УИХ-д “Алдагдалгүй төсөв батлах”, “Бизнес эрхлэгчдэд дайсагнах” гэсэн хоёр сонголт байна
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэлийг өчигдөр УИХ-ын даргад өргөн барьжээ. Гол зорилт нь инфляцийг 2016 оны эцэст долоон хувьд, 2017-2018 онд 5-7 хувьд тогтворжуулж эдийн засгийг тэнцвэржүүлнэ, тогтвортой өсөх нөхцлийг бүрдүүлнэ гэсэн байна. Сайхан зорилт. Харин биелэгдэх нөхцөл нь ямар байгаа билээ гэдгийг сайтар эргэцүүлэх ёстой.
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэлийг өчигдөр УИХ-ын даргад өргөн барьжээ. Гол зорилт нь инфляцийг 2016 оны эцэст долоон хувьд, 2017-2018 онд 5-7 хувьд тогтворжуулж эдийн засгийг тэнцвэржүүлнэ, тогтвортой өсөх нөхцлийг бүрдүүлнэ гэсэн байна. Сайхан зорилт. Харин биелэгдэх нөхцөл нь ямар байгаа билээ гэдгийг сайтар эргэцүүлэх ёстой.
Хувийн хэвшлийнхэн бүсээ чангалж ханалаа. Одоо төр бүсээ чангалах ээлж болсон. Өөрөөр хэлбэл, ямар ч үнээр хамаагүй улсын төсвийг алдагдалгүй батлах шаардлага тулгараад байна.
УИХ Монгол Улсын 2016 оны улсын төсвийг алдагдалгүй батлаад өгвөл одоо үлдээд байгаа гуравхан хувийн өсөлтийг тогтвортой байлгах, нэмэгдүүлэх ажлыг Монголбанкинд даалгах эрхээ олж авах гээд байна.
Үүнд төсвийн тогтвортой байдлын хуулиар хоёр хүртэл хувийн алдагдалтай байж болно гэсэн тайлбар хийдэг ч энэ нь арга ядсан тохиолдолд зөвшөөрнө гэсэн санаа болохоос хоёр хувийн алдагдалтай бол “сайн” төсөв гэсэн үг биш. Угтаа алдагдлын хувь хэд байх нь бус, алдагдалтай гэдэг нь манай хувийн хэвшил, санхүүгийн секторынхонд төдийгүй дотоод гадаадын хөрөнгө оруулагчдад муу мэдээ. Энэ муу мэдээ гадаадын хөрөнгө оруулалтыг үргээгээд зогсохгүй дотоодын үйлдвэрлэгчдэд, бизнесийн бүхий л салбарт түгшүүрийн дохио болж эдийн засгийн уналтыг даллан дуудах болно.
Монгол Улсын төсвийн орлого 2015 онд төлөвлөснөөсөө 15 хувийн алдагдалтай байхад ирэх жилийн зарцуулалт яг хэвээрээ байх ийм хошин төсөв баталж болохгүй. Хямралын жишээ татдаг 2009 онд төсвийн орлого найман хувиар тасалдсан, зардлаа ОУВС-гийн шаардлагыг хүлээн авч түүхэн байгаагүйгээр хасаж байсан. Зардлыг ингэж таналаа гээд тэр үед сүйрээгүй. Харин ч хожмын өдөр зөв эмчилгээ болжээ гэдгийг харсан. Харин өнөөдөр Засгийн газар хасах зардал байхгүй гэцгээж байна. Өөрөөр хэлбэл эдийн засаг нь хямарч, өвчилчихөөд байхад эмчлэхийг хүсэхгүй, эмчлэх шаардлага тулгарахад тал эм ууя гээд долоон хувийн алдагдалтай саналаа 3.6 хувийн алдагдал дээр барих мэтийн зүйл яриад байгаа аж. Тэр ч байтугай сонгуулийн дараа буюу ирэх оны наймдугаар сард есөн яамтай болгож зардлыг хуу хасаад өгье гэхчлэн үлгэр яриад байгаа тухай чих дэлсэх боллоо. Яагаад ирэх оны эхний өдөр, эсвэл өнөөдөр тэгж чадахгүй гэж? Энэ нь сонгууль хүртэл алдагдалтай төсвөөр явчихъя, эдийн засаг, санхүүгийн хямралыг сандал ширээтэйгээ хамт орхих эсэхээ эхлээд үзье гэсэнтэй адил сонсогдох аж. Гэвч тэдэнд ийм эрх бий бил үү.
Яагаад сүүлийн гурван жилд инфляцийг буулгасаар байгаа ч мөнгөний бодлогын хүүгээ олигтойхон сууллаж зээлийн хүүг бууруулж хувийн хэвшлийнхэнд хүчтэй дэмжлэг үзүүлэх зорилгодоо хүрч чадахгүй яваад байгаа билээ. Үүний буруутан нь ТӨР биш үү. УИХ худлаа төсөв баталж, төр орлогогүй байхад өндөр зардал гаргаснаас болж Монголбанкныхны өнгөрсөн гурван жилд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ талаар болж зорилтот түвшиндээ хүрч ядан яваа, гэтэл одоо дахиад УИХ алдагдалтай төсөв баталъя, та нар бидний алдааг амжилтаа золиосолж засч өг гээд байгаа юм бэ.
