Аяганы хариу
Цагдаагийнхан амиа хорлох гэж байсан хүний амийг эзнээс нь аварсан тухай сонинд мэдээлжээ.
Үүнээс ч ярвигтай асуудал бас байна аа. Энэ сумо үзэх бүрийд л "байдалд" ороод байх боллоо. Дандаа монголчууд. Нэг монгол давлаа гэхэд унасан нөгөө нь бас л манай Монголын "япон" байх жишээтэй. Эхлээд бахархаад байсан, сүүлдээ санаа зовоод, хүний юмыг зүгээр завшаад байгаа мэт сэтгэгдэл төрөөд байх боллоо. Урьд нь хүн юмаа завшуулахгүй болохоор санаа зовоод байдаг юмсан. Одоо эсрэгээр нь болох нуу, байтлаасаа. Тэгж ч харийн соёлын нөлөөнд орохгүй шүү хө.
Өөрийнхөө юмыг ч зүгээр өгдөггүй, хүний юмыг ч зүгээр авдаггүй энэ ард түмэн хайртай Сумо-г нь ингэтлээ завшихыг яахин тэвчих билээ. Иймээс аяганы хариуг нь барих цаг болсон. Халх голыг түүх мартаагүй байгаа шүү, нөхөөд.
Одоо монгол үндэсний бөхөд япончуудыг зодоглуулах цаг нэгэнт болсон. Япончууд баян юм чинь начны найраа хийх юухан байхав гэж бодож байна уу? Найраанд нь зуучлаад овоо хэдэн юм унагаж ч болмоор санагдаад явчихаж байгаа биз? Тийм л амархан байсан бол та нарт юу гэж хэлэх билээ? Өөрөө л хийнэ биз дээ.
Хамгийн гол бэрхшээл япон хүний япон чанарт нь байна аа. Тэд их төлөв бяртай байснаас ухаантай байсан нь дээр гэж үздэг юм байх. Тийм болохоор манайхан шиг хүүхдээ таргалаад эхлэхээр нь "миний хүү бөх болох нь" гээд баярлаад унадаггүй гэнэ. Түүгээр ч барахгүй "Өвчин үү, юү вэ? Хөдөлгөөн дутагдвуу, саахар нь ихдэв үү? Яав?" гээд сүйд болдог гэхийм. Харин хүүхэд номоо үзээд жингээ бариад өсвөл баярладаг гэнэ. Энэ бол дөнгөж эхлэл нь. Гэтэл манайд тарган мал тал бүрийн ашигтай, тарган бөх тал бүрийн орлоготой гэж ярьж байна шүү дээ. Саяхан манайд айлчилсан япон сумоч "Намайг монголчууд аймаар хүндэлж байна. Гэтэл би монголчуудад хүндлүүлэх юу ч хийгээгүй. Учрыг нь олсонгүй" гэж ярьсан байна гэсэн. Манайхан "зузаан тарга зудын хуяг", "бөхийн тарга инфляцийн хуяг" гэж ойлгодог учраас түүний амьдын жинг хүндэтгэсэн гэдгийг хэлээд өгөх хүн олдоогүй л юм байх даа.
За яахав, улс юм хойно, бяртай чадалтай япон олдлоо гэж бодъё. Гэтэл "би бяртай юм чинь хүмүүс намайг зүгээр л хүндлээд байх учиртай" гэж хүмүүжсэн японыг өдрөөр прожектор асааж эрээд ч олохгүй. Ингэхээр бэлэн зэхээний хүмүүжилтэй монгол бөх олдохгүй гэсэн үг.
За яахав, монгол наадмын зах зээлийн дүрмээр бярыг нь төгрөгөөр орлуулчихаж болно гэж үзээд эрлээ цааш үргэлжлүүлье. Гэтэл "Би нэгэнт бяраа худалдаад авчихсан юм чинь цол авна. Цолоо дагаж бяр маань өөрөө аяандаа автоматаар нэмэгдэнэ" гэж үнэмших японыг өдрөөр гагнуурын гэрэлд хайгаад ч олж үзэхгүй. Цаадуул чинь бярыг зөвхөн дасгал сургуулиар л нэмнэ гэсэн догматик үзэлтэй төрсөн, тэрэнтэйгээ үхдэг улс.
