Засгийн газрын томоохон ажил болно гэж харж байгаа. Хилийн боомтод хамгийн ойр байгаа учраас Говь-Алтайхан давуу эрх эдлэх ёстой. Харин гол анхаарах зүйл бол малчдын гар аргаар нядалсан биш үйлдвэрийн аргаар бэлтгэсэн түүхий махыг л гаргана гэж байгаа. Энэ хүрээнд Баянхонгор, Завхан аймгийн мах боловсруулах үйлдвэрүүд эрхээ авчихлаа. Гэтэл манай Говь-Алтайд махны үйлдвэр байхгүй учраас махны үйлдвэр яаралтай барих шаардлага тулгарч байна. Хувийн болон бусад хөрөнгийн эх үүсвэрээр үүнийг байгуулах ёстой. Энэ тал дээр уриалан дуудаж, аймаг орон нутгийн удирдлагуудтай яриа, хэлэлцээр хийж санал бодлоо хуваалцаж байгаа.

-Говь-Алтайчууд хөдөө, аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээ борлуулах тал дээр нэлээд зохион байгуулалтад орсон харагддаг юм билээ?

-Улсын хэмжээнд үлгэр жишээч нөхөрлөл гэдэг зүйл анх Говь-Алтайд л үүсэн юм шүү дээ. Дэд бүтэц муутай, нийслэлээс алслагдмал учраас ийм байхаас аргагүй байдлыг бий болгосон байх л даа.Улсын хэмжээнд үлгэр жишээ хоршоо гэж байдаг. Эдгээр хоршоод нь улсын томоохон үйлдвэрүүдтэй холбоо тогтоочихсон, малчдынхаа түүхий эдийг аваад борлуулаад өгдөг ийм жишиг эртнээс бий.Манай алтайчууд энэ уламжлалаа сайн авч яваад би хувьдаа их баяртай байдаг юм.

-Та өнгөрсөн жил Хятад улсад хийсэн айлчлалаараа Хятадын Хөхнуур аймгийг Говь-Алтайтай шууд хамтын ажиллагаатай болгох асуудлыг тавьж, амжилттай зөвшөөрүүлж байсан. Энэ харилцаа ямар шатанд байгаа вэ?

-Хөхнуур аймагтай харилцаа тогтоож, тэр нь ажил хэрэг болсон. Өнгөрсөн оны хавар аймгийн Засаг дарга тэргүүнтэй төлөөлөгчид айлчлаад ирсэн. Хөхнуур аймаг алтайчуудаас малын ноос, ноолуур авна гэж энэ үеэр тохиролцсон гэсэн. Хөхнуур бол Хятадын хивс, хивсэн бүтээгдэхүүний үйлдвэрүүд  төвлөрсөн гол аймаг нь юм билээ. Мөн Японы нэг мужтай Говь-Алтай аймгаа холбож өглөө. Тиймээс энэ Цагаан сарын баярыг өнгөрөөгөөд аймгийн Засаг дарга Япон руу айлчилна. Японд зах зээл нь бий. Манай зэрлэг чацаргана байна, бусад газрын баялаг бий. Үүнд япончууд дуртайяа хандах  байх. Нөгөө талаар бид усан үзмийнхээ тариаланг сэргээх хэрэгтэй. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унасан үед энэ л хэрэг болно. Хамгийн ойрын жишээ бол Чили улс байна. Тус улс зөвхөн зэсийнхээ орлогоор санхүүждэг байлаа. Зэсийн үнэ унаж, орлого буурмагц, эдийн засгаа төрөлжүүлэхийн тулд усан үзмийнхээ аж ахуйг өргөжүүлээд, дарс үйлдвэрлээд эхэлсэн байх жишээтэй. Өнөөдөр Чилиин вино дэлхийд алдартай шүү дээ. Ерөөсөө хур, бороо багатай жил дэлхийд виноны үнэ тэнгэрт хаддаг. Говь-Алтайд мэргэжилтнүүд авчраад үзүүлэхээр хур бороо бага үед усан үзэм тарихад бүрэн боломж байна, усжуулалт гээд бүхий л зүйл болж байна гэдэг. Үүний нөгөө талд яг хилийн цаана Хятадын усан үзмийн тариалан, дарсны үйлдвэрийн төв нь байгаагаас харвал Говь-Алтайчуудад боломж  ямар их байгааг батлаад өгч байгаа хэрэг биш гэж үү.

