Их Хурал их өршөөл үзүүлж эхлэв. Өнгөрсөн долоо хоногт эдийн засгийн ил тод байдлын хууль баталж орлого, татвараа нуун дарагдуулсан аж ахуйн нэгж, хуулийн этгээдүүдийг өршөөв. Хамгийн эцсийн хэлэлцүүлгийн үеэр зарим гишүүд санал оруулсанаарард иргэдийг хамгийн ихээр эгдүүлцүүлж байсан авилга, албан тушаалтай холбоотой орлогоо нуусан явдлыг ашгүй нэг хамруулсангүй.

Харин авилга албан тушаалын гэмт хэргээс өршөөх тэр заалт энэ долоо хоногт нилээд бүрхэг, нууцлаг хэлбэрээр “Өршөөлийн хуульд” багтан батлагдах гэж байна. Энэхүү өршөөлийн хуулийг ардчилсан орны Парламент хаалттай буюу иргэдээсээ нууж, хэлэлцэж байгаа нь хачирхалтай.

Яагаад өршөөдөг бэ?


Өршөөл бол хуулийн дагуу олгосон бүх ял шийтгэлийг бүрэн цуцлах арга хэмжээ бөгөөд олон улсын түүхэнд хаад, төрийн тэргүүн зарлиг гаргаж хуулийн шудрага бус шийтгэлийг залруулж иржээ.

Манай улсад өршөөлийг 1991, 1996, 2000, 2006, 2009 онд өршөөл үзүүлэх хуулиар, 2008 онд татварын өршөөл үзүүлэх хуулиар, харин 2015 онд хоёулангаар нь өршөөж байна.Өнөөдөр Монголд 6600 хоригдол хорих ял эдэлж буйгаас 330 нь эмэгтэй, гучаад нь хүүхэд бөгөөд бүх хоригдлын тал нь анх удаагаа хорих ялаар шийтгүүлжээ.

Өнөөдөр хэлэлцэж буй Өршөөлийн хууль батлагдвал шоронд буй хоригдлуудын хагас нь, ялангуяа ихэнхи эмэгтэйчүүд, хүүхдүүд өршөөгдөнө. Энэ бол хүмүүнлэг алхам буюу нийгэм эдгээр хүмүүст хууль журам дахин зөрчихгүй байж чадна гэж итгэж буй хэрэг. Гэхдээ нөгөө талаас өршөөх юм бол яах гэжэхнээсээ ялласан юм бэ, эрүүгийн хууль болон шүүхийн шийдвэр аль хир шудрага байна вэ? зэрэг асуудлыг Монголын нийгмийн өмнө тавьж байна.

Ялангуяа албан тушаал, эрх мэдлээ ашиглан, авилгын хэрэг үйлдсэн хэрэгтэнүүд, шүүхээр ороход бэлэн болсон хэргүүдийг энэ өршөөлд хамруулж байгаа нь Монголын хууль зүйн тогтолцоо, төр засгийн эрх баригчдад итгэх нийгмийн итгэлийг бүр мөсөн алдагдуулж байна. Төр засгийн эрх мэдлийг улс төрийн намын гишүүд л авдаг бөгөөд тэдний төлөөлөл болох авлигын холбогдолтой 50 ч хүрэхгүй гэмт хэрэгтэнүүдийн нийгэмд учруулсан хор нөлөө нь өршөөлд хамрагдах 3000 хүнийхээс илүү их гэдгийг Монголчууд одоо сайн мэдэх болжээ.

2015 оны өршөөлийн хуулийн зорилго


Их Хурлаар энэ өдрүүдэд хэлэлцэж буй Өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл батлагдвал Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа авлига, албан тушаалын олон гэмт хэргийн илрүүлэлт, мөрдөн байцаалт болон шийдвэрлэлтэд нөлөө үзүүлж сүүлийн жилүүдэд сүр дуулиантай эхлүүлсэн авилгын эсрэг тэмцлийг үндсэнд нь царцааж байгаа тухай мэдээлэл олон нийтэд цацагджээ.

Энэ даваа гарагт medee.mn (http://www.medee.mn/main.php?eid=66726) сайтад Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст одоо эрүүгийн 55 хэрэг шалгагдаж, байцаан шийтгэх ажиллагаа хийгдэж буйгаас 45 хэрэг нь УИХ-аар хэлэлцэж байгаа Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамрагдахаар байна гэсэн АТГ-ын мэдээллийг гаргажээ.

