Хамаагүй хол тэнэвэл шуудайүүрсэн хужаа аваад явчихна шүү
Ах ааваас сурснаа 1982 онд надад хэлсэн үг


Энгийн мань мэтийн хажуугаар хариуцлагатай хүмүүс сонин сайхан юм их ярьжийнэ. Тэр нэг Сарангэрэл дүүгийн өмгөөлөгч хийгээд байсан залуу “аа тэр Халхголын чөлөөт бүс гэдэг чинь хятадууд цэргийнхээ хүнсийг тарьж байгаа нь тэр” гэж хэлсэн. Хоржоонтой нь ингэж хэлэхээс хэдхэн хоногийн өмнө нь хятадын цэргийн парад болж хүнс байтугай цэргийн ч хэрэггүйгээр баргийн улс гүрнийг үнсэн товрого болгож чадахаа дэлхийд гайхуулсан.  Халхгол нь ч ямар хамаа, зүгээр айлгах юм нь хятад...

Монгол ухаан

Залуусын маань нэг хэсэг архи уухаараа шалтгаангүй уур нь хүрээ л явчдаг монгол зангаа барьж дийлэхгүй торондоо догшрох араатан шиг болж байна. 

Үүнээс үүдээд ер нь гадныханд харшилтай болсон монголчууд одоо дэлхийд хамгийн жуулчилж болохгүй орнуудын жагсаалтыг тэргүүлэх болсон (бидэнд бас дэлхийд тэргүүлдэг юм гэж байдаг юм шүү!). Хятадууд үүнийг нь зүгээр шоолон инээлдэхээс бус хүний урманд хялгасын чинээ хохирол амсаад байгаа юм алга.

Фэйсбүүкээр дүүрэн хятадуудыг алах хүсэлтэй хүмүүсийн дунд ганц нэг радикал (эсвэл...? Энэ эсвэлийн учир сүүлд гарна) нөхдийг эс тооцвол голцуу уншаагүй, төлөвшөөгүй дээрээ байдаг орь залуу настнууд ихэнх нь байдаг. Үүний илрэл саяхан твитэрт тод харагдав. Хятадад болсон саяны том парадын үеэр Монголын Ерөнхийлөгч тэдний Тэргүүн хатагтайтай гар барихдаа бөхийчихөж.

“Монголчууд хэзээ ч хятад хүнд толгой бөхийдөггүй юм!” гэх залуус гарч ирэв.  Гэхдээ Хятадад уригдсан бүх л орны удирдагчид, Путин нар ч манай хүний адилаар толгой тонгойсон болохыг гэрэл зургууд бэлхнээ харуулсан.

Сэлэм үеэ өнгөрөөсөн. Үзэгний эрин ч дууссан. Тэр байтугай кноп хэрэгцээнээс гарсан. Дипломат ёс үүсээд хүний хэдэн ч үе өнгөрсөн юм. Гэтэл монголчууд москвичуудаар дөрөөгөө үнсүүлдэг байсан үеийн харууцаар олон улсын харилцааг дүгнэдэг залуус байгаа нь гайхалтай. Гайхалтай гэхээсээ сэтгэлээр унам. Тэгээд ч оросууд монголчуудын дөрөөг нь баахан үнсэж байгаа л ганц тонгорчихоо биз дээ. Харин тонгоруулсныхаа дараа бид дорнын залийг өрнийн ололтоор хариулж, өрнийн сагсуучуудыг дорнын залиар аргалж ирсэн өдий хүрсэн юм.

Хаалга алдалж зогсдоггүй гайхамшигт монгол ухаан гэсэн баахан логикгүй юмны дэргэд шидэх чулуу олтлоо гөлөөг гэж илсээр хоёр аваргын дунд тэвхдэж ирсэн цэцэн ноёдын явдал жинхэнэ Монгол ухаан. (Дашрамд энэ Монгол ухаан гэдгээ жоохон өргөвөл яасан юм бэ. Ааруулыг бороотойд дэлгэдэггүй агуу монгол ухаан чихшг юм явжаахын, арай ч дээ!) Харуул занги киноны ухаант ноён Цэрэнжав гамин цэргийн өдрийн хоолны өндгийг толгой дээрээ хагалуулдаг ч хожим өөрийнх нь толгой дээр цахиур хагалдаг. Гар хөл барьзнаад инээх ч асуудал биш ээ...

Жийрхэлээс ээнэгшил рүү

Залуусын нөгөө хэсэг нь гадаадад аав ээжтэйгээ өссөн, эсвэл багаасаа сургууль соёлд яваад ирсэн хүүхдүүд. Тэд туйлын “интэрнацнаал” хүмүүжилтай өссөн. Олон орны охид хөвгүүдтэй мөр тохой залган сурсан. Шар арьс, онигор нүдний комплексийг даван туулсан улс. Арьсны өнгөөр ялгаварлах нь өнөө цагт хамгийн өрөвдөлтэй суртахуун болохыг ойлгосон залуус.