-Сайд аа, Энэтхэг улсаас Гадаад хэргийн яамаар дамжуулж авах тэрбум гаруй ам.долларын хөнгөлөлттэй зээлийг чухам ямар чиглэлээр зарцуулах вэ, тэр асуудал юу болж байна даа?

-Харамсалтай нь маш удаашралтай байна. Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөл гэж байдаг. Тэр зөвлөлийн хуралдаанаар бид хэд хэдэн удаа энэ асуудлыг оруулсан. Одоо С.Баярцогт сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Тэр зээл бол хугацаатай, Хятадын тэрбумын зээлийн дараа нь амласан шүү дээ. 18 сарын хугацаанд багтаж, энэ зээлийг авах ёстой. Бараг арван сарыг нь дуусгачихлаа. Бид хоорондынхоо харилцах цэгээ олох гээд л явна. Манайд байгаа технологи Энэтхэгт байхгүй, Энэтхэгийн технологи манайд байхгүй гэх зэргээр удаашраад байна. Тиймээс энэ тал дээр эрчимтэй ажиллаж ойрын хоёр, гурван сарын хугацаанд амжуулахаар ажиллаж байна. Энэ зээлийг зөвхөн бүтээн байгуулалт, үйлдвэржилтэд зориулна. Тиймээс 18 сарын хугацаанд л амжихгүй бол энэ зээл буцна гэсэн үг.



-Говь-Алтай аймгаас Гадаад харилцааны салбарт гарч ирсэн хоёр дахь сайд нь Та. 1957 онд Гадаад явдлын яамны сайд байсан С.Аварзэд гуай газар, нутгийнхаа бүрэн бүтэн байдал, Ю.Цэдэнбал тэргүүтний ЗХУ-д бэлэглэсэн Давст уулаа буцааж авахын төлөө маш их зүтгэсэн. Үүгээрээ домог болон үлдсэн байдаг. Пүрэвсүрэн сайдын хувьд “нэг цонхны бодлого”-ыг гаргаж ирсэн. Таны хэрэгжүүлж байгаа бодлого хэр үр дүнд хүрч байна, нөгөө талаар хэр эсэргүүцэлтэй тулгарч байна вэ?