Уул уурхайн үнийн супер цикль дээр бий болсон төрийн зардлын бүтэц, төсвийн зардлын бүтэц хоёроо халж чадахгүй бол улсаараа сүйрнэ. Одоогийн энэ бүтэц эдийн засгийн өсөлт “0” рүү тэмүүлж байгаа нөхцөлд яавч тохирохгүй байна. Төр хатуу мөнгөний бодлогоороо бүтэн хориод сарын турш хувийн секторуудад хайр найргүй “хатуурхлаа”. Хатуу гэдгийн учир нь улсын инфляци 6.6 хувь, нийслэлийн инфляци 5.9 хувьтай байж 14 хувийн инфляцитай үеийнхээ бодлогоор өнөөдрийг хүрснийг хэлж байгаа юм. Энэ үед Засгийн газар зардал үйлдвэрлэж, мөнгөөр тоглоод л байсан. Үр дүнд нь эдийн засгийн өсөлт гурван хувь дээр ирлээ. Энэ хэвээрээ цааш явбал оны төгсгөлд эдийн засгийн өсөлт тэглэж ирэх оноос хасах үзүүлэлтээр гайхуулах болно.
Одоо яах вэ? Төсвийн зардлыг хасах уу, мөнгөний бодлогыг хатууруулах уу. Ямар ч байсан хоёулаа зөөлөн байх боломжгүй. Мөнгөний бодлогын хувьд хангалттай, бүр хэтэрхий хатуу байгаа. Инфляци 6.6 хувьтай байхад бодлогын хүү 13 хувь гэдэг бол дэндүү хатуу, хувийн хэвшлийнхнийг сөхрөөж туйлдуулсан нөхцөл. Энэ тохиолдолд инфляцитай уялдуулж бодлогын хүүг зөөлрүүлэхэд “гай болоод” байсан зүйл нь Засгийн газрын бодлого байсныг хэн хүнгүй харж байна. Яагаад 14 хувийн инфляцитай байх үеийнхтэй адил бодлогын хүүгээр зохицуулагдаад, зээлийн хүү өндөр байгаад байна вэ. Юунд хувийн секторынхныг ингэж туйлдуулаад байгаа юм бэ гэдгийн тайлал нь ерөөсөө л төсвийн алдагдлыг нөхчих гээд үзээд байна гэж харагдаж байсан шүү дээ. Яах гэж валютын нөөц цуглуулаад, юунд зарцуулаад байна гэдгийн хариу ч энэ л муу үзүүлэлт, хэцүү тоонуудыг “улам муу” байхаас аврахын тулд урсаад байгаа нь тодорхой байсан.
Төр зардлаа багасгаад төсөв алдагдалгүй болчихвол Төв банк мөнгөний бодлогоороо зохицуулалт хийж, хувийн хэвшлийнхнээ элгээр нь хэвтүүлчихгүй байхын төлөө “гар, хуруу”-гаа хөдөлгөж болох юм. Тухайлбал, уул уурхайн бус салбар, хөдөө аж ахуй, барилгын салбарт байгаа эрсдлүүдийг ямар арга замаар арилгах талаар уян хатан бодлого явуулж, хувийн хэвшлийнхнийг дэмжих гарцыг эрэлхийлэхэд мөнгөний бодлогын хэрэгслүүдийг ашиглаж болох юм. Гэтэл төсөв бүсээ чангалаагүй байхад хувийн хэвшлийнхнийг “бүсээ улам чангал” гэдэг шаардлага тавина, гэхдээ тэдний үйлдвэрлэсэн мөнгөөр төрийн албан хаагчдын цалинг өгнө гэсэн логиктойгоор “буу тулгаж” байгаа бол хамтдаа “үхэх”-ээс өөр зам үлдээгүй юм байна.
Импортын татварын орлогоос орж ирэх орлого байхгүйгээс болж төсвийн орлого тасалдсан. Нүүрнээс л гэхэд төсөв1.4 тэрбум ам.долларын орлого олдог байжээ, тухайн үед хөдөө аж ахуйн салбараас дөрөв дахин их мөнгө олдог байжээ. Харин өнөөдөр хөдөө аж ахуйн салбар нүүрснээс дөрөв дахин их орлого олдог болжээ. Энэ тохиолдолд төсвийн бүтцээ өөрчлөх ёстой биш гэж үү. Төр зөв цагт зөв “маневр” хийж алдагдалтай салбараас ашигтай руугаа маш хурднаар жолоогоо залах ёстой юм биш үү. Эсвэл чадахгүй юу. Алдагдалтай төсвийг уралдаж урладаг шигээ ашигтай зүг рүү зардлаа зоригтой танаж байгаад жолоогоо эргүүлэхэд хүнд байдлаас гарчихаж болмоор харагдах юм.