Зүй нь тэдний хувьд араб, серб, хятад нөхөд нь адилхан гадаад боловч үе тэнгийн залуус нь хужааг алцгаая гэж хөөс сахруулан орилдгоос болж хятадуудыг илүү анхаарч сонирхожээ. Тэгээд гайхаш тасраад хэлсэн үг нь “Гүэ энэ хятадууд чинь зүгээр л сайхан хүмүүс байна шдээ!!!”.  Арга ч гүй дээ.

Энэ үеэс эхлэн хөх толбот хүүхдүүдэд хятад коллегоо хар аяндаа өмөөрөх хандлага сууж эхэлнэ. Нутагтаа урина, хамт хоол иднэ. Мөнөөх торны догшин араатнууд тааралдана. Ангийн нөхрийг нь алангаа алдана. Өмөөрөх, өөриймсөх сэтгэл батжихын зэрэгцээ өөрийхнөө бүдүүлэг харанхуйг нь гайхна.

Леброн Жэймс, Авэнжэрсийн цуврал сэлтэд хамаг сэтгэлээ эзэмдүүлсэн насныхан “Хөөрхий энэ хятад хүмүүс яагаа ч гүй байхад яагаад бид нар муухай хандах ёстой юм бэ?” гэхээс илүүг бодох завгүй. “Ямар ч буруугүй хятад хүн” гэдэг бодол нь зөвхөн согтуу залуусаас шанаа авах шалтгааны л  хайгуул боллоо.  Мэдээж тийм шалтгаан олохгүй, энэ хятад хүн тэр ууртай монгол залууг “ёстой яагаа ч гүй, хүний урманд хуц ч гэж хэлээгүй!”.  Шинэ үеийн хөх толбот хүүхдүүд хорвоотой танилцсаар...

Нэрмээд, яагаад бид хятадуудтай зайгаа барих, гэхдээ найрсгаар тэврэлдээд явуулах ёстой тухай сайхан яриад өгөх хүн алга. Тийм зүрхтэй ч хүн байхгүй. Хятадуудыг хутгалж алахаас өөр сонголт хэлбэл өөрөө хятад болно. 

Ийнхүү бидний дунд хятадыг өмгөөлдөггүй юмаа гэхэд хятадаас жийрхэж мэдэхгүй бүтэн үе чимээгүй бойжиж байна.

Эх орончдын “гавьяа”

Манай хэд Монголд бизнес хийгээд амжилт олоод буй хятадуудаг зүгээр зодоод хөөж гаргая гэхээс биш бизнесээр өрсөлдөөд шахаад гаргая гэж уриалах нь даанч үгүй. Ер нь тэгээд хөөх дээрээ тулбал муусайн шар толгойтнуудыг элэг барихаас биш хятадуудаа бол яадаг ч гүйг бид хангалттай харж байна. Хамгийн наад захын жишээ, Дорнодод нефть олборлогч Петро Чайна Дачин Тамсаг компанид зочилбол БНХАУ-д байгаа юм шиг санагдана.

Хятад бизнесмэнүүд хорхой шиг үржиж байна. Дийлэнх олонх нь хятадуудаас бүрдсэн бүтэн хороолол ч Улаанбаатар хотод бий боллоо. Дашрамд ИБМУТ-өөс өдөр бүр л гэнэт насанд хүрсэн Монгол улсын иргэн хэдэн арваараа ирж үнэмлэхээ гардан авдаг ч ч гэж хаанаас ч юм дуулснаа сийрүүлчихье. Учры нь мэдэх хүн байвал хужры нь тунгаасан юм хэлээсэй.

Монгол дахь хятадуудын талаар ганцхан өөрсдөө л анхаарч байна гэж боддог сайн дурын бүлэглэлүүд  бий. Гэхдээ цаадуулаасаа цалин цаваг аваад тохироод явдаг ч гэдэг. Харин би манай хариуцах байгууллагууд “хариуцаж” л байгаа гэж итгэдэг.

Хараад байхад зөвхөн “ална тална” гэж хашгирахаас биш “алж талсан юмгүй” суужээдэг энэ их залуусыг дөгөөгч очлуур ажиллаж байна даа? Эндээс хаясан бяцхан очийг түймэр болгон асаагч орь залуу, ухвар мөчид фэйсбүүкчдийг харсан эгэл монголчууд , “энэ хятадуудыг хөөрхий арай хэтрүүлж байнаа...” гэж бодохдоо туллаа. Бодож ч байна. Мах цусанд төрсөн хүн л юм бол “өр өвдтөл” нялга авч байна. Өрийг өвтгөж чадаж байна. Чадварлаг ч байна. Дээр гарсан хаалтны доторх “эсвэл” гэдэг үгний учир энэ. Эх орончдын гавьяа ингэж гарлаа. Больцгоовол яасан юм бэ?