-Чи үнэхээр зөв ажиглажээ. Маш их эсэргүүцэлтэй тулгарч байна. Монгол Улсын үсрэнгүй, тогтвортой, туйлбартай, уламжлуулан хөгжүүлж байх хамгийн чухал салбар хийгээд  бодлого нь гадаад харилцаа. Хуучин бол бид гадаад харилцаандаа ах, дүү социалист орнуудын эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг байлаа. Харин өнөөдөр бол бид сэтгэлгээний шинэ өөрчлөлт оруулж байна. Бид бие даасан гадаад бодлого явуулж байгаагийн үр дүн гарч байна гэж ойлгож болно. Сайны хажуугаар саар зүйл гэж бий. Бид нэлээд нээлттэй гадаад бодлого явуулаад эхэлсэн. Гэтэл сүүлийн жилүүдэд ялангуяа хоёр хөрштэйгөө харилцах гадаад бодлого дээр алдаа, завхрал гарч ирсэн.Хэн дуртай нэг нь, дурын салбарын сайд л гадаад бодлого руу өөр өөрийнхөө эрх ашгийн үүднээс хошуу гараа дүрдэг болчихсон байсан. Тэр ч бүү хэл орон нутгийн удирдлагуудын зүгээс ч ийм хандлага гарах болсон. Ерөнхий сайдын хэмжээнд ярих ёстой асуудлыг нэг аймгийн дарга л хойд, урд хөршид зочилж очоод ярьж суудаг ийм замбараагүй байдал бий болсон байсан. Хэн дуртай нь өөрт хамаагүй, эрх мэдэл, ажил үүрэгт нь харьяалалгүй асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын хүрээ, зиндааны ажил, үүрэгт “дүр бүтээчихсэн” тууж явах болсон. Улс орон гэдэг гадаад бодлогоо  нэг цонхоор явуулж  байж сая амжилтад хүрдэг болохоос биш арван хүн арван өөр юм яриад явдаг тийм дампуу байж болохгүй л дээ.Гадаад яам нь гадаад харилцаагаа зохицуулж байх ёстой. Зохицуулалтыг нь төр хангах учиртай.. Тиймээс л  “Нэг цонхны бодлого”-ыг гаргаж, Хоёр хөрштэй харилцах харилцааг Гадаад харилцааны сайд нь ахалдаг болгосон юм. Шүүмжлэл ч өрнөдөг, янз бүрээр ярьдаг. Энэ бол яахав, Монгол Улсын эрх ашиг болохоор би тууштай хийнэ гэж боддог. Энэ үүднээс Гадаад харилцааны яаманд нэг хүн шинээр томилсон. Сар бүр аймгуудад очиж бодлого, төлөвлөгөөгөө танилцуулж байх учиртай юм. УИХ-ын гишүүд болон бусад албан тушаалтныг хэдий үед ямар мэдээллээр хангах вэ гээд дотоод сүлжээтэй болсон. Үүний үр дүнд орон нутгаас бидэнд мэдээлэл өгөөч гэсэн хүсэлт ихээр ирэх боллоо.

-Тэгэхээр Таны хэрэгжүүлж буй “Нэг цонхны бодлого” үр дүнгээ өгч, гадаад харилцаанд гарч ирсэн тэр замбараагүй байдал цэгцэрсэн гэж ойлгож болох уу?

-Тэгж ойлгож болно. Бид УИХ-ын гишүүдтэйгээ ч ярьж байна, үүнийг бүр хуульчилж, хуультай болгох тал дээр. Зас­гийн газарт ч ярьж байна, өнөөдөр хэн нэгэн албан тушаалтантай хариуцлага тооцох хууль байдаггүй юм. Тэгэхээр хаврын чуул­ганаар хэлэлцэгдэх гол хуулиудын нэг энэ болох байх.

-Энэ бол үнэхээр хариуцлагатай холбоотой асуудал. Монгол Улсын Ерөнхийлөгч өөрөө Хариуцлагын тухай хуулийг санаачлаад УИХ-д оруулах гэж байгаа. Энэ тал дээр санал бодлоо хуваалцаач?

-Энэ бол маш зөв санаачилга. Сонгогдсон болон томилогдсон Төрийн албан хаагчдын хариуцлагын тухай хууль. Хариуцлага тооцох тухай ярихаар нөгөө  нөхдүүд ардчилал гээд яриад эхэлдэг юм. Гэтэл дотоодын маш том хяналт хариуцлагын тогтолцоо бий болж байж ардчилал сая оршин тогтнодог. Хэрвээ энэ бүгд байхгүй бол анархизм л болно. Саяхан төвийг сахих бодлого гээд зарлахад гадаад харилцааны салбарыг хамгийн сайн мэдэх хүмүүс, үе, үеийн дипломатууд маш сайн дэмжиж  байна. Гэтэл бас зарим хариуцлагатай ажил хашиж байсан ганц, нэг хүн Монгол Улс төвийг сахих бодлого барьснаар гадны улсуудтай наймаа хийх боломжоо хаачихлаа гэж хэлж байх жишээтэй. Уучлаарай, төвийг сахих бодлоготой болсноороо худалдаа, наймааны боломж хаагдсан зүйл огтхон ч үгүй. Зориуд улс орны бодлогыг сөрдөг, зөрдөг, хувийн эрх ашгийн үүднээс олон улсын байгууллага дээр төвөөс өгсөн чиглэлийн эсрэг санал өгсөн хүн байдаг. Энэ нь олон улсын хэмжээнд одоо  болтол яригдаж байдаг асуудал болсон  нэг нөхрийн тухай ярихаас өөр аргагүй. Гэхдээ нэрийг нь дурдаад яахав. Олон улсын хэмжээнд нэг асуудал ярихад тэр нөхөр хувийнхаа үзэл бодлоо олон улсын тавцанд тулгаж. хувийн үзэл бодлоороо хандсан байдаг юм. Тэр хүндээ ямар хариуцлага тооцсон бэ гэдгийг Олон улсын байгууллагын зүгээс одоо ч биднээс асуудаг.

