Монголын улс төрийн “нохой зодоон”-ы шүүгч болсон $-т баярлалаа
Эдийн засгийн хүндрэлээс гарах зорилгоор АН, МАН-ыг Засгийн газарт урьсан. Дараа нь хөөсөн. Урихаас хөөх хүртэл ямар үйл явдал болсон бэ? Өнөөх олон хуудас хөтөлбөр ажил хэрэг болж, хүлээгдэж байсан төслүүд хэрэгжиж,гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэн гадаад валютын орох урсгалыг нээчихнэ, ингээд хүндрэлээс гарна гэцгээж байв.
Эдийн засгийн хүндрэлээс гарах зорилгоор АН, МАН-ыг Засгийн газарт урьсан. Дараа нь хөөсөн. Урихаас хөөх хүртэл ямар үйл явдал болсон бэ? Өнөөх олон хуудас хөтөлбөр ажил хэрэг болж, хүлээгдэж байсан төслүүд хэрэгжиж,гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэн гадаад валютын орох урсгалыг нээчихнэ, ингээд хүндрэлээс гарна гэцгээж байв.
Үнэхээр ч Худалдаа хөгжлийн банкны олон улсын зах зээлд арилжаалсан 500 сая ам.долларын бондын эх үүсвэр Монголын эдийн засагт бодитой орж ирж, Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын 4.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт 2015 оны эцсээс эхэлж 2016-2018 оны туршид үе шаттай орж ирэхээр болсон юм. Энэ мөчид төгрөгийн ам.доллартай харьцах ханш 1960 түвшнээс 1860 түвшинд хүртлээ чангарч, олон улсын зах зээлд Монгол Улсын Засгийн газрын үнэт цаасны үнэ 80 түвшнээс 90 гартлаа өсч, цаашид эдийн засагт шинэ мөнгө – шинэ валют орж ирэхийн хэрээр эдийн засгийн бүхий л үзүүлэлт сайжрах нь гэсэн итгэл нэмэгдэж байлаа.
Гэтэл эрх барьж буй намын дотоод хямралаас болж төлөвлөгөө нурав. Энэ үед МАН-ын зургаан сайдыг хөөх үү, Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулчих уу гэлцэн хэрэлдэж эхэлсэн. Үүнийг хөрөнгө оруулахаар судалгаа хийж байсан гаднынхан ч ажиглаж байв. Тиймээс гадаад, дотоод зах зээлийн тогтворгүй байдал хөрөнгө оруулагчдыг үргээж ханш дахин суларсан юм. Тухайлбал энэ үед 1860 түвшнээс 1990-д хүрч, гадаадын шууд хөрөнгө оруулалт шууд тэглэгдэв. Улсын төсвийн алдагдал нэмэгдсээр сард дунджаар 100 тэрбум төгрөгийн алдагдал үйлдвэрлэх боллоо.
2015 оны наймдугаар сарын 6. Засгийн газрын зургаан сайдыг огцрууллаа. Шалтгаан нь “Эдийн засгийн хүндрэлээс гаргана гэсэн яасан бэ” гээд хариуцлага тооцож байгаа юм гэнэ. Хэний тарьсан үрийг хэн ургуулчихаад хариуцлага хүлээх үед хаашаа заагаад байгаа нь энэ вэ. Улс төрийн утгаараа ойлгомжтой, сайд болох сонирхолтой хүн, өмнөх Засгийн газрыг унагахад тусалсан гар, хөлүүд шагналаа нэхээд суулгахгүй байгаа. Харин эдийн засаг нь иргэнд илүү хамаатай. Засгийн газар “хүндрэл давах төлөвлөгөө” ярьж байсан шигээ хэмнэсэнгүй. Наадам, даншиг гэж цацсаар байсныг бид харж байсан. Аргаа бараад “Ерөөсөө хямраагүй юм билээ” ч гэлцэж тайвшрах гэж оролдсон. Гэвч үнэнд гүйцэгдэхгүй хаачих билээ. Одоо УИХ-аа тараая гээд сууж байна.