Согтуу хүүхдүүд дарвиж очоод барилгачин хятадуудыг зодох гэж очоод зодуулчдаг болоод байна. Хятадуудыг үзэн ядах нэг хэрэг, харин үзэн ядалтаа ил гаргах нь гэнэн хэрэг.  Энүүнд Наад, Цаад гэсэн хоёр зах байна. Наад зах нь хятадуудыг алж хядаад барахгүй нь үнэн. Цаад зах нь дүрэмгүй тоглосон хүн дүрэмгүй л хариу авдаг. Хэн ч биднийг зөвтгөхгүй. Зөвтгөж чадахгүй хүнийг өмөөрөх шалтгаан олддоггүй.

Ядахад яр гэгчээр монгол дарга нар юмаа булаалдаж алалдахдаа хэдэн ядарсан ардаа хамгийн түрүүнд хятадаар “айлгах”.

Дархлаа

Монголчууд хэдэн мянган жил үржил шим муутай, тасхийсэн жавар дундаа байсныхаа хувьд монгол хэвээрээ өнөөг хүрч. Муудалцаад одсон монгол угсаатнууд урагшаа нүүх бүртээ сураггүй далдарсан. Харин баруун тийш нүүснүүд нь өдгөө ч “сайн ярьвал гялтайх юмтайгаа байгаа”-г бид мэднэ.

Гэтэл одоо нөгөө хятадууд нь ганцхан будаагаа тарьж амь зогоохоо больсон, Марс дээр боловч амьдрах чадал суусны хувьд манай газар “илүүдэхгүй” болж. Хүн нь ч хаа юм, “арьс хөрс элдүүлжаахад...”. Тэртэй тэргүй 1,5 сая кв метр талбайтай түүхий эд бэлдэгч аварга үйлдвэр болсон.

Үндэстний хувьд дархлаатай байхад зөвхөн уламжлал, түүх, соёл, менталитэт тэс ондоо байх нь хангалтгүй байна. Хөрш л бол хөрш.  Бүхнийг залгигч аварга луун хөрш биднийг өндөр сонор сэрэмжтэй байхыг шаардаж байна. Сонор сэрэмжтэй байлаа гээд кинон дээр хүн мөрдөж байгаад нөгөөдөх нь эргээд харангуут гэнэт дээшээ харж шүгэлддэг бүтэлгүй мөрдөгч шиг байж болохгүй нь. Эсвэл ойртсон болгоноо чи яах гээд байна гэж хардаж, бужигнуулж бүр болохгүй. Эсвэл нууж байгаа юмандаа түүртээд, харц мөргөлдөнгүүтээ “юугаа хараав, мэдчихээ юу?” гээд баригдчдаг хөгийн бүдүүн эр шиг байж болохгүй шүү дээ.

Муу ч сайн ч бидний үе хятадын тухай далд болгоомжлол, ил бардамналтай өсч. Саяхан болтол хүүхдийнхээ ойд “шуудай үүрсэн хужаа” гэгч олиггүй зүйлийн талаар гэр дотроо чимээгүйхэн суулгадаг байж.  Бид эхдээ хайртайгаа насан туршдаа ч илэрхийлэхгүй өнгөрөх боловч улам зузаан хайрладаг. Үүний адил хятадад дургүйгээ насан туршдаа ил хэлэхгүй ч улам бат ажиглаж, хормой хотоо шууж явах учиртай. Гэхдээ инээмсэглэнэ.

Бид торондоо догшрох араатан шиг л хий хашгирсаар удлаа. Харин “тэд” торондоо байгаа араатныг хатгаж уурлуулаад бах таваа хангадаг үзэгч шиг л байна.

Үндэсний дархлааг нударгаар бүтээхгүй. Шударгаар ч бүтээхгүй. Ухаанаар бүтээнэ. Жийрхэл бол дархлаа. Танин мэдэх нь дархлаа. Боловсролтой, мөнгөтэй болох нь дархлаа. Харин уур, харанхуй үзэл, боловсролын хоцрогдол гурав гэрийг маань тал талаас нь нүхлэж байна. Нүхтэй ханаар дархлаа маань гарч хийссээр ханхай гэртэй хоцрох нь. Гэрийн тавилгыг солихын тулд эхлээд хуучныг нь хоосолдог.