Тицгий!

Хөлдөж үхэх нь ээ. Өглөө маадайгаад гарангуут орцны үүднээс л хацар ам шазайгаад явчиж байна. Гадаа хоносон хөөрхий машинууд гаслаж байна. Асах гэж эцсийн дусал цэнэгэндээ хүртэл амиа тавьж байна. Зарим нь асах ч гүй чимээгүй болж байх шиг байна чааваас.

Хүйтрэхээр утааны хажуугаар манан татаж харанхуй хар хот шиг хэдэн байшингууд бүдэг бадаг дүнкийх нь сүртэй. Коток шиг зам дээр машинууд алван салван сажлах нь гулгаа масааж л ийм байдаг болуу гэмээр. Нэг их тулж ирээд ягхийтэл зогсдог автууснууд хүртэл мярайн мярайн явах. Товчхондоо манай гудамжаар Алла Пугачёвагийн концерт шиг утаа манан савсаж байна.

Гадаа тэсгим хүйтэн байгаа ч өөрийн эрхээр амьдардаггүй юм болохоор гарахаас өөр арга алга. Байшингаас байшингийн хооронд явдаг нь аз юм даа. Харин үргэлж гадаа байжээдэг ажил гэж байна.  Бас та биднийг харанхуй шөнө халуун хөнжилдөө дугжирч байхад хага ташим хүйтнээр айл айлын дуудлагаар явжээдэг ажил байна.  Та бид энэ ажлуудыг хийх байтугай, бодоход л осгож үхнэ, ядарч унана.

Үг дулаацуулдаг юм.

Гадаа үүрийн үнэгэн харанхуй манхайж, маниусын сэрүүлэг дуугарах ч болоогүй, халуун жинтүүндээ хамраа шургуулаад амттайхан нойрондоо умбаж байхад тэд жавар хургасан гэртээ орноосоо босч, хонгио зуухаа галлаж орхиод гардаг улсууд.  Хасах 35 гараадсын хүйтэн төмрөөр нүүр долоосон салхийг сөрж бидний замыг шүүрдэхээр наашилж байгаа юм.

Цалин гэж өчүүхэн, гэсэн ч тэд энэ ажлыг хийдэг. Тэртэй тэргүй хэн нэг нь хийх л байсан биз дээ гэвэл хэтэрхий хатуурхасан болно. Тэр ажлыг хийж байгаа яг л тэр хүмүүст талархах ёстой юм. Бид ээжийгээ хайрлахдаа хэн нэг нь намайг төрүүлэх л байсан гэдэггүйтэй ижил. Харин бид тэднийг ойшоодог билүү.  Хөнгөн нимгэн, хүүршиж хуучирсан хувцастай тэднийг халуун паартай машин дотроосоо сонирхон харвал хардаг.  Урдуур чинь хог шүүрдсээр орж ирэхэд нь сүр болгож сигнаалаа дарна. Сигнаал шигээ сүржин амьтас бидний зам, чимээгүйхэн тэднийхтэй долоо хоногт ганцхан л огтлолцоно шүү дээ.  Бидний замд сэтгэл сэргээж, их хотод гэрэл гэгээ нэмж байгаа хэн байна, тэр хүнд  талархацгаая. Үргэлж халуун аарц өгдөггүй юмаа гэхэд ядаж толгой дохин мэндлэхэд тэд дулаацна. Та өөрөө ч дулаацах вий. Манай хотын хүндэт хүмүүс, хот тохижилтын улбар шар хантаазтанууддаа баярлаж, хүндэтгэж явтугай бүгдээрээ.

Баярлалаа өвгөөн!

Бид нарын хамар доорх хагархайгаараа хамгийн их муулдаг улсуудын тоонд улстөрчдийн дараа замын цагдаа нар орно. “Нэг мануухай гараад ирлээ... “ гэж ад үзнэ. Үнэндээ тэд л “бөгс болгон машинаа унадаг” цаг буюу ажил эхлэх тарах үеийн хөдөлгөөнийг гацаачилгүй явуулж байдаг билээ. Тэр нэг станцаараа яриад байдаг нь ч учиртай. Энд нэг эргүү жолооч чагталж ороод гацаа үүсгэнгүүт хаа байсан тэнд урсгал зогсож байдаг гэнэ. Энэ уулзварт баруун тийшээ явуулахад зэрэг нөгөө уулзварт хойшоо нэвтрүүлж, бас тэнд урагшаа гаргаж, тэгэнгүүт төө тэнд зүүн эргүүлж.... байж л их хотын түгжрэл урагшилж байдаг нигууртай аж. Ядаж байхад бүгдээрээ тэднийг харааж, энэ тэрүүгээр нь, суган доогуур нь ар шилээр нь ухасхийж зовооно. Цагдаа залуу тэнд тэсэлгүй харааж орхилоо... жолооч нар дэлхий сүйрэх гэж байгаам шиг л шуугина. Харин бид оронд нь байсан бол мянгантаа хараах газар тэд ёслоод л өнгөрсөн гэдгийг хэн ч мэдэхгүй, ярихгүй...

Өвлийн тэсгим хүйтнийг үл ажран, ядаж байхад малгайныхаа чихийг буулгаж болдоггүй учиртайм байлгүй дэрчийгээд, голдоо хүйт ортол эрээн модоо бариад ааглаж, чихэлдсэн олон машиныг учрыг нь олон явуулсаар байдаг замын цагдаа залуустаа цонхоо нэг онгойлгооод “Баярлалаа өвгөөн!” гэчихмээр...

Бүгдээрээ бидний хүүхдүүд

Өөрсдөө хүүхдээ өвтгөчихөөд түргэний эмчид уурладаг хүмүүс бол манай хотынхон билээ. Тэд цөөхүүлээ, тэгээд хүүхэд бүрийг эдгээх гэж явсаар танайд хоцорч ирдэг юм. Хоцордог ч гэсэн хаалга тогшоод “түргэн дуудсан айл мөн үү” гээд ороод ирэх нь итгэл найдварын элчийг санагдуулдаг. Яасан нь мэдэгдэхгүй өвчин, яахаа мэдэхгүй тэвдсэн ээж аав нарыг тэд л тайтгаруулж сэтгэл цэлмээдэг улс.

Түргэний машин дохиогоо хангинуулсаар явна, зам тавиарай жолооч нар минь. Танайхыг гэж яарсаар баахан дуудлага дамжаад ирж байна. Бусад нь унтаж байхад, түргэний эмч л хүйтэн нойтонд та бидний зовлонг хугаслахаар яарч яваа шүү . Чимээгүйхэн суугаад хүүг чинь чагнаад өгдөг эмч охиныг битгий загнаарай аавууд минь. Халуун хоолоор дайлдаггүй юмаа атга чихэрээр баярлуулж байгаарай ээжүүдээ. Бүгдээрээ бидний хүүхдүүд шүү.