(Мэндэлснийх нь 100 жилийн ойд)

“Бидний монголчууд” цувралын хүрээнд 2016 онд хэвлэгдсэн ахмад дипломатч Д.Ёндон гуайн “Үнэн учрыг өгүүлбээс” хэмээх шинэхэн номын 267-275 дахь талд бичээстэй “Авгай” хэмээх хэсэг бол нөгөөх “хэргийн эзэн, хэнгэрэгийн дохиур” болох А.И.Филатовагийн түүхийг үнэн мөнөөр нь таниулахад чухал түүхэн баримт болно. Монголчуудын мэдэхгүй олон шинэ баримт дэлгэгдэж байна. Д.Ёндон нь 1959-1984 онд 25 жилийн турш Цэдэнбалынхантай нэн ойр дөт байсан түүхэн гэрч болох хүн юм.

Монгол эр нөхрийнхөө нэрийг давхар овог болгож бичдэг ярьдаг болсон нь нэлээд хожуухны, тухайлбал улс төрийн далд зорилго санаархлаас үүдэлтэй болж таарч байна. Монгол улсын жин нөлөө гэж олон улсын тавцанд байхгүй, Цэдэнбалын нэр алдар олон улсын коммунист хөдөлгөөнд тэмдэглэгдээгүй байх үест А.И.Филатова гэсэн нэрээрээ явж байснаа олон улсын тавцанд Монгол улсын нэр хүнд өсч, эх нөхөр нь гадаадад орнуудад айлчилж, нэр алдар нь өргөн түгэх болсон үед А.И.Филатоваг давхар овогтой нэрлэдэг болсон гэжээ. “Авгай” хэмээн эр нөхрөөс нь авахуулаад хамгаалалтын албаныхан, хамт ажиллагсад нь нэрлэж, хэлж, бичиж байсныг хүндэтгэлийн нэр бус, түүний “ихэмсэг, тоомсоргүй занг хочлон хэлж байгаа мэт нэг л эвгүй санагдаж” байлаа гэв. “Авгай” гэх хоч нэрнээс гадна долгинуур зусарчдын хайрласан “Ажаамаам” гэх өөр нэг хоч нэр Филатовад байжээ.

Улс орны Тэргүүн хатагтайд байх ёстой, мөрдөж байх өндөр шалгуурыг зохиогч Д.Ёндон жагсаахдаа “эрхбиш соёлтой, намбатай, аливаад хүлээцтэй, эв дүйтэй хандах хүмүүжилтэй байж, ханилсан нөхөртөө халамжтай сайн түшиг болох ёстой биз дээ” гээд,

-    Харамсалтай нь авгай хэмээх орос бэр маань угаас чиг зүггүй, адайр зантай гэмээр нэгэн байв. Буруу өссөн хүүхэд бухын хүзүүнээс хэцүү гэгчээр юм болгонд өөрийнхөөрөө зүтгэх мугуйд муйхар зантай, хэнийг ч аашилж загнахаас буцахгүй, түүндээ өчүүхэн ч харамсаж гэмшихгүй, бүх юм түүний зоргоор болох ёстой мэт ойлгодог, хэрцгий бөгөөд чанга дуутай ийм л хүн миний санаанд хоногшжээ гэжээ.   
 
Монголчуудын төлөө буянтай үйлстэн гэх мөнхийн алдар гуншинтай бэр маань хилийн чанадад монголчуудыг элдэв муухайгаар ярьж явсан баримт ил болж байна. Тэрээр Унгарт айлчлаад Унгарын эмэгтэйчүүдийн байгууллагад зочлох үеэрээ монголчуудын ахуй амьдрал, зан заншлыг хэтрүүлэн “монголчууд махыг түүхийгээр нь иддэг гэх мэт эв хавгүй юм ярьсныг Унгарын сонин хэвлэлд нийтэлснээс болж манай удирдлага хавиар нэг хэсэг яриа болж байгаад намдсан” гэжээ.

Энэ мэт элдэв араншингаасаа болж Зөвлөлтийн тусгай албаны хараанд өртсөн А.И.Филатоваг Францад Д.Майдарын орос гэргийн хамт айлчлах гэхэд нь очуулахгүй гэсэн болхидуу арга зөвлөлт нөхөд зохиож (мөн Ардчилсан Герман руу явуулахгүй болиулж байжээ) байсан баримт бас байна. Цэдэнбалынх финланд бэртэй болохоор хөөцөлдөж, “авгай” ч бас тийшээ гүйдэлтэй болчихсон байснаас үүдэн Финландад Монголын Элчин сайдын яам нээлгэхээр яриа үүсгэж байжээ.

