ТӨХ 20 настайдаа гологдож, “Монгол Темасек”-т зай тавьж өгөх үү
Н.Алтанхуягийн Засгийн газрын “шувтаргын үе” буюу өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын сүүлчээр Төрийн өмчийн тухай хуулийн төсөл анхаарал татаж байсан. Гэвч Ч.Сайханбилэгийн Засгийн газар байгуулагдах, төд удалгүй зургаан гишүүнээ хөөж шинэчлэх гэсээр дээрх хуулийн төсөл хэсэг саатан энэ оны есдүгээр сарын 29-нд Засгийн газрын гишүүд саналаа нэгтгэн УИХ-д өргөн барихаар болсон байна.
Н.Алтанхуягийн Засгийн газрын “шувтаргын үе” буюу өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын сүүлчээр Төрийн өмчийн тухай хуулийн төсөл анхаарал татаж байсан. Гэвч Ч.Сайханбилэгийн Засгийн газар байгуулагдах, төд удалгүй зургаан гишүүнээ хөөж шинэчлэх гэсээр дээрх хуулийн төсөл хэсэг саатан энэ оны есдүгээр сарын 29-нд Засгийн газрын гишүүд саналаа нэгтгэн УИХ-д өргөн барихаар болсон байна.
Файлыг татаж аваад уншихад гоц гойд зүйлгүй, төрийн өмчийн ангилал, тэдгээрийн тухай ойлголт, төр өөрийн хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах журам, төрийн өмчийн талаарх төрийн байгууллагын эрх, үүрэг, Төрийн өмчит үйлдвэрийн газар, компани, тэдгээрийг байгуулах нөхцөл, журам, төрийн төлөөллийг хэрэгжүүлэх журам, аж ахуйн харилцаан дахь төрийн оролцооны хэлбэр, хязгаар зэрэг асуудлыг тусгажээ.
Мөн Төрийн өмчийн хороог татан буулгаж, түүний хэрэгжүүлж байсан үүргийг төрийн сангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн өмчит аж ахуйн байгууллагатай холбоотой үүргийг компанийн засаглалын зарчмаар төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигч этгээд өөрөө хэрэгжүүлэх зарчимтай байхаар зохицуулжээ.
Үүнд, Төрийн өмчийн тухай хуулийн төслийн 20 дугаар зүйл.Төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигч этгээд, түүний төрийн төлөөллийг хэрэгжүүлэх хэлбэр, журам
20.1.Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн төрийн эзэмшилд байгаа хувьцааг төрийг төлөөлж эзэмших этгээдийг Засгийн газар томилох ба томилох шийдвэрт уг этгээдийн хувьцаа эзэмшигчийн хувьд эдлэх эрхийг тусгайлан заана.
20.2.Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанид төрийг төлөөлөн хувьцаа эзэмших этгээд нь Засгийн газрын аль нэг, эсхүл хэд хэдэн байгууллага байж болохоос гадна Засгийн газар шаардлагатай гэж үзвэл хувьцаа эзэмшигчээр хувийн өмчийн хуулийн этгээд болон төрийн бус байгууллагыг томилж болно.
20.3. Засгийн газар энэ хуулийн 20.2-т заасан төрийг төлөөлөн түүний эзэмшлийн хувьцааг эзэмшигч этгээдийг сонгохдоо тухайн компанийн үйл ажиллагааны онцлог, Монгол Улсын тухайн үеийн төрийн өмчийн бодлого зэрэгтэй уялдуулан шийдвэрлэх ба уг шийдвэрт төрийг төлөөлөн эзэмших хувьцааны тоо, тухайн этгээдийн төрийн мэдлийн хувьцааг эзэмшигчийн хувьд эдлэх эрх хэмжээ, энэ чиглэлээр явуулах үйл ажиллагааны чиглэл зэргийг заана” гэхчлэн анхаарал татсан зүйл олон байна.
Дээр дурьдсан “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн төрийн эзэмшилд байгаа хувьцааг төрийг төлөөлж эзэмших этгээд” гэдэг нь эдүгээ чих дэлсээд байгаа Төрийн өмчийн корпораци бөгөөд ТӨХ-г татан буулгаж оронд нь “төрүүлэх” бололтой юм.