Энэ хуулийн төслийн 9 дүгээр зүйлд зөвхөн Хээл хахууль авах /Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйл/, Хээл хахууль зуучлах /Эрүүгийн хуулийн 270 дугаар зүйлийн 270.2 дахь хэсэг/ гэмт хэрэг үйлдсэн этгээдийг өршөөлд хамааруулахгүй байхаар заажээ. Харин төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгжийн албан тушаалтны албан тушаалын эрх мэдлээ урвуулах, хэтрүүлэх гэмт хэргүүд өршөөлд хамрагдахаар төсөлд тусгагдсан. Гэтэл дээрх 45 хэргийн улмаас улсад 12 тэрбум 243 сая төгрөгийн хохирол учирсан байтал Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдсанаар хуульд заасан хугацаанаас өмнө үйлдэгдсэн авлига, албан тушаалын гэмт хэрэг илэрсэн ч эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй болох ажээ.

Хуулийн төслийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “...хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж, анх удаа хорих ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж тусгажээ. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн харьяалан шалгаж буй албан тушаалын гэмт хэргүүд үүнд бүрэн хамрагдаж байна. Иймд албан тушаалын гэмт хэргийг өршөөлийн хуульд оруулахгүй байх нь наад зах нь хууль тогтоогчдын ёс зүйн үүрэг юм.

Төслийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт хүнд гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас гурван жилийг өршөөн хасахаар тусгасан нь нийтийн өмчийг албан тушаалаа ашиглан завшсан хэд хэдэн дуулиант улс төрчдийг суллаж,авилгын хэргийг өршөөж буй хэрэг юм.

Мөн төслийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт уг хуулийг хүчин төгөлдөр болохоос өмнө ял эдэлж дууссан этгээдийн Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсэгт заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгохоор тусгасан байна. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгагдаж, шүүхээс ял шийтгэгдэн уучлал хүссэн, ял хойшлогдсон, хугацааны өмнө тэнсэн суллагдсан болон хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн 200 гаруй хүнийгӨршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар ялгүйд тооцохоор байна.

Төслийн 7 дугаар зүйлийн 7.1-т “...хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн хүмүүсийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгоно” гэж тусгажээ.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийн зорилтод “...гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх”-өөр тусгасан нь анхаарал татаж байна. Гэмт хэрэг үйлдсэн хүний зөвхөн ялын хариуцлагыг л төрийн хуулиар өршөөдөг.Харин хэрэг бүртгэлт мөрдөн байцаах шатанд хүний гэм бурууг шуудтогтоох нь эрх зүйн үндэслэлгүй бөгөөдийм шатанд байгаа хэргийг өршөөлийн хуулиархэрэгсэхгүй болгох, ингэхдээ хохирол төлөгдсөнэсэхийг заавал харгалзан үзэхгүй байгаа нь ноцтой ажээ.

Төслийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д Хээл хахууль авах, Хээл хахууль зуучлах гэмт хэрэг үйлдсэн этгээдийг өршөөлд хамааруулахгүй байхаар тусгажээ. Өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдалд дээрх 2 гэмт хэргээс гадна албан тушаалын гэмт хэргүүдийг нэмж оруулах нь зүйтэй ажээ. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 263, 264, 265, 266 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг өршөөлд хамааруулахгүй байх учиртай.

Монгол Улс авлигатай тэмцэх олон улсын конвенцид гарын үсэг зурсан бөгөөд авлигын эсрэг үйл ажиллагаагаа эрчимжүүлж буйгаа төр, засгийн түвшинд дэлхий даяар ярьж ирсэн шүү дээ.

Эцэст нь ялаас өршөөн хэлтрүүлэх, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь тухайн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөхгүй байх ёстой. ТиймээсӨршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн барагдуулаагүй этгээдийг өршөөлд хамааруулахгүй байх үндэслэл, шаардлагыгнэмжтусгах хэрэгтэй байна.

Эцэст нь,

Энэ хуулиар шудрага бус шийтгэл авсан олон хэрэгтэнийг өршөөж байгаа. Энэ бол уг нь хомроглон биш хэсэгчлэн хийх ёстой үйлдэл. Ямар ч байсан өршөөлд хамруулахын тулд хохирлыг нөхөн төлсөн, бусдад учруулсан гэм хорыг арилгуулсан байхыг Монголын нийгэм шаардаж байгаа нь шудрага явдал.

Харин нийтийндалбаан доор төр засгийн эрх баригч улс төрийн намууд “тагнуул солилцох” зарчимаар өөр өөрсдийн авилгын гэмт хэрэгтэнүүдээ тэнцүүлэн ялаас хэлтрүүлж, ирэх сонгуулийн өмнө ямар ч гэмгүй, юу ч болоогүй, юу ч сонсоогүй өндөг шиг өөгүй болохыг оролдож байгаа нь шудрага биш явдал гэдгийг Монголын нийгэм харж байна.

Монголын улс төрчид нэг нь чихээ, нөгөө нь нүдээ, гуравдах нь амаа барьсан гурван сармагчины дүрийг тод санагдуулах боллоо.