Засгийн газрын зургаан сайдыг томилох хооронд АН дотор чухам юу болоод байгаа, хаана нь юу нь болохгүй байгаагаа харуулаад бараг нүцгэлчихлээ. Тун эвгүй бүтэцтэй, өвчлөл ихтэй байгааг харж авлаа. Ерөнхий сайд танхимаа бүрдүүлмээр байдаг. Намын дарга энэ асуудалд түлхүү оролцмоор, учраа ололцохгүй байсан тул УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар гишүүн УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрыг байр сууриа нэгтгээд ороод ир гээд гаргах юм. Тэр хоёр шийдэх гэтэл эвслийн дарга Н.Энхбаяргүйгээр бас “чаддаггүй”. Ингээд Н.Энхбаяр, З.Энхболд, Ч.Сайханбилэг гурав уулзаад шийдэлд хүрч чадалгүй салсан аж. Харин АН-ынхны “шөнийн уулзалт”-аас ч болсон уу, өглөөгүүр нааштай мэдээ дуулдаж, Ч.Сайханбилэгийг гурван сайдаа оруулаад ир, дэмжээд өгье гэж гэнэт найр тавьжээ. Ч.Сайханбилэгийн хүсээд байсан эрх мэдэл энэ мөн боловч “Сүүлчийнх” байх вий гэж таамаглахад хүргэв.

УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд Засгийн газрын зургаан гишүүнийг томилоход хэтэрхий гүнд нь орж ажиллаж байгаа нь намын даргын хувьд хийх ёстой ажил нь мөн боловч УИХ-ын дарга гэдэг байр сууринаас харахад дэндүү улайрсан, Ерөнхий сайдын эрх мэдлийг булаан хэрэгжүүлэх гэж байгааг харуулсан явдал болсон юм. Үүнийг ч мэдрээд Ерөнхий сайдад зургаан сайдаа томилох эрх мэдлийг үлдээхээр шийдэж. Гэхдээ түүний “нэг алхам ухарч, хоёр алхам урагшлах” энэ тактик нь “Олон нийтэд таалагдахгүй буюу ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсээ томилж л байг, ингэснээр Ч.Сайханбилэгийн Засгийн газар удаан тэсэхгүй” гэдгийг тооцоолсных байж мэднэ.

Уг нь Ч.Сайханбилэг арай зоригтой тооцоолсон бол зургаан сайдаа хөөхийг тулгахад нь л ҮЗХ-г хуралдуул гэж хийрхэхийн оронд “Хамаг эрх мэдлээ барьцаалуулчихаад Ерөнхий сайдын суудал бөглөх хэрэг алга. Энэ, тэр намайг ингэж тэгж дарамтлаад байна” гэж ганц хуудас өргөдөл уншчихаад ажлаа өгчих хэрэгтэй байсан юм. Тэгвэл Монгол Улсын сайд зэрэг зарим суудлыг цомхотгоод зогсохгүй, З.Энхболд гэж хэн бэ гэдгийг харуулах зөв тоглолтоор дуусгах боломжтой байв. Огцорч бууснаас өргөдлөө өгч буух нь хожмын өдөр эерэг үр дүн дагуулдгийг тэр хангалттай харсан. Өчигдөр хүртэл тийм тоглолт хийх боломжтой байсан ч урьтаад З.Энхболд мэхээ хийчихлээ.



Хэрэв З.Энхболд Ерөнхий сайд сайд болсон бол сайн тал нь нэлээд чадварлаг багийг бүрдүүлж тоглох “билгийн нүдтэй” удирдагч болохоо харуулах, нөгөө талаас ямар айхавтар амбийцтай, албан тушаалыг эзлэн түрэмгийлж авдаг, Ч.Сайханбилэгийг өргөдлөө өгөхөөс аргагүйд хүртэл хүнд байдалд оруулчихав аа гэж ярилцаад өнгөрөх байв. Гэвч тэрбээр энэ удаад “Эхлээд Ч.Сайханбилэг ямар муу Засгийн газар бүрдүүлэхийг харъя, дараа нь би...” гэж шийджээ. Нэлээд удаан өрнөх үйл явц байгаа биз. Хууль батлах цагаас хулгайлж томилгоо хийгээд л хэрэлдээд байна гэсэн үг.

Энэ бүхэн ард иргэдэд нь, эдийн засагт, гадаадын хөрөнгө оруулагч нарт хэчнээн хор хохирол учруулах нь тэдэнд хамаагүй аж. Өнөөдөр хамгийн жаргалтай улстөрч Н.Энхбаяр, Н.Алтанхуяг нар биш гэж үү. Ёстой санасан бүхэн нь сэтгэгчлэн бүтэж, алгаа ташиж суугаа энэ хүмүүс Өршөөлийн хуульд “хайртай”-даа л “хаалганы цаана” тэвчин үлдэж байгаа ч өөрсдөө алба хашиж байгаа мэт хүмүүсийг Засгийн газарт шургуулж амжих нь.

Ерөнхий сайд аа, яаж ч бодсон танхимаа бүрдүүлэх эрх өгч байгаа энэ боломж сүүлчийнх болж таараад байна. Хатуухан хэлэхэд сонгууль хүртэл тэсэхгүй дээ. Тэгснээс чуулганы нээлтийн хуралдаан дээр л өргөдлөө бариад нэр төртэй холдвол яасан юм бэ. Цаана чинь хоёр том тоглогч түр эвлэрчихээд байна. Магадгүй салах нь ч амархан биз ээ. Угаасаа л танай нам Н.Энхбаярын атганд байдаг нь нууц байсан бол одоо ил болжээ.

Энэ хоёр “Э”-гийн дунд хавчуулагдах нь тийм ч гоё байршил биш шүү. Тэд хамтдаа өмч хувьчлах гэж байна. Тэд хамтдаа Тавантолгойн төслийг хөдөлгөнө, төмөр замыг барина гэхчлэн олон том ажлыг хийж чадна. Харин улсаа өрнөөс гаргах, худлаа төсвөө үнэн болгож тодотгох, ажлын байр нэмэгдүүлэх талаар нэг их ярихгүй л болов уу. МАН-тай эдийн засгийн хүндрэлээс гарах гэж нэгдлээ гэж тайлбарлаж байсан бол энэ удаад яах гэж хамтарч байгаагаа онцлоогүй нь ч гарц мухардсан, гарах хүсэлгүй байгаатай нь холбоотой байж мэднэ. Ийм хүмүүсийг зангидаж ажиллах амаргүй. Тиймээс залуу хүний хувьд эртхэн зөв байрлалаа эзлэх нь зөв байсан юм даа.