Энэ хуулийг яаран батлуулах болсон бас нэг шалтгаан гэвэл хэвлэлүүдээр саяхан Оросын тал “Эрдэнэт” үйлдвэр дэх хувийг бүхэлд нь авахаар санаархаж эхэллээ гэх мэдээлэл түгээд байгаа явдал байж болох юм. Өнгөрсөн хавар ОХУ-ын Төрийн думын дарга С.Е.Нарышкин манай оронд ирсэн. Үүний дараа өнгөрсөн есдүгээр сарын 15-18-ны өдрүүдэд манай оронд болсон ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хуралд оролцох үедээ манай эрх мэдэл бүхий улстөрчидтэй уулзсан. Түүнээс хойш хоёр хоногийн дараа буюу есдүгээр сарын 20-25-ны өдрүүдэд УИХ-ын дарга З.Энхболд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкогийн урилгаар ОХУ-д албан ёсны айлчлал хийгээд ирсэн.
Олон улсын дипломат ёсонд хоёр улсын төрийн өндөрлөгүүд ийм богино хугацаанд харилцан айлчлал хийх тохиолдол бараг байдаггүй бөгөөд онцгой тохиолдол гарсан учраас УИХ-ын даргад урилга ирлээ гэж эх сурвалжууд тодотгож байсан. Гэвч улс төрийн их бужигнаан, Өршөөл үзүүлэх тухай хууль гэхчлэн анхаарал татсан асуудлууд дунд энэхүү “онцгой” урилгын чимээ дарагдсан байж болох юм. Үүнд та нар буруутай. Танай Засгийн газар энэ үйлдвэрийг аж ахуйн зарчмаар нь ажиллуулж чадахгүй байна. Үйл ажиллагааг нь аж ахуйн зарчмаар биш улс төрийн зорилгоор явууллаа" гэжээ. Хоёрдугаарт тус үйлдвэрийн сүүлийн хэдэн захирлын томилгоог Оросын талтай зөвшилцөхгүйгээр тэдний санаа бодлыг сонсохгүйгээр хийсэн хэмээн гомдолложээ.
Дашрамд дурьдахад тус үйлдвэрийн захирлаар Ц.Даваацэрэнг томилсны дараа оросууд “Одоо орос хүнийг захирлаар тавих ёстой”, “Эрдэнэтийг буцааж авна”, “Эрдэнэтийн хувьцааг нь олон улсын хөрөнгийн бирж дээр худалдаалах цаг болсон” гэх саналыг удаа дараа гаргах болсон.
Мөн өнгөрсөн оны аравдугаар сарын 14-нд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Монгол-Оросын “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т өөрчлөлт оруулах тухай, “Монгол-Оросын “Монголросцветмет” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т өөрчлөлт оруулах тухай хэлэлцээрийн төслүүд -ийг зөвшилцөх тухай” асуудлыг хэлэлцсэн.
Энэхүү хэлэлцээрийн төсөлд Оросын талаас хувь нийлүүлэгчийг өөрчлөх, компаниудын үйл ажиллагааны үр дүнгээр хувьцаа эзэмшигчдэд хуваарилдаг ногдол ашгийг төвлөрүүлэх асуудлыг зохицуулахаар өөрчлөн найруулжээ. Өөрөөр хэлбэл Монгол Улсын олон улсын гэрээ болох “Монгол, Оросын “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” (2003 оны 7 дугаар сарын 1), “Монгол, Оросын “Монголросцветмет” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” (2007 оны 4 дүгээр сарын 25)-үүдэд нэмэлт, өөрчлөлт оруулж Оросын талаас ногдол ашгийг тус улсын Өмчийн харилцааны яаманд төвлөрүүлдэг байсныг Оросын Холбооны улсын Засгийн газар, эсхүл түүний итгэмжилсэн төлөөлөгчид шилжүүлж байхаар тусгасан байдаг.
Ийм эрсдэл, дарамт манай буурай оронд “Эрдэнэт үйлдвэр”-ээр тогтохгүй “УБТЗ” ХНН, “Монголросцветмет”, “Асгат”, “Гацуурт”, “Оюутолгой” гэхчлэн хаана ч тохиолдож болох юм. Тиймээс ОХУ болон бусад улстай хамтран эзэмшдэг төрийн мэдлийн хувийг нэг гарт төвлөрүүлэх сэдэл яаралтай нөхцлөөр үүссэн байж мэдэх нь.