-Гадаад харилцааны салбарт Таны эхлүүлсэн энэ ажил сонгуулиас сонгуулийн хооронд хэрэгжээд тасарчих вий гэж санаа зовж байгаа хүн байгаа байх. Зөв, сайн бодлогыг хэдийд ч үргэлжлүүлдэг байх ёстой. Та энэ талаар хэрхэн анхаарч байгаа вэ?

-Тэр бол үнэн. Биднийг гадаад бодлогодоо алдаж байна гэж шүүмжилдэг. Манайд нэг сайд гарч ирээд л урьдахаа үгүйсгэн шал өөр зүйл ярьдаг. Яг ийм байдлаасаа болоод Хятадаас авах ёстой зээлийг авч чадахгүй зургаан удаа өөрчилсөн байсан гээд бод доо. Өмнөх Засгийн газрын хэрэгжүүлж эхэлсэн төсөл дараагийн Засгийн газар гараад ирэхээр зогсчихдог үзэгдэл нийтлэг бий. Ийм тогтворгүй байдал  маш хор урхагтай байдаг юм.Ер нь хөрөнгө оруулагчдад татвар нь их, бага байх бол асуудал биш. Хамгийн гол нь бодлого хэр тогтвортой байна вэ гэдгийг тэд эхэлж хардаг  юм. Төрийн хар хайрцагны бодлого маш олон салбарт алдагдсан. Харин манай гадаад бодлого бол өөр. Ямар ч улстөрийн хүчин гарч ирээд гадаад бодлого өөрчлөөд байдаггүй. Тийм боломж ч байхгүй. Ямартай ч Гадаад харилцааны сайдын хувьд сайн эхлэлийг тавьж өглөө. Цааш хэрэгжээд явах байх гэж найдаж байгаа. Тэгээд ч хууль эрх зүйн орчинг нь бүрдүүлж байна. Би Гадаад харилцааны яаманд ирээд олон хууль дүрмийг шинэчилсэн. Аль 1993 онд батлагдсан тушаал, шийдвэр. дүрмийг өөрчилсөн. Боловсон хүчний бодлого нэн тэргүүнд хамаарч байгаа. Элчин сайдын яаманд ажилладаг хүмүүс хууль бус үйлдэл, наймаанд оролцсон гэж нэг биш удаа ярьдаг боллоо.Тиймээс ажиллаж байгаа хүмүүст тавих шаардлагыг шинээр батлалаа. Элчин сайдын яаманд оччихоод компьютер асааж мэдэхгүй сууж байсан хүн хүртэл байсан. Өнөөх л танил тал, намын гэдэг үүднээс “шагналаар”явсан хүмүүсийн нэг байсан. Энэ бүхнийг цэгцлэх тал дээр нэлээд анхаарлаа. Төрийн албаны туршлагатай байх, гадаад хэлтэй байх ёстой гэх мэт шинэ журам батлуулсан. Дипломатын хуулиа шинэчиллээ. Дипломат ажил гэдэг бол маш хүнд ажил. Гаднаас нь харахад гоё мэт байвч, хоёр улсын эв, эеийг олохоос эхлээд бүхий л зүйл дээр хүндрэл бий болдог. Хамгийн наад зах нь манайхны хүүхдүүдийн асуудал байна. Гадаадад сур­гуулиуд ихэнхдээ өндөр төлбөртэй байдаг. Эцэг, эхчүүд хүүхдүүдийнхээ сургуулийн төлбөрийг хэрхэн яаж, хаанаас төлөх вэ. Тухайн орноос эргээд Монголдоо ирэхэд программ нь зөрдөг гээд олон асуудал байдаг учраас хуулиа шинэчлэн найруулсан. Дипломатуудын гэр бүлийн хүний асуудал  байна. Маш чухал мэрэгжил эзэмш­сэн атлаа бүгд л ажилгүй болчихдог гээд...