Энэ бүгдийг даван туулаад бяр, цол, давааг нь өөрийнх нь мөнгөөр аваад өгчихлөө гэж үзье. Дашрамд хэлэхэд япончууд бүх юмыг зөвхөн өөрийнхөө мөнгөөр авдаг улс шүү гэдгийг сануулах юун. Бодохноо сануулах нь ч илүүц юм уу, манайхан юу л боллоо гэж өөрийнхөө мөнгөөр хүнд цол авч өгөөд байв гэж.
Гэтэл нэгэнт л цолтой, цолоо дагаад бяртай юм чинь хүссэн болгоноо авна, заасан болгоноо залгина гэж загнах японыг гэгээн цагаан өдрөөр нохойтой үзмэрчээр тольдуулаад ч олдохгүй. Харсан юм аа "над аа" гэхгүй л бол ямар элэнцгээрээ бөх болох билээ, таминь. Цаад шаарууд чинь хүний юм зүгээр авч болохгүй гэж итгэчихсэн, дүүрчихсэн толгойнууд юм гэсэн. Зөвхөн өөрийнхөө мөнгөөр хорвоог яаж бардаг байна аа, тээ.
Дээр нь нэг юмыг чадахаа байхаараа, одоо би тэрийг чаддаг болмоор байна. Би бөх юм чинь тэгэх эрхтэй. Та нар бөхөө дээдэлдэг монгол хүн мөн л юм бол надаар тэгүүлэх үүрэгтэй, мэдүү гэж дайраад тэгээд явчихдаг япон хүнийг металл хайгчтай нинжагаар эрүүлээд ч мөр олдохгүй. Найраа шахаа, төр засаг... гээд ноцолдохгүй юмгүй ноцож, тэр бүрдээ цолны эрэмбээр ялж явах нь монгол бөхийн хамгийн чухал шинж шүү дээ. Өнөө хурдан морины тэргүүлэх шинж бол юуны өмнө "Ташаа өндөр, тааз уужим..." гээд эхэлдэг шиг. Япон хүн хамгийн наад захын шалгуурт нь таварцаглаад унаж байгааг харахад монгол бөх ч агуу юм аа, агуу юм.
Чоно өтлөвч хургандаа, бөх өтлөвч гишүүндээ гэж манайхан ярьдаг. Гэтэл япон хүн нэг сумоч болсон бол сумодоо л дуусдаг, нэгэнт улс төр хөөсөн бол тэндээ л учраа олдог хачин явцуу нароод. Ухаандаа Японы парламентын гишүүн нь хааныхаа төрсөн өдрөөр сумод түрүүлчихээд, сумогүй сард хуулиа батлаад явж болдоггүй, хүний эрхийг хааж боосон янзын газар гэсээн. Ухаандаа Монголд "төрүүлсэн" япон бөхийг начин, заан хийж уйдсан бол одоо ард биднээ жолоодох депутат бол гэхээр зөвшөөрөхгүй нүдний булай болж мэднэ гэсэн үг.
Яаж ч оролдсон япон хүн монгол бөх болж чадахгүй болчоод байна. Хамаг буруу монгол бөхөд биш япон хүнд өөрт нь байгаа юм. Тэд бидэн шиг бөхөө дээдлээл, морио шүтээд давхиж явахын оронд шашнаа шүтдэг, ёс суртлаа хүндэлдэг гээд байгаа юм даа. Мангар юм шиг хуулиа их дагадаг юм гэсэн. Нүдээр үзсэн хүн ярьсан юм шүү. Манайхан юу ч ярина л даа гэж үү? Монгол хүн муу мэдээн дээр юм нэмдэггүй л байхгүй юу. Харин сайн мэдээг бол ямар ч болгож чадна л даа.
Гэхдээ арга тасрах болоогүй ээ. Нэгэнт бие гүйцсэн япон хүнийг монгол бөх болгож болохгүйгээс хойш өөр арга хайна аа. Ингэж болох юм байна. Япон хүн болж хараахан амжаагүй хүүхдийг өргөж аваад, ардын уламжлалт сурган хүмүүжүүлэх ухаанаар "япон хүний нь байлгаад", бурхан ёс суртлыг бус зөвхөн өөрийнхөө цол молыг шүтүүлдэг болгон угсрах зам бэлхнээ байна. Ер нь бол энд нэг их ажил орохгүй дээ. Хүүхдийг нь л олоод ирдэг юм бол захын цэцэрлэг сургуулийн багш л хийчих ажил шүү дээ.
Зочин