“УБТЗ” ХНН-т ч ийм эрсдэл тосч байхыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ тэдний хувьд урьдчилсан хамгаалалт байсан. Тухайлбал, 1998 оны арванхоёрдугаар сарын 9-нд тухайн үеийн Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Элбэгдорж, Хөдөө аж ахуй, үйлдвэр, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Алтанхуяг нар Засгийн газрын 233 дугаар тогтоолоор “УБТЗ” ХНН-ийн Монголын талын төлөөллийг хэрэгжүүлэгч нь Төрийн өмчийн хороо байхаар тогтоож байв. Үүний өмнө 1968 онд Ерөнхий хорооны дүрэм гарч 49:51 хувийг 50:50 болгож Оросын талаас Зам, харилцааны яам нь, манай талаас Тээврийн яам тус тус хариуцахаар шийдвэрлэсэн байдаг. Гэвч энэ дүрмийн бичигт заасан хувь хэмжээ гэдэг нь бодит байдал дээр төмөр замын хөгжлийг зогсонги байдалд оруулж, өнөөх 50 хувиа нэмэгдүүлэх талаар юу ч хийх боломжгүй, зарж барьцаалж ч болдоггүй, зөвхөн “эн тэнцүү” гэсэн дохио маягаар явж ирсэн.
Ийм нөхцөлд Засгийн газрын 1998 оны тогтоол гарсан байдаг. Тухайн үед Монгол Улс төрийн өмч гэдэг ойлголттой болоод удаагүй, төрийн өмч бол нийтийн өмч гэсэн ойлголттой байсан. Тиймээс ч яам, газруудад харьяалалтай байсан бүх төрийн өмчийг нэгтгэсэн нь нийгмийн маш том үзэгдэл байсан. Өөрөөр хэлбэл, бүгд төрийн өмч байсан бол “Энэ миний өмч, үлдсэн нь бусдын өмч” гэдэг онолоор явж эхэлсэн. Өмч гэдэг ойлголт хав дарах бус өсгөж үржүүлэх, эргэлтэд орох, хувиа зарж нэмэх боломжтой болох, улмаар төрийн өмчийн үр ашгийг нэмэгдүүлэх эхний алхам нь Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг нарын гарын үсэг бүхий Засгийн газрын 233 дугаар тогтоол байжээ. Үүгээр “УБТЗ” ХНН дэх манай талын 50 хувь ард түмний биш төрийн өмч юм шүү гэдгийг тодотгож өгчээ.
Үүний дараа 2009 оны аравдугаар сарын 17-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 1529 тоот захирамж гаргаж Оросын талын өмчлөлийн эрхтэй 50 хувийг аж ахуйн байгууллагаар удирдуулахаар болсон. Ингэснээр “УБТЗ” ХНН-ийн 50 хувийн Ерөнхий хувь нийлүүлэгч нь ОХУ-ын Засгийн газрын мэдэлд, удирдлага нь “РЖД” нээлттэй хувьцаат нийгэмлэгт шилжих болж, хувьцаа нь ОХУ-ын төрийн өмчийн санд хадгалаастай байна.
Гэтэл 2012 оны арванхоёрдугаар сарын 8-нд Монгол Улсын Засгийн газрын 160 дугаар тогтоол гарч “УБТЗ” нийгэмлэгийн Монголын талын Ерөнхий хувь нийлүүлэгчээр Зам тээврийн сайдыг томилсон. Дараа нь өнгөрсөн онд буюу 2014 оны арваннэгдүгээр сарын 1-нд “УБТЗ” нийгэмлэгийн Монголын талын хувь нийлүүлэгчээр Төрийн өмчийн хороог томилоод байна.
Харин ТӨХ татан буугдаж Төрийн өмчийн корпораци болсон тохиолдолд яах вэ. Сингапур улсын Темасек корпорацийн үйл ажиллагааны үндсэн зарчим үүнд нэлээд тохиромжтой гэж үзэх хүн олон байна. Засаглалын хувьд Темасек корпораци төрийг төлөөлж зөвхөн хувьцаа эзэмшигчийн чиг үүргийг хэрэгжүүлээд явдаг. Бизнесийн дотоод үйл ажиллагаанд хуруу, хошуу дүрээд байхгүй. Удирдлага, зохион байгуулалтын хувьд улс төрөөс ангид байлгах нь гол зорилго. Тийм учраас Төрийн өмчлөлийн бодлогыг хэрэгжүүлэгч нь Темасекийн Монгол хувилбар холдинг компани байх юм гэж хууль санаачлагчид үзээд байгаа аж. Хөрөнгө оруулалт хийх замаар эзэмшсэн компаниудын үнэт цааснаас гол төлөв бүрдэх үндсэн болон эргэлтийн хөрөнгөтэй байна. Цорын ганц хувьцаа эзэмшигч нь төр, түүнийг төлөөлж Сангийн яам байна. Холдинг компани нь улс төрийн нөлөөллөөс ангид байх нөхцөлийг бүрдүүлсэн Төлөөлөн удирдах зөвлөлтэй байх нь хамгийн чухал. Тэнд хэдэн яамных нь сайд, дарга, эсвэл хамаатан нь очоод суучихгүй. Ингэхийн тулд зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх хороо гэж байна. Тэр хорооны шүүлтүүрээр дамжиж ТУЗ-ийн дарга, гишүүдэд нэр дэвшүүлнэ. Нэр дэвшүүлэх хороо ч өөрөө шүүлтүүртэй байх ёстой. Тэнд нь улстөрчид ороод суучихдаг бол өнөөдрийн алдааг засч чадахгүй. Тийм учраас шалгуур, нөхцөл тавина гэж ярьж байна.