Гадаадад айлчлах тоолондоо зочилсон орны Төрийн тэргүүний гэргийтэй өөрийгөө харьцуулан, тэгснээрээ орон байр, хэргэм зэрэг, илүү хамгамж үйлчилгээ хүсэн мөрөөдөж дутуугаа дүүргэж явсан гэх мөрүүд байна. Хамгийн сүүлд 1983 оны 6 дугаар сард Румынд айлчлаад буцах замдаа онгоцонд ГЯЯ-ны нэгдүгээр орлогч сайд Д.Ёндонг дуудаж уулзсан хачирхалтай үйл явдал тохиожээ. Румыны удирдагч Николае Чаушескугийн гэргий Елена Чаушескуд мөчөөрхсөн, түүн шиг болохсон гэх хүсэл нь зурсхийсэн тэр мөчийг Д.Ёндон олж харжээ. “БНСРУ-ын Засгийн газрын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч, РКН-ын Төв Хорооны гишүүн, РКН-ын Улс  төрийн гүйцэтгэх хорооны гишүүн, ШУТ-ийн улсын хорооны дарга, академич, инженер, доктор” гэхчлэн бүх цол гуншинг нь Д.Ёндонг гуайгаар хэлүүлж байжээ. “Энэ хүн харьж ирээд аягүй бол албан тушаалаа нэмэх юм уу, алдар цолоо өргөх юм хийж мэдэх нь дээ” гэсэн бодол зурсхийж байсныг нуугаад яахав хэмээн бичсэн мөрүүд юу хэлнэ вэ?  



Цэдэнбалынхны Москва дахь орон сууцны талаар урьд өмнө ил болгож байгаагүй хачирхмаар, зарим талаар гомдмоор баримтууд ил гарч ирлээ. Түмний хөрөнгөөр гараа угаасаас үл буцах шуналтай нэгэн гэр бүлийн тухай өгүүлэх мэт. Цэдэнбалынхны насны намар нүүрлэн, тэр цагт Москвад сэтгэл амар жарган суухын тулд орд харш бариулах шийдвэр МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоогоор гаргуулж “амтыг нь аваад шимтийг нь” гэгчээр тэр харшдаа тавих тавилга төхөөрөмж олох нэрээр Румынээс эхлээд Финланд хүртэл манайхан давхиж явсан гэх баримт байна.
 
-    Ю.Цэдэнбалын гэргий улам бүр амтшиж баруун зүүн хоёр жигүүрт нь хоёр хүүгээ суулгаж дунд нь хатагтай гуай өөрөө заларч байхаар  байрны зураг төслийг томсгон олон өрөө тасалгаа бүхий байшин бариулах болсон ажээ.
-    Энэ бүхнийг зөвлөлтийн холбогдох албаныхан харж мэдэж байсан агаад эцэст нь ЗХУКН-ын Төв Хорооны хариуцлагатай ажилтан нар Ю.Цэдэнбалтай биечлэн уулзаж тийм байр байшин бариулахын үр дагаварыг тайлбарлан илэн далангүй ярьжээ.
-    Төв Хорооны нөхөд тайлбарлахдаа: хоёр хүү тань ямар зан араншинтай эхнэр дагуулж ирэхийг тааварлах аргагүй шүү дээ. Та бид мөнх орших биш. Хоёр бэр тань сүүлдээ байр байшингаа булаацалдаж юу болохыг хэн гадарлах вэ?
-    Нөгөө талаар тэр байр сая саяар үнэлэгдэх хөрөнгө тул МАХН-ын удирдагч таны нэр төрд ч сүүдэр тусгах мэдэхийг биднээр хэлүүлэлтгүй та өөрөө сайн ойлгож байгаа гэх мэтээр ахуй амьдралын эрээн бараанаас эхлэн Монгол улсын удирдагчийн өөрийнх нь нэр төртэй холбон ярьжээ.    
 
Зөвлөлтийн нөхөд Цэдэнбалд өөрт нь ятгаж тулгаж болиулаагүй бол юунд ч хүрэх байсан юм, бүү мэд? Ямар ч атугай Монголд суурьшихгүй ээ гэж эргэлтгүй шийдэцгээгээд байсан болж таарлаа. “Гэрийн хорионд оруулж, цөлсөн” хэмээн хожим манайхны гомдоллодогоос шал эсрэгээр дүр зураг бууж байна.

“Түүхэн эрхэмүүдийн цадиг” цувралын хүрээнд
НЭПКО хэвлэлийн газраас хэвлэн гаргасан
“Жамбын Батмөнх” номын нэмж засварласан
гурав дахь хэвлэлийн эхээс