Энэ удаагийн амьтны тухай буландаа гэрийн тэжээвэр муурыг “залж” байна. Ихэнх монгол хүмүүс мууранд таагүй ханддаг болохоор тэр болгон гэртээ тэжээгээд бай­даггүй. Айлын амбаар саванд оготно үүрлэж хамаг юм мэрээд жиргээд эхлэхээр сая муур багш санаанд орж эрэл сурал болдог.

Энэ амьтан хүн төрөлхтөнд дагаар орсон цаг хугацаа тодорхой биш бөгөөд  нохойны дараа хүрч ирсэн эртний гэрийн тэжээмэл амьтан  гэлцдэг. Тэгсэн атлаа хүнтэй нохой шиг үнэнч шударга байгаа эсэх нь мэдэгддэггүй, ер нь их ойлгомжгүй, бие даасан амьд­ралтай.

Муурын овгийнхны садан тө­рөл гэхээр дандаа араатны хаа­д байдаг. Тийм болоод ч тэр үү энэ бяцхан биедээ баймгүй пээд­гэр, өөрийгөө хун тайж гээд итгэ­чихсэн. Чимээ аниргүй тайван дулаан орчинд ямар ч ажил төрөл эрхлэхгүйгээр амьдрах шаардлага өөдөөс тавьдаг. Энэ шударга бус байдлыг нохой үл тэвчин эзэндээ байн байн гомдол зарга хэлдэг ч ногоон муужгай өөдөөс нь хэлээ гарган даапаалдаг. Нэг гэрт амь­дардаг муур нохой хоёр хоорондоо муу биш харин нохой л муурыг үзэж чаддаггүй. Хүнээр бол “Би гадаа гэр манаж яс мэрж байхад чи юун даварчихсан юм…хав хав” гэдэг байх даа. Гэхдээ муур гуай нохой зэргийн амьтанд дээрэл­хүүлнэ гэж ёстой гонж. Бүр болохоо байвал юман дээр үсрээд гар­чихна.

…Манайх гурав дахь муураа авч тэжээхээр боллоо. Арзайсан хөөрхөн зулзагыг охин маань тэв­рээд ирсэн юм. Түүнд “Зараа” гэсэн нэр хайрлав. Амьтан тэжээдэг айлууд бүх юмыг ном журмаар нь хийдэг болохоор нөхөр С.Зараа туулгаа хийлгүүлж, бичиг баримтаа ч авлаа. Манайд чинь амьтны дэлгүүр болон гэрийн тэжээвэр амьтанд зориулсан эмнэлэг, зочид буудал хүртэл байдгийг мэдэх байх. Эрхэм гэр бүлийн гишүүн маань өдөржин ногоортлоо унтаж гэр сахиж хоцорно. Орой хүмүүс ирэнгүүт сахилгагүйтэж өгнө. Ялан­гуяа шөнө унтаж байгаад хөнжлөө­сөө хөл гараа гаргамагц анаж байгаад “тап” гээд бариад авна. Дуг нойрондоо дугжирч байсан хүмүүс үхтлээ цочиж сэрээд бөөн зодоон нүдээн болцгооно. Эсвэл теннис­ний бөм­бөг, ороосон бөөрөнхий утастай ноцолдоод хамаг юм ну­раа­на. Муурны нэг онцлог өөрийн­хөө нэрийг нохой шиг мэдэрнэ гэж бараг үгүй. Ухаан муутайдаа биш. Ерөөсөө тийм хэгжүүн амьтан. Хичнээн сайхан хоол тавганд хий­гээд өгнө. Өлөв долов гээд гүйгээд ирэхгүй. Тээр холоос цэхийгээд л хараад байна. Дотроо бол “Идэх үү болих уу, арай хортой юм биш байгаа даа” гэж бодож байгаа юм шиг. Тийм болохоор нэрээр нь дуудаж дасгах маш төвөгтэй. Тэгсэн мөртлөө заримдаа улайм цайм хулгай хийнэ.