Хамгийн эрүүл эмчилгээ гэвэл төсөв зардлаа танах цорын ганц арга үлдсэн. Тэдний хувьд “Ажилгүйдэл нэмэгдэнэ” гэж айлгадаг. Энэ бол айх зүйл биш. Одоохондоо ажилгүйдэл айхавтар нэмэгдчихээгүй байна. Эдийн засгийн өсөлт тэглэх хүртлээ сүйрэх үед ажилгүйдэл нэмэх нь гарцаагүй. Тэр тохиолдолд ажилгүйдлийг төрд бий болгох уу, хувийн секторт уу гэдэгт асуудал байгаа юм. Төр сайн ажилласан юм бол үр дүн нь хаана байна. Төр муу ажилласан бол муу ажилласан хүмүүсээ, байгууллагаа яагаад зардлынхаа гадна гаргаж болохгүй гэж. Энэ нь хариуцлага тооцох нэг арга биш гэж үү. Хатуурхах, хянах шаардлага гарах бүрт иргэнд, бизнес эрхлэгчдэд наадаг, “шийтгэдэг” байдалдаа цэг тавих цаг болсон. Эдийн засаг өвдөхөд хувийн хэвшлийнхнийг л өвтгөж эмчилдэг аргаа халж одоо төр өөрөө, түүний 200 мянга орчим албан хаагч өвдөлтийг мэдрэх цаг болсон. Харин одоо сүүлийн гурван жилд дараалан жил бүр 18 хувиар өссөн энэ бүтэцтэй хариуцлага тооцох ээлж нь иржээ. Тэдний ажлын үр дүн 15 хувийн төсвийн алдагдал байхад яагаад хариуцлага тооцох байтугай хувийн хэвшлийнхний хөлс хөдөлмөр, татвар төлөгчдийн мөнгөөр тэжээгээд байя гээд байгаа хэрэг вэ.
Төсвийн зардлаа хасахын цаана учрах эрсдлээс сэргийлэх боломжийг Монголбанк олгосон. Хатуу нөхцөлд зөөлөн газардуулсан, инфляцийг 6.6 хувь хүртэл буурууллаа. Харамсалтай нь 14 хувиас 6.6 хувь хүртэл бууруулсан үр шимээр нь төсвийн алдагдлыг нөхөж, төрийн зардал макро балансад замбараагүй хэтэрчихээд байсан алдааг залруулахад “дээрэмдүүлчихлээ”. Цаашид ийм байдлаар явах боломжгүй. Төсвийн тогтвортой байдлын хуулиар хоёр хувийн алдагдлыг зөвшөөрсөн гэж гоншгонох хэрэггүй. Яагаад өртэй байхыг буруу гэчихээд алдагдлыг хоёр хувь байхыг зөвшөөрнө гэж.
Ямар ч байсан цаашид импортын бараанд, тэр тусмаа нүүрсний импортод суурилсан төсвийн орлогоор хол явахгүй нь тодорхой. Экспортын бараа үйлдвэрлэгчид, уул уурхайгаас бусад салбарт жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн нуруунаас төрийн зардлыг нөхдөг гаж ачааг авч хаях, төрийн сангийн бодлогод реформ хийх зайлшгүй шаардлага тулгараад байна. Нэгэнт уул уурхайн үнийн супер цикль дууссан нь үнэн. Үүнтэй хамт уул уурхайгаас олсон орлогоос халамж тараагаад байя, төрийн байгууллагууд үрэн таран хийгээд байя гэсэн тэр загвараас салах цаг ирлээ. Хэрэв үүнийг мэдэрч төсвийг алдагдалгүй батлаад өгвөл эдийн засгийн гурван хувийн өсөлтөө хамгаалах, нэмэгдүүлэх суурь хөрсийг бий болгох, одоо байгаа бага ч атугай эерэг үзүүлэлтээ ашиглан мөнгөний бодлогын арга хэрэгслээр хувийн хэвшлийнхнийг аварч эдийн засагт ашигтайгаар хамтдаа цааш явах сүүлийн боломж байна. Энэ боломжийг устгах уу, дэмжих үү гэдгийг УИХ ирэх оны улсын төсвийг алдагдалгүй баталж чадах эсэхээс л харах үлдлээ. Боломжийг ашиглаж чадвал гурван жилийн дараа уул уурхайн бус салбарт жижиг дунд бизнес эрхлэгчид сэргэсэн, өнөөх “голланд өвчин” гэгчээс айх аюулгүй, “уул уурхайн үнийн суперь цикль” гэгч рүү орохоос өмнө ямар өсөлттэй байсан тэр хэмжээндээ очиж, тэр чинээгээрээ туйлах боломжтой болчихсон байх магадлал өндөр. Тиймээс зоригтой алхмыг одоо хийж төрийн бүтэц, төсвийн зардлын бүтцэд реформ хийх шаардлагатай байна. Үүнийг хийж чадахгүй бол Монголын бүх бизнес эрхлэгчдэд, нийт хэрэглэгчдэд дайсагнасан төртэй юм байна гэж ойлгохоос өөр аргагүй болчихлоо. Юу болохыг хамтдаа харцгаая.