Бидний одоогийн төсөөллөөр бол Төрийн өмчийн корпорацийн удирдлага нь “Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан бололтой юм. Гэхдээ хэдийгээр компанийн засаглалаар тэр өнөөдөртөө “лидер” болж гялалзаж буй ч эрх мэдлийн төвлөрөл гэдэг талаасаа зохимжгүй харагддаг. Тэгэхээр арай боловсронгуй арга бодож олох байх.
Б.Бямбасайханы хувьд стратегийн ордуудын төрийн өмчийг эзэмшигч “Эрдэнэс Монгол” компанийн тав дахь Гүйцэтгэх захирлаар томилогдоод байгаа. “Эрдэнэс Монгол” компани нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 100, “Оюутолгой” ХХК-ийн 34, “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн 51, “Шивээ Овоо” ХК-ийн 90, “Багануур” ХК-ийн 75 хувийг тус тус эзэмшдэг Монголын хамгийн том компани юм. “Эрдэнэс Монгол” компанийн ирээдүйн стратеги нь компанийн засаглал, бүтцээ сайжруулж, Сингапурын төрийн өмчит “Темасек” компанийн загвараар хөгжиж, үндэсний томоохон корпораци болох тооцоололтой юм билээ. Сингапурын хувьд Ерөнхийлөгч нь Темасекийн тогтолцоонд чухал байр суурьтай оролцдог.
Саяхан Нигерийн шинэ ерөнхийлөгч газрын тосын салбарыг өөрийн шууд мэдэлдээ байлгахаа тунхагласан. Энэ нь өмнөх ерөнхийлөгч нь болон төв банкны удирдлагууд нь газрын тосны салбараас орж ирэх 20 тэрбум ам.долларыг сох дутаасан гэх хэрэгтэй холбоотой бөгөөд манай Ерөнхийлөгчийн нэгэн адил авлигатай тэмцэх амлалттайгаар сонгуульд ялалт байгуулсан.
Дэлхийн газрын тосны тэргүүлэгч оронтой зүйрлэх аргагүй ч манай улсын хувьд баялгаа хэнд хадгалуулах вэ гэдэг дээр итгэл алдарсны хувьд өнөөх төрийн өмчийн корпорацийн ТУЗ-ийн гишүүд, даргыг нэр дэвшүүлсний дараа Ерөнхийлөгч томилохоор төсөлдөө тусгаад байгаа гэх санал дуулдаж буйг үгүйсгэх аргагүй юм. Энэ талаар өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлан Улсын Их Хуралд өргөн барьсан Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийн төсөл болон “Ухаалаг төр”-ийн концепцийн хүрээнд төрийн өмчийн талаар баримталбал зохих бодлогод дурьдсан байдаг.
Хөгжлийн банкинд хөрөнгө хадгалуулахаар аудит орж байснаа л ачих, хорихдоо тулдаг энэ цагт Монголчууд Монголоосоо харамлахаас урьтаж хэрхэн гаднынханд алдахгүй байх вэ гэдэг асуудал анхаарал татаж, Монгол төрийн өмчийг хамгаалах, өсгөж үржүүлэх, хамгийн гол нь хариуцах эзэнтэй болгох цаг болсныг хүчирхэг хөршүүд маань элдэв урилга, заллагаараа далдуур сануулсаар байна. Төрийн өмчийн тухай хууль хэрхэн батлагдаж, яаж хэрэгжихээс л их зүйл хамаарах бололтой.