Гал тогоонд хөргөгчнөөс гэсгээ­хээр гаргаж тавьсан махыг ширээн дээрээс зууж аваад том өрөө рүү бидэн дээр гэдийтэл зуугаад ороод ирнэ. “Энэ миний олсон олз” гээд өгөхгүй аминдаа бас тэмцэлдэнэ.

Манайд муурыг гаргаж салхи­луу­лахад санаа зовох юмгүй. Зү­гээр хаалгаа онгойлгоод л хөөгөөд гаргачихна. Айлын муурыг хулгай хийх байтугай ойртдог монгол хүн байх биш. Харин нэг удаа орцны босгон дээр тэгнэж хөндлөнгөөрөө баахан хэвтсэн бололтой юм билээ. Орцны хүүхэд, хүүхнүүд муурнаас айгаад орж гарч чаддаггүй. Гэтэл нэг шартай нөхөр хийстэл нь өшиглөчихөж.  Зараа маань тоос шороо болчихсон орилоод ороод ирлээ. Хамраас нь бага зэрэг цус гарч, ам нь ангалзаад хариугүй үхэх нь ээ. Бид ч яаран сандран муураа уутанд хийгээд эмнэлэг рүү гүйв. Манай муурны гурван хавиргыг балмад этгээд хугалж орхисон байв. Ингээд эмнэлэгт хэвтэхээр боллоо. Амьтны эмнэлэгт есөн шидийн амьтан өвчин зовлон тусаад ирчихсэн байдаг. Голдуу хоолны хордлого, хатгаа туссан шалтгаантай дусал залгуулчихсан, хажуудаа сахиур­тай нохой хавнууд зөндөө. Эмнэ­лэгт ойрд муур ирээгүй болохоор баахан нохойнууд дунд “хэвтэхээр” боллоо. Уг нь хавиргыг дор нь эдгээчихдэг юм билээ. Удалгүй муураа хурдан ирж ав. Нохойтой  зодолдоод эмнэлгийн “дотоод журам” зөрчлөө гэсэн дуудлага ирэв. Ингээд гадуур тариа хийл­гэхээр эм бичүүлэв. Нөгөө муу алгын чинээ муураа тарих гэж ёстой дажин болдог юм байна. Тарианы цаг дөхөнгүүт юмны араар ороод нуугдчихна. Тэрний нуугддаг газар нь орны хамгийн цаад мухарт. Сүүлнээс нь татаж гаргаж байгаад дөрвүүл тавуулаа хөл гарнаас нь барьж дарна. Жаахан л гэнэ алдвал булт үсэрчих гээд, бас хэрэндээ овоо тэнхээтэй амь­тан шүү. Муурыг тарихдаа хойд борвин дээр нь шаадаг. Яг тарих үед нөгөө золиг чинь ямаа шиг чарлаж, хамаг бие нь чичирч сүйд болно. Амьтан зөнгөөрөө мэдээд байх шиг санагддаг. Манай эзэн намайг яагаад зүгээр байхад зо­доод байна аа гэж ер бодсон шинжгүй тоглоод давхичихна.

Зарааг тарианд орсон үед нь эрхлүүлэх гээд амьтны дэлгүүрээс муурны тэжээл гээд ууттай нялцгай хоол авч өгсөн юм. Сүү, бууз мэтхэн дээр сэтгэл нь огт хөдөлдөггүй мань эр нөгөө хоолноосоо дахиад өгчих л дөө гээд бүр салахаа байлаа. Зогсоо зайгүй гоншгонон, хүн болгоныг сүүлээрээ ороон, суухаар өвөр дээр, босохоор мөрөн дээр үсэрч гаран том ногоон нүдээрээ цоо ширтэн “шаардлага тавина”. Дахиад чамд өгөхгүй ээ гэхээр улам чанга “Мяу мяу…” гэж чарлан хэрүүл хийнэ.

