З.Энхболд дарга Ерөнхий сайд болох “тэнэг” хүн биш ээ
Ардчилсан намын засаг гурвантаа хөрвөөх нь гэцгээж байна. Энэ бол ирэх сонгуулийн хувьд тун муу үзүүлэлт. Алдаж болно, алдаагаа засах л чухал гэдэг бил үү.
Ардчилсан намын засаг гурвантаа хөрвөөх нь гэцгээж байна. Энэ бол ирэх сонгуулийн хувьд тун муу үзүүлэлт. Алдаж болно, алдаагаа засах л чухал гэдэг бил үү. Хэрэв МАН-ыг урьж танхим бүрдүүлсэн чинь алдаа юм бол түүнийг засахын тулд Ерөнхий сайдаа солих шалтгаан юун. Тэр тусмаа дараагийн Ерөнхий сайд чинь хаана байна. Арай З.Энхболд юм биш биз дээ. Тэгвэл ирэх сонгуульд ялагдана гэдэг дээр чинь бүх бооцоогоо тавья.
З.Энхболд өөрийгөө нэлээн “баавартай”, соёлтой хэлэх гэвэл “престиж” ангиллын улстөрч гэж хардаг л юм бол “нэг удаагийн аяга” гэдэг шиг түр зуурын Засгийн газрыг тэргүүлж, намынхныхаа тарьсан бүх алдааг арилгаад сонгуульд ялуулах тэнцвэргүй ачааг үүрэхийг хүсэхгүй болов уу. Ерөнхий сайд байх хэцүү, тэр тусмаа дээрх ачааг үүрээд, сонгуулийн дараа улс төрийн хариуцлага хүлээж бус хугацаа дууссан гэх шалтгаанаар ажлаа өгөх бүр ч харамсалтай. Харин Ерөнхий сайд болохгүй байх амархан. Наанадаж Засгийн газар, төрийн байгууллагуудыг тогтвортой байлгах үүднээс намын даргын ажлаа Ерөнхий сайдад нь өгч хуульд нийцүүллээ гэвэл гоё байгаа биз дээ.
Үүнийхээ төлөө шинэ танхимыг байгуулахад хүссэн тохироогоо хийж болно. ҮЗХ-оор дээрх асуудлыг хэлэлцэх биз. АН фракц олонтой. Тэднийг нь зөрчилдөөнтэй байна гэхээр үе үеийн дарга нар нь “Ардчилал гэж үүнийг хэлдэг” юм гэж ам тагладаг байв. Одоо бол “МҮДН” гэдэг фракц нь “талийгаач” болсон гэж дуулдсан. Ерөөсөө фракц гэж хуваах аргагүй, “Алтангадас”, МОАХ, “Шонхор” гэсэн гурван хэсэг л байгаа харагдана. “Алтангадас” нь аргагүй жин дарж харагддаг. Тэдний болон фракц нь үл мэдэгдэх, өмнөх Засгийн газарт байснаасаа болоод “Алтангадасын эрлийз” гэгдэх болсон хүмүүсийн хийсэн алдааг засна гэдэг амаргүй.
Үүний оронд Ерөнхий сайдад намын даргын суудлыг нь өгчихөөд, УИХ-аа даргалж, Засгийн газрын “шүүсийг шахаад” сууж байх нь З.Энхболдын имижнд ч яг таарах бус уу. Тэгээд ч З.Энхболдыг арай алсын хараатай, том нөлөө бодож явдаг гэж таадаг юмсан. Харин ч УИХ-ын даргын албыг дөрвөн жил хашчихаад, энэ хугацаанд баталсан хуулиудаа тайлагначихаад, дараа нь Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн суудал руу зүтгэвэл “Зөвлөлт засаг дээр цахилгаанжуулалтыг нэмбэл коммунизм” ч билүү тиймэрхүү хүчин чадалтай харагдахаар байх юм.
Ер нь одоогийн байдлаар улс төрийн тогтвортой байдлыг хангая гэвэл тэр хуульд заасных нь дагуу Ерөнхий сайдад нь намын даргын албыг нь өгчих хэрэгтэй байх. Харин сайн Ерөнхий сайд байхын тухайд бол айсуй арваад сарын дотор алтан улстөрч байсан ч алдаа эндлийг засах аргагүй, эдийн засгийг гэнэт өсгөх боломжгүй. Тиймээс УИХ-ын дарга бараг л АН-ын даргын суудлыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт өгч таарах байх.
Тэр АН-ын дарга болохсон гэж долоон жилийн өмнө өрсөлдөж эхэлсэн ч сая л яллаа. УИХ-ыг даргалахсан гэж бодож байсан эсэхийг мэдэхгүй ч чуулганыг даргалж байгаа нь олон нийтэд таалагддаг бололтой юм билээ. Харин одоо Ч.Сайханбилэгээс Ардчилсан намын тамгыг булаацалдвал төдийлөн таатай мэдрэмжийг сонгогчдод төрүүлэхгүй л байх.
Тэгээд ч сонгуулийн нэг циклийн хугацаанд төрийн өндөр хоёр албан тушаалд дараалан суухыг албан тушаалын шунал тачаал гэж үзэхээс биш, улс орны эрх ашгийн төлөө гэж ойлгох шалтаг харагдахгүй байна. Нам даргалж сонгуульд орно гэдэг гишүүн бүртэйгээ элэгсэг, “эсийн түвшинд” хүрч ажиллаж чаддаг фигурын ажил болохоос олонхтой нь таарамжгүй, хэлье гэснээ хэлчихдэг хэдэр араншинтай хүмүүст бол хүчээр олж авах албан тушаал. Түүнийг уян хатан байхаар төсөөлж чаддаггүйн хувьд одоо түүнд тийм чанар шингээх амаргүй, харин намаа бодож, улс орноо бодоод Ардчилсан намын тамгыг Ч.Сайханбилэгт өгчих байх гэж найдаж байна. Нам, намын сайдуудтай хамтарч ажиллаж чадсан түүнд ирэх сонгууль хүртэл Засгийн газраа нэр бүтэн авч явах чадамж байгаа гэдэг нь өнгөрсөн долоон сар гаруйн хугацаанд харагдсан.
Энүүхэндээ гэхэд арваад сар Ерөнхий сайд хийж, баалуулж, “хар тамга” даруулж, дээр нь Төрийн гурван өндөрлөгийн хоёртой нь “үзэлцсэнээс” намын тамгыг өгчихөөд алхаа атгаж суухынхаа үнэ цэнийг З.Энхболд дарга мэдэх биз ээ.