Нэг талаасаа худлаа төсөвтэй, худалч улстөрчидтэй ийм УИХ-аар яах ч юм билээ. УИХ нь үнэнийг хүлээн зөвшөөрч чадахгүй болохоор Засгийн газраа барьцаалдаг юм байна. Засгийн газар иргэдийн төлөө ажиллах хүчгүй болж сульдав. Юун иргэдийн төлөө байтугай өөрийн танхимаа ч элэг бүтэн аваад явах эрх мэдлээ алдчихаж. Барьцаа нь өршөөлийн хууль гэнэ. Гэмт хэргийн өршөөлийн тухайд эцэслэн шийдэгдээгүй байна. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хувьд энэ хүнд нөхцөлд гэгээ тусгаж мэдэх байсан сүүлчийн сохор арга байсан нь үнэний ортой. Гадаадад доллар нуусан байдаг бол ил болгоод, татвар төлөөгүй нь өршөөгдөөд бүхнийг шинээр цэврээр, ил тодоор эхэлье гэсэн ядмаг санаа, гэхдээ хорлонтой талуудыг хурдан төгсгөл болгож эерэг талыг нь тосоод авах хэрэгтэй. Хэрэв “барьцаалсан” Засгийн газар нь УИХ-аар хэд хэдэн хууль батлуулах тийм үнэ цэнтэй байсан юм бол одоо яагаад нөхцөл байдал сайжрахгүй байгаа юм бэ.
Улстөрчдийн хэрэг тусдаа боловч тэд эдийн засгийг сүйрүүлээд байгаагийн уршиг энэ. Өмнөх хөрөнгө оруулалтыг хэдхэн хүн завшаад шоронд ороод өлсөөд хэвтчихдэг байж. Тэр өрийг төлсөөр байгаад юу ч хийхгүй байх уу. Тавантолгойн хэрүүлийг талцаж харж суусаар ашигтай үеийг нь алдчихсан. Одоо хаана, хаанаа Монголд хөрөнгө оруулах сонирхол ч үгүй, итгэл ч үгүй, тэр ч байтугай боломж ч үгүй болов. Одоо хаалгаа цэлийтэл нээсэн ч хэн ч орж ирэх хүсэлгүй байна. Гэтэл сар бүр төлөх өр, төсвийн алдагдал тасралтгүй нэмэгдсээр байна. Харин одоо Засгийн газар ч, УИХ ч тарах тухай ярьж эхэллээ. Аргаа барсан уу, хариуцлагаас зугтсан уу. Та нар зугтчихаар иргэд яах вэ? Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ганцаараа удирдчих уу. Бараг чадна л даа. Үүний тулд УИХ Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах хэрэгтэй. Дахиад холион бантан. Жинхнээсээ тусгаар тогтнолоороо наадчихаж мэднэ. Харин нэгэн өрх айлд энэ бүхэн хамаагүй, цалингаа авмаар, лизенгээ төлмөөр байгаа. Нэгэн компани ажилчдынхаа цалинг тавиад, үйл ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээ нь эрэлттэй, орлоготой баймаар байна. Нэг банк нэг ч гэсэн харилцагчаа алдахгүй баймаар байна.
Улсын эдийн засаг, Засгийн газрын бодлого ийм л эсийн түвшинд нэвтэрч харах нүдээ “ашиг сонирхол” гэгч нуух, идээ бээрээр таглуулж сохорчихоод байна. Монголын эдийн засгийг одоо хэн ирж аврах вэ. Юуны өмнө улс төрийн тогтвортой байдал чухал. Монгол гэдэг тэр баялагтай орных нь Ерөнхий сайд нь хэвээрээ байх нь эхний жижигхэн ач тус, томоохон үзүүлэлт болчихоод байна шүү дээ.