Гэрт тэжээвэр муур байх ач холбогдол бий. Зүрх судас, цусны даралт ихсэх өвчтэй хүмүүс муурны нурууг илж өвчнөө анагаадаг гэлц­дэг. Тэр бас ортой шиг байгаа юм. Уг нь муур нуруугаа илүүлэн хүржигнэж суух их дуртай амьтан. Харин өвчтэй хүн өвчнөө анагаах зорилгоор илмэгц хүржигнүүрээ зогсоон бушуухан буугаад явчих­даг.

Өөр нэг төрөлхийн увдис нь үргэлж газрын гүнийг чагнаж хэвтэж байдаг. Хулгана нүхнээсээ гарч байна уу, нүхнээсээ гарах дөхөж байна уу гэх мэтээр байнга анализ хийж байдаг бололтой юм билээ. Тэгж байтал гэнэт газар хөдлөл­тийн нүргээн тээр дороос мэдрэг­дээд ирмэгц хамгийн түрүүнд огло харайж шууд хаалга руу чиглээд гүйдэг. Энэ бол гэр оронд үнэлж барахгүй том гавьяа юм даа. Гэртээ мууртай айл муурныхаа ачаар арван давхраас гүйгээд газар хөдлөхөөс амжин өөрсдийгөө ав­рах боломжтой гэж үздэг юм билээ.

Муур үнээ мал шиг хэзээ ч бүрмөсөн гэрийн тэжээмэл амьтан болдоггүй нь олон хүний зэвүүг хүргээд байдаг билээ.  Нэг удаа Зарааг хөдөө аваачаад могойтой тулалдуулсан юм. Бараг метр урт голийсон могойг хэдхэн самардаад цус нөжтэй нь холиод хаячих юм билээ. Дөрвөн хөл дор нь байгаа могой өөдөө цоросхийн гэдсийг нь хатгах гэхэд түрүүлж мэдрээд чанх дээшээ үсэрчихэж байгаа юм даа. Могой бууны сум шиг харвадаг гэхэд манай муур түүнээс илүү чадварыг чухам хаана сурсан юм бол гэж гайхацгаасан. Зэвүүн но­гоон юм өдөржингөө л унтахыг нь харсан болохоос биеийн та­мирын дасгал сургууль хийж байсан гэж үү. Их зантай байдаг шигээ маш өндөр ур чадвартай нь үе үе ха­рагд­даг. Тухайлбал шалан дээр явах ханан дээр авирах хоёрт ер ялгаагүй давхина. Байшингийн дээвэр дээр сууж байгаад доогуур ниссэн болжморыг агаарт үсрээд бариад авчихна.

Барынхны хамаатан саднуу­даас ганцхан муур л уснаас сүнсээ зайлтал айна даа. Манай муур л лав тэр талын хэллэгийг хамгийн түрүүнд сурсан юм. Тухайлбал ус шүршиж байгаа мэт “Цсс цсс” гэвэл их айна. Усанд ор чи гээд угаалгын өрөө рүү тэврээд явбал айсандаа шээс алдчихдаг юм зайлуул. Уг нь өөрөө бол их цэвэрч амьтан. Нүүр гараа байнга угаана. Цаасан хайрц­ганд жаахан элс хийгээд жорлонг нь бариад өгчихөөр тэндээ л бие засна. Харин элсийг нь ойрхон ойрхон солихгүй бол хөнжил дотор орж ирээд баахаас сийхгүй тэнэг амьтан.

Зам хөндлөн гарч гүйдэг зэвүүн ногоон муужгай хаяж ч болдоггүй хайрлаж ч болдоггүй хачин амьтан ш дээ. Хүмүүс одоо газар хөдөлнө гэсэн цуунд итгээд муур хайдаг болсон байна билээ.

Ж.ГАНГАА