-Энэ зун “АСЕМ”-ийн уулзалтыг манай улс зохион байгуулах гэж байна. Мэдээж ачааны гол хүндийг Гадаад харилцааны яам үүрч таарна. Бэлтгэл ажил хэр байна. Олон төвөгтэй асуудлыг яаж шийдэж байна?

-Ерөнхий сайдаар ахлуулсан Үндэсний комисс ажиллахын зэрэгцээ зургаан дэд хороотой байгаад саяханаас ес болгоод ажиллаж байгаа. Хамгийн гол нь энэ форумыг зохион байгуулахын тулд гаднаас дааж давахын эцэсгүй зээл авч байна гэх буруу ойлголт нийтийн дунд түгээд байх шиг байна. Төрт ёсыг дэлхийд бий болгосон улс, үндэстэн байна даа бид чинь. Нэг ийм зэргийн арга хэмжээг өөрсдөө зохион байгуулаад хийчихэж дөнгөлгүй дээ. Үр өгөөж талаасаа ямар ач холбогдолтой билээ гэдгийг эхлээд бид сайн бодох хэрэгтэй юм. Дараа дараагийн олон зүйлийн суурийг тавьсан, монголчуудыг олон юманд сургасан арга хэмжээ болж түүхэнд үлдэнэ л дээ. Дэлхийн өнцөг булан бүрээс 1000 гаруй сэтгүүлч, сурвалжлагч ирнэ. Жуулчид ирнэ. Тодорхой хэмжээгээр Монголд мөнгө орж ирнэ. АСЕМ-д зориулсан байгууламж, энэ форумыг зохион байгуулсан туршлага маань дараа ямар их өгөөж үлдээх талаар бодож үзсэн үү?

-Гаднын ямар ч улсаас санхүүгийн тусламж, зээл аваагүй, авах ч үгүй гэсэн үг үү? Хятад гэхэд л 100 сая юаний ч билүү тусламж үзүүлэхээр боллоо гэснийг сонссон юмсан?

-Хэд хэдэн улсаас тусламж үзүүлж  байгаа. Гэхдээ энэ тусламж  нь бэлэн мөнгө биш шүү дээ. Тухайлбал, Хятад улсын тэр тусламж  нь тийм үнийн дүнтэй зочид буудлын тоног, төхөөрөмж, янз бүрийн форумд хэрэгтэй техник, хэрэгсэлүүдийг л буцалтгүй тусламжаар нийлүүлж байгаа хэрэг юм. Бусад тусламжууд  ч ийм юм. Форумын зардлыг манай улс нэг ч төгрөгийн зээлгүйгээр өөрөөсөө гаргаж  байгаа.

-Оролцох улсуудаас мэдүүлгээ өгч  эхэлсэн үү?

-Хоёр хөршийн удирдагчид ирнэ. Ангела Меркель, Европын холбооны Ерөнхийлөгч, Японы Ерөнхий сайд Абэ, Энэтхэгийн Ерөнхий сайд Моди, Франц, Итали, БНСУ-ын ерөнхий сайдууд ирнэ гэж байгаа. Түрүүчээсээ ажлын хэсгүүд нь ирээд танилцаад ирж, буцаж байна аа.

За, Таны ажилд амжилт хүсье. Ярилцлага өгсөнд баярлалаа.