Ч.Сайханбилэгийг хэн ч “муу” Ерөнхий сайд гэхгүй. Түүнд танхимаа тэргүүлэх зориг дутаад байна. Зөвшилцөж ойлголцон уян хатан байна гэдэг сайн хэрэг боловч энэ нь “барьцаалагдсан” мэт харагдуулж байгаа нь харамсалтай. Тиймээс бүхэл бүтэн найман сарын дараа “Ч.Сайханбилэг зориггүй юм байна шүү дээ” гэж дуу алдахад хүрээд байна. Ажилдаа эзэн болж, итгэл төгс зохион байгуулж дараа нь хар толгойгоороо хариуцлагаа үүрэх зоригтой байх ёстой болохоос УИХ-ыг тойглож аргадаад барахгүй шүү, Ч.Сайханбилэг сайд аа.
УИХ-ын эрхэм гишүүдийн хувьд “давхар дээл”-нд тэмүүлж сэтгүүлчдээс гуйж өрсөлдөгчдөө намнуулахаас өөрөөр эдийн засгийн хүндрэлээс гаргах талаар юу ч хийсэнгүй гэдгийг хариуцлагатайгаар сануулъя. Ядаж одоо эн тэргүүнд юу хийх ёстойгоо мэдэж байдаг л байгаа даа.
Эхлээд энэ улс оронд чинь улс төрийн тогтвортой байдал хэрэгтэй байна аа. Хэрэгтэй байсан юм, та нар хөдөлгөчихсөн. Бүр эдийн засагтайгаа хамт ганхуулсан. Дараа нь доллар хэрэгтэй байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг яаж гацааснаа мэдэж байгаа биз дээ. Одоо тэг зааж байгаа энэ үзүүлэлтийг ядаж 300-400 сая ам.долларт хүргэх, ирэх оноос Оюутолгой, Тавантолгойн хөрөнгө оруулалтыг бүрэн хэмжээнд эхлүүлэх шаардлагатай тулгарлаа. Шууд хөрөнгө оруулалт орж ирэх хүртэл гадаад зээл, бонд, векселийн аргаар орж ирсэн мөнгөө ухаалгаар ашиглаж түүгээрээ валютын шинэ эх үүсвэр бүрдүүлж байхыг нөхцөл байдал шаардаж байна.
Түүнчлэн “Худлаа төсвөөсөө салцгаа!” Нөхцөл байдал ийм байхад оны эхний долоон сард 640 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай байгаа энэ худлаа төсвийг үнэн бодитой болгоод засах нь чухал байна. Эсвэл үнэнээ хэлээд тарцгаа. Мөн ийм нөхцөл байдал үүсгэж, бүлэглэлээрээ залгамжлан эдийн засгийг нураачихаад долларын ханш өсөхөөр Монголбанктай хариуцлага тооцно гэдгээ болих хэрэгтэй. Гишүүддээ ч гологдсон, шүүмжлэлийнх нь бай болсон ийм УИХ-ын удирдлагад байгаа гэхэд харин ч энэ төрийн буруу бодлого бүхнийг залруулах гэж хичээсэн төв банкныхан үүнд буруугүй. Хараат бус байя гэчихээд амлалт, мөрийн хөтөлбөрүүдээ биелүүлэхээр тулгадаг, бодит нөхцөл байдал, мэргэжилтнүүдийн судалгаанд үндэслэсэн бодлого зорилтоо батлуулах гэхээр хүлээн зөвшөөрдөггүй, хүлээгдсэн хуулийг баталж өгдөггүй гэхчлэн Монголбанкныханд харин УИХ-ын тарьсан балаг их бий шүү.
Эцэст нь хэлэхэд ирэх сонгуулиас өмнө хэн нь хэн бэ гэдгийг таниулж, улс орноо яаж авч явсныг нь хэлж өгсөн, Монголын улстөрчдийн “нохой зодоон”-ыг шүүж тартагтаа тулсныг нь өөрсдөөр нь хүлээн зөвшөөрүүлж “Таръя” гэж хэлүүлж чадсан шударга шүүгч “ноён Доллар”-т баярлалаа.